Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 146/ШЦТ/69

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2222000000074 тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, РД:М387082071,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******,******* байх *******гийн гэрээс түүний эзэмшлийн “Реd mi Note-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 310 000 /гурван зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч: Би Мягмарсүрэнгийн утсыг гэрээс нь аваагүй хашаан дотроос нь олсон. Намайг Мягмарсүрэн хотоос хүмүүс ирсэн чи манай тэжээвэр нохойны байранд 10 хоног байрлачих гэж хэлэхээр нь уур хүрээд Мягмарсүрэнд утсыг нь өгөөгүй. Миний буруу” гэв.

          Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай гэрээс миний ашиглаж байсан “Реd mi Note-8” загварын гар утас алдагдсан, тухайн цаг хугацаанд бол хүн аваад явчихсан гэж бодоогүй байсан. Гэтэл надтай цуг ажил хийж байсан Баасансүрэн гэх залуу өөрийн зургийг фейсбүүк хаяг 2022 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр оруулсан мэдээлэл байсныг манай эхнэр надад үзүүлсэн, тэгээд сайн үзвэл манай гэрээс алга болсон миний гар утас нь мөн байсан...Баасансүрэн нь зураг оруулах үедээ миний алдсан гар утсаар зураг авч бас өөр гар утасны дэлгэц /толь/ хэсэгт Баасансүрэнгийн царай нь мөн, манай гэрээс алдсан гар утасны ар талын камер хэсэг нь харагдаж байсан, тэгээд би таньсан. Иймд Баасансүрэн рүү утсаар залгаж асуухад би таны гар утсыг аваагүй гэх мэтчилэн ярьсан тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Уг алдсан “Реd mi Note-8” загварын гар утсыг би 2021 онд Улаанбаатар хотоос 500,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан одоо хайрцаг болон холбогдох баримт нь байхгүй...Баасансүрэн нь өөрөө стори дээрээ дээрх зургийг оруулсан үүний дагуу л би гар утас авсан гэдгийг мэдсэн. Бид хоёр цуг ажил хийгээд бараг 5 жил орчим болж байгаа болохоор арай ч миний гар утсыг аваад явчихгүй байх гэж бодож байтал миний гар утсыг хулгай хийгээд аваад явчихсан байгаад үнэхээр гомдож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

          Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...Мягмарсүрэн нь миний нөхөр байгаа юм...Өвөрхангай аймаг Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг Дэнж Арцат-66 тоотод байрлах өөрийнхөө байшин дотроос “Реd mi Note-8” маркийн гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр алдсан юм. Алдсан гар утсыг 2021 онд 500,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан одоо хайрцаг болон баримт нь байхгүй. Тухайн үедээ хэн гар утас аваад явчихсан талаар мэдээгүй, Цагдаагийн байгууллагад хандаагүй, манай гэр бүлийн хүн Бааска авчихсан юм болов уу гэж ярьж байсан тэгэхээр нь би аваагүй байлгүй дээ гэж хэлж байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр манай нөхөртэй цуг ажил хийж байсан Баасансүрэн нь өөрийнхөө фейсбүүк хаяг зураг оруулсан байсан, түүнийг үзэхэд манай гэрээс алдагдсан гар утас мөн байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн фейсбүүк хаягт оруулсан зураг нь надад байгаа, түүнийг гаргаж өгнө...Баасансүрэн гэдэг нь манай гэр бүлийн хүний хамт 2011 оноос эхлэн хамт ажил хийдэг залуу байгаа юм. Ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

          Гэрч Д.Мөнхжаргалаас цагдаагийн ахмад Б.Баасансүрэнд гаргаж өгсөн гар утасны дэлгэцийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-р хуудас/,

          Мэргэнгүн Аудит ХХК-ний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан №36 дугаартай дүгнэлтэд: “...2021 онд шинээр худалдан авч байсан “Реd mi Note-8” загварын гар утасны үнэлгээг 2022 оны 03 дугаар сарын байдлаар 310,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуу/,

          2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс цагдаагийн ахмад Л.Лхагвасүрэнгийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуу/,

          2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч *******д “Реd mi Note-8” загварын гар утас үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-р хуу/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /хх-ийн 50-р хуудас/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,    

          Хохирогч *******гийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 74/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган орхон багийн нутаг дэвсгэр,******* байх *******гийн гэрээс түүний эзэмшлийн “Реd mi Note-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 310 000 /гурван зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 17/, гэрч ******* /хх17 /нарын мэдүүлэг, Гэрч Д.Мөнхжаргалаас цагдаагийн ахмад Б.Баасансүрэнд гаргаж өгсөн гар утасны дэлгэцийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-р хуудас/, Мэргэнгүн Аудит ХХК-ний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан №36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуу/, 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс цагдаагийн ахмад Л.Лхагвасүрэнгийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуу/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч *******д “Реd mi Note-8” загварын гар утас үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-р хуу/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /хх-ийн 50-р хуудас/, хохирогч *******гийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 74// болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.  

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн эд зүйлээ хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

             Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн “Реd mi Note-8” маркийн гар утсыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

          Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялаас чөлөөлөх саналтай...гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шийдвэрлүүлэх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч *******д 240 цаг нийтэд цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн тул түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

          Шүүхээс шүүгдэгч *******г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.    

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.      

          4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН