| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00746/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 316
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ЧЖ72041609, Хөндлөн овгийн Мааманхүүгийн Насанбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11.121.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Насанбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч Э.Басанханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Насанбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч С.Алтантуяад үзүүлэхэд “Таны нүдэнд “Ретиналамин” гэх тариаг хийнэ, Оргил гэх аптект байдаг” гэсэн бөгөөд тариаг авч ирж өгөхөд зүүн нүдэнд зүгээр хийсэн. Баруун нүдэнд тариаг 2 удаа хатгаж хийснээс баруун нүд огт хараагүй болсон. “Нүд харахгүй байна” гэж эмчид хэлэхэд “Та яаралтай Улаанбаатар хот яв” гэж хэлсэн. Ингээд баруун нүд хараагүй болж 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу онгоцоор явсан. Улаанбаатарт “Орбита” нүдний эмнэлгийн эмч Үенд үзүүлэхэд “Яаралтай мэс заслын хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баруун нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Уг хагалгаа нь бүтэн унтуулагатай 4 цаг үргэлжилсэн. Хагалгааны дараа нүдэнд хараа орсон боловч урьдны байдлаасаа муу харах болсон. Би энэ талаар Увс аймгийн Цагдаагийн газарт хандаж шалгуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эмч С.Алтантуяагийн буруутай үйл ажиллагааны улмаас миний нүдэнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон юм. Эмч С.Алтантуяагийн буруутай үйлдлээс болж миний баруун нүдний хараа огцом буурч бүдэг харах болсон ба надад 11.121.850 төгрөгийн хохирол учирсан. Эмчилгээний зардлуудад Орбита нүдний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн 3.500.000 төгрөг, онгоцны зардал 203.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн зардал 60.000 төгрөг, Улаанбаатар хот руу өөрийн машинд бензин хийж явсан бензиний зардалд 765.000 төгрөг, шаргалжуут рашаан сувилалд эмчлүүлсэн зардал 171.050 төгрөг /нийт 609.000 төгрөг байсан ба Хөдөлмөр халамж үйлчилгээниий газраас авсан 437.950 төгрөгийг хассан/, Орбита эмнэлэгт хяналтын үзлэг хийлгэсэн 110.000 төгрөг, дэлгүүрт хөлсөөр худалдагч ажиллуулахад төлсөн зардал 3.600.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх явцад бензин тос, хүнсний зардалд 1.250.000 төгрөг, байрны хөлс 600.000, гандан хийд, эм тарианд 880.000 төгрөг, Өндөрхангай сумаас Улаангом хоёрын хооронд шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирсэн замын зардал 120.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал /ирэх, буцах/ 127.800 төгрөг, өмгөөлөгчийн буудлын зардал 35.000 төгрөг, нийт 12.221.850 төгрөг, үүнээс эмч С.Алтантуяагийн өгсөн 1.100.000 төгрөгийг хасаад үлдэх 11.121.850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Надад учруулсан эмчилгээний зардал, унааны зардал бусад холбогдох зардлыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав миний бие нь М.Насанбаярын гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад тайлбарыг гаргасан. М.Насанбаярын гаргасан нэхэмжлэл манай нэгдсэн эмнэлгийн нүдний эмч С.Алтантуяад холбогдолтой нэхэмжлэл юм байна. Эмч С.Алтантуяа нь эмчилгээний явцад өвчтөн М.Насанбаярт эмчилгээ хийж байхдаа алдаа гаргаж үүний улмаас учирсан гэм хорын хохирлыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн байна. Нэгдсэн эмнэлгийн зүгээс нэхэмжлэгч М.Насанбаярт учирсран бодит хохирлыг хариуцана. Нотлох баримтгүйгээр нэлээд их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нотлох баримттай хохирол Орбита эмнэлэгт хагалгаа хийлгэсэн 3.500.000 төгрөг, Увсаас Улаанбаатар хот руу явсан онгоцны зардал 203.000 төгрөг, мөн автобусаар Увс руу буцаж ирсэн 60.000 төгрөг /үүнээс халамжаас нийт 133.450 авсан энэ хасагдана/, нийт 3.629.550 төгрөг болж байна. Үүнээс эмч С.Алтантуяагийн М.Насанбаярт эмчилгээ хийлгэж байхад нь шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг хасаад 2.529.550 төгрөг төлөх үндэслэлтэй. Харин хасагдах зардлуудад Улаанбаатар хот руу 3 удаа өөрийн машинд бензин хийж явсан бензиний зардал 765.000 төгрөг /он сар засвартай мөн М.Насанбаярыг Улаанбаатар хотод байх үед М.Насанбаяр нэрээр баримт бичигдсэн/, Шаргалжуут рашаан сувилалд эмчлүүлсэн зардалд 609.000 төгрөг /гэм хорын хохирол нь тухайн гэмтсэн буюу нүдээ эмчлүүлсэн зардлыг төлдөг гэтэл М.Насанбаяр нь Шаргалжуутад нуруу, бөөрөө эмчлүүлсэн байна. Иймд энэ зардлыг хариуцахгүй/, Орбита эмнэлэгт 8 дугаар сард хяналтын үзлэгт хамрагдсан зардал 110.000 төгрөг /Орбита эмнэлэг нь хагалгаа хийлгэсний дараа хяналтын үзлэгээ үнэ төлбөргүй хийдэг. Эмч С.Алтантуяа тус эмнэлэгт ажиллаж байсан учир сайн мэдэж байгаа/, дэлгүүрт хөлсөөр худалдагч ажиллуулсан зардал 3.600.000 төгрөг /хөдөө суманд байтугай Улаангом ч 1 сарын 900.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулдагггүй, мөн үнэхээр ажиллуулсан юм бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх ёстой. Тодорхой хэмжээний татвар төлсөн байх ёстой. Ийм баримт байхгүй/, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх явцад бензин тос, хоол хүнсний зардалд 1.250.000 төгрөг, /ямар ч нотлох баримт байхгүй/ байрны хөлс 600.000 төгрөг, /түрээсийн гэрээ байхгүй, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэзээ хүртэл суусан нь тодорхойгүй/ гандан хийд, эм тариа 880.000 төгрөг, /зан заншлын зардал буюу гандан хийдээр үйлчлүүлсэн зардал гарахгүй, эм тарианы зардлын баримтгүй/ Өндөрхангай сумаас Улаангом сум руу ирж, очсон 120.000 төгрөг, /тасалбаруудад он сар байхгүй, хэзээ ирсэн буцсан нь тодорхойгүй/ өмгөөлөгчийн ажлын хөлс 800.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал 127.800 төгрөг, буудлын хөлс 35.000 төгрөг, /нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс хэдэн төгрөгөөр хэдэн өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх бөгөөд энэ зардал хариуцагчийн хариуцан төлөх зардалд хамаарахгүй, өөрөө хариуцдаг/ Иймд эдгээр зардлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь бодит гарах 2.529.550 төгрөгийг төлж барагдуулах боломжтой” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Э.Басанханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.Насанбаярын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11.577.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч гэм буруутай” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Насанбаяр нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11.121.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Бодит гарсан зардлыг хариуцана” хэмээн маргаж байна.
Их эмч С.Алтантуяа нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторын тасгийн нүдний эмчээр ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр М.Насанбаярын нүдэнд эмчилгээ /тариа/ хийх явцдаа техникийн алдаа гаргаж, тариурын зүүгээр баруун нүдний алимны торлог бүрхэвчийг урж, гэмтээн нүдний алимны хөндийд цусан хураа үүсгэсэн ба эмч С.Алтантуяа нь нүдний арын зайд эм хийх гардан үйлдлийн техникийг зөрчсөний улмаас М.Насанбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1007 тоот “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7 тоот “Шүүх хуралдааныг хойшлуулах, хүсэлт хянан шийдвэрлэх тухай” тогтоолоор хариуцагч С.Алтантуяаг сольж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Нэхэмжлэгч М.Насанбаяр нь хариуцагч байгууллагаас гэм хорын хохирол 11.121.850 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс
- Орбита эмнэлэгт хагалгаа хийлгэсэн төлбөр 3.500.000 төгрөг,
- Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан онгоцны зардал 203.000 төгрөг,
- Улаанбаатар хотоос Увс аймгийн Өндөрхангай суманд ирсэн замын зардал 60.000 төгрөг,
- Орбита эмнэлэгт хяналтын үзлэг хийлгэхэд төлсөн 110.000 төгрөгийн зардлууд нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хангах үндэслэлтэй байна.
Дээрх зардлаас нэхэмжлэгч М.Насанбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр замын зардлын тал хувийг Увс аймгийн Хөдөлмөр халалмжийн үйлчилгээний газраас авсан, мөн иргэн С.Алтантуяагаас 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.100.000 төгрөгийг М.Насанбаярын данс руу шилжүүлсэн баримт тус тус хэрэгт авагдсан байх тул нийт 3.873.000 төгрөгөөс 1.233.450 төгрөгийг хасч, үлдэх 2.639.550 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.482.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд:
- Улаанбаатар хот руу 3 удаа өөрийн машинд бензин хийж явсан зардал болох 765.000 төгрөг гаргуулахыг хүсч “Уран булагт Хөхий” ХХК-ийн 3 ширхэг зарлагын баримт гаргаж ирүүлсэн ба эдгээр баримтууд нь он сар болон үнийн дүн засвартай, мөн нэхэмжлэгч М.Насанбаярыг Улаанбаатар хотод байх хугацаанд Өндөрхангай сумаас бензин авсан мэтээр бичигдсэн,
- Шаргалжуут рашаан сувилалд эмчүүлсэн зардал 609.000 төгрөг ба үүнээс Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авсан 304.500 төгрөгийг хасч үлдэх 304.500 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн боловч М.Насанбаяр нь “нуруу, бөөр чилж өвдөнө” гэх зовиуртайгаар сувилуулсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1710197 тоот “Шаргалжуут рашаан сувилалд илгээх бичиг 2017” гэх баримтаар тогтоогдож байна,
- Дэлгүүрт худалдагч хөлсөөр ажиллуулахад олгосон цалин 3.600.000 төгрөг нэхэмжилсэн боловч М.Насанбаяр нь худалдагчтайгаа хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, сардаа хичнээн төгрөгийн орлого олдог, үүнээс ямар ямар татвар төлөгддөг, тухайн худалдагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд ажил олгогчийн зүгээс хичээн төгрөг төлсөн нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,
- Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх явцад бензин тос, хоол хүнсний зардалд 1.250.000 төгрөг, Гандан хийд, эм тарианы зардал 880.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан атлаа энэ талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй,
- Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх хугацаанд хөлсөлсөн байрны төлбөр 600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч иргэн Л.Гантулгын тодорхойлолт нь нотариатаар баталгаажуулаагүй, мөн хэдэн оны хэдэн сарын хэднээс хэзээ хүртэл хөлсөлсөн тодорхойгүй байх тул уг тодорхойлолтыг үнэлж, хөлсийг гаргуулах үндэслэлгүй,
- Увс аймгийн Өндөрхангай сумаас Улаангом сумын хооронд 6 удаа явсан унааны зардал 120.000 төгрөг нэхэмжилж, 6 ширхэг зорчих эрхийн тасалбарыг нотлох баримтаар өгсөн боловч энэхүү тасалбарт М.Насанбаяр хэзээ ирсэн, буцсан талаарх хугацаа бичигдээгүй, зарим баримтынх нь огноо засвартай,
- Өмгөөлөгчийн ажлын хөлс 800.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал /ирэх, буцах/ 127.800 төгрөг, өмгөөлөгчийн буудлын ор хоногийн зардал 35.000 төгрөг, нийт 962.800 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй, энэхүү эрхээ хэрэгжүүлсэн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж тус тус үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.639.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Насанбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.482.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Насанбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамж 57.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Насанбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.639.550 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Насанбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.482.300 /найман сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч М.Насанбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.732 /хоёр зуун гучин мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамж 57.183 /тавин долоон мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Насанбаярт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ