Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00375

 

 

 

 

 

 

 

2021           04            13                                          001/ХТ2021/00375

................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1831 дүгээр магадлалтай,

 

................ын нэхэмжлэлтэй

................д холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын төлбөрт 2,158,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ................гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн төв эмнэлгийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 69-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад иргэн ................ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний эд хөрөнгө болон зорчиж явсан Н.Нандин-Эрдэнийн биед хохирол учруулсан. Түүний буруутай үйлдэл нь хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ................н надад болон Н.Нандин-Эрдэнэд учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл холбоо барихгүй байна. Миний бие авто машины мэргэжлийн үнэлгээчнээр хохирлын үнэлгээ гаргуулсан бөгөөд хохирлын үнэлгээ нийт 1 799 000 төгрөг гарсан. Мөн эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад 120 000 төгрөг, үнэлгээний 75 000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны 88 000 төгрөг, журмын хашааны 76 000 төгрөг, нийт 2 158 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд надад учирсан нийт хохирол болох 2 158 000 төгрөгийг хариуцагч ................гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ................ өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 69-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр авто замын 1 дүгээр эгнээгээр маш хурдтай орж ирэн хурдаа сааруулах ямар ч арга хэмжээ авалгүй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт заасныг зөрчиж миний тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж ноцтой хохирол учруулсан. Цэргийн госпиталийн хойд талын уг зам 3 эгнээ бөгөөд 2 дугаар эгнээнд явж байсан приус-20, 3 дугаар эгнээнд явж байсан приус 11 маркийн тээврийн хэрэгслүүд хурдаа сааруулж зам тавьж өгсөн (миний тээврийн хэрэгсэл Т1-С-200 маркийнх бөгөөд 2, 3 дугаар эгнээний машинуудын дээгүүр ................од маш тод харагдаж байсан) тул би 2, 3 дугаар эгнээг нэвтэрч 1 дүгээр эгнээний дундаас цааш гарсан байсан. Энэ талаар мэдүүлэг дээр тодорхой мэдүүлсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 2 900 400 төгрөг гэж гарсан бөгөөд Эй Би Си ӨҮ ХХК-ийн дэргэдэх вьетнам засварын газраар засвар хийлгэхэд бодит зардал 1 100 000 төгрөг болсон. Мөн тухайн өдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ................ шинжилгээ өгч гэмтлийн зэргээ тогтоолгоход хөнгөн гэсэн дүгнэлт гарсан. Би өөрийн тээврийн хэрэгслийн оношилгоо 88 000 төгрөг, үнэлгээ 78 000 төгрөг, журмын хашааны төлбөр 25 000 төгрөг, нийт 191 000 төгрөгийг холбогдох газруудад төлсөн. Иймд миний гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ................гөөс 2 082 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................од олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................гөөс 48 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1831 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ................ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. 2018.11.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэг /чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл уг эгнээгээр байрлан явахыг хориглоно/ гэснийг зөрчиж миний тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж ноцтой хохирол учруулсан. Гэтэл Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн яг ижил хүчин чадал бүхий заалт байсаар байтал зөвхөн нэг талыг барьж 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгээр намайг буруутгасан. Хэрвээ иргэн ................ дүрмийн заалт зөрчиж нэгдүгээр эгнээгээр яваагүй байсан бол энэ осол гарахгүй байсан. Нэхэмжлэгч ................ нь тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг хэт өндрөөр хийлгэсэн тул энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. (би өөрийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 2,900,400 /хоёр сая есөн зуун мянга дөрвөн зуун/ төгрөг гэж гарсан боловч “Эй Би Си ӨҮ” ХХК-ний дэргэдэх вьетнам засварын газраар засвар хийлгэхэд бодит зардал 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг болсон. /Баримтуудыг хавсаргасан/. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн) Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан машины засварын бодит зардлыг төлөх хүсэлтэй байгаа тул шийдвэр, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгох болон өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор 2,158,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч  зөвшөөрөөгүй маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2,082,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг шийдвэр, магадлалд оновчтой заагаагүй байна.

Шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

1. 2019.06.07-ны өдөр, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн төв эмнэлгийн урд замд ................ нь өөрийн өмчлөлийн Тоёота ланд-200 маркийн 5858 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасныг зөрчиж, ................ын жолоодож явсан 6958 УНА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хор учруулсан буруутай нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Шүүх хохирлын хэмжээг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг  арилгах үүрэгтэй.

Харин тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргасан этгээдийн бусдад учруулсан гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д тусгайлан зохицуулсан тул хохирогч нь өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг тухайн зохицуулалтын дагуу шаардах эрхтэй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв сонгосон атлаа өөр агуулгатай зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг давхар баримталсан нь алдаатай болжээ. Хууль хэрэглээний уг алдааг залруулахаас гадна нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

2. Хариуцагч нь татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байна. Шүүх зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба осол гарсанд нэхэмжлэгч зохих гэм буруутай гэх баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн автомашинд учирсан гэм хорыг багасгах, нэхэмжлэгчид хариуцуулах үндэслэлгүй юм.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1831 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...497 дугаар зүйлийн 497.1...гэснийг 510 дугаар зүйлийн 510.1...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 48,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД