| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0101/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэзул |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Ш.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ц-д холбогдох эрүүгийн 2225001300130 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ш.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Ч.Н-г өшиглөсний улмаас хувцасны шүүгээ мөргөж, нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсэг, нүдний салстад цус хуралт” гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ц мэдүүлэхдээ “Өмнө нь эхнэрээ зодож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо эвлэрсэн мөн торгуулийн мөнгийг төлнө” гэв.
Хохирогч Ч.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.Н-н “...2022 оны 02 сарын 03-ны өдөр буюу шинийн гуравны өдөр манай гэрт 15 цаг өнгөрч байхад хадам аав Ш, хадам дүү М нар ирсэн. Нөхөр Ц нэг шил архи гаргаж, аавтайгаа хувааж уусан. Хадам аав халамцуу байсан ба намайг чи хүүхдүүдээ аваад явна уу өөрөө мэд, би чамаас хүүгээ салгаж авна. Чи нүцгэн ирсэн, нүцгэн зайлаарай гээд байсан. Нөхөр надад чиний эцэг гэж хар Ч гэж нусаа гоожуулсан гуйлгачин байсан, чиний хэдэн эгч нар бүгдээрээ янхан, чи зайлаарай гээд байсан. Хадам аав чи миний хүүхдийг байхгүйд хар машинтай хүнтэй явдаг, би камераар бичиж авсан. Чиний нөхрүүд энүүгээр дүүрэн байгаа гээд байсан. Намайг хөөгөөд байхаар нь би шкафнаас куртикээ авах гээд онгойлгоход нөхөр маань араас хүзүү рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би урагшаа болж, шкаф мөргөсөн. Тэгэхээр нь би 6 настай хүүгээ аваад гэрээс гарч зугтаасан. Гудамжинд өөдөөс манай охин 19 настай С, 16 настай Т нар ангийнхаа хүүхдийн машинтай ирсэн. Би машинд суух гэхэд нөхөр араас ирж, охин С-г үсдэж дараад нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэхэд хамт ирсэн нь залуу нь салгасан. Би нөхөртэйгээ амьдраад 22 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,
2. Гэрч Ц.С-н “...2022 оны 02 сарын 03-ны өдөр **тоот гэртээ байж байхад 18 цагийн үед ээж Н уйлчихсан залгаад “аав чинь зодоод байна, хүрээд ир гэхээр нь найз А болон дүү Т-н хамт Цагаанчулуут **тоот гэр лүүгээ яваад очиход ээж бага дүү хоёр хашааны буланд нуугдчихсан, уйлаад байж байсан. Би ээжийг машинд суулгаад хөдлөх гэхэд аав Ц, өвөө Ш, аавын дүүгийн хүүхэд М нар машинтай яг өөдөөс ирэхээр нь ээж машинаас буугаад гэрээс хувцасаа авъя гэж хэлсэн чинь өвөө, аав хоёр машинаас бууж ирээд зодох гээд дайраад ээжийг хэл амаар доромжлоод байсан. Би ээжийн урдуур ороход намайг үсдэж аваад унагаагаад толгой, нүүр лүү өшиглөсөн. Дүү Т-г үсдээд толгой руу нь цохьсон байсан. Би цагдаа дуудаад байж байсан ба гудамжинд явж байсан хүмүүс салгахаар нь ээж дүү бид гурав зугтаад гудамжны үзүүрт нуугдаад байж байхад цагдаа нар ирсэн. Бид гурвыг очиход аав зугтаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
3. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 147 дугаартай “...Ч.Н-н нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсэг, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсэг, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
4. Ш.Ц-н “....Аав согтчихоод манай эхнэрийг өөр хүнтэй явалдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэртэйгээ муудалцсан. Эхнэр явлаа гээд хувцасны шүүгээнээс хувцасаа авах гээд шүүгээ ухахаар нь би араас нь нуруу руу хөлөөрөө жийчихсэн. Эхнэр урагшаа хувцасны шүүгээ мөргөөд нүдний доод хэсэг нь шалбарчихсан. Би аав, дүү М-н хамт хашаанаас гарахад манай том охин С, Т, эхнэр, бас нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Манай том охин учир зүггүй аавыг маань цохиод байсан. Би охиндоо яагаад өвөөгөө зодож байгаа юм бэ гэхэд өөдөөс дунд хуруугаа гаргахаар нь би охиноо үсдэж авахад эхнэр манай 2 охин над руу дайрсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Ц нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Ч.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Н-н “...Намайг хөөгөөд байхаар нь би шкафнаас куртикээ авах гээд онгойлгоход нөхөр маань араас хүзүү рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би урагшаа болж, шкаф мөргөсөн. Тэгэхээр нь би 6 настай хүүгээ аваад гэрээс гарч зугтаасан. Гудамжинд өөдөөс манай охин 19 настай С, 16 настай Т нар ангийнхаа хүүхдийн машинтай ирсэн. Би машинд суух гэхэд нөхөр араас ирж, охин С-г үсдэж дараад нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэхэд хамт ирсэн нь залуу нь салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.С-н “...ээж бага дүү хоёр хашааны буланд нуугдчихсан, уйлаад байж байсан. Би ээжийг машинд суулгаад хөдлөх гэхэд аав Ц, өвөө Ш, аавын дүүгийн хүүхэд М нар машинтай яг өөдөөс ирэхээр нь ээж машинаас буугаад гэрээс хувцасаа авъя гэж хэлсэн чинь өвөө, аав хоёр машинаас бууж ирээд зодох гээд дайраад ээжийг хэл амаар доромжлоод байсан. Би ээжийн урдуур ороход намайг үсдэж аваад унагаагаад толгой, нүүр лүү өшиглөсөн. Дүү Т-г үсдээд толгой руу нь цохьсон байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 147 дугаартай дүгнэлт, Ш.Ц-ий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Ч.Н-г гэрээсээ хөөж, нуруунд нь өшиглөж, хувцасны шүүгээ мөргүүлэн, нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсэг, нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Ц нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Н-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар улсын яллагч болон шүүгдэгчээс санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-н биед нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсэг, нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС