Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 411

 

МАГАДЛАЛ

 

2017.02.08                                                     Дугаар 411                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Харгант цамхаг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01144 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Харгантцамхаг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нямдаваад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Нямдаваатай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээтэй холбоотойгоор “Харгантцамхаг групп” ХХК-ийн нэр дээр байдаг 210 метр үйлчилгээний барилгын гэрчилгээг Д.Нямдаваад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Зээлийн барьцаанд тавих ёстой байсан зүйлийг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн асуудал байгаа. Уг 250 000 000 төгрөг нь хүү алдангитайгаа нийлээд 325 000 000 төгрөг болж шүүхийн шийдвэр дээр ажиллагаа хийгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, тухайлбал зээлийн барьцаанд байх ёстой байсан зүйлийг хувь хүн дээр шилжүүлсэн гэсэн үндэслэлээр гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэрээг хийхэд компанийн тамга үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч очсон. Гэтэл нотариатч хэлэхдээ та нарт үлдэх хувьд гэрчилгээний хуулбар хэрэггүй гээд бидэнд гэрчилгээ баталж өгөөгүй гэв. Шүүхээр маргааныг хянан шийдвэрлүүлэх явцдаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Гэтэл үүнийг нь шүүх хүлээж аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч хөрөнгийг шилжүүлж өгнө гэсэн нь хөрөнгийн гэрчилгээг шилжүүлнэ гэсэн утгатай зүйл бичигдсэн байна гэж ойлгож байна. Гэрчилгээ гэдэг үгийг орхигдуулсан байгаа боловч бусдаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг шийдвэрлэхэд гүйцэтгэх захирал нь оролцож юу ярьсан гэхээр энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч хурал дээр ярьсан нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хэлэлцэнэ гээд шүүхийн шийдвэрт дурдагдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад холбогдох баримтыг хуулбарлаж авах боломжтой гэж тайлбарлаж байсан. Нөгөө тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан "Харгант цамхаг групп" ХХК, Д.Нямдаваад холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч хууль бус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж үүнтэй холбоотой шүүхэд уг гэрээгээ нотлох баримтаар гаргасан, бусдаас зээл авч зээлийн барьцааны гэрээ байгуулах байтал зээлдүүлэгчийн шаардлагаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тухай тайлбараа шүүх хуралдаанд гаргасан, зээлтэй холбоотой асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргасан, шийдвэрт хууль бус гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч зээлийн баталгаа болгохоор шилжүүлэн авсан болохоо шүүхэд мэдүүлснээр нь уг шүүхийн шийдвэрт тусгагдаж, тогтоогдсон ба эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байхад шаардлагаа нотлох баримт гарган ирүүлээгүй    гэсэн нь үндэслэлгүй болно. Д.Нямдаваагийн нэр дээр шилжүүлсэн, иймээс нэхэмжлэгч талд гэрчилгээ байхгүй тул гэрчилгээг шүүхэд гаргаж өгөх боломжгүй ба гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хэргийн 17 дахь талд хариуцагчийн тайлбар авагдсан ба "нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байгаагаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй, иймээс татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, ийм баримт шаардлагагүй байгааг шүүх анхаарч үзээгүй, хэрэгт авагдсан бусад холбогдох нотлох баримтуудыг. Мөн зохигчдын тайлбарыг харьцуулах замаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой тал бүрээс нь үнэлж дүгнээгүй болох нь нотлогдож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үл баримтанд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал нь илт үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж гаргасан давж заалдах гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээндээ давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Харгант цамхаг групп” ХХК нь хариуцагч Д.Нямдаваад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчийн өмчлөлд 210 м.кв талбай бүхий хөрөнгийг шилжүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хууль бус хэлцлийн үндсэн дээр Д.Нямдаваад шилжсэн хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж хохиролгүй болгох...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04690 дүгээр шийдвэртэй хэрэгт Д.Нямдаваа нь “Харгант цамхаг групп” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 377 500 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ-ийн гудамж, 115 дугаар байр, 5 давхрын баруун хойд хэсэгт байршилтай, 210 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэж тайлбарласан ба үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлага гаргаагүй, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч “Харгант цамхаг групп” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хууль бус гэрээний дагуу Д.Нямдаваагийн нэр дээр шилжсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаруулахаар мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардсан гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Нямдаваа нь “2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт баталгаа болгон өөрийн нэр дээр шилжүүлсэн” гэж тайлбарласан нь шүүхийн дээрх шийдвэрт тусгагдсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримт болох “Харгант цамхаг групп” ХХК болон Д.Нямдаваа нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө Д.Нямдаваагийн өмчлөлд шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

Дээрх байдлыг тодруулснаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулалгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Нямдаваа шилжүүлэн авсан гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх байтал нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг “нэхэмжлэлийн шаардлага” гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байна. Уг хөрөнгө одоо хэний өмчлөлд байгаа зэрэг байдал ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дах хэсэгт “  Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал  давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй . “ гэж зааснаар нэхэмжлэгчийн  эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 104 750 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр үйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ