Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0004

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 24 өдөр               Дугаар 128/ШШ2021/0004                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК    

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга   

Гуравдагч этгээд: “Э” ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага:

            1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Б.Дт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

            2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжийн “Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг хуул бус байсан болохыг тогтоолгох

            3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

            4. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Ц, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“Х” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тус компани “Р” ТӨҮГ-ын дэргэд 1996 онд байгуулагдсан бөгөөд шатах, тослох, дэлбэрэх болон химийн хортой бодисуудыг өндөр зэрэглэлийн хамгаалалттайгаар гадаадаас импортлон оруулж ирж хадгалах зориулалттай, нэгдүгээр зэрэглэлийн аюултай бүсэд тооцогдох агуулахыг одоог хүртэл ашиглаж байна.

Гэтэл аюултай бүсийн хамгаалалтын хашааны дотор талаас бусдад газар олгосон ноцтой үйлдлийг хариуцагч тал гаргасан ба бидэнд огт мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр захирамж гаргасан байна. Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот захирамжаар Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр дээр агуулахын зориулалтаар 2,5 га газар буюу 24806 м.кв газрыг ашиглах эрхтэйгээр Нийслэлийн газрын албаны дарга Ж.Даваабаатартай гэрээ байгуулан ашиглаж байсан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 397 тоот захирамж гарч 24806 м.кв газар эзэмших гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн газрын албаны дарга Б.Ттай байгуулж, 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот Нийслэлийн Засаг даргын захирамж гарч манай эзэмшлийн газрын аюултай бүс болох 24806 м.кв газраас 1406 м.кв газрыг учир битүүлэг шалтгаанаар хассан байна. Дараа нь Нийслэлийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот захирамж гаргаж манай аюутай бүсийн хамгаалалтын давхар хашааг давуулан “Э” ХХК-д кадастрын зураглал хийж газар олгосон байна.

Газрын маргааныг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж Нийслэлийн газрын албанаас уг захирамжууд нь хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг өгснийг үл зөвшөөрч Газрын тухай хууль, Аюултай бүсийн хамгаалалтын норм, стандарт зөрчигдсөн гэж үзэн шүүхэд манай зүгээс гомдол гаргаж байна.

Хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж аюултай бүсийн хамгаалалтын норм, стандарт алдагдсан байгаа тул шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай тал үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1. Нийслэлийн Засаг даргын 2010.3.31 өдрийн ***-р захирамжийн Дт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүгч хүлээн авсан. Уг захирамжийн Дт холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгож байгаа. Хууль зүйн үндэслэл нь тухайн захирамжаар Дт 2000м2 болон 67300м2 газрыг олгосон байдаг. Манайх 2000м2-ыг олгосонтой нь маргаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал хувийн хэргийн нотлох баримтаар татаж авсан бөгөөд хувийн хэрэгт 2-р хавтаст хэрэгт байсан, Дтай холбоотой 4 баримт байгаа. Эдгээр 4 баримтад яг ямар газрыг яаж авах талаар хуульд заасан үндэслэл, журам, Геодези зураг зүйн газрын 2008 оны иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох тухай журам байдаг. Уг журамд тодорхой процедурыг тусгасан байдаг бөгөөд үүнийг газрын алба нь маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэхүү хувийн хэрэг ийм баримт байдаггүй. Тийм учраас өргөдөл өгөөгүй байхад яагаад энэ хүнд 2000 м2 газар олгож байгаа вэ. Монгол улсын газрын тухай хуулиар газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах түүнтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Газрын тухай хуулийн 5-р бүлэг, Газрын тухай хуулийн 28-р зүйлд тодорхой зохицуулалтууд байгаа. Иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх харилцааг зохицуулаагүй. Газрын тухай хуульд зааснаар хуулийн этгээдэд үйлчилгээний зориулалтаар газрыг олгоно энэ хэмжээний хязгаарыг Засгийн газар тогтоохоор заасан байгаа. Гэтэл яагаад газрын алба буюу Нийслэлийн Засаг дарга нь Хуулиа зөрчөөд хуульд багтаагүй төрлөөр иргэнд газар олгочхож байгаа юм бэ? Мөн хуулийн 33.1.2-т маш тодорхой процессын асуудлыг тусгасан байгаа. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг бол Засгийн газар олгоно гээд хэм хэмжээний актаар журамласан байна. Гэтэл энэ журамд зааснаас илүү газрыг Дт олгоод байгаа. Хэрэв илүү хэмжээгээр газар эзэмшихээр хүсэлт гаргасан бол тэр хүсэлт нь хэрэгт байдаггүй. Засаг дарга дуудлага худалдаа явуулах журмыг тогтоогоод дуудлага худалдааны дагуу сонгон шалгаруулаад газрыг эзэмшүүлнэ. Гэтэл 2-р хавтаст хэргийн 22-р хуудаснаас 33-р хуудаст авагдсан ***-р газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийн Дт холбогдох хэсгийн газрын баталгаажилтын хувийн хэрэгт дуудлага худалдаанд оруулсан, дуудлага худалдааны анхны үнийг төлсөн ямар газрыг авах гэж байгаа гэдэг хүсэлт нь хэрэгт байдаггүй. Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн захирамж гаргасан байдаг. Тиймээс уг захирамжийн Дт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заанаар хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч талын эрх ашиг хаана зөрчигдөөд байна вэ гэдгийг тайлбарлавал. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83-р тушаалын хавсралт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын аль ч улсын иргэн байх, хуульд заасан журмын дагуу газрыг авах ёстой. Маргаан бүхий газар дээр шүүгч очиж үзсэн, тухайн газарт очсон ямар ч хүнд уг газар нь Х ХХК-ийн газар байна гэдэг ойлголт төрнө. Бид ч гэсэн сая 12.22-ний өдөр очиж үзээд үнэхээр гайхаж байсан. Газрын албанд ажилладаг Д гэж хүн өөрийн эрх мэдлээр мэдээллийг ашиглаад өөрөө энэ газрыг авчихсан. Тэр газрынх нь орц, гарцын асуудлыг олгохдоо тогтоох ёстой байсан. Хэрвээ Д гэх энэ хүн гуравдагч этгээд Газар шимд газраа зараагүй байсан бол энэ хүн хаагуураа гарах вэ. Орц гарц байхгүй. Баруун гар тийшээ гарлаа гэхэд төмөр замтай, Хойно нь Очир гээд компани байгаа Иргэний хуульд зааснаар сервитутаар газрыг ашиглахгүй юм бол хаашаа ч гарч чадахгүй. Гал гарлаа гэхэд гал командын машин хаагуураа орох ёстой, яах ёстой гэдгийг хэлж мэдэхгүй, тийм асуудлыг бол тогтоогоогүй байгаа. Энэ журам дээр хээрийн судалгаа хийнэ, Өргөдлийг хүлээж аваад суурин судалгаа хийнэ, түүний дараа хээрийн судалгаа хийнэ. Хээрийн судалгаагаар бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг судлах талаар 6.2.2-т заасан байна. 6.4-т зааснаар шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгийг газар дээр нь тогтооно гэж заасан байна. Хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй иргэдтэй тохиролцуул, Энэ журмын 4-р хавсралт (хөршүүдтэй хийсэн тэмдэглэл үйлдэж албажуулах, тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна гэж байгаа. Журмын 6.3-т шаардлагатай гэсэн дараах тохиолдолд гэж байгаа. 6.3.2-т хөршүүдийн болон тухайн газрын орц гарцыг тогтоох гэж байгаа. Энэ журмаар бол газар дээр очоод хэрэв энэ газар 2000 м2-г Д авах гэж байгаа бол та эхлээд хаагуураа гарах вэ, хөршүүдийг нь байлцуулаад энэ хүн энэ дээр газар авах гээд байна гэж хуульд заасны дагуу мэдэгдээд гарц орцыг нь яаж, яаж тогтоох вэ гэдэг асуудлыг тэр дор нь шийдэх ёстой талаар энд заасан байна. Хээрийн судалгаа хийж байх явцад ямар нэгэн зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэх талаар тодорхойлон хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээ авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна гэсэн байгаа. Ийм зөрчилтэй асуудлыг ч газрын алба газар дээр нь очиж хээрийн судалгаа хийгээгүй байгаа юм. Тэр битгий хэл ямар газар яаж авах гэж байгаа гэдэг хүсэлтийг нь ч хүлээж аваагүй хавтаст хэрэгт тэр байдал нь тодорхой харагдана. Тэгэхээр энэ акт нь өөрөө хуульд үндэслээгүй бодит байдалд нийцээгүй хууль бус акт байна. Энэ дээр нь манай эрх ашиг юугаар зөрчигддөг вэ гэвэл 1.Субьектив эрх гэж байгаа. Субьектив эрхийг тайлбарлах юм бол газрын алба хуульд заасан үүргээ ягштал хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй нь бидний субьектив эрхийг зөрчөөд байгаа юм. 2. Орц гарцын асуудал байгаа. Манайх бодит байдал дээр нэг л хаалгатай та өөрөө очиж үзсэн байгаа, норм, дүрэм журмын дагуу бол үйлчилгээний газар эзэмшиж байгаа бол 2 гарцтай байхыг шаарддаг. Энэхүү асуудал нь манай эрх ашгийг хөндөөд байгаа, тийм учраас энэ акт нь хууль бус байгаа. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2011.11.28-ний өдрийн ***-р захирамж нь Э ХХК-д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн шаардлагыг шүүхэд гаргасан, шүүх хүлээн авсан. Маргааны газар бол 1 гарсан, эрх зүйн актууд нь 4 байгаа. Д гэж хүн энэ газрыг авчхаад би хаагуур орж гарах вэ гэдгийг мэдэхгүй байгаа гарц, орцыг нь тодорхойлоогүй. Тэгсэн мөртлөө Газар шим, энэ компаниудад санал болгосон тэгээд Газар шим авсан байгаа юм. Хууль зүйн үндэслэл нь гэвэл газар гэдэг бол Монгол Улсын үнэт зүйл. Энэ зүйлийг хуульд заасан журмаар л олгоно. Түүнээс биш газрын албанд ажилладаг, эрх мэдлээ дураараа ашигладаг хэн нэгэн хүсэлтээ ч өгөхгүй газрыг эзэмшиж байна гэдэг асуудал байж болохгүй. Хууль ёсыг жинхэнэ уландаа гишгэж байгаа энэ асуудалд би хуульч хүний хувьд маш их бухимдаж байна. ***-р захирамж бол газар эзэмших эрхийн гэрчилгээг нэгэндээ шилжүүлээд байгаа, баримт нь хэрэгт авагдчихсан байгаа. Газрын тухай хуулийн 38-р зүйлд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх зохицуулалт байгаа. Газрын алба дахиад л ***-р газар эзэмшүүлэх жор олгох тухай захирамжийг дахиж нягтлахыг хуулиар шаардсан байна. Энэ нь нэг ёсондоо газар шимийн эрх ашгийг хамгаалах заалт байгаа. Үнэхээр хүчин төгөлдөр байгаад Газар шимд олгох нь хууль ёсных. Өмнөх ***-р захирамж нь хүчин төгөлдөр бус, ямар нэгэн байдлаар хуульд үндэслээгүй байх юм бол Газар шим гэх компанийн эрх ашиг хөндөгдөх бөгөөд тийм учраас энэ бол гуравдагч этгээдийг хамгаалсан заалт байгаа. Үүнийг төрийн байгууллага, Засаг дарга хэрэгжүүлээгүй, хийгээч үгүй тийм учраас ***-р захирамж нь хууль бус болж байгаа юм. Өнөөдрийн хувьд эрх зүйн үр дагавартай 1 л захирамж байгаа нь 506 байгаа. Бусад нь нэг нэгнээсээ үндэслээд 1, 1-ийгээ хүчингүй болгоод явчихсан. Тухайн үед нөхцөл байдал энэхүү газрыг олгосон харилцаа нь өөрөө тухайн үедээ хууль бус байсныг тогтоолгох нь энэ маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Монгол Улсын үнэт зүйл болох газрыг эзэмшүүлэхдээ хууль болон журамд заасны дагуу газар олгосон бол өнөөдөр бид ингэж маргаад суухгүй байх байсан. Тийм учраас эдгээр 4 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнийн өмгөөлөгч: 1997 онд хувьчлагдсан, хавтаст хэрэгт баримт авагдсан. Хувьчлагдсан хөрөнгөөр үндсэн хөрөнгөд юу юуг хувьчилсан байгаа нь маш тодорхой харагддаг, эдгээр нотлох баримт 3-р хавтаст хэрэгт байдаг. Үүгээр тухайн газрыг манай компанид шилжүүлсэн гэдэг нь нотлогддог. 2010 оны төлөвлөгөө мөн хүсэлт гаргаж 2015 оны төлөвлөгөөнүүд тус тус ирсэн байна. Тус төлөвлөгөөнүүдээс үндсэндээ маргаан бүхий газрыг хувьчлах, газар эзэмшүүлэх ашиглахтай холбоотойгоор төлөвлөгөөнд тусгасан эсэхийг харахад төлөвлөгөөнд байхгүй байна. Тийм учраас Үндсэн 4 нэхэмжлэлээ дэмжих байна.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд “Х” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжийн “Х” ХХК-ийн эзэмшил газраас хассан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ***дугаар захирамжийн “Э” ХХК-д олгосон газраас нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг хүргүүллээ.

“Э” ХХК нь тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2009 оны 20 дугаар захирамжаар 15000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 2014 оны *** дүгээр захирамжаар талбайн хэмжээг 5000 м.кв болгон багасган эзэмшиж, мөн тус хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч “Х” ХХК-ны эзэмшил газрын хойд талд нийслэлийн Засаг даргын 2011 оны *** дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны *** дугаар захирамжаар 2000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус эзэмшиж байсан бөгөөд 2015 оноос удаа дараа эзэмшил газруудыг нэгтгэх, тус газруудын дунд байрлах хэн нэгний эзэмшлийн бус шугам байрлаж байсан газрын шугамыг зохих шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөөж байрлуулан талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны ***дугаар захирамжаар “Э” ХХК-ний эзэмшил газрын талбайн хэмжээг 11782 м.кв болгон өөрчилж аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн.

Ийнхүү талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд “Х” ХХК-ийн эзэмшил газраас огт хасаагүй бөгөөд тус компанийн эзэмшил газрын кадастрын зурагт “Э” ХХК-тай хиллэж буй хэсэгт огт өөрчлөлт ороогүй болно.

“Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1997 оны *** дугаар захирамж, 2007 оны 397 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24806 м.кв газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээнээс зэргэлдээ орших “Б” ХХК-ийн эзэмшил газарт давхцаж орсон хэсгийг тус компанийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгийн дагуу хасаж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 47.1.6-д “Иргэн-хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу Засаг даргын актыг илт хууль бусад тооцуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК болон тус компанитай мэдээллийн санд давхцал үүсэж байсан “Б” ХХК-ийн хүсэлтийг тус тус үндэслэсэн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжийн Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон иргэн Б.Д нарт олгосон 6.73 га газрын “Х” ХХК-ийн хашаа байрлаж буй газартай давхцаж буй хэсэг, 2011 оны *** дугаар захирамжийн “Э” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Б.Д нарт 0,2 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны *** дугаар захирамжаар “Э” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлжээ.

“Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1997 оны *** дугаар захирамж, 2007 оны 397 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24806 м.кв газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээнээс зэргэлдээ орших “Б” ХХК-ийн эзэмшил газарт давхцаж орсон хэсгийг тус компанийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгийн дагуу хасаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү талбайн хэмжээг багасгахад эзэмшил газрын хойд хэсэгт ороогүй ба нэхэмжлэгч 2007 оны Засаг даргын захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхэд хүлээн зөвшөөрч гэрээ, гэрчилгээгээ хүлээн авсан байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт нэхэмжлэгч компани нь 2014 онд кадастрын мэдээллийн санд зураг буруу орсон тухай, 2015 онд төлбөр төлж барагдуулах болон кадастрын зургийн асуудал шийдвэрлүүлэх тухай, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтүүдийг тус тус ирүүлж байсан ба газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй атлаа Нийслэлийн Засаг даргаас тус хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан эсхүл хууль бусаар шийдвэрлэхээс татгалзсан мэтээр хашаа байрлаж буй газрыг нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэл шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Э ХХК болон Х ХХК-д яаж газар олгогдсон, хэдэн оноос эхэлж олгогдсон бэ гэдгийг товчхон байдлаар танилцуулбал. Х ХХК-д 1997 оны 03 Захирамж 2007 оны 397-р захирамжаар Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 24806м2 газрыг агуулахын зориулалтаар анх эзэмшүүлсэн. Улмаар 2015.12.23-ны өдрийн 990-р захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээнээс зэргэлдээ орших Билгүүн анар компанийн давхцаж байсан хэсгийг нь хасаад энэ компанийн удаа дараагийн ирүүлж байсан хүсэлтийн дагуу салгаж шийдсэн. Э ХХК-ийн хувьд яг энэ Баянгол дүүргийг 20-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах газрыг 2009 оны 20-р захирамжаар 15000м2 газрыг аж ахуйн зориулалтаар олгоод 2014 онд 349-р захирамжаар талбайн хэмжээг 50,000 болгож хэмжээг багасгаад тус хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газрын хойд талд нь 2011 оны ***-р захирамж, Нийслэлийн Засаг даргын 350 захирамжаар 2000 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж олгосон байгаа. 2015 оноос хойш удаа дараа эзэмшил газрыг нэгтгэх тус газрын дунд байрлах хэн нэгний эзэмшлийн бус шугамыг зохих шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөөж байрлуулсан учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт өгснийх нь дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны  506-р захирамжаар газрыг талбайг нь 11782 болгоод үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн. Анх Э ХХК-д  24806-гаас хасагдаад 23400 орчим болсон энэ газар нь Билгүүн анар компанитай давхацсан эсэх асуудал яригддаг, тэгэхээр Э ХХК-тай давхацсан асуудал огт байдаггүй. Энэ дээр нь холбогдох албан бичиг хоорондын баримт бичиг нь давхцалтай орж ирсэн учраас энэ захирамжийг гаргах үндэслэл болсон. маргаан бүхий газар нь Дт олгосон газартай хамааралгүй орж ирдэг. Тийм учраас манайхаас Захирамжууд хууль ёсны дагуу гарсан. Дт олгосон газар давуу эрхтэйгээр олгогдсон, энэ талаар бидэнд мэдэгдэх ёстой гэж байна тийм зүйл байхгүй Дт олгогдсон газар нь хэн нэгэнд давуу эрхтэйгээр олгогдсон зүйл байдаггүй. Газрын тухай хуульд эрх, үүрэг гэсэн ойлголт байгаа. Анх манайтай гэрээ байгуулсан баримт бичгүүдээ хүлээлгэж өгч байгаа эдгээр зүйлүүд нь Тухайн үед эргэлтийн цэгийг нь очоод тогтоогоод өгчихсөн зүйлүүд байдаг. Урьд нь эргэлтийн цэгийг нь огт тогтоож байгаагүй бол наад бичиг баримт чинь та нарын гар дээр огт очихгүй. Өнөөдрийн 23000 гаран эзэмшээд байгаа энэ газар чинь тогтоогдох ямар ч боломжгүй. Тэрний өмнө танай дээр очоод эргэлтийн цэгийг чинь зааж өгсний дараа энэ ажиллагаа хийгддэг. Танайд газраа хүлээлгээд өгчихсөн, магадгүй танайх газраа мэдсэн ч гэсэн мэдээгүй юм шиг өөр газар луу орж ирж тайлбарлаад байна уу. Дт олгосон газар нь хууль ёсны, хууль бус байна уу гэдгээс илүүтэйгээр энэ асуудалд ийм зүйл байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дуудлага худалдааны үнийг төлөөгүй асуудал яриад байсан, энэ журам хэдэн оноос орж ирэх вэ гэдгийг хуульчилж журамласан байгаа. Энд аль аль нь журамлагдаад хуульчлагдсан” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Э” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж 2014 оноос 12 дугаар сарын 23-ны өдрийн ***тоот “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн “Х” ХХК-ийн эзэмшил бүхий газраас хассан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ***тоот захирамж гараагүй байдаг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ***тоот захирамж гарч тус захирамжаар “Тээврийн хэрэгслийг балансаас балансад шилжүүлэх тухай” асуудлыг шийдвэрлэсэн байдаг бөгөөд журмын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж нь давхцалтайгаар огноолдож дугаарлагддаггүй тул “Х” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэх үндэстэй юм.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот захирамжийн “Э” ХХК-ийн нэхэмжлэгчийн хашаа байрлаж буй газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгуулах тухай шаардлагын хувьд дээр дурдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ***тоот захирамж гараагүй бөгөөд тухайн онд гарсан ***тоот захирамж нь огт өөр асуудал шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Х“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжийн Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Б.Дт олгосон 0,2 га газрын нэхэмжлэгчийн хашаа байрлаж буй газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр дуудагдсаны хувьд хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан оролцож буй “Э” ХХК-тай ямар нэгэн газар хамтран эзэмшдэггүй бөгөөд эд хөрөнгийн ямар ч харилцаагүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Б.Дт 0,2 га газар олгосон шийдвэр нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжаар цуцлагдсан болно.

Иймд манай байгууллага тус захиргааны хэрэгт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй байх тул тус захиргааны хэргийн оролцогчоос хасаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн эхний болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ дурдах нь зүйтэй байна. Учир нь:

Нэг. Газар эзэмших эрхийг хууль журмын дагуу авч бусдад буюу “Э” ХХК-д шилжүүлснээр газар эзэмших эрх нь нэгэнт дуусгавар болсон.

Хоёр. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамжаар “Э” ХХК-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн хашаа байрлаж буй хэсэгтэй давхцуулан 2000 м2 олгосон гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо бусдын хашаа барьсан хэсэгтэй давхцуулан олгосон зүйл байхгүй бөгөөд Газрын тухай хуульд зааснаар хэн нэгний эзэмшил бус, бусдын эд хөрөнгө байрлаж буй биш урьд өмнө нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаагүй байсан зэргийг харгалзан хүсэлтэд үндэслэн захирамж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр одоо маргаж газарт нэхэмжлэгч хуулийн этгээдийн хашаа болон координат цэг тэмдэглэгээ огт байгаагүй гэдэг нь Нийслэлийн газрын албаны газрын мэдээллийн сангаас тодорхой харагдах билээ. Нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал байсан тохиолдолд бусдын хашаа, хөрөнгө буй газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

“Э” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн гэрээ, хэлцэл холбогдох хууль журмын дагуу явагдсан гэж үндэслэлтэйгээс гадна компанийн хувьд газрын төлбөр болон нэг удаагийн төлбөр зэргийг төлж байсныг дурдах нь зүйтэй” гэжээ.

Гуравдагч этгээд “Ч” ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Х” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжийн “Х” ХХК-ийн эзэмшил газраас хассан хэгсийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ***дугаар захирамжийн “Э” ХХК-д олгосон газраас нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийг шаардлагыг “Ч” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Б.Дт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжийн “Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг хуул бус байсан болохыг тогтоолгох

3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

4. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах” гэж тодорхойлсон болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” *** дугаар захирамжаар “Р” ХК-д худалдаа, зуучлал үйлчилгээний зориулалтаар, 16,4 га газрыг 4 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.

           Улмаар, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 397 дугаар захирамжаар “Р” ХК-ийн ашиглах эрхтэй 24806  м.кв газрыг, агуулахын зориулалтай, 5 жилийн хугацаатайгаар “Х” ХХК-д нэр шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

           Харин Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” *** дүгээр захирамжаар “Х” ХХК-ийн 24806 м.кв хэмжээтэй газрын урд хэсгээс 1406 м.кв газрыг хасч, газрын хэмжээг 23400 м.кв хэмжээтэй болгож,  “Х” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

           “Х” ХХК-ийн эзэмшиж байсан 24806 м.кв газрын урд хэсгээс 1406 м.кв газрыг хасч, тус хассан 1406 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар[1], “Х” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05 дугаар хүсэлтүүд[2], “Б” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр хүсэлт[3], Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/391 тоот албан бичиг болон түүний хавсралт зургуудаар[4] нотлогдож байна.

           Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” *** дугаар захирамжийн нэгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон иргэн Б.Дт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2000 м.кв газрыг, 2 дахь заалтаар мөн Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон иргэн Б.Дт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 6,73 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

           Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” *** дүгээр захирамжаар Б.Дын эзэмшиж байсан 2000 м.кв газар болон 67300 м.кв газрыг тус тус “Э” ХХК-ийн нэр дээр эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Р” хувьцаат компанийн хувьчлалтай холбоотой баримтуудаас[5] үзэхэд “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хойд талд байрлах хамгаалалтын цементэн буюу бетонон хуучин хашааг “Х” ХХК-д хувьчилсан болох нь лавтай нотлогдохгүй байна.

Р” хувьцаат компанийн хувьчлалын баримтуудад авагдсан үндсэн хөрөнгийн судалгааны жагсаалтад бетон хашаа гэж тусгагдсан байх боловч уг бетон хашаа нь тодорхой хаана байрлах, аль хашаа болох нь тодорхойгүй байна.

Мөн хувьчлалын баримтуудад авагдсан “Х[6]” гэсэн зураг нь зохих шаардлагыг хангасан лавтай, баттай нотлох баримт болж чадахгүй байна.

Тодруулбал, уг “Х” гэсэн зураг нь эргэлтийн цэг, солбицол байхгүй, тамга, тэмдэггүй байх тул уг зураг нь кадастрын зураглалын шаардлагыг хангасан нотлох баримт болж чадахгүй байна.

Харин “Х” гэсэн зураг болон 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээнээс[7] үзэхэд “Х” ХХК-ийн газрын хэмжээ анх 24806 м.кв байсан байх ба үүний дагуу  Нийслэлийн Засаг даргын 2007 оны 397 дугаар захирамжаар 24806 м.кв газрыг тус компани эзэмшиж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2015 оны *** дүгээр захирамжаар “Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн эзэмшиж байсан газраас 1406 м.кв газрыг хасаж, “Б” ХХК-д эзэмшүүлснээр  “Х” ХХК-ийн газрын хэмжээ багасаж 23400 м.кв болсон байна.

Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч нь “Нийслэлийн Засаг даргын 2011 оны *** дүгээр захирамжаар захирамжаар “Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучин нэрээр/-ын эзэмших эрхийг шилжүүлэхдээ тус газрын эрхээ шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт байхгүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн,  Нийслэлийн Засаг даргын 2010 оны *** дугаар захирамжаас үзэхэд Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт ямар хэмжээтэйг, иргэн Б.Дт ямар хэмжээтэй газрыг тус тус эзэмшүүлсэн нь тодорхойгүй зэрэг нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч захиргааны байгууллагын эдгээр алдаатай үйлдлийн улмаас гуравдагч этгээд “Э” ХХК-ийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч нь газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дөрөвдүгээр бүлгийн 4.4-ийн 15-д “Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ4 орчим 53 га[8]” гэж тусгагдан, батлагдсан байгаагаас үзэхэд  маргаан бүхий газар нь 2010 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь нотлогдож байх тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн энд дурдахад, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах нь хариуцагч Засаг даргын үүрэг, хариуцагч захиргааны байгууллага газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэх үүргээ биелүүлсэн эсэх үйлдлийн улмаас гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2010 оны *** дугаар захирамжийг болон 2011 оны *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заасан байх ба уг зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол шүүхээс тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан шийдвэрийг гаргах хууль зүйн боломжтой байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2010 оны *** дугаар захирамж болон 2011 оны *** дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүчингүй болсон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн нөхцөл байдал үүсээгүй нь болох нь тодорхой байх тул шүүхээс 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан шийдвэрийг гаргах хууль зүйн боломжгүй байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны *** дугаар захирамж болон 2011 оны *** дугаар захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, томьёолсон тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэж заасан байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Жич: Нэхэмжлэгч талын гаргасан газрын үзлэгийг дахин хийлгэх хүсэлтийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч нь шүүхээс маргаан бүхий газарт очиж хийсэн үзлэгт хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн гарын үсэг байхгүй тул газрын үзлэгийг дахин хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Нэхэмжлэгч талын маргаж байгаа 2000 м.кв газар нь “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа 23400 м.кв газрын хойд талд байрлах газар болох нь, маргаж байгаа газрын хэмжээ, эргэлтийн цэг, солбицол, хил зааг тодорхой болох нь хэрэгт цугларсан Газар зохион  байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/391 тоот албан бичиг болон түүний хавсралт зургууд[9], мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1534 тоот албан бичиг болон түүний хавсралт зургуудаар[10] тодорхой нотлогдож байх тул маргаан бүхий газарт дахин үзлэг хийх шаардлагагүй болно.

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1534 тоот албан бичигт “маргаан бүхий 2000 м.кв газрыг анх хэн эзэмшиж байгаад хэнд шилжсэн, нэгж талбарын дугаар хэрхэн өөрчлөгдсөн талаар тодорхой заасан, маргаан бүхий 2000 м.кв газар хаана байрлаж байгаа болох нь 3 дугаар хавтаст хэргийн 192-200 дугаар хуудсанд авагдсан кадастрын зургууд, кадастрын зургуудыг агаар сансрын зургуудтай давхцуулсан зургуудаар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар лавтай, тодорхой нотлогдож байна.

Маргаан бүхий газар нь “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хойд талд байрлах 2000 м.кв газар мөн болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн, маргаан бүхий 2000 м.кв газрын хил зааг, байршил, хэмжээтэй хэргийн оролцогчид маргаагүй тул маргаан бүхий газарт дахин үзлэг хийх шаардлагагүй.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр маргаан бүхий газрын үзлэгийг дахин хийлгэх нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаагүй болно. 

Энд тэмдэглэхэд тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2 жил 3 сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба шүүх хуралдаан 40 шахам удаа хойшилсон, нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө удаа дараа сольсон зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан олон удаа хойшилсон болно.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Б.Дт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжийн “Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ***дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 65 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 172 хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 136-140 хуудас

[5] 3 дугаар хавтаст хэргийн 4-13 хуудас

[6] 3 дугаар хавтаст хэргийн 12 хуудас

[7] 3 дугаар хавтаст хэргийн 10 хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдсэн “Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” эмхтгэлийн 31 дүгээр хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 136-140 хуудас

[10] 3 дугаар хавтаст хэргийн 189-200 хуудас