Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

    2022          04           26                                    2022/ШЦТ/161

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-д холбогдох эрүүгийн 2225000000129 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **тоотод Б.Б-г “утсаар чинь дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, “самсунг А31” загварын гар утасыг залилж авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М-г хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ “Гар утсыг нь таксины жолоочид 160 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед согтуу байсан тул одоо жолоочийн царайг санахгүй байгаа. Хохирлыг дүү маань төлж барагдуулна гэсэн” гэв.

 

Хохирогч Б.Б “450 000 төгрөг гаргуулна, гомдолтой байна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б-н “...2022 оны 02 сарын 02-ны өдөр гэртээ байхад миний танил А гэх хүүхэн манайд ирж золгосон. Тэгээд хэсэг сууж байгаад дэлгүүр орчихоод ирье гээд гараад явсан ба удалгүй нэг залуугийн хамт гаднаас орж ирсэн. Тэр залууд цай, бууз хийж өгөөд 3 хундага архи өгсөн. Тэр залуу надаас гар утсаа өгөөч, дүүтэйгээ ярих гэсэн юм гэхээр нь өөрийнхөө “самсунг А31” загварын гар утсаа өгсөн. Тэр залуу миний утсаар хашаан дотор нэг хүнтэй яриад байх шиг байсан. Би тухайн үед анзаараагүй, нэг харахад нөгөө залуу арын жижиг хаалгаар гараад явчихсан байсан. А-с чамтай орж ирсэн залуу ямар учиртай, хаана байдаг юм гэхэд наад чиптэй залуу чинь Нарангийн **тоотод байдаг. 6-13-р байрны ** давхарт очдог гэхээр нь тэр орой А-г дагуулаад 6-13-р байр орцыг нь мэдэхгүй, ** давхарт очиход нөгөө залуу хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэр залуугаас утсаа асуухад ломбардад 160 000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. Аль ломбардад тавьснаа хэлчих гэхэд хэлэхгүй байсан ба цагдаад аваачиж өгнө гэхэд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

2. Гэрч Н.А-н “...2022 оны 02 сарын 01-ний өдөр би өөрийн танил Б-н гэрт очсон. Тэнд манай найзууд болох Э, М, Б бид нар гэрт нь хоноод маргааш өглөө Э, М хоёр яваад өгсөн. Харин Б бид хоёр дэлгүүр орж, тамхи ундаа авсан. Дэлгүүрийн гадаа М-тай тааралдаад Б-н гэрт орсон. Бид гурав дэлгүүрээс 1 шил “Монгол стандарт” архи авч уугаад би хэсэг унтчихсан байсан. Б намайг сэрээгээд сая орж ирсэн залуу дүүтэйгээ утсаар ярьчихаад өгье гээд утас аваад тэр чигтээ явчихлаа гэсэн. Б бид хоёр Согоот багийн 6-13-р байрны хороолол талаасаа 1 орцны ** давхарт байх Өрнөх гэдэг залуугийн гэрт ороход М тэнд согтуу байсан ба Б, М хоёр уулзаад гэрээс гарсан. Хоорондоо юу ярьсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

3. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний 622/3090 тоот “самсунг А31” гар утасыг 450 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хавтаст хэргийн 23-26 дахь тал/

4. Яллагдагч Х.М-н “....Булаг багт замын хажуугаар ганцаараа явж байхад миний танил эмэгтэй намайг дуудсан. Очиход А байсан. А дэлгүүр орж, нэг шил архи аваад Наран багийн **тоотод цагаан өнгийн машинтай айлд орсон. Тухайн айлд нэг эрэгтэй хүн байсан. Б гэж байсан. Бид гурав нэг шил архиа хувааж уучихаад дахин уухаар болоод намайг архинд гаргасан. Бөөс утсаар чинь дүүтэйгээ яриад өгье гээд утсыг нь аваад арын жижиг хаалгаар гараад явсан. Би тухайн үед өөрийнхөө дүүтэй ярьсан. Тэндээсээ шууд Төгөл худалдааны төвийн гадаа очоод танихгүй хүнд 160 000 төгрөгөөр зарсан. Дараа нь 6-13 дугаар байранд хуурай ах Ө-н гэрт очсон. Б-н гар утасыг танихгүй хүнд зарсан. Тэр хүнийг одоо танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **тоотод Б.Б-г “утсаар чинь дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, “самсунг А31” загварын гар утасыг залилж авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй учир, эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольсон шүүгчийн захирамж гарсан. Иймд шүүгдэгчид оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тооцон, эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Шүүгдэгчээс 450 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н “...Тэр залуу надаас гар утсаа өгөөч, дүүтэйгээ ярих гэсэн юм гэхээр нь өөрийнхөө “самсунг А31” загварын гар утсаа өгсөн. Тэр залуу миний утсаар хашаан дотор нэг хүнтэй яриад байх шиг байсан. Би тухайн үед анзаараагүй, нэг харахад нөгөө залуу арын жижиг хаалгаар гараад явчихсан байсан. Тэр залуугаас утсаа асуухад ломбардад 160 000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.А-н “...Б намайг сэрээгээд сая орж ирсэн залуу дүүтэйгээ утсаар ярьчихаад өгье гээд утас аваад тэр чигтээ явчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 622/3090 тоот үнэлгээ, яллагдагч Х.М-н “....Бөөс утсаар чинь дүүтэйгээ яриад өгье гээд утсыг нь аваад арын жижиг хаалгаар гараад явсан. Тэндээсээ шууд Төгөл худалдааны төвийн гадаа очоод танихгүй хүнд 160 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **тоотод Б.Б-г “утсаар чинь дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, “самсунг А31” загварын гар утасыг залилан авч 450 000 төгрөгийн хохирол хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Х.М-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэл хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.М нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 cap 6 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 07 сарын 09-ний өдөр 65 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 8 хоногийн хорих ялыг 1 жил 10 cap 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах дүйцүүлсэн сольсон байна. Шүүгдэгч нь уг ялаас энэ өдрийн байдлаар 1 жил 21 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон дээрх ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас Б.Б-д 450 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгч Х.М-с 450 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-т олгуулахаар шийдвэрлэв.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тооцон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 240 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Х.М-с 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС