Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 412

 

МАГАДЛАЛ

 

2017.02.08                                               Дугаар 412                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Өнөр 324” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01420 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Өнөр 324” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Рагчаад холбогдох,

СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээний зардал 713 295 төгрөг гаргуулах тухай, Д.Рагчаагийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 724 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Азар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцоно. Иргэний хуулийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний ашиглалт, түүнтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө гэж заасан байна. Гэтэл тус сууц өмчлөгч нь 26 м.кв бүхий сууцны талбайтай орон сууц эзэмшдэг бөгөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ лифтний төлбөрт 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ныг дуустал 713 295 төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй дээрх хуулийн заалтуудыг зөрчиж холбооны үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулсан тул уг төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 957 төгрөгийн хамт бүгд 750 252 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Энэ хүн СӨХ-ны төлбөрийг 3 жил төлөөгүй. Д.Рагчаа нь нэг өрөө, 26 м.кв байр эзэмшдэг бөгөөд 1 м.кв нь 200 төгрөг буюу СӨХ-д 52 000 төгрөг л төлөх ёстой. Энэ мөнгөөр СӨХ нь энэ нийтийн зориулалттай байрны засвар үйлчилгээ шугам хоолой, хаалт, винтель, холбох хэрэгсэл, лифтийн сэлбэг, лифтийн материал, гадна дотор тохижилт, гадна дотор номер, кодтой хаалга, заадас шов, пассад, орц бункерын вакум цонх, хогийн суваг, хавхлаг, ажиллаж байгаа хүмүүсийн зардал гэх мэт ажлуудад зориулагдах ёстой. Лифт 5000 төгрөг энэ нь тусгай тогтоолтой бөгөөд хүн амаас хамаарахгүй. Лифтийн аюулгүй ажиллагаа хангасан мэргэжлийн байгууллага Өрнөх трейд, Цамхаг, Виллэнтэй зэрэг ХХК-иудад төлөгдөнө. 1 айл өдөрт 161 төгрөгөөр үйлчлүүлж байгаа буюу цахилгааны алдагдал их ордог. Цэвэрлэгээ сард 1 000 төгрөг өдөрт 32 төгрөгөөр орцоо цэвэрлүүлж байна. Ариутгал нийтийг хамарсан жилд тогтмол 2 удаа хийгдэнэ. Энэ нь тэр мэргэжлийн ариутгалын газартаа очно. Жижүүр нэг айл 5 000 төгрөг, орцонд өдөр шөнө манаж ажиллаж байгаа хүний хоолны мөнгө, амьдралын мөнгө юм. 2015 оны 1 сард бүх СӨХ камержуулах ажил явагдсан. Үүнд Хотын дарга, Цагдаагийн газрын шийдвэрээр айлуудтай хамтарч хийж 1 удаа 1 айлаас 15 000 төгрөг бичсэн. Бусад СӨХ-үүд хүчин чадлаас шалтгаалж 30 000-45 000 төгрөг татсан байдаг. Өөр ямар ч зардал байхгүй. Манай СӨХ 1 дүгээр хороололдоо хамгийн бага тарифтай. Энэ хүнтэй үе үе уулзахад ажилд явж ирээд төлнө гээд зугатаагаад байдаг. Д.Рагчаагаас 2640 төгрөгийг 4 cap илүү авсан байсан бөгөөд энэ 10 560 төгрөгийг бид 2011 оны 1 сарын мөнгийг хасаад суутгасан. Лифтийг СӨХ ажиллуулдаггүй. Мэргэжлийн байгууллага, хүмүүс аюулгүй байдлыг хариуцдаг. Д.Рагчааг СӨХ-д ирээд уулзаач гэхээр ирж уулздаггүй. Дээврийн засвар хийх үед ус алдсан бол энэ тухайгаа СӨХ-д хэлсэн бол бид тухайн байгууллагад нь хэлж болох байсан. Энэ тухайд СӨХ-д огт хэлж байгаагүй. Нэг удаа     гэрт нь ороход ямар ч ус гоожсон шинж байгаагүй. Тухайн үед 1 м.кв 120 төгрөг байсан, одоо 200 төгрөг болсон, лифт 5 000 төгрөг, цэвэрлэгээ 1 хүн 500 төгрөг, жижүүр 5 000 төгрөг, нийт 12 420 төгрөг болдог бөгөөд мөнгийг банкаар авдаг. Энэ хүн СӨХ-ны үйл ажиллагаанд огт оролцдоггүй бөгөөд СӨХ-ны талаар ямар ч мэдээлэл байхгүй. СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Өнөр 324" СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороололын 25 дугаар байрны 36 тоот 26 м.кв 1 өрөө байранд 2006 оноос эхлэн амьдарч өнөөг хүртэл. 2003-2006 он хүртэл орон сууцаа бусдад хөлслүүлж байсан. Манай СӨХ-ны мөнгө хэт өндөр гарч байсан. Ямар учраас их гарсныг СӨХ-ны дарга Янжмаагаас 1,2,3 өрөө байрны СӨХ-ны тариф ямар байдаг бэ хэмээн асуухад надад хариулт өгөөгүй. СӨХ-ны нягтлан байсан эмэгтэйд хамгийн сүүлд төлсөн баримтаа үзүүлэхэд танайх 3 өрөө байрны тарифаар төлдөг юм байна гэж батлан хариу өгсөн. 1 дүгээр хороололын ойролцоо амьдардаг хүмүүсээс байрны мөнгөө төлөх үедээ тарифыг асуухад манай төлж байгаа төлбөр хэт өндөр байгааг мэдсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл СӨХ-ны хуралд оролцож үзээгүй, хурлын товыг мэдэгддэггүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр 2014 онд борооны улирал эхэлсэн үед дээврийн засварын ажил хийсний улмаас 9 давхарт амьдарч байгаа манай таазнаас их хэмжээний ус алдсан тул 2015 онд байрандаа их засвар хийсэн, СӨХ-ны хийсэн дээврийн дулаалга муу, чанаргүй байснаас 2016 оны өвөл бидний амьдарч байгаа орон сууцны таазанд цав гарсан. СӨХ-ны дарга Янжмаагаас гадна хананы дулаалга хэзээ хийж өгөхийг лавласан боловч хариу өгөөгүй. СӨХ-ны нэхэмжилсэн 713 295 төгрөгийг өгөлгүйгээр би өөрийн гадна хананы дулаалгын мөнгөнд зарцуулахыг хүсэж байна. 713 295 төгрөг ямар үндэслэлээр бодсон баримт, урьд манай өмнөх жилүүдийн 3 өрөө байрны тарифаар бодогдож байсан мөнгөний зөрүү хэд болсон баримтууд, мөн орон сууцны гадна хананы дулаалга хийх эсэх, дээврээс орцонд ус гоожихыг болиулж дахин засвар хийх зэргийг СӨХ-ноос албан ёсоор тодруулахыг хүсэж байна. 2013 онд дээврийн засвар хийх үед олон айл хохирсон. Манай гал тогооны өрөөний хана, плита хуурч, том өрөөний тагт, обой хуурч бохирдсон тул би 2015 онд засвар хийсэн. СӨХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул СӨХ-ны төлбөрийг төлөх шаардлагагүй гэжээ.

 

Хариуцагч Д.Рагчаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дээврийн засвар хийж байгаа хүмүүст уг алдаж байгааг хэлж шаардлага тавьсан. Байрны гадна хананы засвар муугаас галын өрөөний цонхны доод талын хананы будаг ховхорсон, том өрөөний урд талын хананд цууралт өгсөн тул обой норж мөр тогтох зэрэг СӨХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж амьдрах орчинд хохирол учирч муудсан тул 2015 онд дээврээс алдсан усны мөр, хананаас норж мөр гарсан, обой будаг нь ховхорсон галын өрөө зэрэгт өөрийн зардлаар засвар хийлгэсэн. Байрны засварын хөлс 300 000 төгрөг, засварын материалын зардалд 424 500 төгрөг, нийт 724 500 төгрөг тул уг зардлыг хариуцагч "Өнөр 324" СӨХ-ноос гаргуулж өгнө үү.

Ус алдах үед би орон сууцны контороор явсан. Гэтэл надад акт тогтоодог гэж хэлээгүй. Сөх л хариуцдаг гэж хэлсэн. Би энэ СӨХ-д дургүй. Энэ хүмүүсийг хэн сонгосон юм мэдэхгүй. Гадны хүн дагуулаад орж ирэхдээ өөрийн амьдарч байгаа байрнаасаа би ичдэг. Энэ хүмүүсийн үйл ажиллагааг зогсоохын тулд би ийм зогсолт хийсэн. СӨХ үнэхээр их ажил хийсэн бол төлнө. Тухайн үед би дээвэр дээр гараад засварын ажил хийж байсан хүмүүст хэлэхэд харин аадар бороо орчихлдоо, даатгалд эсвэл СӨХ-д ханд гэсэн. Би Янжмаа гуайд хэлээд нэмэргүй гэж бодоод өөрөө засвар хийсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч "Өнөр 324" СӨХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1 дүгээр хорооллын 25 дугаар байрны 1-4 орцны дээврийн их засварыг 2013 оны 9 сард "Сэрмон" ХХК гэдэг газар улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Энэ засварын асуудлыг "Сэрмон" компани хариуцна. Байрны гадна шовны тухайд тухайн иргэнээс өргөдөл ирсний дагуу мэргэжлийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуулаад мөн тусгай хүмүүс ирж засварлана. Энэ асуудлыг СӨХ хариуцахгүй, захиалгаар мэргэжлийн байгууллагад хийдэг. Иргэн Д.Рагчаа өргөдөл гаргаж СӨХ-д өгөхөд тэр өргөдлийн дагуу мэргэжлийн байгууллагаас ирж шалгаж засвар хийх эсэх асуудлыг шийддэг. Өнөөдрийг хүртэл иргэн Д.Рагчаа СӨХ-д өргөдөл гомдол албан ёсоор өгөөгүй байгаа. Тухайн ус алдсан үедээ акт тогтоолгосон бол болох байсан. СӨХ-д тухайн үедээ хэлээгүй байж одоо шүүх дээр хэлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд дээр үеийн засварын мөнгөө одоо нэхээд байх юм. Би СӨХ-ны даргыг 19 жил хийсэн. Хурлаас 98 хувийн саналаар сонгогдсон. Энэ хүн СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох нь битгий хэл үзэгддэггүй, утсаа ч авдаггүй зугтаадаг. Дээвэр засах үед 9 давхарын Дондог, Тогтох гэж хоёр айл ус гоожсон гээд дээвэр хийсэн компанид хандаад даатгалаас мөнгө авсан гэж хэлсэн. Уг дээврийн ажлыг улсын төсвөөр хийдэг, бидний огт оролцуулдаггүй, ажлаа хүлээлцэх үедээ ч оролцуулдаггүй байсан, сүүлд л байлцуулдаг болсон. 6 жил хүнд түрээслээд өөрсдөө амьдраагүй, ийм байр ямар байх вэ. 1 удаа гэрт нь ороход охины хурим найр хийх гээд засвар хийж байна гэж өөрөө хэлж байсан. Хэрэв тухайн үед борооны ус гоожиж хохирсон бол Конторыг дуудаж акт гаргуулаад засвар хийсэн компаниар төлүүлэх ёстой байсан. 2013 оны борооны ус гоожсон хохирлыг 2015 онд байрандаа бүхэлд нь засвар хийсэн гээд СӨХ-өөс 2016 онд нэхээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Рагчаагаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал 713 295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Өнөр 324" СӨХ-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Рагчаагийн нэхэмжлэгч "Өнөр 324" СӨХ-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 724 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Өнөр 324" СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 957 төгрөгөөс илүү төлсөн 15 477 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 21 479 төгрөгийг болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 938 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Рагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид 21 479 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Өнөр 324" СӨХ-ны хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагийг дурдахаасаа илүү гагцхүү хариуцагчид хамаг бурууг тохож, хариуцагчийн эрх, үүрэглүү хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасанд миний бие гомдолтой байна. Учир нь СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан чиг үүрэг гэж байгаа. Энэхүү үүрэг, хариуцлаг, эрхлэх ажилдаа хариуцлагатай хандсан эсэх тал дээр шүүх огт дүгнэлт өгөлгүйгээр гагцхүү хариуцагчийг буруутгаж, түүний үүрэг, хариуцлагад хэт чиглэж дүгнэлт өгчээ. Мөнгө авч байгаад миний бие гомдолтой байна. 720 мянган төгрөгийг төлбөрөөс зохих ёсоор багасгаж өгөхийг л "Өнөр 324" СӨХ-өөс хүссэн билээ. Гэтэл шүүхээс энэхүү үнэн, буруу зүйлийг ялгаж дүгнэлт өгөлгүйгээр хариуцагч өөрийгөө нотлоогүй гэсэн үндэслэлээр хууль бус, буруу бодож, илүү төлбөр авч байгаа "Өнөр 324" СӨХ-ийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үндсэн хуульд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн байхыг л шаарддаг болохоос шударга бус зүйлтэй шүүх эвлэрч хариуцагч өөрөө л нотлоогүй гэсэн агуулгатай шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл шүүх "Өнөр 324" СӨХ-ийн үйл ажиллагаа буруу, оршин суугчдаас илүү төлбөр авч байгааг хүлээн зөвшөөрсөн боловч гагцхүү хариуцагчийг өөрийгөө няцааж нотлоогүй гээд буруу зүйлийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3. "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн "эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог гэж хуульчилжээ. Нэхэмжпэгч "Өнөр 324" СӨХ нь дээрх хуулиар зохицуулсан чиг үүргээ маш хангалтгүй биелүүлдэг, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоо үл биелүүлж байна. Энэхүү үүрэгтээ хангалтгүй биелүүлж байгаа болохыг миний бие шүүхэд нотлож холбогдох баримтаа өөрийн зүгээс гаргаж өгсөн билээ. Гэтэл шүүхээс мөн л СӨХ-ийн үйл ажиллагааны талаар нотлоогүй гэж дүгнэсэн. Хзрэв намайг нотлоогүй гэж байгаа бол "Өнөр 324" СӨХ ч мөн адил хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай биелүүлж байгаа тухайгаа нотлох шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй байхад шүүх зөвхөн хариуцагчийг нотлоогүй гэж үзсэн нь хууль бус байна. Нэгэнт талууд үүн дээр маргаж байгаа тохиолдолд шүүхээс "Өнөр 324" СӨХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг мөн дүгнэх шаардлагатай гэж үзэж байна. "Өнөр 324" СӨХ ч мөн өөрийнхөө хийж буй ажлаа шүүхэд нотлох эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг огт хийгээгүй.

Миний бие хуульч мэргэжилгүй, хуулийн нарийн ширийн асуудлыг ойлгоогүйдээ харамсаж байна. Үндсэн хуулиар иргэн хүн мэргэжлийн хууль зүйн туслалцаа, зөвлөгөө, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд миний бие анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй хуралд орж, нотлох баримт гаргаж өгөх, өөрийгөө нотлож чадаагүй билээ. Иймээс анхан шатны шүүхэд хэргийг анхнаас нь шударгаар миний өмгөөлөгч авах боломжийг олгож, нотлох баримт гаргаж өгөх, үнэлүүлэх эрхээ эдлүүлэх боломж олгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Өнөр 324” Сууц өмчлөгчдийн холбоо нь /цаашид СӨХ гэх/ хариуцагч Д.Рагчаад холбогдуулан дундын өмчийн засвар үйлчилгээний зардал 713 295 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 724 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Рагчаа нь 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, лифтний төлбөр 713 295 төгрөгийг төлөөгүй...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...1 өрөө байрнаас 3 өрөө байрны төлбөр авч байсан учир төлбөр төлөхөө больсон, СӨХ-өөс байрны үнийг тогтоосон талаар мэдэгдээгүй, оршин суугчдад мэдэгдэлгүйгээр борооны улиралд дээврийн засвар хийснээс манай таазнаас их хэмжээний ус гоожиж, байрандаа өөрийн мөнгөөр засвар хийлгэсний хохирлыг гаргуулна...” гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2006-2011 онд төлж байсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, 2006-2016 онд СӨХ-ийн удирдах зөвлөлөөс байрны төлбөр тогтоосон тогтоолуудыг гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг тухай бүр хангаж шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

Гэвч нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг ирүүлэхдээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Тухайлбал, Д.Рагчаа нь 2006-2011 онд СӨХ-ийн төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар хүссэнийг шүүх хүлээн авсан байхад нэхэмжлэгч нь         2008-2012 онд төлбөр төлсөн жагсаалт гэх баримтанд СӨХ-ийн тамга дарж, “ хуулбар үнэн “ гэж тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй баримт гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн 2006-2016 онуудад байрны төлбөр тогтоосон талаарх СӨХ-ийн удирдах зөвлөлийн тогтоолуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар заасан шүүгчийн захирамжийн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй буюу Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №3,” СӨХ-ийн удирдах зөвлөл хурлын тогтоол     “2013-1-25, №1, Тогтоол 2014-2-5, №1, Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоол 2015-1-25 №1 гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байхад шүүгчийн захирамжид заасан баримтын дутууг нэхэмжлэгчээс шаардсан эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхой бус байна. Түүнчлэн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эсэхийг шүүх шийдвэрлээгүй атлаа хэргийн нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулан хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзэхгүй.

Дээрх байдлаас дүгнэвэл маргааны үйл баримт, хэргийн бодит байдал тогтоогдоогүй давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 21 938 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      М.НАРАНЦЭЦЭГ