Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2125003010073 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэсвгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт байрлах лангуунаас Ж.Б-н I Phone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “8 дугаар сарын 30-ны өдөр архи уусан, согтуудаа Теди төвд гар утас зардаг залуугийн лангуун дээр гар утас цэнэглэж байхаар нь авчихсан. Согтуудаа танихгүй хүнд зарсан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний буруу” гэв.

 

Хохирогч Ж.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд 1 350 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ж.Б-ийн “Би 2021 оны 08 сарын 30-ны өдрийн өглөө 10 цаг 20 минутийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт байрлах ажил дээрээ байж байсан чинь гаднаас зүс таних 30-35 орчим насны эрэгтэй, саарал өнгийн биеийн тамирын цамц, малгайтай эрэгтэй хүн орж ирж хоёр нокио маркийн гар утас авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авахгүй гэж хэлсэн чинь цэнэглээд өг гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас нэг хүн орж ирж самсунг с-6 маркийн гар утас үзэж авахаар болж худалдаж авсан.Тэгээд тэр хүн гар утсаа авч мөнгө өгөхөөр нь би хариулж мөнгө өгөх гэсэн чинь бутлахгүй болохоор нь 20 000 төгрөг бутлах гэж С-н лангуун дээр очиж мөнгө бутлуулчихаад ирсэн чинь зүс таних 30-35 насны саарал малгайтай залуу яваагүй зогсож байсан. Тэгээд би гар утсаа үзсэн чинь миний Phone 11 маркийн гар утас байхгүй байсан. Би тухайн үед гар утсаа лангууны доор үлдээсэн байсан юм. Тэгээд удаачгүй надаас самсунг с-6 маркийн гар утас авсан залуу гаднаас орж ирж утсан дээрээ play story суулгая гэж орж ирэхээр нь миний гар утсыг авсан уу гэж асуусан чинь үгүй ээ түрүүн энд зогсож байсан эрэгтэй хүн авсан гэж надад хэлсэн, Хар өнгийн I Phone 11 маркийн 64 GB, өнгөгүй булантай хамгаалалтын гэртэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Улаанбаатар хотоос 2021 оны 07 сарын 05-ны өдөр 1 350 000 төгрөгөөр худалдан авч байсан юм...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/

2. “Ашид Билгүүн” ХХК үнэлгээний газрын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/1736 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

3. Яллагдагч Б.Э-н “2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт явж байгаад утас засварын газраас лангуун дээр байсан I Phone 11 маркийн гар утсыг авч хувь хүнд 50 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хаана зарсан талаараа сайн мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл авах гэж хулгай хийсэн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор би хулгай хийж олсон 50 000 төгрөгөөр архи согтууруулах ундааны зүйл авсан…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

4. Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэсвгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт байрлах лангуунаас Ж.Б I Phone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугуулж бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хохиролд 1 350 000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-н “...Тэгээд би гар утсаа үзсэн чинь миний Phone 11 маркийн гар утас байхгүй байсан. Би тухайн үед гар утсаа лангууны доор үлдээсэн байсан юм. Тэгээд удаа ч үгүй надаас самсунг с-6 маркийн гар утас авсан залуу гаднаас орж ирж утсан дээрээ play story суулгая гэж орж ирэхээр нь миний гар утсыг авсан уу гэж асуусан чинь үгүй ээ түрүүн энд зогсож байсан эрэгтэй хүн авсан гэж надад хэлсэн, Хар өнгийн I Phone 11 маркийн 64 GB, өнгөгүй булантай хамгаалалтын гэртэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Улаанбаатар хотоос 2021 оны 07 сарын 05-ны өдөр 1 350 000 төгрөгөөр худалдан авч байсан юм...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн “Ашид Билгүүн” ХХК үнэлгээний дүгнэлт, яллагдагч Б.Э-н “...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт явж байгаад утас засварын газраас лангуун дээр байсан I Phone 11 маркийн гар утсыг авч хувь хүнд 50 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хаана зарсан талаараа сайн мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл авах гэж хулгай хийсэн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор би хулгай хийж олсон 50 000 төгрөгөөр архи согтууруулах ундааны зүйл авсан…гэх мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэсвгэрт байрлах Тэди худалдааны төвийн 3 давхарт байрлах лангуунаас Ж.Б-н I Phone 11 загварын гар утсыг авч 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-д 1 350 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Э-с 1 350 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Б-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС