Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 171/2022/0157/Э |
Дугаар | 2022/ШЦТ/178 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө-д холбогдох эрүүгийн 2225000000187 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн **тоотод иргэн Н.Э маргалдаж уг маргааныг салгах гэж байсан Г.Э-н зүүн гуяыг аяганы хэлтэрхийгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **тоотод Х.М-н эрүүн тус газар заазуураар зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” буудалд иргэн С.Ц маргалдаж түүний чихийг хазаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-г хоёр буюу түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ “Тухайн өдөр манай нөхөр над руу залгаад ээжийн бие муу байна охиноо дагуулаад хүрээд ир гэсэн. Охин маань очих боломжгүй байсан болохоор би ганцаараа очсон. Намайг очиход манай хадам дүү би мөнгөгүй байна та эм авч өгөөрэй гэсэн. Тэгээд би мөнгөтэй байсан болохоор эм авахаар явасны дараа манай хадам дүү миний цүнхэнд байсан мөнгийг аваад архи аваад уусан байсан. Мөн би шагийн архи зардаг байсан, зарах гэж байсан 7 ширхэг пиво, 2 шил архийг уусан байсан. Та нар яаж байгаа юм бэ гэхэд Э үсдэж, хоолой боож дарсан тул хэрүүл маргаан үүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Г.Э-т 40 000 төгрөг шилжүүлсэн” гэв.
Хохирогч Г.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч Х.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч С.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Э-н“...2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой “Эгшиглэн соёлын төв”-ийн шинэ жилд оролцоод тэндээсээ дуусаад найз болох У-н Орхон аймаг Баян-Өндөр сумын говил багийн **тоотод ирсэн. Тэднийд ороход Ө сууж байсан. Удалгүй миний эгч Э орж ирсэн Ө та муу сайн пизданууд яахаараа намайг цагдаад барьж өгдгийн Эрдэнэтийн цагдаа нар надад үйлчлэхгүй шүү гээд эгч Э-н үснээс нь зулгаагаад цамцыг нь ураад зодоод байхаар нь би салгах гээд дундуур нь ортол Ө аяга хагалаад миний гуя хэсгийг зүсчихсэн. Эгч Э нь цагдаа дуудаад байж байхад удалгүй цагаа ирээд Ө-г авч явсан. Түргэний машин ирээд хөлийг маань боогоод эмнэлэг авч явсан. Тэгээд эмнэлгийн хүлээн авах дээр ирээд хөлдөө 7 ширхэг оёдол тавиулаад дуусаад гэр лүүгээ явсан. Маш их гомдолтой байгаа ядаж надаас ирж уучлалт гуйгаагүй хүн ш дээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
2. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 126 дугаартай “...Г.Э-нбиед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Зүүн гуянд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн гуянд шарх нь шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
3. Хохирогч Х.М-н“...2022 оны 03 сарын 17-ны өдөр 11 цагийн үед найз Б-н гэрт очсон. Гэрт нь очиход Хялганат гэх газраас ирсэн Б-н найз Г, Б-н хүү З нар байсан. Г-н авчирсан архийг хувааж уусан. Гаднаас Ө гэх хүүхэн, Б, О нар халамцуу “Сүншиг” нэртэй архи аваад ороод ирсэн. Нөгөө гурав орж ирээд архиа уугаад сууж байхад Ө нь надад байсан мөнгө алга болчихлоо, гаргаж өг гээд бид нар луу дайраад байсан. Би түүнийг хэрүүл, маргаан хийгээд хамт орж ирсэн залуучууд руугаа дайраад байхаар нь “айлд орж ирчхээд хэрүүл хийгээд” гэсэн чинь намайг түлхсэн. Би хойшоо болоод орон дээр суухад миний эрүүний баруун талаас цус гарч байсан. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,
4. Гэрч Ж.Б-н “...архи ууж байхдаа Ө надад байсан мөнгө алга болчихлоо гээд Б, О хоёр луу дайраад юм авч шидээд агсан согтуу тавьж эхэлсэн. Тэгж байхдаа зуухны хажуу талд байсан төмөр заазуурыг аваад хүн бүр рүү дайраад байсан. Энэ үед М эгч Ө-г “чи яах гэж айлд согтуу тавиад байгаа юм” гэхэд Ө М эгчийн эрүүг заазуураар зүсээд хойш нь түлхсэн. Энэ үед М эгч хойшоо болоод орон дээр суусан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 264 дугаартай “...Х.М-нбиед доод эрүүний зүүн талд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
6. Хохирогч С.Ц-н “...Тэр эмэгтэй хүнээс буудлын өрөөнүүдийн түлхүүрийг авах гээд хоёр хамгаалагч, буудлын жижүүр эгч хоёр гартай нь ноцолдоод байсан. Би тэгэхээр нь энэ хүн аль халаасандаа хийчихсэн юм бэ гэсэн чинь зүүн талынхаа халаасанд хийсэн гэхээр нь нөгөө хүүхний хоёр гарыг хүн барьж байсан болохоор буудлын түлхүүрүүдийг авах гээд нөгөө хүүхний халснаас түлхүүрийг авсан. Энэ үед буудлын жижүүр эгч чиний зүүн талын чихнээс цус гарч байна гэхээр нь гараа тосоод үзсэн чинь цус гарч байсан. Буудлын жижүүр эгч чиний чихийг тас хазсан байна. Үзүүрийг нь тийшээ нулимчихлаа гэж заахаар нь харсан чинь газар шалан дээр миний чихний тасархай байсан. Тэгэхээр нь чихээ аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,
7. Гэрч Ж.О-н “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цултарган” ХХК-ийн “Хуримт” буудалд жижүүр ажилтай бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ажилтай хоносон. Шөнө 01 цагийн орчим Ц.Ө гэж эмэгтэй, өөрийн нөхөр гэх залуугийн хамт манай буудлын 403 дугаартай өрөөнд орж амарсан. Энэ хоёр хүн архи уусан байсан ч гэсэн бараг эрүүл шахуу байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад 403 дугаартай өрөөнд орж хоносон залуу гарч явсан бөгөөд буудлаас гарахдаа надтай цуг орсон эмэгтэй унтаж байгаа, түүнийг гарахаар нь өрөөгөө хүлээж аваарай гэж хэлсэн. 09 цаг өнгөрч байхад 403 дугаартай өрөөнд орсон эмэгтэй гарч явах гэхээр нь тэр хүнд өрөөний эд зүйлээ үзэж хараад, хүлээж авъя гэж хэлээд дагуулаад орсон. Гэтэл өрөөний орны дэрний уут, дэвсгэр даавуу, цус мэт улаан ягаан өнгийн болон шаргал өнгийн зүйлээр их хэмжээтэй бохирлогдсон байсан. Тэгэхээр нь энэ ор хөнжлийг даавууг цэвэрлүүлэхэд асуудал үүсдэг юм. Цэвэрлэгээний 5000 төгрөг нэмээд өг гэсэн чинь нөгөө эмэгтэй би мөнгө өгөхгүй. Би энэ орон дээр чинь унтаагүй, би ийм болгоогүй гээд надтай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр би тэр 403 дугаартай өрөөнөөс гараад жижүүрийн байр луугаа явж байхдаа мөнгөө авч ирж, үлдээсэн байгаа бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй жижүүрийн өрөөний жижиг цонхоор цээжээ оруулаад ширээн дээр байсан үйлчлүүлэгчдийн бичиг баримт болон буудлын өрөөнүүдийн бүх түлхүүрийг булаагаад авсан. Тэгээд л жижүүрийн өрөө рүү орох гээд дайраад байсан. Тэгж байхдаа би гэрээт харуул хамгаалалтын алба руу дохиолол дарж дуудлага өгсөн. Тэгж байхдаа буудалд байсан хүмүүсийг туслаарай гэж хашхирсан боловч хэн ч гарч ирээгүй. Удаагүй байхад манай гэрээт харуул хамгаалалтын албаны хоёр залуу ирсэн. Тэр хоёр залууд болсон асуудлын талаар энэ хүний авсан иргэдийн бичиг баримт, өрөөний түлхүүрийг аваад өгөөч гэж хэлсэн. Хоёр хамгаалагч нөгөө эмэгтэйгээс түлхүүр болон үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг авах гээд ноцолдож байхад чихээ хазуулсан залуу ирээд өрөө онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ эмэгтэй өрөөнүүдийг түлхүүрийг авчхаад өгөхгүй байна гэж хэлсэн чинь нөгөө залуу хамгаалагч нартай нийлж түлхүүр авах гэж байгаад зүүн талын чихээ нөгөө эмэгтэйд хазуулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 348 дугаартай “...С.Ц-н биед зүүн чихний омогт 1 тооны хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн **тоотод иргэн Н.Э маргалдаж уг маргааныг салгах гэж байсан Г.Э-н зүүн гуяыг аяганы хэлтэрхийгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **тоотод Х.М-н эрүүн тус газар заазуураар зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” буудалд иргэн С.Ц маргалдаж түүний чихийг хазаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Ө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 24 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ө-н үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурортой ял тохирсон тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Э-н“...Э-н үснээс нь зулгаагаад цамцыг нь ураад зодоод байхаар нь би салгах гээд дундуур нь ортол Ө аяга хагалаад миний гуя хэсгийг зүсчихсэн. Тэгээд эмнэлгийн хүлээн авах дээр ирээд хөлдөө 7 ширхэг оёдол тавиулаад дуусаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 126 дугаартай дүгнэлт, хохирогч Х.М-н“... “айлд орж ирчхээд хэрүүл хийгээд” гэсэн чинь намайг түлхсэн. Би хойшоо болоод орон дээр суухад миний эрүүний баруун талаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-н “...Ө М эгчийн эрүүг заазуураар зүсээд хойш нь түлхсэн...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 264 дугаартай дүгнэлт, хохирогч С.Ц-н “...буудлын жижүүр эгч чиний зүүн талын чихнээс цус гарч байна гэхээр нь гараа тосоод үзсэн чинь цус гарч байсан. Буудлын жижүүр эгч чиний чихийг тас хазсан байна. Үзүүрийг нь тийшээ нулимчихлаа гэж заахаар нь харсан чинь газар шалан дээр миний чихний тасархай байсан. Тэгэхээр нь чихээ аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.О ын “...энэ эмэгтэй өрөөнүүдийн түлхүүрийг авчхаад өгөхгүй байна гэж хэлсэн чинь нөгөө залуу хамгаалагч нартай нийлж түлхүүр авах гэж байгаад зүүн талын чихээ нөгөө эмэгтэйд хазуулчихсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 348 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн **тоотод иргэн Н.Э маргалдаж уг маргааныг салгах гэж байсан Г.Э-н зүүн гуяыг аяганы хэлтэрхийгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **тоотод Х.М-н эрүүн тус газар заазуураар зүсэж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” буудалд иргэн С.Ц маргалдаж түүний чихийг хазаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Ц.Ө-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр ба түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаардах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ө нь 24 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц, Г.Э, Х.М нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч Ц.Ө-с хохирол нэхэмжлээгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар заазуур, аяганы хагархай хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-г 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-н цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялаас хасч, шүүгдэгч Ц..Ө-н эдлэх ялыг 1 сар 6 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4.. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 1 сар 6 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг заазуур, аяганы хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС