| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00287/и |
| Дугаар | 288 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ93072049, Х овогт Ц-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, 8-17 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ90101256, Ш овогт Л-ийн Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав,нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Б-той 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Х-ийг төрүүлсэн. Бид хүүтэйгээ нөхрийн аавынд цуг элэг бүтэн сайхан амьдарч байсан. Улмаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бид хоёрт шинэ гэр барьж өгч, албан ёсоор хуримаа хийсэн. Миний хүү Х нь 6 сартай дутуу төрсөн бөгөөд саажилттай, байнгын эмчилгээтэй, хэвтэрт байдаг. Л.Б-дын зүгээс хүүхэддээ нэг ч удаа анхаарал, халамж тавьж байгаагүй учраас би өөрийн аавындаа амьдрахаар явсан. Би хувьдаа нөхрөө хүүхдээ санаад хүрээд ирэх болов уу гэж хүлээсэн боловч нэг ч удаа ирээгүй, утсаар ярилгүй явсаар 4 жилийн хугацаа өнгөрсөн. Л.Б тусдаа амьдрал зохиосон тул миний гэрлэлтийг цуцалж, хүү Х-ийг миний асаргаанд үлдээж, эцэг Л.Б-оос тэтгэлэг тогтоож өгнө үү. Л.Б бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц бид хоёр 2012 онд гэр бүл болоод тус ондоо хүү Х-ыг төрүүлсэн. Бид хоёр гэр бүл болсноос хойш ямар нэгэн хэл ам, хэрүүл маргаан гардаггүй байсан. Эхнэр маань надтай амьдарч байх хугацаандаа намайг барилгын ажил хийхээр явсан хойгуур ямар ч хэл үггүй өөрийнхөө аавынх руугаа явчихдаг байсан. Тэгээд би өөрөө очиж гуйж гэртээ авчирдаг байсан. Иймэрхүү байдалтай 1 жил гаруй болсон бөгөөд манай ээж эхнэрийг гэдэс дотор цэвэрлэж чаддаггүй, гэрийн ажил хийж чадахгүй байна, охиноо ажил хийлгэж сургахгүй яасан юм гэж хоёр ээж хэрэлдсэнээс болоод эхнэр маань өөрийнхөө гэр лүү хүүгээ орхиод 2013 онд явсан. Хүүг маань ээж, бид хоёр асарч байсан ба бие нь өвдөхөөр эмчид үзүүлэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэхэд би эхнэртээ очиж хэлэхэд эхнэр маань хүүгээ эмнэлэгт эмчлүүлж байгаад гэр лүүгээ аваад явсан. Тэгээд би эхнэртэйгээ уулзахаар очиход хадам аав намайг цагдаа дуудаж өгсөн. Тэгээд эхнэр маань гэртээ ирэхгүй байсаар 4 жил шахам хугацаа өнгөрсөн байна. Ц.Ц тусдаа амьдралтай болсон. Надад эхнэр, хүүхдээсээ салах ямар нэг санаа бодол байхгүй. Би хүүгээ өөр дээрээ аваад эмчилгээ хийлгээд ядаж хөл дээрээ босдог болгомоор байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Л.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Ц, Л.Б нар 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Х төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2013 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй тогтоогдож байх тул Ц.Ц, Л.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Х-ийг хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгахаар шаардсан байх ба хүүхдийн нас, 2012 оноос хойш байнга эхийн асрамжид байсан зэрэг байдлыг харгалзан хүү Б.Х-ийг эх Ц.Ц-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Х-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Л.Б-р сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Ц.Ц-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-с 100.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ц-ын Ц, Ш овогт Л-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Х-ийг эх Ц.Ц-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Х-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-с 100.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ