Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 150

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: П.Нямцэцэг

Хохирогч Х.Баяржаргал

Шүүгдэгч П.Батхүү түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031574 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сантехникийн  инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж аав ахын хамтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 38-546 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 285 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 11 сар хорих ял, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 313 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ял, 2015 оны 03 дугаар сарын 15-ны 275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах  ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжавын Батхүү, /РД:УХ89061658/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  1. Шүүгдэгч П.Батхүү нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах Роман үсчиний 3 өдрийн орлого болох 200.000 төгрөгийг сандал дээр тавьсан байсан цүнхнээс нь хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                        

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батхүү мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Хохирогч Х.Баяржаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 22 өдөр 11 цагийн үед хамт ажилдаг үсчинээр үйлчлүүлдэг Батхүү үүргэвчтэй цүнхтэй орж ирсэн. Батхүү манай ажил дээр өдөржингөө байсан. Хамт ажилдаг үсчин Нандин-Эрдэнэний гар утсаар Батхүү найз охин руугаа залгасан. Тэгээд 16 цагийн үед Нандин-Эрдэнэ хүүхдээ хөхүүлэх гээд гараад явсан. Батхүү бид хоёр үлдсэн би Батхүүгээс би одоо гарлаа чи яахийн гэж асуутал би одоо гараад хүлээж байя гэж хэлсэн. Би ажилласаа гараад хаалгаа түгжээд 30 минутын дараа иртэл Батхүү ажлын үүдэнд зогсож байсан. Би тухайн үед түлхүүрээ хайгаад олохгүй цүнхээ нилээн ухсан. Батхүү надаас чи түлхүүрээ олохгүй байгаа юм уу гэж асуусан. Тухайн үед Батхүү миний цүнхэнд мөнгө байгааг мэдсэн байх, би хаалга онгойлгож Батхүүтэй цуг ажлын өрөөнд орсон. Цүнхээ сандал дээр тавиад “00” өрөө рүү орсон. Тэгээд “00” өрөөнд байж байтал гадна хаалга дугарсан. Би “00” өрөөнөөс гарч ирээд хартал Батхүү байхгүй, миний цүнхэнд байсан мөнгө алга болсон байсан. Би хамт ажилдаг үсчин рүү гээ болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд өөрийн байгууллагын камерын бичлэгийг үзээд цагдаад мэдэгдсэн. Одоо надад шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

                 Мөрдөн байцаалтанд гэрч Б.Нандин-Эрдэнэ мэдүүлэхдээ: Баяржаргалтай 2 жилийн өмнөөс эхлэн Роман нэртэй үсчиний газарт цугтаа ажиллаж байгаа бөгөөд Батхүү гэж залуу манай үсчиний газарт сүүлийн 1 жилийн хугацаанд орж ирж үсээ засуулж байгаа юм. Намайг үсчиний газраас гарах үед Батхүү, Баяржаргал нар үсчиний газар үлдсэн ба 1 цаг гарангийн дараа л байх надруу Баяржаргалд яриад “сая цүнхэнд байсан мөнгөө алдчихлаа”...гэж хэлсэн бөгөөд би гэрээсээ ирээд бичлэгийг нь үзсэн чинь Батхүү Батжаргалын цүнхнээс хулгай хийж байгаа нь харагдаж байсан. Баяржаргал өөрөө 200.000 төгрөг алга болсон гэж хэлсэн. 07 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдэд үйлчлүүлэгч ихтэй, орлого гайгүй байсан...Зарим өдөрт 120.000-200.000 төгрөгний орлого орох тохиолдол байдаг. 3 өдрийн үсчиний орлого бол хамгийн багадаа 200.000 төгрөг болно гэх мэдүүлэг. /хх-ийн 12/

 

                Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 /, ял шийтгэлийн лавлагаа/хх-ийн 6-7/, нийслэлийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

                  Шүүгдэгч П.Батхүү нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дүгээр сарын   22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах Роман үсчиний 3 өдрийн орлого болох 200.000 төгрөгийг сандал дээр тавьсан байсан цүнхнээс нь хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                  Үүнд :хохирогч Х.Баяржаргалын өгсөн…намайг ирэхэд үүдэнд манай үсчинээр үйлчлүүлдэг Батхүү зогсож байсан...  надтай цуг үсчин орно гэсэн…би үсчиний хаалгаа онгойлгох гээд цүнхээ онгойлгоод түлхүүрээ хайж байсан чинь Батхүү “Чи түлхүүрээ хайгаад байгаа юмуу” гээд цүнхрүү өнгийсөн...Энэ үед би 200.000 төгрөгөө түрүүвчиндээ хийхгүй ил хийсэн байсан тул Батхүү мөнгө байхыг харсан...би үсчинээ онгойлгож ороод өөрийнхөө суудал дээр цүнхээ тавьчихаад хувцсаа өлгөөд 00-н өрөө орсон…намайг 00-д байж байхад үсчиний хаалга дуугарсан бөгөөд гараад ирсэн чинь Батхүү алга болчихсон...цүнхнээс 200.000 төгрөг алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Г.Баярсайханы өгсөн…200.000 төгрөгөө үсчиний газраасаа алдсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Роман үсчиний газрын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн сидины бичлэг /хх-ийн 9/, хохирогч Х.Баяржаргалын өдөр тутмын орлогын хар дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдож байна.

П.Батхүү нь бусдын өмчлөлд байгаа бэлэн мөнгийг хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр нууц далд хэлбэрээр өөрийн эзэмшилд авч  хууль бусаар өөрийн дураар захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр уг хэргийг үйлдсэн байна.

      Прокуророос шүүгдэгч П.Батхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч П.Батхүүг ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дүгээр сарын   22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах Роман үсчиний 3 өдрийн орлого болох 200.000 төгрөгийг сандал дээр тавьсан байсан цүнхнээс нь хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч П.Батхүү нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацааг дуустал нь хадгалхаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Батхүү нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 275 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр магадлал зэргээр  нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Батхүүд ял шийтгэхдээ тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.