Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

 

   

       2022        04        18                                         2022/ШЦТ/51   

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                   С.Б,

Улсын яллагч                                                      Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    С.Ч,

Шүүгдэгч                                           Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2204000050024 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул  аймгийн Шарын гол суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Э-н А /РД:/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 04 тоотод орших гэртээ хохирогч Х.Г-тай “хүүхэд айлгалаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар сэрээ шидэж биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл /PL/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “... 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө манай гэрт найз Б.О өөрийн хамтран амьдрагч Х.Г гэх залуутай хамт ирсэн. Тухайн үед миний төрсөн өдөр болж байсан учир бид нар нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд Х.Г манай нөхөртэй муудаад байхаар нь би болиулах гэсэн  боловч болихгүй байсан юм. Тэгээд манай бага охин айгаад уйлаад байхаар нь би Г-ыг “боль” гээд ширээн дээрээс сэрээ аваад шидсэн чинь Х.Г-н зүүн нүдийг оночихсон.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэм хорын хохиролд нийт 18,973,100 төгрөг төлж барагдуулсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс, хх-ийн 76-р хуупас/,

Хохирогч Х.Г-н шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 15-16-р хуудас/,

Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2300 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/,

Х.Г-н 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-ийн 38-50-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 80-88-р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,

Э.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89-р хуудас/,

Хохирол төлбөр төлсөн гэх шүүгдэгч Э.А-н ХААН банкны 5012098847 дугаарын депозит дансны хуулга, мөнгө хүлээлцсэн баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 04 тоотод орших гэртээ хохирогч Х.Г-тай “хүүхэд айлгалаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар сэрээ шидэж биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл /PL/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Х.Г-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.А-н хохирогч руу сэрээ шидэх үйлдлээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:

- Хохирогч Х.Г-н шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр Б.О-тэй Багануур дүүрэгт ирсэн. Ингээд тухайн өдрийн орой эхнэр “манай найз А-н төрсөн өдөр болж байгаа” гээд гэрт нь буюу Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 04 тоотод очиж А, Ж, О бид 4 төрсөн өдөр тэмдэглэсэн. Ууж байгаад бид согтоцгоосон ба согтуу байсан болохоор хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдсан. Ж бид хоёр маргалдаад харилцан зодолдоод би Ж-н шанаа хэсэгт 2 удаа, Ж миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн үед бид хоёр тайвшираад салцгаагаад байж байтал А-н хүүхэд уйлаад байсан юм. Тэгтэл А “хүүхэд айлгалаа” гээд ширээн дээр байсан сэрээг аваад шидтэл миний зүүн нүдийг оноод гэмтээсэн. Гэм хорын хохиролд надад нийт 18,973,100 төгрөгийг өгсөн. Надад гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 15-16-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/,

- Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай эхнэрийн найз О гэх хүүхэн нөхөр Г-н хамтаар манай гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 04 тоотод “идэш авахаар Улаанбаатар хотоос явж байгаа” гээд ирсэн юм. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад хотоос хүн ирлээ гээд 0.75 литрийн архи авч Г бид хоёр хувааж уусан. А, О нар 2 пиво уусан. Тэгээд сууцгааж байтал Г нь эхнэр О рүү “чи бол янхан” гээд агсраад байсан. Би боль гээд салгах гэхэд уурлаад миний нүүр рүү хоёр удаа цохиод авсан. Тухайн үед манай 1 настай охин уйлсан ба эхнэр А уурлаад “хүүхэд айлгалаа” гээд хажуудаа байсан сэрээг Г руу аваад шидсэн. Тэгтэл түүний зүүн нүдийг оноод цус гарсан. Тэгэхээр нь сандраад эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь нүд нь гэмтсэн байна гэсэн.” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Б.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Г-н хамт  найз О гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 04 тоотод очсон. Тэгээд найз А түүний нөхөр Ж, Г бид дөрөв нийлээд сууцгаасан. Г согтоод “би гарлаа” гээд байхаар нь араас нь гартал “чи найзындаа унт, би машиндаа унтлаа" гээд байсан. Тэгээд буцаад гэрт орж ирээд сууж байтал Г над руу согтуурахаад орилоод байсан ба Ж “хүүхэд уйллаа, унт” гэхэд Г Ж-тэй маргалдаад хоорондоо зууралдаад хоёр биенээ цохиж байгаа харагдсан. Гэтэл А “хүүхэд айлгалаа” гэж уурлаад хажуудаа байсан сэрээг аваад шидсэн, тэгтэл Г-н зүүн нүдэнд оносон. Эмнэлэгт үзүүлэхэд “зүүн нүд нь цоорсон байна, хот руу явуул” гэсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2300 дугаартай: “1.Х.Г-н биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл /PL/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/,

- Х.Г-н 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхэнд: “зүүн нүд чинэрч торж өвдөнө, юм харахгүй” гэжээ /хх-ийн 38-50-р хуудас/,

- 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар “мөнгөлөг өнгийн төмөр 1 ширхэг сэрээг хураан авсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.А-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2300 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/, хохирогч Х.Г-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 38-50-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт нийт 18,973,100 төгрөгийг Х.Г-д төлж барагдуулсан /хх-ийн 57-65-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/ байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн байцаалтад мэдүүлсэн байна.

Хохирогч Х.Г-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь үлдэц, уршигт хүнд гэмтэл бөгөөд цаашид эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй. 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Э.А-г хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг тус тус гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч Э.А-н өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй. Э.А нь нөхөр, 2-10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Одоо өөрөө бие давхар байгаа. Хохирогчид учирсан гэм хорын хохиролыг төлж барагдуулсан. Иймд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд зааснаар ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж  өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.А гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардал болох 18,973,100 төгрөгийг төлж барагдуулсан. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Э.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд ажил хийдэггүй, гэртээ бага насны хүүхдээ асрамжлан хардаг, мөн 10-11 долоо хоногтой жирэмсэн болох нь Э.А-ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар /хх-ийн 59, 80-88-р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэв.

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн мөнгөлөг өнгийн төмөр 1 ширхэг сэрээг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Э-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Э-н А-д 12,000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 /хорин дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.А-д  мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А нь хохирогч Х.Г-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 18,973,100 /арван найман сая есөн зуун далан гурван мянга нэг зуу/-н төгрөгийг төлж барагдуулсныг баталж, хохирогч Х.Г нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдох зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн мөнгөлөг өнгийн төмөр 1 ширхэг сэрээг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Э.А-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН