Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Мижиддорж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Энхмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр нар овогт Батхуягийн Энхмандахад холбогдох эрүүгийн 201626030158 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2 дугаар хороолол 20-00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Усан сангийн 1-19 тоотод хажуу өрөө түрээслэн амьдарч байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, 

- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 сарын 24-ний өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 сарын 18-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,  

- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 16-ны 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөр нар овогт Батхуягийн Энхмандах /РД:МЮ88031811/,

 

Холбогдсон хэргийн талаар  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Энхмандах 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Малл худалдааны төвийн 2 давхарт “Моо Baby” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрийн лангууны араас хохирогч С.Бат-Эрдэнийн эзэмшлийн Dell маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.200.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,  

Мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” худалдааны төв дотроос хохирогч Г.Отгонжаргалын Acer маркийн зөөврийн комьютерийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулан, нийт 1.550.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэг, ,

Тус хэрэгт шалгагдан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр тооцогдон гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг  тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Энхмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“... Бусдын эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн хувьд маргаан байхгүй. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хулгайн хэргийг өөр бусадтай хамт хийгээгүй. Ганцаараа үйлдсэн. Харин хэрэг бүртгэлтээс зайлсхийсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдаа дээр очиж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр чамайг хохирлын мөнгө 1.200.000 төгрөгөө олж ир гэж явуулсан. Тэдийд эдийд ир гэж хэлээгүй. Тэгээд хохирлоо төлчихвөл энэ хэргийг хаана гэж байсан. Тухайн хэрэгт холбогдох үедээ би ажилгүй байсан. Тэгээд Гандангийн хажууд Монголын үндэсний дээд сургуулийн өргөтгөлийн барилгад 15-20 гаруй хоног ажилласан юм.  Тухайн үед би найзынхаа түрээсийн байранд амьдарч хамт байсан. Намайг байхад байцаагч ирээгүй. Намайг гарч явсан хойно ирсэн байсан. Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 4-р сарын 20-ныг хүртэл цагдаа дээр бараг өдөр бүр очиж бүртгүүлж байсан. Эхлээд Номин-Эрдэнэ ахлах дэслэгч, дараа нь Туул байцаагчид бүртгүүлж байсан. Би хохирогч С.Бат-Эрдэнэ, Г.Отгонжаргал, иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатар нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж алдаа гаргахгүйг хичээж амьдрах болно.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201626030158 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:           .

 

“...2016 оны 3 сарын 01-ний өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Орон зай” төвийн 1 давхарт А9 тоот павильон дээр ажлын байран дээрээ сууж байхад үл таних залуу хажуугаар явж байгаад лангуун дээр тавьсан байсан нөүтбүүкийг маань шүүрээд гүйсэн. Араас нь гартал алга болсон байсан. Миний алдсан нөүтбүүк нь ACER маркийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан, бусад үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй байна, бор өнгөтэй нөүтбүүк юм. Би 350.000 төгрөгөөр үнэлж байна.

Тэр залуугийн царайг хараагүй, 170 см орчим өндөртэй, хар пальто, хар нүдний шилтэй, хар өмдтэй хүн байсан. Тэр залуу ганцаараа байсан. Өөр нэгэнтэй хамт байгаагүй. Дараа нь Теди дээр зогсдог манай дүү залгаад “таны нөүтбүүк энд зогсдог нэг залуу дээр байна” гэхээр нь очоод үзтэл миний нөүтбүүк мөн байсан. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 187х/,

 

2. Хохирогч С.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би Хүннү Малл худалдааны төвийн 2 давхарт хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 01 сарын 20-ны өдөр 11 цагийн үед би дэлгүүрээ онгойлгоод өөрийнхөө Dell маркийн зөөврийн компьютер дээрээ юм хийж байгаад 14 цагийн үед манай дэлгүүрт 20-25 орчим насны эмэгтэй орж ирээд хүүхдийн цамц үзээд надаас юм асуусан. Би тэр эмэгтэйд цамц үзүүлж байхад 25-30 орчим насны хоёр эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд   бараа үзэж байснаа гэнэт хурдан гараад явчихсан. Тухайн үед би царайг нь харж чадаагүй, маш хурдан гараад явсан. Би нөгөө юм үзэж байсан эмэгтэйг гарсны дараа цайндаа орох гээд дэлгүүрээ хаагаад гарсан. Цайгаа уучихаад 30-аад минутын дараа дэлгүүртээ ирээд юм шивэх гээд лангууны доор хийсэн зөөврийн компьютерээ авах гэтэл алга болчихсон байсан.

Тэр хоёр эрэгтэй хүн хоёулаа дэлгүүрт орж ирсэн. Хамт явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Хоорондоо юм яриагүй, нэг залуу нь надаас өмд асууж байсан. Би алдсан компьютерийг 2015 оны 6 сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Dell маркийн цэнхэр өнгөтэй, 15.6 инчийн дэлгэцтэй, сериал №920320116, Dell inspiron 3542 маркийн компьютер юм. Би өөрийн алдсан компьютерээ авчих юм бол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-65х, 113-114х/,

 

3. Гэрч, иргэний нэхэмжлэгч  Г.Манлайбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Миний бие 2016 оны 3 сарын 01-ний өдөр лангуун дээрээ сууж байтал 12, 13 цагийн орчим нэг хар пальтотой залуу нөүтбүүк барьчихсан хүмүүст үзүүлээд яваад байсан. Тэгээд над дээр ирж үзүүлээд үнийг нь асуутал 250.000 төгрөг гэж хэлсэн юм. Би маркийг нь мэддэг хүнээс асуухад хуучны загвар байна гэхээр нь 170.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд буцаад яваад өгсөн. Тэгэж байгаад эргэж ирээд надад 170.000 төгрөгөөр зарсан. Би түүнийг аваад ахынхаа лангуун дээр очоод цэнэглэж байтал манай ахын таньдаг хүний компьютер байж таарсан. Тэр хүмүүс нь цагдаатай хүрч ирээд “хулгайд алдсан” гэж хэлээд компьютерийг хураалгасан.

Тэр компьютер зарсан залуу 170 см өндөртэй, хар нүдний шил зүүсэн, хар өнгийн пальтотой, 25-30 орчим насны бараандуу царайтай залуу байсан. Би тэр хүний бичиг баримтыг шалгаагүй, манай эгчийн нөүтбүүк байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг болчихоод зарах гэж байгаа юм гэж хэлж байсан. ...Би 170.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь өгөөд явуулсан. Би ....энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 50-51х/,

 

4. Гэрч А.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Худалдагч С.Бат-Эрдэнэ нь 15 цагийн үед манай мэдээллийн ажилтанд ирж хулгай гарсан талаар мэдэгдсэн. Тэгээд 16-20 цаг хүртэл худалдагч С.Бат-Эрдэнэ, хэсгийн байцаагч Батболд нартай хамт хяналтын камер шүүсэн. Камер шүүж байх хугацаанд худалдагч С.Бат-Эрдэнэ 2 залууг сэжиглэж байхаар нь би хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тэр хоёр залуу нь биш байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67х/,

 

5. Гэрч Б.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 01 сарын 20-ны өдөр Хүннү Маллын 2 давхарт байрлах “Moo Baby” хүүхдийн хувцасны тасагт манай нөхөр С.Бат-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр 14:00 цагийн үед 20-25 насны орчим 2 залуу орж ирээд нэг нь анхаарал сарниулж хувцасны үнэ асуугаад нөгөө залуу нь манай тэкний араас цэнхэр өнгийн Нөүтбүүк аваад явсан байсан талаар өөрийн нөхрөөс сонссон. Алдсан зөөврийн компьютер нь Dell маркийн цэнхэр өнгийнх байсан бөгөөд 2015 оны 06 сард PC MALL дэлгүүрээс 1.500.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 115-116х/,

 

6. Эд зүйлийн үнэлгээний баримт /хэргийн 12х, 57х/,

 

7. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10-11х/,

 

8. Хүннү Малл их дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 58-60х/,

 

9. Б.Энхмандахад оршин суугаа газраасаа гадагш явахгүй байж, дуудсан уагт саадгүй ирэх тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хэргийн 68-69х/,

 

10. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай санал, хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлсэн тухай 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 217 тоот прокурорын тогтоол, мөн өдрийн 29 дугаартай сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах тухай прокурорын тогтоол /хэргийн 119-121х/,

 

11. Таньж орлуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлтүүд /хэргийн  188-194х/,

 

12. Шүүгдэгч Б.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 01 сарын 20-ны өдөр өглөөний 10 цагийн үед гэрээсээ гараад явж байхад 2013 онд 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа танилцаж байсан Баяраа над руу залгаад “Өлзийт хороолол руу эгчийнх нь гэрт очоод ирье” гээд бид хоёр Яармагийн Хүннү Малл худалдааны төв дээр уулзахаар болсон, бид хоёр уулзаад Хүннү Малл хулдааны төв дотор ороод Баяраа 1 давхарт мөсөн гулгуур дээр гулгаж байсан хүмүүсийг хараад зогсож байсан.

Би 2 давхар руу урсдаг шатаар нь гараад чигээрээ явж байгаад хүүхдийн хувцасны дэлгүүр рүү ортол лангуун дээр ил Dell маркийн зөөврийн компьютер харагдахаар нь аваад сугандаа хавчуулаад гараад зам дээрээс такси бариад Драгон төвийн хажууд байдаг “Call центер” гар утас худалдааны төвийн үүдэнд танихгүй 30 гаран насны хүнд 110.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь өөртөө ганц нэг хувцас авч өмсөөд, хоолонд ороод дуусгачихсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.

2016 оны 3 сарын 01-ний өдөр 12:00 цагийн орчим байх “Бөмбөгөр” төвийн хойд талын “МБ” буюу “Орон зай” төв рүү ороод киноны CD зардаг газраас нь юм асуух гэтэл хүн харагдахгүй байсан бөгөөд лангуун дээр нь улаан хүрэн өнгийн нөүтбүүк хаагаад тавьсан байхаар нь шууд аваад гараад явсан. Тэндээсээ гараад “Тэди” төвийн 4-р давхарт гараад нөүтбүүкийг нь бариад явж байтал нэг залуу асуухаар нь “зарах гэж байгаа юм” гээд үзүүлж байгаад 170.000 төгрөгөөр зарчихсан. Уг зөөврийн компьютер нь улаан хүрэн өнгийн нугасан дээрээ цуураад хагарчихсан, дэлгэцний болон доод гарынхаа өнцөгүүд нь эмтэрчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-25х, 31-32х, 37-40х, 71-74х, 127-129х, 152-155х, 157-158х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33х, 79х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35х, 80х/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 сарын 24-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 82-83х, 102-103х/, ялтны зан байдлын тодорхойлолт /хэргийн 84х, 88х, 99х/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 200-203х/, Орхон аймгийн шүүхийн 2009 оны 6 сарын 18-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 85-88х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 26-ны өдрийн 1396 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 89-93х/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 29 дугаар магадлалын хуулбар /хэргийн 94-96х/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 сарын 16-ны өдрийн 141 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 97-98х/, гэрч Б.Уранчимэг, Ч.Үзмээ нарын мэдүүлэг /хэргийн 139-140х, 141-143х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            1. Шүүгдэгч Б.Энхмандах 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Малл худалдааны төвийн 2 давхарт “Моо Baby” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрийн лангууны араас хохирогч С.Бат-Эрдэнийн эзэмшлийн Dell маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - Мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” худалдааны төв дотроос хохирогч Г.Отгонжаргалын Acer маркийн зөөврийн комьютерийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч С.Бат-Эрдэнийн “...Би Хүннү Малл худалдааны төвийн 2 давхарт хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 01 сарын 20-ны өдөр 11 цагийн үед би дэлгүүрээ онгойлгоод өөрийнхөө Dell маркийн зөөврийн компьютер дээрээ юм хийж байгаад 14 цагийн үед манай дэлгүүрт 20-25 орчим насны эмэгтэй орж ирээд хүүхдийн цамц үзээд надаас юм асуусан. Би тэр эмэгтэйд цамц үзүүлж байхад 25-30 орчим насны хоёр эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд   бараа үзэж байснаа гэнэт хурдан гараад явчихсан. ...Цайгаа уучихаад 30-аад минутын дараа дэлгүүртээ ирээд юм шивэх гээд лангууны доор хийсэн зөөврийн компьютерээ авах гэтэл алга болчихсон байсан. Тэр хоёр эрэгтэй хүн хоёулаа дэлгүүрт орж ирсэн. Хамт явж байсан эсэхийг мэдэхгүй байна. ...Би алдсан компьютерийг 2015 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Dell маркийн цэнхэр өнгөтэй, 15.6 инчийн дэлгэцтэй, сериал №920320116, Dell inspiron 3542 маркийн компьютер юм. Би өөрийн алдсан компьютерээ авчих юм бол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-65х, 113-114х/,

- хохирогч Г.Отгонжаргалын “...2016 оны 3 сарын 01-ний өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Орон зай” төвийн 1 давхарт А9 тоот павильон дээр ажлын байран дээрээ сууж байхад үл таних залуу хажуугаар явж байгаад лангуун дээр тавьсан байсан нөүтбүүкийг маань шүүрээд гүйсэн. Араас нь гартал алга болсон байсан. ...Тэр залуугийн царайг хараагүй, 170 см орчим өндөртэй, хар пальто, хар нүдний шилтэй, хар өмдтэй хүн байсан. Миний алдсан нөүтбүүк нь ACER маркийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан, бусад үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй байна, бор өнгөтэй нөүтбүүк юм. Би 350.000 төгрөгөөр үнэлж байна.  Дараа нь “Теди” дээр зогсдог манай дүү залгаад “таны нөүтбүүк энд зогсдог нэг залуу дээр байна” гэхээр нь очоод үзтэл миний нөүтбүүк мөн байсан. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 187х/ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатарын мэдүүлэг, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн тухай тэмдэглэл /хэргийн 10-11х/, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт  /хэргийн 12х, 57х/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 189-194х/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч С.Бат-Эрдэнэд 1.200.000 төгрөгийн, Г.Отгонжаргалд 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, нийт бусдад 1.550.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарч байна.  

 

Энэ хэргийн хохирогч Г.Отгонжаргалын хулгайд алдагдсан Acer маркийн нөүтбүүкийг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатараас хураан авч, хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн /хэргийн 10-11х/, шүүхийн шатанд  хохирогч С.Бат-Эрдэнийн 1.200.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатарын 170.000 төгрөгийн  хохирол тус тус нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ илэрхийлсэн баримтыг тус тус шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.Энхмандахаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгч Б.Энхмандах нь урьд:

 

- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 сарын 24-ний өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 сарын 18-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,  

- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 16-ны 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, уг хугацаа нь 2016 оны 06 сарын 14-нийн өдрөөр дуусгавар болох боловч шүүгдэгч нь 2016 оны 01 сарын 20, 2016 оны 03 сарын 01-ны өдөр гэмт хэрэг шинээр үйлдсэн нь шүүхээс ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлах үндэслэл болох юм.

 

Гэвч “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт, “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулж болох” талаар 2015 оны 08 сарын 11-ны  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Иймээс “хорих газраас тэнссэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” тухай Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Энхмандахын Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн /Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дугаартай захирамж/ 01 жил 04 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчийн хувьд ялгүйд тооцох хугацаа үргэлжлэн тоологдож, ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаанд хэвээр хадгалагдах юм.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Энхмандахын дээрх гэм буруутай үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.    

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

2. Мөн шүүгдэгч Б.Энхмандах нь дээрх хулгайн гэмт хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр тооцогдон “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн шатнаас зориуд зайлсхийсэн гэм буруутай гэх үйлдэл  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах байгууллага болон прокурор, шүүхээс дуудсаныг мэдсээр байж зориуд ирэхгүй байх, эрх бүхий албан тушаалтаны зөвшөөрөлгүйгээр байгаа газраасаа урт, бонино хугацаагаар явах, оршин суугаа хаягаа өөрчлөх зэргээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын болон шүүн таслах ажиллагааг тасалдуулж байгаа шууд санаатай үйлдлийг  зориуд зайлсхийсэнд тооцоно.  

 

Хан-Уул дүүргийн дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Малл худалдааны төвийн 2 давхарт “Моо Baby” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрийн лангууны араас хохирогч С.Бат-Эрдэнийн эзэмшлийн Dell маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдаж, 1.200.000 төгрөгийн хохирол учирсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2016 оны 01 сарын 28-ны өдөр 201626030158 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн /хэргийн 1х/ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн, 2012 оны 02 сарын 29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор Б.Энхмандахыг сэжигтнээр тооцож, сэжигтнээр байцаасан /хэргийн 70-73х/,  мөн өдрөөс түүнд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хэргийн 68-69/ баримт хэрэгт авагдсан байхаас гадна 2016 оны 03 сарын 14-ны өдөр мөрдөн байцаагч цагдаагийн а/д Б.Номин-Эрдэнэ шүүгдэгчийг сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл хэргийн 74 талд авагдсан байна.

 

Мөрдөн байцаагч цагдаагийн а/д Б.Номин-Эрдэнэ “сэжигтэн Б.Энхмандахын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй” үндэслэлээр эрүүгийн 201626030158 тоот хэргийг Хэрэг бүртгэх тасагт шилжүүлэн шалгуулах саналыг 2016 оны 03 сарын 15-ны өдөр гаргасныг Хан-Уул дүүргийн  Прокурор 2016 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 сарын 21-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хэргийг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэгт бүртгэх тасагт шилжүүлсэнээр хэрэг бүртгэгч д/гч Б.Туул хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна. /хэргийн 110-113х/

 

Улмаар хэрэг бүртгэгч Б.Туул нь дээрх эрүүгийн хэрэгт /201526030158/ яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх санал /хэргийн 119х/  гаргасныг прокурор 2016 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 сарын 19-ны өдрийн 217 дугаартай тогтоолоор сэжигтэн оргон зайлсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлж, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын 29 дугаартай тогтоолыг мөн өдөр үйлджээ. /хэргийн 102-121/

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх талаарх хэрэгт бүртгэгчийн санал болон прокурорын  тогтоолын агуулга, хууль зүйн үндэслэл зөрүүтэй, шүүгдэгч нь 2016 оны 03 сарын 14-ны өдөр сэжигтнээр дахин байцаагдсан, мөн хэргийн 117 талд буй оргодол эрэн сурвалжлах баримтад алга болсон гэх хугацааг 2016 оны 01 сарын 09-ны өдөр гэж тэмдэглэсэн баримтууд хэрэгт байхад прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 2016 оны 02 сарын 29-ний өдрөөс “хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлсан” мэтээр цаг хугацааг тодорхойлж, яллаж буй нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр шүүгдэгчээс 2016 оны 02 сарын 29-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахад биеийн байцаалт хэсэгт байнга оршин суух хаяг Орхон баймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюут 2-р хороолол, 24-00 тоот, одоо Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Усан сангийн 1-19 тоотод оршин суудаг гэж тэмдэглэгдсэн байх ба дээрх хаягаар шүүгдэгчийг мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудсаар дуудсан, хаяг байршлыг нь шалгасан, тухайн хаягт оршин суудаг этгээдийн талаарх мэдээлэл лавлагааг иргэний бүртгэлийн байгууллага болон зохих шатны /хорооны/ Засаг даргын ажлын албанаас тодруулах, хамаарал бүхий /ах, дүү, садан төрөл, найз нөхөд гэх мэт/ этгээдийг олж тогтоон асууж тодруулах зэргээр тодорхой бодитой байцаан шийтгэх ажиллагааг хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг бүртгэгч гүйцэтгээгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байх тул хэргийн 130-133 талд авагдсан Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд эрэн сурвалжлалт зарласан баримт болон Прокурорын тогтоолыг /хэргийн 121х/ үндэслэн  шүүгдэгч Б.Энхмандахыг “хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалан үлдээхээр шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.     

 

Шүүгдэгч Б.Энхмандах нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр 16-ны өдөр хүртэл сэжигтэн, яллагдагчаар хоног цагдан хоригдсон /хэргийн 126х, 147х, 150х, 197х, 222х, 224х/  нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                   

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Өндөр нар овогт Батхуягийн Энхмандахыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхмандахад эд хөрөнгө хураахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхмандахад оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Энхмандахад Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 04 сар /дөрөв/ 29 /хорин ес/ хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Энхмандахын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг  баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Отгонжаргал, С.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Энхмандах нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Энхмандахад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 10. Ялтан, хохирогч, ирэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай. 

 

  11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Энхмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД