Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 380

 

МАГАДЛАЛ

2017 оны 02 дугаар сарын 03                Дугаар 380                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00284 дүгээр шийдвэртэй,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй

Гуравдагч этгээд Б.Батбуянд холбогдох,

Согтуурах дон өвчтэйн улмаас архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг,

            Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Тус хорооны иргэн Б.Батбуян нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 27б байр, 25 тоотод оршин суугч юм. Уг иргэн нь эхнэр, үр хүүхэддээ агсам тавьж, архи ууж байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй байна.

            Гуравдагч этгээд Б.Батбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины эмчилгээнд явуулахад гомдол санал байхгүй. Хувиараа эмчилгээ хийлгэх бодолтой байгаа гэжээ.

            Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батбуянг архины албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б.Батбуянг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлж, Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Батбуян нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй гэж оншилсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн цусны шинжилгээрээр илрэх асуудал гэж бодохгүй байгаа. Архины хүчтэй эмчилгээ хийлгэснээр бие эрхтэн минь муудах эрсдэлтэй. Хэргийн материалтай танилцуулалгүй хурал хийсэн. Цагдаагийн ажилтан хүчээр архины эмчилгээнд явхад гомдолгүй гэж бичүүлж гарын үсэг авсан тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Б.Батбуянгийн архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт    “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Батбуян нь архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчих, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулан айдас түгшүүр төрүүлэх зэргээр нийгмийн хэв журмыг зөрчсөн зөрчил гаргаж байснаас гадна удаа дараа эрүүлжүүлэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Б.Батбуян архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд тэрээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй гэсэн байх ба сайн дураар эмчлүүлэхээс татгалзаагүй байх тул архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болох нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. /хэргийн 06, 16 дахь тал/

Иймд Б.Батбуянгийн “Архины хүчтэй эмчилгээ хийлгэснээр бие эрхтэн минь муудах эрсдэлтэй, Цагдаагийн ажилтан архины эмчилгээнд явахад гомдолгүй гэж хүчээр бичүүлж гарын үсэг авсан” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

             ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ