Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 7-17 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД78110903, Б овогт Б-ын Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 53 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74082318, Б овогт Ц-ийн П-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ц.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа,нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Ц.П-тай 2002 онд гэр болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 9 дүгээр сарын 27-нд хүү Б, Б, 2007 оны 5 дугаар сарын 15-нд охин З, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Ч нар төрсөн. Хамтын амьдралын жилүүдэд нөхөр маань байнга хэл ам хийж, намайг зоддог болсон. Миний хувьд хүүхдүүдээ бодоод өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Цаашид хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа, мөн би Ц.П-тай цаашид хамт амьдарч чадахгүй болсон. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжид авч эцэг Ц.П-аас тэтгэлэг тогтоолгох, мөн эд хөрөнгийн маргаан болох хашааны хагас өртгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Харин одоо би өөрөө 2 бага хүүхэд болох П.З, П.Ч нарыг өөрийн асрамжид, харин П.Б, П.Б нарыг эцэг Ц.П-ын асрамжид үлдээх хүсэлттэй байна. Мөн эд хөрөнгийн маргаантай асуудал байхгүй тул тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2002 онд Б.Д-той сайн дурын үндсэн дээр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 9 дүгээр сарын 27-нд хүү П.Б, П.Б, 2007 оны 5 дугаар сарын 15-нд охин Золзаяа, 2009 оны 3 дугаар сарын 09-нд хүү П.Ч нар төрсөн. Эхнэр Б.Д нь өмнөх гэрлэлтээсээ 1 охинтой бөгөөд бид 5 хүүхдийн хамт амьдарч байсан. Бид хамт амьдраад 16 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд би эхнэр Б.Д-ыг зодож цохиж, элдвээр зовоож байгаагүй. Би архи дарс хэрэглэдэггүй, амьдралынхаа төлөө ямар ч ажлыг голохгүй хийж эхнэр 4 хүүхдээ тэжээж ирсэн. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2 бага хүүхэд болох П.З, П.Ч нарыг Б.Д-ын, харин П.Б, П.Б нарыг өөрийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц.П-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаарджээ.

Б.Д, Ц.П нар 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүү П.Б, П.Б, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр охин П.З, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү П.Ч нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б.Д, Ц.П нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү П.Б, П.Б нарыг эцэг Ц.П-ын, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин П.З, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү П.Ч нарыг эх Б.Д-ын асрамжид үлдээхийг хэн хэн нь зөвшөөрсөн, мөн хүүхдүүдийн санал болон насыг харгалзан хүү П.Б, П.Б нарыг эцэг Ц.П-ын, охин П.З, хүү П.Ч нарыг эх Б.Д-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хүүхдийг хүү П.Б, П.Б нарыг эцэг Ц.П-ын, охин П.З, хүү П.Ч нарыг эх Б.Д-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

            Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйболно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Ц.П-аас гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Б-ын Д, Б овогт Ц-ийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү П.Б, П.Б нарыг эцэг Ц.П-ын, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин П.З, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү П.Ч нарыг эх Б.Д-ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйболохыг дурдсугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаарнэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.П-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ