| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00342/И |
| Дугаар | 102/ШШ2018/01027 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2018/01027
| 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2018/01027 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ФБ ХХК-ийн,
Хариуцагч: П ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ФБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компани 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Пэслтэ ХХК-ийн захиалгаар гүний худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэн, 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Хугацааг 3 хоног байхаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу ажлын нийт хөлс 8,100,000 төгрөг байхаар тохирч, үүнээс 1,000,000 төгрөгийг захиалагч өгсөн. Үлдэгдэл 7,100,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр гэрээнд заасан боловч захиалагч нь тохирсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 7,100,000 төгрөг, түүний алданги 3,550,000 төгрөг, нийт 10,650,000 төгрөгийг Пэслтэ ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч байгууллагын захиралтай бид утсаар холбогдож ярилцсан бөгөөд, хариуцагчаас шаардаж буй алдангийг 50 хувиар бууруулж 1,775,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж, нэхэмжлэл энэ хэмжээгээр багасч, бүгд 8,875,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ФБ ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 7,100,000 төгрөг, алданги 3,550,000 төгрөг, нийт 10,650,000 /арван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд хариуцагч П ХХК-иас алдангид шаардсан 3,550,000 төгрөгийн 50 хувь буюу 1,775,000 төгрөгийг хасч нэхэмжлэлээ багасган, нийт 8,875,000 /найман сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцсэн байх тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэлээ.
Хариуцагч П ХХК-ийн захирал Т.А нэхэмжлэлийн хувийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 21/
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ФБ ХХК нь П ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгоны 150/152 тоотод гүний худаг өрөмдөх ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр гүйцэтгэгч нь худаг өрөмдөх ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, ажлын хөлс 8,100,000 төгрөг байхаар тохиролцож, хөлсийг 4 хувааж төлөхөөр хуваарь гарган, гэрээний талууд гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулжээ. /хх 5, 6/
Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна.
Нэхэмжлэгч ФБ ХХК нь гэрээнд заасан газарт гүний худаг өрөмдөх үүргээ биелүүлсэн байх боловч хариуцагч П ХХК нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, тодруулбал, хуваарийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлөх 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 7,100,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийн үлдэгдэл 7,100,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг төлөөгүй бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байх тул гүйцэтгэгч ФБ ХХК нь захиалагч П ХХК-иас алданги шаардах эрхтэй байна.
Дээрх байдлаар талуудын байгуулсан гэрээнд болон хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол алдангийн хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул нэхэмжлэгч нь ажлын хөлс 7,100,000 төгрөгийн тал хувь буюу 3,550,000 төгрөгийг алдангид тооцсон ч, хариуцагч талд хөнгөлөлт үзүүлэн алдангийг дахин 50 хувь бууруулж, 1,775,000 төгрөг гаргуулахаар багасган шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүх ФБ ХХК-ийн П ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 8,875,000 /найман сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ФБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.С