Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-д холбогдох эрүүгийн 2225001840188 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн **тоотод Д.Х-тай маргалдан нүүрэн тус газар, зүүн шанаанд гараараа цохиж эрүүний ясны зүүн талын өнцөг дайрсан зөрөөтэй далд хугарал, нэг шүдний мултрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохиролд 900 000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Д.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Х-н  “Миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагийн үед найз эмэгтэй О-ын гэр болох Уурхайчин баг **тоотод байж байтал М гэх хуурай дүүгийн эрэгтэй найз гэх залуу түрүүлж О-нд 1 шил архитай ирсэн хэсэг хугацааны дараа тухайн залуу найз охиноо дуудаад удалгүй тухайн залуугийн найз охин нь ирсэн. Бид нар дөрвүүлээ архиа уугаад байж байтал М согтуу гаднаас О ын гэрт орж ирсэн. Тэгээд бид нар нийлж архи уусан. Архиа уугаад байж байтал М надтай маргалдаж миний зүүн талын шанаа руу цохиж гэмтэл учруулсан. Маргааш нь О-ын гэрт байж байхад М гаднаас ах бие гайгүй юу яаж байна гээд 2 найзтайгаа 1 шил архи барьчихсан орж ирээд уучлалт гуйгаад авчирсан архиа уучхаад явсан. Үүнээс хойш М надтай холбоо бариагүй. Одоо миний зүүн талын доод нэг араа хөдөлчихсөн унах гэж байна мөн эрүүний яс хугарсан байна. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200 000 төгрөг, өнөөдөр 700 000 төгрөг нийт 900 000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Миний зүгээс өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 08, 11 дэх тал /

2. Гэрч Н.О “2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х манай гэрт надтай хамт байж байсан юм. Үдээс хойш Ж гэх залуу манай гэрт 1 шил архитай гаднаас орж ирсэн. Бид 3 нийлж тухайн архийг уугаад би согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн манай гэрт Ж-ын найз гэх нэг эмэгтэй, Х  танил дүү М гэх залуу ирсэн байсан. Намайг согтоод унтаж байх үед М гэх залуу Х-г  зодсон гэж Х  надад хэлсэн. Х-ын зүүн талын шанаа хавдартай эрүү хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. М,Х хандан  ах дүүгээ уучлаарай арай эрүү чинь хугараагүй байлгүй дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 13 дахь тал/

3. Гэрч Д.С-н “.Миний төрсөн дүү Х нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн **тоотод Т-н М гэх залууд зодуулж зүүн талын эрүүний ясаа хугалуулсан учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргуулан шалгуулахаар болсон юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. Гэрч Д.Ж-н “М нь Х ахын зүүн шанаа руу 2 удаа цохисон тэгэхлээр нь би зодооныг салгаад М-г жижиг өрөөнд оруулж унтуулсан, Х ах том өрөөний буйдан дээр унтсан. Маргааш өглөө нь Х  ахын зүүн шанаа нь хавдсан, ам нь ангайж болохгүй өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд М нь Х ахаас миний буруу гээд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал /

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаартай Д.Х т эрүүний ясны зүүн талын өнцөг дайрсан зөрөөтэй далд хугарал, нэг шүдний мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Шүдний мултрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

6. Яллагдагч Т.М-н “О-ийн гэрт архи ууж улмаар би Х ахтай маргалдаж түүнийг зүүн шанаа нь тус газар 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ мах их гэмшиж байна. Би Х ахад нийт 900000 төгрөг эмчилгээний зардал төлж хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.М нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Х тай маргалдан түүний нүүрэн тус газар буюу зүүн шанаанд гараараа цохиж эрүүний ясны зүүн талын өнцөг дайрсан зөрөөтэй далд хугарал, нэг шүдний мултрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Х-н  “Архиа уугаад байж байтал М надтай маргалдаж миний зүүн талын шанаа руу цохиж гэмтэл учруулсан. Маргааш нь О-ын гэрт байж байхад М гаднаас ах бие гайгүй юу яаж байна гээд 2 найзтайгаа 1 шил архи барьчихсан орж ирээд уучлалт гуйгаад авчирсан архиа уучхаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Н.О-н “Намайг согтоод унтаж байх үед М гэх залуу Х-г  зодсон гэж Х  надад хэлсэн. Х ын зүүн талын шанаа хавдартай эрүү хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. М нь Х аас ах дүүгээ уучлаарай арай эрүү чинь хугараагүй байлгүй дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.С-н “....Миний төрсөн дүү Х  нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн **тоотод Т.М гэх залууд зодуулж зүүн талын эрүүний ясаа хугалуулсан учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргуулан шалгуулахаар болсон юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж-н “....М нь Х  ахын зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгэхлээр нь би зодооныг салгаад М-г жижиг өрөөнд оруулж унтуулсан, Х ах том өрөөний буйдан дээр унтсан. Маргааш өглөө нь Х ахын зүүн шанаа нь хавдсан, ам нь ангайж болохгүй өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд М.Х ахаас миний буруу гээд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 178 дугаартай дүгнэлт, яллагдагч Т.М-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.М нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн **тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Х-тай маргалдан нүүрэн тус газар, зүүн шанаанд гараараа цохиж эрүүний ясны зүүн талын өнцөг дайрсан зөрөөтэй далд хугарал, нэг шүдний мултрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС