Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0744

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн захирал Ц.О

Нэхэмжлэгч: “Ю” ХХК

Хариуцагч: НЗД

Хариуцагч: НХААГ

Хариуцагч: СБД ГЗБА

Гуравдагч этгээд: “НУ” ХХК

Гуравдагч этгээд: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

СБД ГЗБАны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 674 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Э.М, Г.Б, өмгөөлөгч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2018/0955/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь НЗД, НХААГ, СБД ГЗБАнд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

СБД ГЗБАны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 674 дүгээр шийдвэрээр:

“1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газраас “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцал бүхий 182.161 м.кв газрыг хүчингүй болгож, үлдэх 32.149 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, СБД ГЗБАны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “НУ” ХХК-иас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м.кв газар эзэмших эрхийг 1100 м.кв болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “НУ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч НЗДд даалгуулах бие даасан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 45*******0 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх”-ээр... шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...“Ю” ХХК нь НЗДд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшдэг 767 м.кв газар нэмж 547.31 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байсан ба Нийслэлийн Газрын албатай уулзсаны үр дүнд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэмж 333 м.кв эзэмших хүсэлтийг гаргасан ба 547.31-333=214.31 м.кв газарт нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн Авто зам хөгжлийн газарт олгосон 1939 м.кв хэмжээтэй газраас нэхэмжлэгчид хамааралтай газар буюу 214.31 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.2. Нийслэлийн Авто зам хөгжлийн газарт авто зам барих газар олгохдоо Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32, 33 дугаар зүйлийг зөрчиж ямар ч байдлаар газар эзэмших хүсэлт, кадастрын зураг болон бусад баримтуудыг бүрдүүлээгүй, захирамжаас өөрөөр газар эзэмших гэрээ, газар эзэмших гэрчилгээ байхгүй байхад шүүх Засаг даргад эрх нь байхад бусдад газар олгоогүйг буруутгах үндэслэлгүй гэж хууль зөрчсөн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй 214.31 м.кв газар нь Нийслэлийн Авто зам, хөгжлийн газарт олгосон гэх газар хамаарч байгаа, тухайн олгосон газар нь хууль бус, газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах ажиллагаанд “НУ” ХХК-ийн эрх ашгийн төлөө онцгойлж оролцсон гэж үзэж байгаа, “Ай Ай Ти Эс” ХХК-ийн үйлдсэн гэх АЗЗТ-18/03 зургийн шифртэй зурагт Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунаас эрх олгоогүй байхад дур мэдэн гарын үсэг зурсан, тухайн хэсэгт авто зам төлөвлөгдөөгүй тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Э.Болорчулуун мэдүүлэг өгсөн байдаг тухай үндэслэл бүхий байдлаар маргаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, авто замын 14 ширхэг координат нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргалын өгсөн гэх хэмжилтийн боловсруулсан үр дүнд нэмэн оруулсан гэх нотлох баримтын эх сурвалж эргэлзээ бүхий дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж маргаан бүхий 214.31 м.кв газрыг давхцалтай хэсэг гэж маргасан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч талд газар олгохдоо хүссэн газрын багасгаад аваад ир, үлдсэн газарт ногоон байгууламж хийнэ, ямарваа байдлаар бусдад олгогдох боломжгүй газар гэж бидэнд итгүүлэн кадастрын зургийг өөрчлүүлсэн байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зөрчсөн үйлдэл юм. Маргаан бүхий байршилд баригдах авто замын нийт урт 0,25 км, далангийн өргөн 7.560 м, зорчих хэсгийн өргөн 6.0 м, явган хүний зам 1.0 м, хөвөө 2x0.1 м байхаар төлөвлөгдсөн гэх боловч бодит байдал дээр “НУ” ХХК болон “Ю” ХХК-ийн хооронд 4.3 метрийн өргөнтэй, 38 метрийн урттай байсан ба Нийслэлийн Авто зам, хөгжлийн газраас шүүхэд гаргасан тайлбартаа кадастрын зураг байхгүй талаар дурдаж байсан атлаа хаанаас, хэрхэн 14 координат гарч ирсэн нь ойлгомжгүй, автозам барих бодит нөхцөл байхгүй тал дээр шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

 

3.3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд www.ub-procurement.mn 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын төсвөөр дахин маргаан бүхий байршилд буюу Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* /таван зуун тавин сая/ төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласан байсан, дээрх тендер зарласан байдлаас харахад маргаан бүхий байршилд баригдах авто замын нийт урт 0,25 км, далангийн өргөн 7.560 м, зорчих хэсгийн өргөн 6.0 м, явган хүний зам 1.0 м, хөвөө 2x0.1 м байхаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 96/2018 дугаар Зам Тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлтэд тусгагдсан боловч бодит байдал дээр энгийн хэмжилтээр баруун талын замын хашлаганаас пандус хүртэлх өргөн нь 4.3 метр, ертөнцийн зүгээр урд блокон хашаанаас хойд хашаа хүртэлх зай 38 метр байгаа ба баригдахаар төлөвлөгдөж буй авто зам нь 2 эгнээ зорчих хэсэг бүхий 6 метр өргөнтэй, 1 метр өргөн явган хүний замтай, 2 талын замын хашлагыг оруулж тооцвол 0.40 метр байхаар тооцсон нь нэхэмжлэгч компанийн эзэмшил газартай тодорхой хэмжээгээр давхацсан, гаражийн пандусыг буулгахаар нөхцөл байдалтай байсан. Мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралтайгаар “Ю” ХХК-д олгохгүй бусдад олгосон газартай давхцаж байхад захиргааны акт хэрэгжсэн цаашид тухайн замыг барихад нэмэлт төсөв байхгүй гэж буруу дүгнэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дах хэсэг буюу Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад НЗДас Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай захирамж гаргасан нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажилладаг болох нь харагдаж байгаа ба манай байгууллагын эрх ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг огт хийгээгүй, эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээдэд огт мэдэгдээгүй, баруун талд барьсан хашаа байхгүй, урд байгаа хашаа нь манай байгууллагын хууль ёсны дагуу эзэмшдэг газраа барьсан, хогийн цэгийн зарим хэсэг нь эзэмшил газар хамаарч байхад захирамж гарсан нь захирамжийн биелэлт талаасаа шударга ёсонд үл нийцсэн төдийгүй, биелэгдэх боломжгүй захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба шүүх нэхэмжлэлийн 4 дэх шаардлагатай хамаатуулан нэхэмжлэгч тал эзэмшиж буй газраас илүү хэмжээгээр газраа хашаалсан гэж хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлж нүдэн баримжаагаар газрын давхцалыг тогтоож дүгнэсэн байна.

 

3.5. НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, СБД ГЗБАнаас маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудас нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/895 дугаар захирамжийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШТ2020/*******2 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар тогтоолоор захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээснээр маргаан бүхий газарт төрийн байгууллага болон бусад байгууллагууд аливаа байдлаар ямар ч хэлбэрийн үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг шүүхээс захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хориглосон байхад гарсан акт ба “НУ” ХХК-ийн зүгээс өөрсдийн санхүүжилтээр санхүүжигдэж техник тоног төхөөрөмжөөр нураасан, энэ талаар шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу бодит нөхцөлд байдалд биелүүлэх боломжгүй байхад гарсан захиргааны акт атал маргаж буй үйл байдлыг дүгнээгүй атлаа эзэмшиж буй газраасаа илүү хэмжээгээр газраа хашаалсан, автомашины зогсоол, бетонон хогийн цэг барьсан нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн захирал Ц.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/980 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэсэн. Тус заалтын урьдчилсан нөхцөл нь Нэгт. Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээт газар байх, Хоёрт. Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар нь Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тодруулах зорилгоор шүүгч Б.Адьяасүрэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын архивт үзлэг хийсэн. Тус үзлэгээр хураан авсан баримтууд болох Мэргэжлийн Зөвлөлийн 16 дугаар хурлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийн 28 дахь хүснэгтэд

 

Хүсэлт ирүүлсэн иргэн, ААН байгууллагын нэр

Хаяг, байршил нэгж талбарын дугаар

Газрын

зориулалт

Хурлын шийдвэр

28

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

СБД, 1-р хороо, Авто замчдын гудамжнаас М... комплекс орон сууцны барилгын орчим

Авто зам

Дэмжигдсэн. Хурлын шийдвэрийн дагуу АТД батлагдана.

 

Мөн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн 43 дахь хүснэгтэд

Хүсэлт ирүүлсэн иргэн, ААН байгууллагын нэр

Хаяг, байршил нэгж талбарын дугаар

Г азрын зориулалт

Хурлын шийдвэр

 

43

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

СБД, 1-р хороо, Автозамчдын гудамжнаас М... комплекс орон сууцны барилгын орчим

Авто зам

Архитектор ирсэн хүсэлт болон төлөвлөж буй байршлыг танилцуулав. Боломжтой гэсэн архитекторын санал дээр гишүүдийн саналыг хураав.

Гишүүдийн санал хураалтаар хэлэлцүүлсэн асуудал Дэмжигдсэн.

Мөн маргаан бүхий газар дээр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2018/16-28 дугаар “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар батлагдаж, мөн барилгажих талбайн схем зураг, солбилцлын цэгүүд батлагдсан байх буюу газар эзэмших захирамж гарахын өмнө байршлыг харуулсан зураг, цэгүүд бүгд илэрхий тодорхой болсон үйл баримт байсаар байхад шүүх илтэд худал дүгнэлтийг өгсөн.

 

4.2. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 6-д “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Зүүн сэлбэ хорооллын барилгажилтын төсөл 186 га талбайд” гэж, Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага боть-д “Шинээр баригдах орон сууцны хороолол доторх туслах гудамж зам барих гээд 250 км” гээд газрын зураг дээр улаан өнгөөр тэмдэглэсэн зургаас үзэхэд маргаан бүхий авто зам барихаар төлөвлөсөн газар нь ерөнхий төлөвлөгөөнд туссан нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газар буюу төсөвт байгууллагад олгосон болох нь маш тодорхой харагдаж байна.

 

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “...газар дээр нь очиж шалгаж үзээгүйгээс нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эзэмшил газар дээрээ барьсан үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц буюу гараашийн пандус уг төлөвлөлтөд орсон гэж, мөн үндэслэх хэсгийн 6-д НЗД Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн.

4.4. Нэхэмжлэгч “Ю“ ХХК нь дээрх өөрт анх олгосон газраас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай руу оруулж хашаа зоон, авто замын зогсоол, бетонон хогийн цэг барьсан болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/3160 дугаар албан бичигт  “Тус компанийн эзэмшлийн газар нь 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр баригдах авто замын трасстай давхцаагүй байна. Харин тус компани нь зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байна” гэж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/895 дугаар “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” захирамжид  “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ю” ХХК-ийн зам шугам сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, авто машины зогсоол, бетонон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй” гэж, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэх хуудсаар 5.*******.******* төгрөгөөр торгуулж байсан зэргээр “Ю” ХХК нь нийтийн эзэмшил газар руу хэтрүүлэн орж хашаа, хогийн цэг, зогсоол барьсан хууль бус үйлдэл нь шат шатны төрийн байгууллагын албан бичгээр нотлогдож байна.

 

4.5. Мөн нэхэмжлэгч нь өөрийн газраа 547.1 м.кв-аар нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг төрийн байгууллага хүлээн авснаас хойш Газрын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариу ирүүлэх хугацаа, нэмэлт хугацаа өнгөрснөөс хойш эрх зөрчигдсөн гэж үзэж буй тохиолдолд шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх эрх нь бүрэн нээлттэй байсан. Гэтэл энэ талаар огт арга хэмжээ аваагүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй орхисон байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр НЗДас А/980 дугаар захирамжийг гаргах үед маргаан бүхий газар дээр аливаа этгээдэд эзэмшиж, ашиглуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр огт гараагүй байх бөгөөд нэхэмжлэгч “Ю” ХХК нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нийтийн эзэмшлийн талбайд түрж орон хашаа, авто зогсоол, хогийн цэг барьсан хууль зөрчсөн үйлдэлийг “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд” гэж тайлбарласан анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

 

4.6. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн мэтээр дүгнэж буй шүүхийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт нь нэхэмжлэгчид хамаарах заалт биш буюу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан иргэн биш, 29.2-т заасан тариалангийн зориулалт биш, 29.3-д заасан гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар биш, мөн “Ю” ХХК нь төсөвт байгууллага биш юм. Тэгэхээр хуульд зааснаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэх ёстой байсан буюу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх учиртай байсан. Гэтэл нэг ч дуудлага худалдаа зарлаагүй шууд “Ю” ХХК-ийн хүссэн газрыг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг шууд зөрчиж олгосон нь “Ю” ХХК нь төрийн байгууллагад нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан харагдаж байна.

 

4.7. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Тэгэхээр 2018 онд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заасан эсэх талаар баримт байхгүй. Мөн тус газрыг энэхүү гомдлын 1.1-т дурдсанчлан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад зааснаар авто замын зориулалтаар ашиглуулахаар заасан болохыг дурдах нь зүйтэй.

 

4.8. “Ю” ХХК-д 1100 м.кв хүртэл нэмж олгосон газар нь манай “НУ” ХХК болон эргэн тойрны орон сууц, аж ахуйн нэгжүүдийн онцгой тохиолдолд саадгүй нэвтэрч байх эмнэлгийн, галын, цагдаа, онцгой байдлын үед аврах гарц, тусгай хэрэгслийн зорчих зам талбайд хамаарч байх төдийгүй, газар доороо иж бүрэн шугам сүлжээтэй, галын гидрант байршсан цор ганц орц, гарц болох юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж байршил нь шигүү барилгатай, иргэд аж ахуйн нэгжүүд олноор бөөгнөрсөн газар дахин гал гарах, газар хөдлөлт болох зэрэг эрсдэлт гамшиг гарсан тохиолдолд дээрх хор уршиг дахин үүсэх эрсдэл хэвээр байна. Гол нь нэг хувийн компанид газрын хэмжээг 2 дахин нэмэгдүүлээд олгохоор тэр компани газраа хэрхэн ашиглах нь өөрсдийн хүсэл зоригийн асуудал болно. Тодруулбал хашаалаад, дээр дурдсан галын гидрантыг цаг алдалгүй авах боломжийг хаах эрх нь нээлттэй болно гэсэн үг. Гэтэл тухайн маргаан бүхий газар нь авто зам баригдах тохиолдолд Улаанбаатар хотын ид түгжрэлийн үед олон салаа замыг бий болгох, яаралтай үед тусламж богино хугацаанд ирэх зэрэг оршин суугч, иргэд, аж ахуйн нэгжид давуу байдлыг бий болгох юм.

 

4.9. “Ю” ХХК-д газар нэмж олгох хууль эрх зүйн боломж байхгүй, бодит байдалд биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан. Мөн хууль бус үйлдэлд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яригдахгүй, түрүүлж эрх зүйн үр дагавар бүхий хүчин төгөлдөр Нийслэлийн Засаг даргын А/980 дугаар захирамж гарсан болохыг шүүх дүгнэж үзээгүйд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн, аж ахуйн нэгж төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийг тусгасан байдаг. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэж, 7.1.5-д “өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулах’’ гэж заасан байна. Гэтэл манай “НУ” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1/180 тоот албан бичгээр гаргасан гомдлыг төрийн байгууллага хүлээн авсан ч аливаа шийдвэр гаргаагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагад өөрийн гаргасан актыг хүчингүй болгох эрх нь байх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзсэн. Гэтэл гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төрийн байгууллагын буруутай үйлдлийг хүчээр зөвтгөсөн байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0674 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх талуудын гомдлыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас НЗД, НХААГ, СБД ГЗБАнд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

СБД ГЗБАны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Харин гуравдагч этгээд “НУ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м.кв газар эзэмших эрхийг 1100 м.кв болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

“НУ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч НЗДд даалгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас НЗД, НХААГ, СБД ГЗБАнд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “НЗД газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасны дагуу НЗД газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, тодруулбал, эзэмших эрхийг хүчингүй болгож, өөрчлөх эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

 

3.2. НЗДас дээрх бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн эсэх, уг бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй тохиолдолд хүн, хуулийн этгээдийн гомдлоор захиргааны актын уг үндэслэлийг захиргааны хэргийн шүүх хянах боломжтой.

 

3.3. Маргааны үйл баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 767 м.кв газрыг нэхэмжлэгч “Ю” ХХК-д “худалдаа үйлчилгээ, контор”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлснээр нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүсжээ.

 

3.4. Улмаар нэхэмжлэгч “Ю” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр газрын хэмжээгээ 547.31 м.кв-аар нэмэгдүүлэхээр газрын албанд хандсан боловч 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уг хүсэлтээ 319 м.кв болгон нэмэгдүүлэхээр өөрчилж гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар газрын хэмжээг нийт 1100 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

3.5. Гэтэл нэхэмжлэгч нь өөрт эзэмшүүлсэн газарт хамааралгүй газар болох 214,31 м.кв газарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг “нэхэмжлэгчид хамааралтай, мөн...орц гарцыг хаасан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлгүй. Учир нь уг захирамжаар гуравдагч этгээд болох Нийслэлийн авто замын хөгжлийн газарт газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

3.6. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...“Ю” ХХК нь НЗДд ...өөрийн эзэмшдэг газар дээрээ нэмж 547.31 м.кв газрыг эзэмших хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сард гаргасан, ...Нийслэлийн Газрын албатай уулзаж харилцан тохиролцсоны дүнд газрын хэмжээг багасган хүсэлт гаргаснаар 767 м.кв газрыг 333 м.кв-аар томруулж, 1100 м.кв болгосон. ...547.31-333=214.31 м.кв газарт нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн, ...Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газраас нэхэмжлэгчид хамааралтай газар буюу нэмж олгоогүй 214.31 м.кв газрыг хүчингүй болгох шаардлага гаргасан” гэж тайлбарлаж байх хэдий ч нэгэнт эрх бүхий этгээдээс “Ю” ХХК-д 214.31 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

3.7. Түүнчлэн “Ю” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн олгох шийдвэр гарахаас өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжаар Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 1939 м.кв  газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд чиглэсэн сөрөг үйлчлэлгүй. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан шийдвэр байх ба харин нэхэмжлэгчийн газрын хэмжээг түрүүлж хүсэлт гаргасан, нэгэнт өмнө эзэмшиж байсан 767 м.кв газраас илүү гаргаж, автомашины зогсоол, барилгын үүдний довжоо шат, гараашийн пандус зэргийг хэтрүүлэн барьсан /5 дугаар хавтас 26-р тал/ зэргийг харгалзан 1100 м.кв болгон нэмэгдүүлснээр Нийслэлийн авто замын хөгжлийн газрын эзэмшлийн 1939 м.кв газартай давхацсан байна. Гэвч нэхэмжлэгчээс энэхүү давхацсан хэсэгтэй маргаагүй.

 

3.8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...гуравдагчид олгосон 1939 м.кв газраас хэдэн м.кв нь маргаан бүхий газарт хамаарч байгаа, манай газартай ямар хэмжээгээр давхцаж байгааг мэдэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тодорхойлсон... замын эргэлтийн цэг сүүлд гарч ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн зам тавих хэсэг газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын дунд байгаа нийтийн эзэмшлийн газарт төлөвлөгдсөн ба “Geomaster” ХХК-ийн инженерийн дүгнэлтэд /6-р хавтас 93-р тал/ “...бодит байдал дээр байгаа талбай кадастрын зураг дээрх талбай хоорондоо зөрүүтэй байсан. ...“Ю” ХХК-ийн кадастрын зураг  төлөвлөгдөж буй авто замтай 182,161 м.кв давхцаж байгаа бол бодит байдал дээр байгаа талбай нь уг автозамтай 271,973 м.кв давхцаж байна” гэх дүгнэлт, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нэгж талбаруудыг төлөвлөгдөж буй автозамтай харьцуулсан зураг /6-р хавтас 132 тал/ зэргээр үгүйсгэгдэж байна.

 

3.9. Энэ талаарх “...нэхэмжлэгч нь өөрийн газраа 547.1 м.кв-аар нэмэгдүүлэх тухай хүсэлтийг ...хариу ирүүлэх хугацаа, нэмэлт хугацаа өнгөрснөөс хойш эрх зөрчигдсөн гэж үзэж буй тохиолдолд шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх эрх нь бүрэн нээлттэй байсан, ...НЗДас А/980 дугаар захирамжийг гаргах үед маргаан бүхий газар дээр аливаа этгээдэд эзэмшиж, ашиглуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр огт гараагүй ...нэхэмжлэгч “Ю” ХХК нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нийтийн эзэмшлийн талбайд түрж орон хашаа, авто зогсоол, хогийн цэг барьсан хууль зөрчсөн үйлдэлийг “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд” гэж тайлбарласан анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.

 

3.10. Шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч “Ю” ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1100 м.кв газар эзэмшүүлснийг огт үгүйсгээгүй бөгөөд харин уг хэмжээнээс бодит байдал дээр хэтрүүлэн ашиглаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй болно.

 

3.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д маргаан бүхий захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг захирамжийг хүчингүй болгохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний зөрчигдсөн гэх  газар /214.31 м.кв/ эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг нь нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

3.12. Энэ тохиолдолд хариуцагчаас гуравдагч этгээд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуульд заасан шаардлагыг хангасан, бусдад эзэмшүүлээгүй нийтийн эзэмшлийн газрыг нийтийн эрх ашгийн хүрээнд ашиглах зорилгоор захиргааны байгууллагад эзэмшүүлсэн, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт байх тул түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.13. Гэтэл анхан шатны шүүхээс “...баримт бичгийг нийслэлийн газрын алба нягтлан хянах үүргээ биелүүлээгүй, хүсэлт гаргасан газрын нэгж талбарын тойм зургийн дагуу газар дээр нь очиж шалгаж үзээгүйгээс нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эзэмшил газар дээрээ барьсан үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц буюу гараашийн пандус уг төлөвлөлтөд орсон байна, ... нэхэмжлэгч “Ю” ХХК-д гуравдагч этгээд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт тухайн газрыг эзэмшүүлсний дараа эзэмшүүлсэн боловч гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн барилгын орц, гарц дээр төлөвлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно” гэж, “...НЗД нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн орц, гарцыг чөлөөлж, газар эзэмшүүлснийг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газраас “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцал бүхий 182.161 м.кв газрыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

3.14. Мөн маргаан бүхий 214.31 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцалтай гэж маргасан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

4. Харин анхан шатны шүүх “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер хэрэгжиж дууссан, тухайн замыг барихад нэмэлт төсөв байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжаар “Ю” ХХК-ийн зам, шугам сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, автомашины зогсоол, бетонон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дах хэсэг буюу Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад НЗДас Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай захирамж гаргасан нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажилладаг болох нь харагдаж байгаа ба манай байгууллагын эрх ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг огт хийгээгүй, эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээдэд огт мэдэгдээгүй, баруун талд барьсан хашаа байхгүй, урд байгаа хашаа нь манай байгууллагын хууль ёсны дагуу эзэмшдэг газраа барьсан, хогийн цэгийн зарим хэсэг нь эзэмшил газар хамаарч байхад захирамж гарсан нь захирамжийн биелэлт талаасаа шударга ёсонд үл нийцсэн төдийгүй, биелэгдэх боломжгүй захиргааны акт гарсан” хэмээн тодорхойлон маргажээ.

 

6. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг даган гарсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

6.1. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх зэрэг үндэслэл байгаагүй, тухайн захиргааны акт огт эрх зүйн үндэслэлгүй гарах зэргээр “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно.

 

6.2. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, фото зургуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаалж автомашины зогсоол, бетонон хогийн цэг зэргийг барьсан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамж гарч улмаар СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч “Ю” ХХК-д хүргүүлж, маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдлийг илт хууль бус гэж үзэхгүй төдийгүй дээрх үйлдлийг илт хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

7. Гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м.кв газар эзэмших эрхийг 1100 м.кв болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “НУ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч НЗДд даалгуулах” бие даасан шаардлагуудын тухайд анхан шатны шүүх “...Гуравдагч этгээд “НУ” ХХК-иас  ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр бие даасан шаардлага гарган маргаж байх боловч уг үндэслэл тухайн захиргааны актын хувьд тогтоогдохгүй байна, ...уг захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж... тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, ...нэхэмжлэгч “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газар гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалгүй, харин гуравдагч этгээд Нийслэлийн авто замын хөгжлийн газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлүүдээр маргаан бүхий актуудын улмаас гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй  болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 674 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м.кв газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М... комплекс хүртэлх *******,*******,******* төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай А/895 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, СБД ГЗБАны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, СБД ГЗБАны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022110701 дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хассан өөрчлөлтийг тус тус оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд “НУ” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА