Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Бээжин |
Хэргийн индекс | 179/2022/0201/Э |
Дугаар | 2022/ШЦТ/204 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Б.С***********в нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********гийн С***********вт холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б.С***********в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 13-04 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.С***************тэй маргалдаж улмаар нүүр хэсэг нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С***********в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 13-04 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.С***************тэй маргалдаж улмаар нүүр хэсэг нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С***********вын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 14 цаг болж байхад С*************** над руу утасдаад тал дээр архи ууж байна хүрээд ирээч гэсэн. Би тухайн үед дүүгийнхээ сургуулийн зам дээр School Police хийж орой 19 цаг хүртэл зам дээр зогссон. С*************** намайг өдөржингөө л хүрээд ир гээд залгаад байсан юм. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад би тэдний гэрт яваад очиход С*************** нэлээн согтсон гэртээ байсан. Намайг ороход ганц шил архи аваад ирээч хоёулаа юм яриад ууж сууя гээд байхаар нь би дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи аваад буцаад С***************ийн гэрт ороод бид хоёр тэр архийг хувааж уусан. Архи ууж байхад С*************** маш их согтоод агсрах маягтай болсон. С*************** архи ууж байхдаа миний бие, толгой руу цохиод байсан. Тэгснээ хүүхдүүд рүүгээ агсраад хараагаад, хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа С***************ийн уруул руу алагдсан. Тэр үед С***************ийн уруулаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хх 12-13, 29, 31х),
Хохирогч О.С***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой би дунд хүү болох 6 настай Оргилболд, 2 настай Мишээл нарын хамт гэртээ байж байтал гаднаас миний танил С***********в манайд орж ирсэн. С***********выг орж ирэхэд би өөрөө архи уучихсан халамцуу байсан. Тэгэхдээ би өөрийгөө хянах чадвартай байсан. С***********в гэрээс гарч дэлгүүр ороод 0,75 литрийн архи аваад буцаж орж ирсэн. ... бид хоёр хувааж уусан. Тэр архийг ууж дуусгаад бид хоёрын дунд үл ойлголцол болж бид хоёр маргалдсан. Би С***********выг яв би хоёр хүүхэдтэйгээ унтмаар байна гээд гэрээсээ хөөсөн. Тэр үед С***********в манайд хононо гээд байсан. Тэгснээ гэрээс миний гар утас, хаалганы рүүчиг аваад гараад явсан. Би араас нь гар утас, хаалганы рүүчиг аваад ир гэж орилсон чинь С***********в эргэж орж ирсэн. Чамайг цагдаад өгнө гэсэн чинь миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл уруулаас цус гарсан. Би цусаа хараад сэхээ орсон. Цохиулсны дараа хэсэг манарсан юм. Би тэгээд гар утсаараа цагдаа дуудсан...би гомдолтой байна. Би гоо сайхан, сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-7-8, 10х),
Насанд хүрээгүй гэрч С.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Саамаа ах манайд орой ирсэн. Саамаа ах, ээж хоёр архи уусан. Саамаа ах гарахдаа ээжийг цохисон. Саамаа ах ээжийн гар утсыг авч зугтаагаад байсан. Тэгээд ээжээс нуугаад надаа өгсөн. Саамаа ах жижиг цонхоор гараад зугтаасан. ... ээжийн амнаас цус гарсан. Амыг нь сэтэртэл цохисон...” гэх мэдүүлэг (хх-12-16х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаартай:
1. 2. О.С***************ийн биед уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Уруулын шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
5. О.С***************ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-19х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Мянгад овогт Б***********гийн С***********вын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-35х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-36х), Б.С***********вын үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн лавлагаа (хх-37-43х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С***********в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 13-04 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.С***************тэй маргалдаж улмаар нүүр хэсэг нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.С***********вын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч О.С***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-7-8, 10х),
Насанд хүрээгүй гэрч С.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-16х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаартай дүгнэлт (хх-19х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С***********выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.С***********в нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.С***********в нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.С***********в нь хохирогч О.С***************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.
Хохирогч О.С*************** шүүгдэгчээс гоо сайхны хохирол болон сэтгэл санааны хохирол нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогч нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч нь 2,000,000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С***********выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С***********в нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Б.С***********вт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С***********в нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянгад овогт Б***********гийн С***********выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б***********гийн С***********выг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С***********в нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.С***********в нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.С***********вын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.С*************** 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С***********вт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН