Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 116/2023/0040/З |
Дугаар | 221/МА2024/0017 |
Огноо | 2024-01-02 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0017
“И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/548, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ДОАХСЗДТГ/202312034 дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Д аймгийн Х сумын Засаг даргад хэрэгжүүлэхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0039 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У
Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А
Хариуцагч тендер зохион байгуулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А
Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг дарга О.П
Нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 116/2023/0040/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И ” ХХК нь “Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/548, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ДОАХСЗДТГ/202312034 дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Д аймгийн Х сумын Засаг дарга О.П-д хэрэгжүүлэхийг даалгах”-аар маргажээ.
2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0039 дугаартай шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “И ” ХХК-ийн, Д аймгийн Х сумын Засаг дарга, Х сумын Засаг даргын Тамгын газар, Х сумын Төсвийн хөрөнгөөр хэрэгжих ДОАХСЗДТГ/202312034 дугаартай тендер зохион байгуулсан “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан, Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/548, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ДОАХСЗДТГ/202312034 дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Д аймгийн Х сумын Засаг дарга О.П-т хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... “И ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.4, 17.6.5-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн. Үүнтэй санал нийлэхгүй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаж чадаагүй байна.
3.2. Манай компаний тавьсан эхний шаардлагыг яагаад хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэж шүүхээр гаргуулах шийдвэрийг орхигдуулсан бэ, Сангийн яамны бичгийн үндэслэн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/548 дугаартай албан бичгийг хүчингүй болгосон нь тухайн гаргасан шийдвэр хууль бус буюу хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тогтоосон байгаа тул хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн тул хууль бус байсан болохыг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх хууль бус байсан болохыг тогтоох боломжтой байтал шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
3.3. Мөн Х сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 дугаар бүхий албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага байсан ба шүүхээс зөвхөн албан бичгийн хэлбэрийг анхаарч Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэж байна. Бидний тавьж буй шаардлага нь Захиргааны байгууллагаас гарч буй шийдвэр нь хууль тогтоомж зөрчин, хуульд нийцүүлэхгүй байгаа тул тухайн шийдвэрийг гаргасан үйл ажиллагаа, үр дагавар нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна гэдэгт гомдолтой байдаг. Гэвч үүнийг засч залруулахгүйгээр албан бичиг, захиргааны акт нь хэлбэрийн хувьд хууль зөрчөөгүй хэрнээ процесс үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байхад түүнд дүн шинжилгээ хийхгүйгээр шийдвэрлэх нь эцсийн үр дүнд шүүхэд хандан маргааныг шийдэх боломжгүй байдал үүсгэж хариуцлагагүй байдал улам газар авна гэж харж байна.
3.4. Гол нь Х сумын Засаг даргын Тамгын газар, Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байхад хугацаа сунгуулаагүй тендерийн үнэлгээг хийж өмнөх шийдвэрийнхээ алдаагүй гэсэн зүйлийг гарган ирж дахин татгалзах үндэслэл болгож буй нь зөв үү, энэ үйл баримтан дээр шүүхээс яагаад дүгнэлт гаргахгүй байна вэ, Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө төрийн байгууллага албан тушаалтан ажил үүргээ хийж гүйцэтгэж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хугацаа дуусаад сар болж байхад хуралдсан хуралдааныг хүчинтэй гэж үзэх үү, хугацаа дууссан дараа гаргасан шийдвэр маань хуульд нийцэх үү, нийцэхгүй бол хууль тогтоомж зөрчсөн бол илт хууль бус шийдвэр болно гэж л бид гомдол гаргасан ... зөвхөн албан бичиг, актандаа байх бол тухайн актыг алдаагүй хийгээд бусад асуудал нь буюу үндэслэл нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байхад буруу биш юм аа гэж би ойлгоод байгаа. Учир нь энэ тал дээр шүүхээс гарч буй шийдвэрт үндэслэл харагдахгүй байна.
3.5. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг шүүхээс хууль зөрчөөгүй гэж тайлбарласан байдаг. Яагаад гэхээр тэдний “И ” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан гэдэг. Үүнийг би харахдаа үнэлгээний хорооны шийдвэр алдаатай буюу тухайн компаний тендерийг үнэлэхдээ хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзэхэд мөн анхаарч үзээгүй юм. Хариуцагч Х сумын Засаг дарга болон Үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох нэг үндэслэл буюу үнэлгээний хорооны тендерийн шалгаруулж буй үнэлгээ тендер зарлахдаа 200.000.000 гэж үнэлээд үнэлгээ хийхдээ барьсан төсөв нь Чимид төсөвчингийн зохиосон 200.255.264 төгрөгийн төсвийн үнийг харгалзан шалгаруулж байгааг буруу гэж маргасан ба энэ тал дээр шүүхээс дүгнэлт гаргаагүй. Энэ бүх асуудал буюу тендерийг шалгаруулах ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн учраас анхнаасаа төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр нь илт хууль бус гэж маргаж байгаа учраас шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн хангаж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “И ” ХХК-иас “Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/548, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ДОАХСЗДТГ/202312034 дугаар бүхий ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхийг даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 тоот албан бичгийг Д аймгийн Х сумын Засаг дарга О.П-т хэрэгжүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/46428 дугаар дээрх албан бичигт захилагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/548 дугаар албан бичгийг хүчингүй болгосон тул шүүхээс энэхүү албан бичгийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох шаардлагагүй. “И ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.4, 17.6.5-д нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэж, “И ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай.
2.4. Анх Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар сумын орон нутгийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай камержуулалт” ДОАХСЗДТГ/202312034 дугаар бүхий ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар хурлаар ... ажлыг гүйцэтгэх шаардлагад нийцсэн тендерээр “Их ханас” ХХК-ийг шалгаруулж, “И ” ХХК-ийг тендерээс татгалзаж, мэдэгдэл хүргүүлжээ.
2.5. Үүнийг нэхэмжлэгч “И ” ХХК-ийн гомдлын дагуу Сангийн яам хянаж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 дугаар албан бичгээр “...“Их ханас” ХХК нь тендерт хавсаргасан гэрээнүүдийн үнэ нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.4-д заасанд нийцэхгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн шийдвэр үндэслэлгүй ... Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэх хариуг Д аймгийн Х сумын Засаг даргад хүргүүлсэн байна.
2.6. Улмаар Д аймгийн Х сумын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ДОАХСЗДТГ/202312034 дугаартай тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр тендерт оролцогч “И ” ХХК, “И” ХХК-иудын ирүүлсэн тендер нь Тендер сонгон шалгаруулах зааварт заасан сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад батлагдсан төсөвт өртгийн үнийн 60 хувиас багагүй дүнтэй тухайн ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх, туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, акт ирүүлэхэд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр дээрх 2 компанийн тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлснийг үндэслэн Х аймгийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/768, 1/769 дугаар албан бичгийг “И” ХХК, “И ” ХХК нарт хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцжээ.
2.7. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4628 дугаар албан бичгийн дагуу Х сумын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ДОАХСЗДТГ/202312034 дугаартай тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, нэхэмжлэгч компанийг Тендер шалгаруулах зааврын /ТШЗ/ 17.6.4, 17.6.5-д заасныг хангаагүй гэж үзсэн, үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгч “И ” ХХК-ийн гомдлоор тухайн тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
2.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “Х сумын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ДОАХСЗДТГ/202312034 дугаартай тендерийг дахин үнэлгээ хийлгүүлснээр нэхэмжлэгч тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаж, тендерт шалгарах бодит нөхцөл байдал үүсэхээргүй буюу маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
2.9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Сангийн яамны бичгийн үндэслэн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/548 дугаартай албан бичгийг хүчингүй болгосон нь тухайн гаргасан шийдвэр хууль бус буюу хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тогтоосон байгаа тул хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн тул хууль бус байсан болохыг тогтоолгох нь зүйтэй. Бид нэхэмжлэлийн шаардлагыг дээрх албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага байсан ба шүүхээс зөвхөн албан бичгийн хэлбэрийг анхаарч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэж байна. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг шүүхээс хууль зөрчөөгүй гэж тайлбарласан байдаг ... үнэлгээний хорооны шийдвэр алдаатай буюу тухайн компаний тендерийг үнэлэхдээ хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзэхэд мөн анхаарч үзээгүй” гэжээ.
2.10. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг тодорхой заагаагүй, маргаан бүхий Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/548, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 тоот албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-д “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ