Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн 2225000000137 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **тоотод 2022 оны 02 сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж Т.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Т.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.Б-н “...Гэртээ сууж байтал хүргэн Г орж ирээд агсам тавьж нөхөр Х рүү дайрч зодож, цохисон дараагаар нь миний хүү Э руу дайрсан. Хүү Э гэрээс гарах үед хүргэн Г араас нь хөөгөөд гарах шиг болсон. Тэгээд нөхөр Х гэрээс гараад Г-г барьж аваад гарыг нь хүлээд гэрт нь оруулчихаад буцаад гэртээ ороод ирсэн. Би гэрээсээ гараад хүргэний гэрт ороход Г нь миний охин Э-тай маргалдаж байхаар нь очиж болиулах гэж байтал гараараа миний ам хэсэг рүү цохиж миний нэг шүдийг унагаагаад гэрээс гараад явсан. Миний дээд талын үүдэн нэг шүд унасан...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 6, 8 дахь тал/

2. Насанд хүрээгүй гэрч Х.Э-н “...2022 оны 02 сарын 19-ний өдөр 22-23 цагийн үед хүргэн ах Г орж ирээд аавтай маргалдаж аав руу дайрч аавыг газарт унагаасан, энэ үед би орон дотроо хэвтэж байгаад босоод гутлаа өмсөж байтал над руу дайрч газарт унагааж, миний хоолойг боож намайг гараараа цохиж байх үед би гэрээс гарчихсан. Эгч Э-тай маргалдаж түүн рүү дайраад байхаар нь ээж бид хоёр болиулах гэж байтал гараараа ээжийг цохиж ээжийн шүдийг нь унагаагаад гараад зугтаачихсан Г нь миний толгой хэсэг рүү гараараа цохиж миний хоолойг боосон өөрөөр зодож цохисон зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/

З. Гэрч Б.Х-н “...Г-н араас нь очиж татаад газарт унагаж байгаад хоёр гарыг нь ард нь хүлээд гэрт нь оруулаад суулгачихаад цагдаа дуудсан юм. Цагдаа ирэхийг хүлээгээд гэртээ ороод байж байсан цагдаа ирэх үед эхнэрийн амнаас цус гарч байсан, юу болсон талаар асуухад шүд уначихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн №185 дугаартай “Т.Б-н биед нэг шүдний булгаралт, нэг шүдний ганхалт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор ба гадна тал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/

6. Яллагдагч Ч.Г “...миний гарын хүлээсийг эхнэр тайлсан ба би буцаад эхнэртэйгээ маргалдаж байх үед хадам ээж Б орж ирээд над руу дайрч байсан энэ үед би гараа урагшаа хойшоо савж байх үед хадам ээжийн ам руу цохисон. Хадам ээж над руу дайрч байх үед миний гар хадам ээжийн ам хэсэгт хүрсэнийг санаж байна. Тухайн үед шүд нь унасан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **тоотод 2022 оны 02 сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж Т.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-н “...Би гэрээсээ гараад хүргэний гэрт ороход Г нь миний охин Э-тай маргалдаж байхаар нь очиж болиулах гэж байтал гараараа миний ам хэсэг рүү цохиж миний нэг шүдийг унагаагаад гэрээс гараад явсан. Миний дээд талын үүдэн нэг шүд унасан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Э-н “...Эгч Э-тай маргалдаж түүн рүү дайраад байхаар нь ээж бид хоёр болиулах гэж байтал гараараа ээжийг цохиж ээжийн шүдийг нь унагаагаад гараад зугтаачихсан Г нь миний толгой хэсэг рүү гараараа цохиж миний хоолойг боосон өөрөөр зодож цохисон зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н “...Цагдаа ирэхийг хүлээгээд гэртээ ороод байж байсан цагдаа ирэх үед эхнэрийн амнаас цус гарч байсан, юу болсон талаар асуухад шүд уначихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №185 дугаартай дүгнэлт, яллагдагч Ч.Г мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 02 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж Т.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-н эрүүл мэндэд нь нэг шүдний булгаралт, нэг шүдний ганхалт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор ба гадна тал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС