Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШЦТ/74

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч М.Чинбат,

Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Даянчин овгийн Мэндсайханы Чинбатад холбогдох эрүүгийн 2227000140078 тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Даянчин овгийн Мэндсайханы Чинбат /РД: ЙБ94121211/,

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч М.Чинбат нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мухдаг гэх газраас Л.Лувсандоржийн ширээтэй хас тамгатай хонгор морийг хулгайлан авч хохирогчид Л.Лувсандоржид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Чинбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

             Хохирогч Л.Лувсандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хужирт сумын 2 дугаар баг Урт завсар гэх газар ганц гэр өвөлжиж байна. Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хониндоо явж ирээд 17 цаг 40 минутын үед морио гэрийн зүүн урд зүгт 100 метр зайтай аргамжсан. Тэгээд өглөө боссон чинь морь байхгүй байсан. Аргамжаа дээрээ очиход аргамжааг нь эвхчхээд морийг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуу/,

Хохирогч Л.Лувсандоржийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Тухайн үед морио гэрийн зүүн урд зүгт 100 метр зайтай аргамжсан. Гэрийн зүүн урд жалгатай. Би морио мяндсан цагаан аргамжааны үзүүрийн том эргүүлгээс тоон түшиж уясан байсан. Морь алдахаас 2 хоногийн өмнө доголон Ганаа, Хоохойн Банди гэх 2 залуу 15 цагт “бух” сурч орж ирсэн. Тэгээд 21 цагийн үед манайд ирэхдээ аргамжаатай морины хажуугаар гарч ирсэн. Би гарч гэрэл тусгах үед морины хажуугаар явж байсан би орж ирэхэд нь морь таслаагүй биз гэхэд тасраагүй номхон морь байна гэж хэлсэн. Манайд хоноод “Бухаа” олоод явсан. Би тухайн шөнө 00 цагийн үед унтаж байсан. Манай эхнэр 1 цаг гэхэд унтаагүй байсан тухайн үед мотоцикл дуугараад чимээгүй болсон. Дүүгээ ирж байгаа юм бодоод гараагүй. Тэгээд дуу чимээгүй болохоор нь замын хүн явж байгаа байх гэж бодоод унтаад өгсөн. Шөнө 03 цагийн үед гарч гэрэл тусгахад морь байхгүй байсан. Аргамжаа нь тасарсан юм байна гэж бодоод унтаад өгсөн. Өглөө 7 цагт аргамжаан дээр очиход аргамжааг нь дугуйлж эвхээд сүхийг нь дээрээс нь тавьсан байсан. Тухайн үед цас орсон мөр байгаагүй. Адуун дээрээ очиж үзэхэд байгаагүй. Тэгсэн чинь 2021 оны 12 сарын 12-ны өглөө Баяраагийн Хар Банди гэх хүүхэд ирээд таны морийг Мэндбаярын Чинбат голын хойд талд сураглаад явна гэж Батнасангийн Монхоон хэл хүргүүлсэн байсан. Тэрнээс хойш олдохгүй байгаа...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-18-р хуу/,

Гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед үхэр туух гээд хашаанаасаа гартал манай хойд талын айл Батмөнх ахын хашааны хаалгыг онгойлгох гээд Чинбат гэх залуу зогсож байсан. Би хашааны хаалгыг нь онгойлгож өгөөд хамт ортол гэрт хүмүүс унтаж байсан. Бид 2 гарч ирээд манайд орж цай уусан. Чинбат би нэг хямдхан мотоцикл зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж үзье гээд Шар булагт байдаг Цэрэндаш гэх айлын хашаанд очиж үзсэн. Ногоон Мустанг-5 мотоцикл шинэвтэр болохоор нь худалдаж авахаар болж хашаандаа унаж ирж тавьсан. Би Чинбатад ногоон өврийн зузаан 1 дээл, 300.000 төгрөгтэй өгсөн. Наймаа хийсэн гээд бид хоёр 2 шил архи, 1 ширхэг пиво хувааж уугаад манайд хоносон. Маргааш өглөө нь Бат-Өлзий сумын шууданд сууж явна гэхээр нь хүргэн Цогтбаатарыг гэрт нь хүргээд өг гээд явуулсан. Тэгсэн чинь хүргэнийг хөдөө айлд очиж үлдээгээд мотоциклыг нь унаж яваад, айлд орж юм хулгайлж байгаад Бат-Өлзий сумын цагдаа нарт баригдаад явсан байсан. Хүргэн нөгөө айлаас нь очиж мотоциклоо авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуу/,

Гэрч П.Бандийн мөрдөн байцаалтад өгсөн “...Чинбат аавын талаар холын хамаатан байгаа юм. Тухайн өдөр би байгаагүй. Манайхаар орж ирээд Жамсүрэн ахаас эмээлтэй хүрэн морь алдсан хайгаад олдохгүй байна. Бат-Өлзий сумын төвөөс куртиктэй гарсан чинь хөлдөж үхлээ гээд манайхаас бор ногоон дээл өмсөөд хойшоо явсан гэсэн. Ганцаараа ногоон мотоцикл унасан явж байсан гэсэн. Унаж явсан мотоцикл нь Бат-Өлзий сумын төв дээрээс алдсан Пүүжээ гэх хүний мотоцикл гэж сүүлд сонссон. Доголон Ганаа гэх залуутай “Бух” сурч яваад Лувсандорж гэдэг хүнтэй танилцаж гэрт нь хоноод хүрмийн үзүүрт байдаг Отгонбаяр гэх айлаас “бухаа” олоод ирсэн. Лувсандоржийн бид хоёр гэрийн зүүн урдаас нь иртэл Лувсандорж гэх хүн аргамжаатай морь үргээгээгүй биз гэж асууж байсан. Тэрнээс хойш Бат-Өлзий сумын төв ортол Товуугийн машин байсан яваад очиход Товуу би дэлгүүр орчхоод ирье Чинбатыг харж байгаарай цагдаад хүргэж өгөх гэж байгаа гэж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуу/,

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг нутгийн хүмүүс Алтангэрэл гэхээсээ илүү Монхоон гэж дууддаг юм. Монхоон гэх нэр нь намайг багаас минь цээрлэж дуудсан нэр байгаа юм. Тухайн үед манайх Өвөрхангай аймгийн Хужирт сум 3-р багийн Анжаа гэх газарт нутаглаж байсан юм. Тэгтэл 1 өдөр өдөр сарыг нь сайн санахгүй байна. М.Чинбат манай төрсөн ах Алтангэрэлийг /Гээгий гэж дууддаг/ гэрээр орж улаан ногттой хүрэн морь сураад гарсан байсан. Гээгий манай хоёрынх айл саахалт байдаг юм. Чинбат Гээгийнхээр ороод адуу сурах үед манай ах эзгүй гэрт нь эхнэр Сандагжав нь байсан гэсэн. Чинбат адуу сураад явсан талаар ахын эхнэр Сандагжав надад хэлээд би Хар бандиар дамжуулж Лувсандорж ахад хэл дуулгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуу/,

Гэрч Н.Сандагжавын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Чинбатыг сайн танихгүй 2021 оны 12 дугаар сарын эхээр билүү дундуур билүү одоо өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай нөхөр Алтангэрэлийг /хүмүүс Гээгий гэж дууддаг/ малдаа явсан хойгуур манайд ирээд улаан ногттой хүрэн морь алдчихлаа гээд сураглаад явж байсан. Тэрнээс өөрөөр танихгүй дахиж уулзаагүй, холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуу/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гаргасан ӨХЦ21-32 дугаартай дүгнэлтэд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 сарын 09-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуу/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Чинбатад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэрги

йн улмаас учирсан хохирлын талаар:

          Шүүгдэгч М.Чинбат нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мухдаг гэх газраас Л.Лувсандоржийн ширээтэй хас тамгатай хонгор морийг хулгайлан авч хохирогчид Л.Лувсандоржид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Лувсандорж, гэрч Г.Отгонбаяр, гэрч П.Банди, гэрч Б.Алтангэрэл, гэрч Н.Сандагжав,  /хх-ийн 16-18, 28-29, 31-32, , 34-35, 37-38-р хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гаргасан ӨХЦ21-32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

          Шүүгдэгч М.Чинбат нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч М.Чинбат нь хохирогч Л.Лувсандоржийн 1 тооны малыг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч М.Чинбат өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Э.Заан М.Чинбатын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

           Иймд шүүгдэгч М.Чинбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

          Шүүгдэгч М.Чинбатаас 1 тооны адууны үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Лувсандоржид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч М.Чинбатыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч М.Чинбатын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь 06 сараас 05 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 06 сараас 05 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах....гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш “...шүүгдэгч М.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг  оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлсан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатад  07 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Бусад асуудлаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч М.Чинбатад Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 2 сар, 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 9 сар, 25 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатын цагдан хоригдсон 15 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

          Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатыг хорих ялыг эдлэх хугацаанд түүний асрамжид байсан одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт түүний ээжийн асрамжид байх 2 хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгав.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Чинбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Чинбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даянчин овгийн Мэндсайханы Чинбатыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даянчин овгийн Мэндсайханы Чинбатыг 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч М.Чинбатад Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 2 сар, 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 9 сар, 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Чинбатын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатад оногдуулсан 3 жил, 9 сар, 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч М.Чинбат нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатаас 1,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух Лийдаагийн Лувсандоржид олгосугай.

 8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбатыг хорих ялыг эдлэх хугацаанд түүний асрамжид байсан одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт түүний ээжийн асрамжид байх 2 хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Чинбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Чинбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН