| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03242/И |
| Дугаар | 102/ШШ2018/01086 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2018/01086
| 2018 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2018/01086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн, Э.Мд холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахыг хүссэн Д.М-гийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б /үнэмлэх 1493/, хариуцагч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.М-тэй 2009 онд танилцаж, хамтран амьдарч байгаад, улмаар 2012 оны 3-р сарын 27-ний өдөр №0216134 Г-214 тоот баталгаагаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03-р сарын 18-ний өдөр хүү М.Э, 2014 оны 11 сарын 24-ний өдөр охин М.Ш нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд болон хүүхэдтэй болсоноос хойш Д.М нь удаа дараа архи ууж агсам согтуу тавьж, хэл амаар доромжлох, эд хогшлоо эвдэж, сүйтгэх тэр битгий хэл бие махбодид минь халдаж зодох зэргээр ёс зүйгүй авирлаж бие махбодийн болон сэтгэл санааны хохирлыг удаа дараа учруулж ирсэн. Миний бие нөхрийгөө засарч хүмүүжих байх гэж олон удаа итгэж, уучилж байсан боловч Д.М-гийн архи, пиво уух нь ихсэж түүний дарамт хүчирхийлэл улам даамжирсаар намайг ажлын хүмүүстэй хардан, хэл амаар доромжлон гэрт оруулахгүй үе олон байсан бөгөөд миний үр хүүхэд байнгын айдас түгшүүртэй дарамтанд амьдрах болсон. Тухайлбал: Хамгийн сүүлд 2016 оны 05-р сарын 19 -ний шөнө архи уусан үедээ намайг хүчирхийлэн зодож биед гэмтэл учруулсан бөгөөд тухайн үед Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байсан боловч уучлал гуйгаад дахин асуудал үүсгэхгүй амар тайван сайхан амьдарна гэсэн амлалт өгөхөөр нь 2 үрээ бодоод өргөдлөө татаж авч байсан. Мөн хамгийн сүүлийн үйлдэл болох 2017 оны 7 сарын 10-ны шөнө ажилтай явж байгаад гэртээ ирэхэд согтуугаар хүү, охин 2-оо гэрээсээ хөөж гудамжинд гаргасан байсан. Үүнээс хойш тусдаа амьдрах болсон. Иймд бид эвлэрэх боломжгүй тул бидэнд эвлэрэх арга хэмжээ авалгүйгээр шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг маань цуцлаж өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсноос хойш өөрийн гэх орон байргүй байсан бөгөөд миний эцэг 2 хүүхдийн минь орон байртай байлгах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавиулж, 2014 онд Голомт банкнаас 100 хувийн лизингээр орон сууц худалдан авч гэр бүлээрээ амьдарч байсан. Худалдан авсан Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити m/13 байрны 2-2 тоотод байршилтай 30,3 м/кв орон сууцны зээлийн төлбөрийн үндсэн зээлдэгч нь миний бие бөгөөд хамтран зээлдэгч нь нөхөр М болно. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхрийн аль аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх, орон байраар хангах үүрэг хүлээдэг тул зээлээр авсан орон сууцны банкинд төлөх төлбөрийн 50 хувийг Д.М-гөөс гаргуулах, мөн уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.М, хүү М.Э, охин М.Ш бидэнд хэвээр үлдээж өгнө үү. Мөн бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 17 041 000 төгрөгийн эд зүйлээс Э.М миний бие болон хүү М.Э, охин М.Ш нарт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Хүү М.Э, охин М.Ш нарыг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 96 697 300 төгрөгийн 50 хувь болох 48 348 650 төгрөгийг Д.М-гөөс гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг бидний 100 хувийн өмчлөлд үлдээж өгнө үү. Хүү Э-гийн Мон Эрин цэцэрлэгийн сар болгоны төлбөр 390 000 төгрөг, охин Шинэзаяагийн 171-р цэцэрлэгийн IQ хичээлийн хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулан нэг жилд гарах зардал болох 30 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Э.М миний бие нь тус шүүхэд хариуцагч Д.М гөөс “ гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах болон бусад зардлыг нөхөн төлүүлэхээр нийт 7 шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад орон сууцны зээлтэй холбоотойгоор зээлийн барьцаанд буй орон сууцанд эрсдлийн даатгал хийлгэх, хүү М.Э-ийн сар бүрийн цэцэрлэгийн төлбөр төлөх зэргээр нэмэлт зардалууд гарсан тул нэхэмжпэлийн шаардлагаа нийт 1 001 982 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд даатгалд төлсөн 221 982 төгрөг, хүү Э-гийн цэцэрлэгийн төлбөрт төлсөн 80 000 төгрөг нийт 1 001 982 төгрөгийг хариуцагч М-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М-тэй 2009 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Э2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин М.Ш нар төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа хүүхэдтэй болсноос хойш Д.М удаа дараа архи ууж, агсан согтуу тавьж, хэл амаар доромжилж, эд материалаа эвдэж сүйтгэж, бие махбодьдод халдаж, зодох зэргээр ёс зүйгүй авирлаж, сэтгэл санааны хохирлыг удаа дараа учруулж байсан. Миний бие нөхрөө засарч хүмүүжих байх гэж олон удаа уучилж байсан боловч Д.М гийн архи пиво уух нь ихсэж, түүний дарамт шахалт улам даамжирсаар намайг ажлын хүмүүстэй хардаж, гэрт оруулахгүй байх үе олон байсан. Миний бие болон үр хүүхэд маань байнгын түгшүүртэй байдалд амьдрах болсон. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 19-ний шөнө архи уусан үедээ намайг зодож, биед гэмтэл учруулсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан боловч уучлалт гуйгаад дахин архи уухгүй гэсэн амлалтаар тухайн өргөдлөө татаж авсан. 2017 оны 7 дугаар сарын 10-ны шөнө ажлаасаа ирэхэд согтуу байсан, 2 хүүхдээ гэрээсээ хөөж гаргачихаад өөрөө унтаж байсан. Иймд эвлэрэх боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн бид гэрлэлтээ батлуулснаас хойш хамтран амьдрах гэр оронгүй байсан учир аав маань өөрийнхөө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 23Б байрны 2 өрөө орон сууцыг банкны 100 хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаанд барьцаалан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити М13-2-2 тоотод 1 өрөө орон сууцны зээлд хамрагдсан. Миний бие гэр бүл цуцлуулахтай холбогдуулж дараах шаардлагыг гаргаж байна. Хүү М.Э охин М.Ш нарын эх миний асрамжид үлдээж, хуулийн дагуу хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс Приус-20 маркийн авто машин, 1 өрөө байрыг бидний өмчлөлд үлдээж өгнө үү. Бусад хөдлөх эд хөрөнгөөс татгалзаж байна. Мөн хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 1 170 000 төгрөг, орон сууцны эрсдэлийн даатгалд даатгуулсан 220 000 төгрөгийг Д.Мгөөс гаргуулж өгнө үү. Голомт банктай байгуулсан 2034 онд төлөгдөж дуусах зээлийн төлбөрийн өөрт ногдох хэсгийг Д.М-гөөр төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Одоогийн нийгэмд хүүхдийн хүчирхийлэл их байгаа тул охин М.Ш-г би өөрийн асрамжид авна. Хүү М.Э эх Э.М-ийн асрамжид үлдээж, М.Э-ийн тэтгэлгийг төлнө. Дундын өмчлөлийн байр болон Приус-20 маркийн машиныг Э.М-д өгнө. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөр болон орон сууцны эрсдэлийн даатгалыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны төлбөрийг 2034 он хүртэл надаас 50 хувийг гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Э.М нь байрыг бусдад түрээсэлж орлого олдог, би байрандаа амьдрах боломжгүй болсон, нэмж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Э.М-ийн хамт ХУД-ийн 4-р хороо Вива сити m/13-р байрны 2 тоот орон сууцыг 57 500 000 төгрөгийн, 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлээр худалдан авахын тулд уг байрны өмчлөгчөөр бүртгүүлж, Ү2206028144 дугаар бүхий гэрчилгээтэй болсон. Миний бие тус байрны хууль ёсны хамтран өмчлөгч мөн боловч Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д заагдсан”... өмчлөлийн зуйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж эрхтэй” гэж заасан заалт, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 -д заагдсан Гэрлэгчид гэр бүлийн гишүүд адил тэгш эрхтэй гэсэн хуулийн заалтууд ноцтой зөрчигдөж эрхээ эдэлж чадахгүй болсон. Э.М нь намайг гэрээс хөөсөн, улмаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2 өрөө байрыг бүрэн тавилгын хамт бусдад 1 сарын 450 000 төгрөгөөр түрээслэж ашиг олж байна. Иймд Ү-2206028144 дугаар бүхий гэрчилгээтэй, ХУД-ийн 4-р хороо Вива сити м/13-р байрны 2 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Д.М г хасч, Хан-Уул дүүгийн бүртгэлийн газарт бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гэж үзэхэд эргэлзээтэй. Манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь Д.М д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.М нь Э.М-д холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэмэлт зардал гаргуулах, Голомт банкны зээлээс өөрт ногдох үүргийг гүйцэтгэхийг даалгахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Э.М-, Д.М нар нь 2011 онд гэр бүл болсныг 2012 оны 3-р сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, амьдрах хугацаандаа 2012 оны 3-р сарын 18-нд хүү М.Э 2014 оны 11-р сарын 24-нд охин М.Шнарыг төрүүлж /хх 7-9/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Д.М нь архи ууж агсам согтуу тавьдаг, согтуу үедээ эхнэрээ зодож бие махбодид нь хүчирхийлэл үйлддэг /хх 23, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэдэг зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байх ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин хариуцагч нь охин М.Э-г асрамжиндаа авна гэж маргадаг боловч хүүхэд бага насны, эхийн анхаарал халамж, түүний ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах орчин нөхцөл зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг Д.М гөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 27-40 УНГ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машин, улсын бүртгэлийн Ү-2206028144 дугаарт бүртгэгдсэн, Д.М, Э.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити 2/13-р байрны 2-2 тоот 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг Э.М-д үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Д.М маргаагүй байна. Бусад гэрийн доторх тавилга зэрэг эд хөрөнгийн талаар талууд маргаагүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 7-д “Төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно”, Боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох ба Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль ...бусад актаас бүрддэг байна.
Нэхэмжлэгч Э.М нь хүү М.Э-г 2016 оны 9-р сарын 1-нээс Мон-Эрин цэцэрлэгт 390 000 төгрөгийн төлбөртэй сургасан /хх 98-99/ нь Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлд заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /...сургуульд орсон/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болох хуулийн заалттай нийцээгүй гэж дүгнэлээ.
Э.М, Д.М нар нь Голомт банктай байгуулсан ЗГ2105020849 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ2105020849, БГ2105020849/1 тоот “Ипотекийн гэрээ” гэрээгээр орон сууц худалдан авах зориулалтаар 57 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж, улсын бүртгэлийн Ү-2206028144 дугаарт бүртгэгдсэн, Д.М, Э.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити 2/13-р байрны 2-2 тоот 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2205001776 дугаарт бүртгэгдсэн, Ч.Э, Э.М нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23Б байрны 90 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг тус тус /хх 15-22, 159-164/ барьцаалжээ. Барьцааны гэрээ нь нотариатаар бүртгүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Гэрлэгчийн дундын өмчлөлийн орон сууцыг 57 500 000 төгрөгөөр, Голомт банкны зээлээр худалдан авсан байх ба нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, орон сууцны өөрт ногдох хэсгийг нэхэмжлэгчид үлдээсэн, энэ хэмжээгээр буюу 28 750 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь дундаа хамтран өмчлөх бусад эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг бүхэлд нь нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээсэн, Э.М нь орон сууцыг бусдад хөлслүүлэх зэргээр дангаараа эзэмшиж, ашигладаг байна. Иймд банкны зээлээс өөрт ногдох үүргийг гүйцэтгэхийг даалгахыг хүссэн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар зээлдэгч нь ..эд хөрөнгийн даатгалд даатгуулах үүрэгтэй бөгөөд Э.М нь Мандал даатгал ХХК-д 2018 оны 01-р сарын 23-ны өдөр 221 982 төгрөгийг төлсөн /хх 98-100/ байна. Үүнийг гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлага гэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь охин М.Ш-ийн IQ хичээлийн төлбөрт 30 000 төгрөг гаргуулах шаардлагаа татгалзсан тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Д.М нь орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах, улсын бүртгэлд бүртгэхийг даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлагыг “орон сууцыг өмчлөлдөө үлдээх” үндсэн шаардлагыг зөвшөөрч байгаа үндэслэл гэж дүгнэхээр боловч энэ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Д.М-гийн өмчлөх эрх дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч өмчлөгчөөс хасагдах шаардлагыг зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.М-гөөс зээлийн төлбөрт 48 348 650 төгрөг гаргуулах, нэмэлт зардал гаргуулах шаардлагын хэмжээгээр төлөх тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулахыг хүсэлт гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хүсэлтийг хангасан байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зарим нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн тул нэмэлт зардлын 1 170 000 төгрөг, даатгалын 221 982 төгрөг, сургалтын төлбөр 30 000 төгрөг нийт 1 421 982 төгрөгт ногдох төлөх 37 701 төгрөг, банкны зээлийг төлөхийг даалгах нэхэмжлэлд 70 200 төгрөг нийт 109 901 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс 28 600 төгрөгийг төлж, 79 301 төгрөгийг дутуу төлсөн байна. Иймд улсын тэмдэгтийн хураамжийн 79 301 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М, Э.М нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 03-р сарын 18-нд төрсөн хүү М.Э 2014 оны 11-р сарын 24-нд төрсөн охин М.Ш нарыг эх Э.М-гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Э, М.Ш нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Д.М- гөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан 27-40 УНГ улсын дугаартай Тоёота Приус машин, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити 2/13-р байрны 2-2 тоот 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг Э.М-д тус тус үлдээж, Э.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу орон сууцны даатгалын 221 982 төгрөг, сургалтын төлбөрийн 1 170 000 төгрөг гаргуулах, банкны зээлээс өөрт ногдох үүргийг гүйцэтгэхийг Д.М-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.М гөөс 30 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Э.М татгалзсаныг баталж, хэрэгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206028144 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити 2/13-р байрны 2-2 тоот 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөгчөөс Д.М-ийг хасч, Э.М-г өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 289 500 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, Д.М-гөөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Э.М-аас 289 500 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Э.М-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 79 301 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА