Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2018/00093/И |
Дугаар | 159 |
Огноо | 2018-03-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 159
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Оюудайд холбогдох “Барьцааны гэрээний үүрэгт 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, Д.Оюудайгийн “Ньюлинк интернэшнл” ХХК-нд холбогдох “барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 37 дугаар байр, 75 тоотод оршин суух, “Төрд гомдогсдын эрх ашгийг хамгаалах” холбооны тэргүүн ажилтай
Уранцэрэв овогт Адъяагийн Эрдэнэбилэг
Регистрийн дугаар ХК-60092634
Хариуцагч Д.Оюудаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорын өмгөөлөгч Г.Амартүвшин
Гэрч Ариунбат, Т.Оюунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээний үүрэгт 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэлийн утга: “Ньюлинк интернэшнл” ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага үүсдэг болно.
Учир нь: Гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтөлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж визний зөрчил гаргах, гэмт хэрэгт орооцолдох нь зуучлагч “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хүсэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно.
Иргэн Лхагвасүрэнгийн Болор нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Англи улсад суралцуулах тухай 07/04 тоот гэрээ байгуулж 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07/06 тоот барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу Англи улсад суралцсан бөгөөд гэрээний дагуу Монголдоо ирж барьцаагаа чөлөөлүүлэх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй юм.
Барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоот орон сууцны өмчлөгч Д.Оюудай барьцаа хөрөнгөөрөө 5000 америк долларыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна.
Хэрэв Лхагвасүрэнгийн Болор нь гэрээгээ зөрчөөгүй бол манай компани Английн хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон Монгол залуус Англид сурч боловсрох эрх нээллтэй байх байсан билээ.
Өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа бөгөөд гэрээ зөрчсөн этгээдүүд үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрээд байна. Иймд 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү!.
Жич: Монгол банкны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн америк долларын ханш 2498 төгрөг байгаа болно...гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Охиндий 2 дугаар “Цууны булаг” гэх газарт оршин суух, өндөр насны тэтгэвэрт гарсан, Атган овогт Данзангийн Оюудай /регистрийн дугаар МЮ-50030866/ 2017 оны 04-р сарын 03-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд “Ньюлинк интернэшнл” ХХК-наас иргэн Д.Оюудайд холбогдуулан 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Миний төрсөн охин Лхагвасүрэн овогтой Болор нь 2007 онд “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн шугамаар ИБУИНВУ-ын Лондон хотод Leicester Sduare сургуульд 6 сарын хугацаатай суралцахаар болсон ба Монгол улсад эргэн ирэх баталгаа болгож 5000 америк долларын үүрэгт Д.Оюудай миний өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороололын 22-р байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан. “Ньюлинк интернэшнл” ХХК-тай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн.
Барьцааны гэрээндээ 6 сарын сургалтын хугацаагаа дуусгаж, эх орондоо ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, визны зөрчил гаргах болон үлдсэн ямар ч тохиролдолд эрэн сурвалжлах болон Монгол улсад албадан ирүүлэх ажиллагаанд гарсан хохирол зардлыг барьцааны хөрөнгөнөөс гаргуулахаар тохиролцсон.
Миний охин Л.Болор нь тус сургуульд 6 сар суралцаж төгссөн бөгөөд сургалт нь 2007 оны 07-р сарын 02-ноос эхлэн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан тул визээ сургуулах зайлшгүй нөхцөл үүссэн. Үүнийгээ “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн шугамаар тус компанийн захирлын дүү Д.Ариунбатад мэдэгдэж, барьцааны гэрээний 1.2-д зааснаар нэг удаа визээ сунгуулан суралцсан юм.
Миний охин сургуулиа төгсөөд 2008 оны 7 дугаар сард ирсэн ба ирсэн тухайгаа “Ньюлинк интернэшнл” ХХК-нд мэдэгдэж, барьцааны гэрээний 3.2-д заасны дагуу байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан боловч барьцааг чөлөөлж өгөөгүй. Бидний хооронд байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болсон.
Миний охин Л.Болор нь Англи улсын болон Монгол улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй, нэг удаа визээ 6 сараар сунгасан бөгөөд “Ньюлинк интернэшнл” ХХК-нд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй бөгөөд эдгээр Л.Болорын гадаад паспортын хуулгаар байхад барьцааны гэрээг цуцалж өгөхгүй иргэн надаас 12.490.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “...гэрээний үүрэгтэй холбоотой, хөөн хээлцэх хугацаа гурван жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг тул “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...“ Ньюлинк интернэшнл” ХХК нь Л.Болор гэдэг хүнтэй 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 07/04 тоот “Англи улсад суралцуулах” гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу Оюудайгийн охин Болор нь барьцааны гэрээ байгуулж, зохих байгууллагад бүртгүүлсэн. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний асуудал яригдсан. Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн нэр дээр үлдээгүй, хариуцагч талд хадгалагдаж байдаг. Үндсэн гэрээ болох “Англи улсад суралцуулах” гэрээний онцлог нь хатуу нөхцөлтэй. “Ньюлинк интернэшнл” ХХК нь Их Британи руу 150 аад суралцагч, Ирланд улс руу 400 гаруй, нийтдээ 500 гаруй суралцагч явуулсан. Хамгийн сүүлчийн групп болох Л.Болорын группээс хойш дахин оюутан явуулаагүй. Тус компанид асар ир хохирол учирсан. Оюутан явуулж чадаагүй шалтгаан нь гэрээнд заагдсан хугацаандаа тус компаниас явуулсан оюутан Монголдоо буцаж ирээгүй. Элчин сайдын Яаманд манай компанийн зүгээс олон удаа хүсэлт тавьсан боловч суралцагч хугацаандаа буцаж ирээгүй учир ахиж оюутан авахаас татгалзсан хариу өгсөн. Суралцагч Л.Болор нь гэрээний заалтыг зөрчсөн. Оюутан Монголд ирээд визээ сунгах, үргэлжлүүлэн суралцах, гэрээгээ сунгах боломж нь нээлттэй. Ямар ч тохиолдолд Монголд ирж барьцаагаа чөлөөлүүлэх ёстой. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Гэрээний үүргийг “Ньюлинк интернэшнл” ХХК нь зөрчөөгүй, суралцагч Л.Болор гэрээг зөрчсөн. Хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй бол хариуцлага яригдана. Гэрээ, гэрээнээс үүдсэн үр дагаврын тухай бид ярина. Анхны шүүхийн шийдвэрт “...Л.Болор үүргээ биелүүлсэн тул гэрээ дуусгавар болсон...” гэж үзсэн. Иргэний хуульд хугацаа тоолох журам тодорхой бичигдсэн байдаг. Хууль болон гэрээ, түүний нөхцөл зөрчигдсөн эсэх нь яригдана. Хугацаандаа л ирэх ёстой. Гэрээг цуцлах тохиолдолд 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой. Монголд ирж виз сунгуулж байгаа тохиолдолд “Ньюлинк интернэшнл” ХХК-иас ирж тодорхойлолт аваад элчин сайдын яамаар орж сунгуулдаг. Англи улсад байгаа суралцагчид виз сунгуулах бол Монголдоо заавал ирэх ёстой. “Ньюлинк интернэшнл” ХХК-иар зуучлуулан суралцаж байгаад, буцаж ирээд барьцаагаа чөлөөлүүлээд, одоо тухайн улсдаа амьдарч байгаа 100 гаруй оюутан байдаг. Л.Болорын явсан группаас болоод “Ньюлинк интернэшнл” ХХК-д олон сая төгрөгийн хохирол учирсан. Нэхэмжлэгч гагцхүү гэрээнд заасан хохирлоо нэхэмжилж байна. 500 гаруй оюутан явуулж байсан компани нэг ч оюутан явуулах боломжгүй болсон. Английн тал гэрээний нөхцлийг шаарддаг. Хугацаа зөрчсөн л бол зөрчил гэж тооцдог. Зөрчил гарсан бол гэрээ цуцлагдах үр дагавартай. Виз сунгах нь хувь хүний эрхийн асуудал. Гэрээний нөхцөлөө л хангах ёстой. Виз сунгасан, сунгаагүй хугацаандаа монголд ирэх үүрэгтэй. Виз сунгахад ““Ньюлинк интернэшнл”” ХХК нь тусалж болдог. Уг компаниас суралцахаар яваад хугацаандаа ирсэн, виз болон гэрээгээ сунгуулаад буцаж явсан өчнөөн хүмүүс бий. 10 жил болоход барьцааны асуудлаа хөөцөлдөхгүй байгаа нь хариуцагч тал энэ гэрээний зөрчлөө мэддэг учраас өдийг хүрсэн байх. Гэрээний нөхцлийг л бид шаардана. Үүргээ зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шүүх гагцхүү хуульд захирагдана. Хариуцагч Л.Болор нь хугацаандаа эх орондоо эргэн ирэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Тиймээс гэрээний үүрэгт заасны дагуу 5.000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд уг мөнгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү! гэв.
Нэхэмжлэгч Д.Оюудай шүүхэд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн шаардлага: Миний төрсөн охин Л.Болор нь 2007 онд “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн шугамаар Англи улсад суралцахаар болсон ба тус компанитай Монгол улсад эргэн ирэх баталгаа болгож, миний өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 12-р хороололын 22-р байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан.
Барьцааны гэрээндээ “...эх орондоо ирээгүй, сургалтанд хамрагдаагүй болон ямар ч тохиолдолд эрэн сурвалжлах болон Монгол улсад албадан ирүүлэх ажиллагаанд гарсан хохирол зардлыг барьцааны хөрөнгөнөөс гаргуулахаар тохиролцсон.
Миний охин Л.Болор нь тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд сургуультайгаа тохиролцож визээ дахин нэг удаа сунгасан ба сунгасан хугацаандаа мөн сургуулиа төгсч гэрчилгээгээ авсан. Виз сугнуулах талаараа тухайн үед “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн захирлын дүү Д.Ариунбатад мэдэгдэж сунгуулан байсан.
Улмаар визны хугацаа дуусч сургуулиа төгсөөд 2008 оны 7 дугаар сард буцаж ирсэн ба энэ тухайгаа “Ньюлинк интернэшнл” ХХК-нд мэдэгдэж, байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, харин эсрэгээрээ нэхэмжлэл гаргаад мөнгө авах гээд байгааг ойлгохгүй байна
Миний охин Л.Болор нь Англи улсын ба Монгол улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй ба явсан зорилго болох сургуульдаа явж төгссөн, ямар нэгэн байдпаар визны зөрчил гаргаагүй, “Ньюлинк интернэшнл” ХХК-нд хохирол учруулаагүй тул 2007 оны 03-р сарын 23-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээг дуусгавар болгож, миний өмчлөлийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 1-р хороо, 12-р хороололын 22-р байрны 91 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү!... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа
...Эргэн ирэх баталгаа болгож барьцаа хийгдсэн. Эргэж ирээгүй учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг хадгалж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо шаардаж байна. Барьцаа чөлөөлүүлэх шаардлагыг хэдэн удаа гаргах юм. Барьцаа чөлөөлүүлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа энд яригдах байх... гэжээ.
Гэрч: Москва хотод 1985 онд төрсөн, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, одоо Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, 115 дугаар байр, 9 /с/ тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нанжин овгийн Доржбатын Ариунбат /регистрийн дугаар УУ-85051913/
Би 2007 онд Лондонд суралцаж байсан. “Ньюлинк интернэшнл” ХХК-д ямар нэг үүрэг хүлээж, цалин хөлс авч ажиллаж байгаагүй. “Ньюлинк интернэшнл” ХХК нь манай ах Д.Ариунболдын компани байгаа юм. Монголоос суралцахаар болон аялалаар очсон хүмүүст тухайн үед ямар нэг асуух зүйл гарвал холбогдоорой гэж миний дугаарыг өгсөн юм шиг байна лээ. Хүмүүс ярьж банкны данс яаж нээх, шинэ утасны контакт яаж үүсгэх, ямар метронд суух гэх зэрэг ахуйн чанарын зүйлийг асууж, би хариулт өгдөг байсан.
Ер нь “Ньюлинк интернэшнл” ХХК гэлтгүй хүмүүс юм лавлахаар нь хэлж өгдөг. Монголчууд бие биедээ туслаад явдаг байсан.
Миний хувьд тухайн үед очоод удаагүй байсан болохоор визний зөвлөгөө өгөх хэмжээнд бүгдийг мэдэхгүй. Мэдэх зүйлээ хэлдэг байсан. Гэхдээ надтай холбогдсон хүн бүрт хугацаандаа буцах ёстой, харлаж болохгүй. Ахиж гарах боломжгүй болно” гэдэг асуудлыг хэлдэг байсан.
...Л.Болор гэдэг хүний тухайд бол сайн мэдэхгүй байна. Ер нь надтай холбогдож асуулга тавьсан хүмүүст миний зүгээс “хугацаандаа буцах” гэдэг зүйлийг л зөвлөдөг байсан... гэв.
Гэрч: Улаанбаатар хотод 1952 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 16 дугаар байрны 65 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт гарсан, Хүрд овогт Тодын Оюунцэцэг /регистрийн дугаар ЦЗ-52082501/
... Миний бие гэрээгээр явж суралцагчийн гэрээ болон барьцааны гэрээний үүрэгт хяналт тавих, дотоод ажлыг хариуцан ажиллаж байсан болохоор оюутнуудаа сайн мэднэ. 2007 оны 03 дугаар сарын сүүлээр явсан 7 оюутан явсан ба тэр сүүлийн группт Л.Болор явж байсан. Л.Болор нь Англи улсад сурах 6 сарын гэрээтэй явж байсан. Барьцааны гэрээний чөлөөлөлт, болон барьцааны гэрээний үүргийн хангалтыг хариуцаж ажилладаг байсан болохоор 6 сар дөхөөд Л.Болорын ээж Д.Оюудайтай холбоо барьсан. “Барьцааны гэрээнийхээ үүргийг биелүүлж, хугацаандаа ир гэж дамжуулаад өгөөч, ахиад суралцах эрх нь нээлттэй байгаа, Монголдоо ирнэ шүү” гэж хэлсэн. Гэтэл Д.Оюудай нь хөдөө байдаг учраас “охинтойгоо холбоо байхгүй, ярьж чадахгүй байна” гэдэг байсан бөгөөд заримдаа утас нь холбогддоггүй байсан.
Миний ажил бол барьцааны асуудлыг шийдвэрлэдэг, миний ажил үүрэг учраас “хугацаандаа ирээд гэрээгээ цуцалж, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд ахиад явах эрх нь нээлттэй” гэдэг талаар хэлж зөвлөдөг байсан.
Манай компаниас явсан тохиолдолд эхний ээлжийн оюутнуудыг буцаж ирсний дараа, буцаж ирсэн оюутнуудын баримтыг факсаар явуулаад дараачийн ээлжийн оюутнуудыг хүлээлгэж өгдөг. Гадаад оюутан суралцуулахад барьцааны гэрээг байгуулдаг. Суралцагчид явахын өмнө дунд шат хүртэл хэлний бэлтгэлд явдаг. Хэлний бэлтгэлээ дуусгаад виз хүлээсэн олон оюутнууд өмнөх группээс ирээгүй хүмүүс буюу Л.Болороос шалтгаалж, цаашид явж чадахгүйд хүрсэн. Мөн аялалын хүмүүс ч явах боломжгүй болсон. 2008 оны дундаас хүн бүр явахаа байсан. Олон жил тогтмол үйл ажиллагаа явуулж байсан компани үйл ажиллагаа нь бараг зогссон. Асар их хохирол учирсан.
Компанийн тухайд гэвэл зуучлалын хөлс 500 америк доллар авдаг түүнээс ашиг нь 15 хувь байдаг. Л.Болорын явсан группээс хойш манайд бүртгүүлсэн, гэрээ хийсэн, материалаа бүрдүүлсэн 18 хүүхэд байсан. Элчин сайдын яамаар орох боломжгүй болоод эцэг эхчүүдээс гомдол санал маш их ирж байсан. Миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гараад 2011 онд буцаад орсон. 2011 оноос хойш ч Д.Оюудайтай холбоо барьж ярьж байсан. Д.Оюудайтай утсаар ярихаар “манай Л.Болороо ирчихсэн” гэсэн мөртлөө ирж уулздаггүй байсан. “Ямар учраас одоо болтол ирж уулзахгүй байгаа юм бэ, өргөдлөө өгөөч” гэдэг байсан...гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК нь Д.Оюудайд холбогдуулан “Гэрээний үүргийг биелүүлээгүйгээс барьцаа 5000 америк доллар буюу 12.490.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Оюудай нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...охин Л.Болор нь Англи улсын болон Монгол улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй...” гэж маргажээ.
Д.Оюудай нь “Ньюлинк интернэшнл” ХХК-д холбогдуулан “Барьцааны гэрээ дуусгавар болгож, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх”-ээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг авагдсан баримтаас үзэхэд “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер Д.Одбаяр, иргэн Л.Болор нарын хооронд 2007 оны 03-р сарын 06-ны өдөр байгуулсан № 07/04 тоот “Англи улсад суралцуулах” гэрээнд Л.Болор гарын үсэг зурсан байх бөгөөд мөн 2007 оны 03-р сарын 26-ны өдөр № 07/06 тоот “Барьцааны гэрээ”-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.Оюудайгийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг “... суралцагч нь 6 сарын сургалтын хугацаа дуусгаад эх орондоо эргэн ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, үлдсэн ямар ч тохиолдолд эрэн сурвалжилж Монгол улсад албадан ирүүлэх үйл ажиллагаанд гарсан хохирол, зардлыг барьцаанд тавьсан эд зүйлс /5000 ам.доллар буюу түүнээс доошгүй хэмжээний үнэ өртөгтэй байр, барилга, байгууламж/-ээр нөхөн хангах” нөхцөлтэйгээр байгуулсан ба үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан уг гэрээг байгуулахдаа “Батлав. “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунаа” гэсэн гэрээний бланкыг гараар бөглөж, гэрээ байгуулсан, гэрээний нүүр, арын хуудсанд “суралцагч Л.Болор” гэж гарын үсэг зурсан, байгаагаас үзэхэд дээрх хоёр гэрээг Ц.Болор байгуулсан, харин барьцаа хөрөнгө нь Д.Оюудайгийн хөрөнгө, уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг нь 2007 оны 03-р сарын 27-ны өдөр Л.Болорт олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
“Ньюлинк интернэшнл” ХХК нь зөвхөн Барьцааны гэрээний дагуу 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулахаар, Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг олгосон Д.Оюудайд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “Англи улсад суралцуулах”, “Барьцааны гэрээ” зэрэг нь Л.Болор, “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан, “Англи улсад суралцуулах” гэрээний үүргийг Л.Болор зөрчснөөс үүссэн үр дагавар болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Суралцагч Л.Болор нь гэрээний заалтыг зөрчсөн. Монголд ирээд визээ сунгах, үргэлжлүүлэн суралцах, гэрээгээ сунгах боломж нь нээлттэй. Ямар ч тохиолдолд Монголд ирж барьцаагаа чөлөөлүүлэх ёстой. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна... Виз сунгах нь хувь хүний эрхийн асуудал. Виз сунгасан, сунгаагүй хугацаандаа Монголд ирэх үүрэгтэй...” гэсэн тайлбар, мөн хариуцагч Д.Оюудайгийн “... Монгол улсад эргэн ирэх баталгаа болгож 5000 америк долларын үүрэгт Д.Оюудай миний өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороололын 22-р байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан...” гэх тайлбар, “Барьцааны гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-т “Суралцагч нь “Англи улсад суралцуулах” гэрээний үүргээ биелүүлж, монгол улсад хугацаандаа эргэн ирсэн гэдгээ өөрийн биеээр ... компанид мэдэгдэнэ...” гэснээр хугацаандаа ирээгүй гэх гэрээний үүргийг иргэн Л.Болор зөрчсөн тохиолдолд гэрээ зөрчигдснөөс үүссэн хохирлыг Д.Оюудайгаас нэхэмжлэх үндэслэлгүй байна.
Д.Оюудайгийн хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэсний дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах итгэмжлэл олгосон байна.
Иймд “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн Д.Оюудайд холбогдуулан гаргасан “Барьцааны гэрээний үүрэгт 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага, Д.Оюудайгийн “Ньюлинк интернэшнл” ХХК-нд холбогдуулан гаргасан “ Барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Оюудайд холбогдох “Барьцааны гэрээний үүрэгт 5000 америк доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, Д.Оюудайгийн нэхэмжлэлтэй “Ньюлинк интернэшнл” ХХК-нд холбогдох “Барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.560 төгрөг, хариуцагч Д.Оюудайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төслөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ