| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0146/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/163 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2225000000162 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 02 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **тоотод эхнэр Ч.Г-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.Г-н “...2022 оны 02 сарын 20-ны өдөр би гэртээ байхдаа нөхөр С.Ц-н хамт 0,5 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Тэгээд би нөхөртөө хандан “чи нас тогтчихоод өөр хүүхэнтэй явалдахаа болиоч” гэтэл тэрээр “чамд хамаагүй, миний эрхийн асуудал, чи намайг мөрддөг хэн юм бэ?” гээд миний нүүр рүү тамхины үнсний саваар нэг удаа цохисон юм. Тэгээд тэрээр жижиг өрөө рүү орчихоор нь би араас нь ороод хэрүүл хийсэн. Тэгтэл нөхөр маань намайг хана руу 2-3 удаа түлхсэн юм. Тэгэхээр нь би түүний фудболканаас бариад автал урагдчихсан. Тэгтэл тэрээр чи авч өгөх биш гэж уурлаад дахин намайг газар унагаагаад цээж рүү 2-3 удаа хөлөөрөө дэвсээд, гал тогооны өрөө рүү үснээс татаж чирсэн юм. Тэгээд би том өрөө рүүгээ орсон бөгөөд нөхөр маань гэрээс гараад явсан. Ингээд би эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эрүүний баруун хэсэг цуурчихсан, баруун чихний хэнгэрэг хагарчихсан, цээж 2 гар маань хөхөрчихсөн, үс маань туг тугаараа уначихсан байсан. Би тухайн үед цагдаад хандаагүй. Тэгтэл үүнээс хойш нөхөр бид хоёрын дунд хэрүүл тасрахгүй тэрээр намайг байнга хэл амаар доромжлоод агсам тавиад болохгүй байгаа учир одоо би цагдаад хандаж байна. Миний хувьд нөхөртэйгөө хамт амьдраад 18 жил болж байна, дундаасаа 16 настай нэг охинтой бөгөөд албан ёсны гэр бүл. Мөн нөхөр бид хоёр суухдаа нэг, нэг охинтой байсан. Тухайн үед болсон үйл явдлыг нөхөр бид 2 л харсан. Харин орой нь 16 настай охин Г нь гэртээ ирээд намайг ямар байдалтай байсныг харсан, гомдолтой байна. Хуулийн хариуцлага оногдуулмаар байна. Сүүлд нөхөр маань чамд гар хүрч болохгүй юм чинь гээд хэл амаар доромжлох болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8 дахь тал/,
2. Насанд хүрээгүй гэрч Ц.Г-н “...Би яг огноог нь санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 02 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Би тухайн өдөр Дархан-Уул аймгаас эмчилгээнд явчихаад нагац эгч, үеэл ахын хамт Орхон аймагт гэртээ ирсэн юм. Тэгээд би гэртээ ганцаараа очиход ээж маань ганцаараа байсан бөгөөд аав байгаагүй юм. Тэр үед ээжийн нүүр хавдчихсан, гар нь хөхөрчихсөн, эрүү өвдөөд байна гээд эрүүгээ бариад байсан, мөн уруулын дотор тал нь язарчихсан байсан. Тухайн үед ээж маань аавд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд ээж эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хугарчихсан, мөн баруун чихний хэнгэрэг нь хагарчихсан байна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
3. Гэрч Ч.Ц-н “...Одоогоос 5 жилийн өмнө шиг санагдаж байна эгч маань хувийн эмнэлэгт чихний хэнгэрэг нөхүүлсэн бөгөөд тэр үед нь би түүний хэнгэрэгийг нөхөр нь цохиж цоолсоныг эгчээсээ мэдэж байсан. Сүүлд 2022 оны 02 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгаас нагац дүү Г-н хамт Орхон аймагт ирсэн юм. Тэгээд дүү Г нь орчихоод над руу залгаад ээжийн эрүү эвгүй болчихсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь би эмнэлэг дээр очоод эгчтэй уулзахад гар нь энд тэнд хөхөрчихсөн толгой нь хавдчихсан, нэг нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд нарийн зураг авахуулахад эгчийн эрүү нь цууралттай мөн урд нь нөхүүлсэн хэнгэрэг нь дахиад хагарсан байсан. Тэр үед эгч хэлэхдээ “би 2022 оны 01 сарын эхээр бас нөхөртөө зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд ах чинь намайг дарамтлаад хөөгөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн №278 дугаартай “...Ч.Г-н доод эрүүний ясны далд хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг мөчид үүсгэгдсэн байх боломжтой. Доод эрүүний далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун чихний хэнгэргэн хальс цооролт нь эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
5. Яллагдагч С.Ц-н “...2022 оны 02 сарын 19 билүү 20-ны өдөр манай гэрт манай талын ах дүү хамаатан садангууд маань ирээд явсан юм. Тухайн үед би хамаатан садандаа архи задалсан бөгөөд үлдсэн архинаас манай эхнэр Г ууна гээд уусан юм. Тэрээр ганцаараа 0.5 литрийн 1 шил архины талыг нь уусан юм. Тэгээд би түүнээс надад архи хундаглаад өгчих гэтэл өгөхгүй гээд намайг цохиж аваад байсан. Тэгэхээр нь би жижиг өрөө рүүгээ ороод зурагт үзэж байтал эхнэр араас ирж хэрүүл өдөөд хуванцар сандлаар миний толгой руу хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэнгүүт нь би түүнийг хувцаснаас нь чирж том өрөө рүү оруулж байгаад түүний цээж рүү 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд гэрээс гарч явсан. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд түүний биед учирсан гэмтлүүдийг би хөлөөрөө 2 удаа өшиглөхдөө учруулсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **тоотод 2022 оны 02 сарын 19-ний өдөр эхнэр Ч.Г-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь доод эрүүний ясны далд хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, 3.2-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Г-н “чи намайг мөрддөг хэн юм бэ” гээд миний нүүр рүү тамхины үнсний саваар нэг удаа цохисон юм. Дахин намайг газар унагаагаад цээж рүү 2-3 удаа хөлөөрөө дэвсээд, гал тогооны өрөө рүү үснээс татаж чирсэн юм...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Г-н “...Тэр үед ээжийн нүүр хавдчихсан, гар нь хөхөрчихсөн, эрүү өвдөөд байна гээд эрүүгээ бариад байсан, мөн уруулын дотор тал нь язарчихсан байсан. Тухайн үед ээж маань аавд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц-н “...би эмнэлэг дээр очоод эгчтэй уулзахад гар нь энд тэнд хөхөрчихсөн толгой нь хавдчихсан, нэг нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд нарийн зураг авахуулахад эгчийн эрүү нь цууралттай мөн урд нь нөхүүлсэн хэнгэрэг нь дахиад хагарсан байсан. Тэр үед эгч хэлэхдээ “би 2022 оны 01 сарын эхээр бас нөхөртөө зодуулсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №278 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Ц-н “...Тэгэнгүүт нь би түүнийг хувцаснаас нь чирж том өрөө рүү оруулж байгаад түүний цээж рүү 2 удаа өшиглөсөн юм…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Ц нь 2022 оны 02 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Г-г зодож доод эрүүний ясны далд хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ц-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн саналийг үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Г-н эрүүл мэндэд доод эрүүний ясны далд хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлин 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дэх зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС