Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2018/01252

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, подвальд байрлах “Г” СӨХ /бүртгэлийн дугаар 13/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ү /регистрийн дугаар /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 11 тоот хаягт оршин суух, Их мянган овогт Б /регистрийн дугаар / нарт холбогдох

13,694,509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О хариуцагч Ү итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б, Ү нар нь “Э” ХХК-ийн захирал И, иргэн Б нарын 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2008 оноос эхлэн оршин сууж байгаа Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны,“Г” хотхоны 45 тоот, “Э” ХХК-ийн захирал И, иргэн Ү нарын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 25 гэрээний дагуу эзэмшиж байгаа 356 тоот, мөн энэ гэр бүлийн эзэмшилд байдаг Г-108 автогражийн А-8 дугаарын авто зогсоол, агуулахын зорилгоор хувийн хэрэгцээнд ашигладаг 23 тоот подвалийн ашиглалт, үйлчилгээний төлбөр болон СӨХ-ны хураамжаа СӨХ байгуулагдсан цагаас эхлэн цаг хугацаанд нь төлөөгүй, эсвэл дутуу төлснөөс 13,013,879 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байх тул энэ төлбөрийг хариуцагчдаас гаргуулж, “Г” СӨХ-ны хохирлыг барагдуулахыг шүүхээс хүсч байна.

Нэхэмжлэлийн утга: “Г” СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр оршин суугчдын нийтийн хурлаас байгуулагдсан, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан ёсны бүртгэлтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай /СӨХЭЗБНЗОСБДӨЭХТ/ хуульд заасны дагуу “Г” хотхоны оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг илэрхийлсэн, дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, эдгээрийн ззэмшил, ашиглалт, хамгаалалт, тохижилт, засвар үйлчилгээг хариуцдаг төлөөллийн байгууллага юм. “Г” СӨХ-ны Дүрэмээр тогтоосон үүргээ хэрэгжүүлж, өмнөө тавьсан зорилтоо гүйцэтгэж ажилласнаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн СӨХ-дын дунд явуулсан түвшин тогтоох үзлэгээр бүрэн хангалттай дүн үзүүлсэн.

“Г” хотхоныг барьж байгуулсан “Э” ХХК нь орон сууцны ашиглалтын үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагад цаг хугацаанд нь хүлээлгэн өгөлгүй орхисноос үүдсэн хүндрэлтэй олон асуудлыг манай СӨХ нь шат дараатайгаар шийдвэрлэж, холбогдох ашиглалтын байгууллагаас тавигдсан шаардлагын дагуу бэлтгэл ажлыг хангуулж, цахилгааны ашиглалтыг 2014 оны 01 дүгээр сараас, цэвэр, бохир ус, дулаан хангамжийг 2015 оны 7 дугаар сараас мэргэжлийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн болно. Үүнтэй холбогдуулж, өмнө нь санхүүгийн нийтлэг журмыг зөрчиж, орон сууцны ашиглалтын төлбөрийг ихэнх тохиолдолд бэлэн мөнгөөр авч байсныг зогсоож, СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн орон сууцны төлбөрийн үйлчилгээний 30 хувийг хариуцдаг Төрийн банкийг сонгож, орон сууцны ашиглалтын төлбөр гүйцэтгэх биллингийн гэрээ байгуулснаар оршин суугчид СӨХ-ны хураамж, ашиглалт, үйлчилгээний төлбөрөө банкинд шууд төлдөг болсон нь төлбөр тооцооны ил тод байдлыг хангасан, санхүүгийн бүртгэл, тайланг хөнгөвчилсөн, оршин суугчдын сэтгэлд нийцсэн, СӨХ-ны үйл ажиллагаанд хэвшиж, үр дүнгээ өгч байгаа үйлчилгээ юм.

СӨХ-ны хураамж, үйлчилгээний төлбөрийг өмнө нь тогтоосон төлбөр, СӨХ-ны мөрддөг жишигт үндэслэж, “Г” СӨХ-ны Дүрэмд заасны дагуу “Г” хотхоны 2013 оны нийтийн хурлаас СӨХ-ны хураамжийг м2 тутамд 200 / хоёр зуу / төгрөгөөр тогтоож, нийт гишүүдийн хэмжээнд мөрдлөг болгон ажиллаж байсан. Харин Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс санал болгож байгаа дундаж жишгийг үндэслэж, 2016 оны нийтийн хурлаас СӨХ-ны хураамжийг м2 тутамд 100 төгрөг нэмж, 300 төгрөг болгосон байгаа.

Гэтэл энэ бүхнийг манай хотхоны 45 тоотод амьдран суудаг, 356 тоот /Ү-ын төрсөн дүүгийн гэр бүл амьдардаг/, 23 подвал, А-8 авто зогсоолыг тус тус өмчилж ашигладаг иргэн Б, Ү нар нь дэмжихгүй, cap бүрийн ашиглалт, үйлчилгээний төлбөр болон СӨХ-ны хүраамжаа Төрийн банкинд төлөхгүй, харин хураамжаа эхэндээ СӨХ-ны “Хас банк” ХХК-ийн дансаар дураараа хасч, хэсэгчлэн төлж байснаа сүүлдээ бүр төлөхөө больсноор СӨХ-нд их хэмжээний өр, авлага үүсгээд байна.

Мөн манай хотхонд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан өмнөх СӨХ-ны үеийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй тул манай СӨХ-нд өр, авлага нь шилжин ирсэн тул СӨХ-г давхар хохироосоор байгаа нь үнэн болно.

Манай СӨХ эдгээр иргэдтэй уулзаж, аман хэлцэл хийх, төлбөрийн мэдэгдэл, шаардлага өгөх, хугацаа тогтоох, утсаар ярих, мессеж илгээх зэргээр ажилласан боловч үр дүн өгсөнгүй. Иймээс талууд зөвшилцөн, 2017 оноос СӨХ-ны хураамж, ашиглалтын cap бүрийн төлбөрийг “Төрийн банк” ХХК-ийн биллингийн гүйлгээгээр авах, өмнөх онуудын хуримтлагдсан өр, төлбөрийг өөрсдөө СӨХ-нд хэсэгчлэн төлж барагдуулах талаар хэлэлцэн тохирсон боловч, одоо болтол ямар ч төлбөр хийгдэхгүй, тохиролцсон хугацаа хэтэрсэн тул шүүхэд аргагүй хандах болсон юм.

 

Байрны тоот

Талбайн хэмжээ м.кв

Өмнөх СӨХ-ны үйлдэгдэл өр, авлага₮

СӨХ-ны хураамж ₮

Үйлчилгээ ашиглалтын төлбөр ₮

Алданги ₮

Нийт ₮

 

1/2013 оноос 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд:

1

102-302 тоот 5 өрөө байр

185,35

674,945

3,269,741.23

1,634,870

5,579,556

2

105-905 тоот 3 өрөө байр

81,85

488,454.04

1,421,100.13

=

1,909,54

3

102-1-1 тоот подвал

185,35

 

2,400,840

1,200,420

3,601,260

 

Нийт дүн

 

1,163,399

7,091,681.36

2,835,290

11,090,370

 

2/2017 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд:

1

102-302 тоот 5 өрөө байр

185,35

=

444,840

436,000

281,868

1,162,708

2

102-1-1 тоот подвал

185,35

=

760,800

=

=

760,000

 

Нийт дүн:

 

 

1,196,800

436,000

281,868

1,923,508

 

Нэхэмжлэх нийт дүн:

 

1,163,399

8,288,481

3,117,158

13,013,879

 

 

Иймд оршин суугч Б, Ү нар нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зүриулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 13.2-д болон Иргэний хуулийн 148.2.3-д заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ тус тус биелүүлэхгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байх тул “Г” СӨХ нь Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Манай нэхэмжлэлийн дагуу хариуцагч Б, Ү нараас 13,013,879 төгрөг гаргуулж, "Г” СӨХ-ны өр, авлагыг нөхөн төлүүлж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Б, Ү нар нь өөрсдийн эзэмшиж байгаа “Г” хотхоны 45 тоот, 356 тоот, 102 дугаар байрны подвалын СӨХ-ны хураамж болон үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хуримтлуулснаас үүсгэсэн 13,03,879 төгрөгийг өр төлбөрийг барагдуулах асуудлаар 2017 оны 9 дүгээр сард нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүх хурал удаа дараа хойшилсны улмаас даруй 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул манай “Г” СӨХ нь 45 тоот орон сууцны 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сар болон 2018 оны 01, 02 дугаар сар, бүгд 6 сарын СӨХ-ны хураамж, үйлчилгээний хугацаандаа төлөгдөөгүй байгаа төлбөрийн 680,630 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ төлбөрт алданги тооцоогүй, эзэмшиж байгаа подвалын 2 сарын төлбөр ороогүй болно. Ингэснээр манай нэхэмжлэлийн нийт шаардлага 13,694,509 төгрөг болж байна.

Манай хотхонд 2008 оноос хойш амьдран суугаа, оршин суугч Б, Ү нар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ тус тус биелүүлэхгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байх тул “Г” СӨХ нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Б, Ү нараас 13,694,509 төгрөгийг гаргуулж, “Г” СӨХ-ны хохирлыг барагдуулахыг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал тус СӨХ-ны нэхэмжлэлээс “Г” хотхоны 356 тооттой холбоотой шаардлагын 1,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд 86,000 төгрөгт 8 шуудай цементийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон.

Хариуцагч Б-өөс татгалзаж байна. Өмнөх СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл, алданги зэргийг хасч тооцоод нийт 9,193,270 төгрөгийг хариуцагч Ү-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Манай СӨХ-ноос Төрийн банкинд явуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар албан бичигт 45 тоот, 356 тоотуудын 2014-2016 оны СӨХ-ны төлбөр тооцооны асуудлыг дуусгавар болгосон гэж огт дурдаагүй. Харин СӨХ-ны төлбөр төлөөгүй хуримтлагдсан өрийг бөөнд нь төлж байж төлбөрийг 2017 оны 1 сараас үргэлжлүүлэн төлбөр төлүүлэх зорилгоор, зөвхөн банкны тооцооноос хасч өгөхийг банкнаас хүссэн албан бичиг юм. Харилцан тохиролцож шийдвэрлэхээр болсон гэж дурдсан, харин шийдвэрлэсэн, төлбөр дууссан гэсэн утга байхгүй  гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зүриулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хууль болон Иргэний хуулийн 148, 149 дүгээр зүйлд тус тус зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Ү шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ү миний бие "Г" СӨХ-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Тус СӨХ нь ашиглалт, үйлчилгээний төлбөр болон СӨХ-ны хураамжийн төлбөр гэж 13,013,879 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн утга гэж дараахь зүйлсийг бичжээ, үүнд:

1. СӨХ-ны дүрэмд заасны дагуу "Г" хотхоны 2013 оны нийтийн хурлаас СӨХ-ны хураамжийг м.кв тутамд 200 төгрөгөөр тогтоож мөрдлөг болгон ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс санал болгож байгаа дундаж жишгийг үндэслэж 2016 оны нийтийн хурлаас СӨХ-ны хураамжийг м.кв тутамд 100 төгрөгөөр нэмж 300 төгрөг болгосон гэжээ.

Уг нь өмнөх СӨХ-ны дарга А нь орон сууцны төлбөрийг өөрийн дураар зохион нэмж хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байсан тул би тухайн үед хяналтын албаны даргын хувьд эсэргүйцэж, оршин суугчдын хурал зарлуулан хийж санал нэгтэйгээр А-г ажлаас нь чөлөөлж, дахин санал хураалт явуулсан ба шинээр Р сонгогдохдоо: "би өмнөх даргын дур мэдэж төлбөр мөнгө нэмдэг байсан асуудлыг халж улсаас тогтоосон тарифаар багаар СӨХ-ны төлбөрийг тогтоон оршин суугчдын эрх ашгийг хамгаалж ажиллах болно" гэж амлалт өгч сонгогдсон юм, мөн ерөнхий нягтлан бодогчоор нь н.Энхбилэг болсон. Гэтэл Р нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийг удирдах зөвлөлд оруулан томилж, СӨХ-ны үнэ тарифыг нэмэгдүүлэн оршин суугчдыг ихээр хохироосоор байгаа юм. Дээр нь өөрсдөө тухайн хотхонд оршин суудаг хэрнээ холбогдох төлбөр тооцоогоо ч төлдөггүй юм. Тэрээр олон нийтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, дээврийн болон худгийн ус алдалт, айлуудын хана дагасан шугам зэргийн засварын ажлуудыг хийдэггүй, харин ч бүр оршин суугчдаар өөрсдөөр нь засвар хийлгэдэг бөгөөд хийгдсэн засварын ажлуудыг нь өөрсдөө засвар үйлчилгээ хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн хуримтлалын мөнгөөр хийсэн мэтээр оршин суугчдад ойлгуулж мөнгө завшсаар ирсэн. "Б" дулааны конторыг дур мэдэн найз нөхөд садан төрлийн холбоогоороо оршин суугчдын саналыг авалгүйгээр өөрсдөө сонгон дулааныг шилжүүлсэн байдаг. Хотхоны дулааны сангийн узель огт угаагдаагүй олон жил болж байна. Дулаан өгөхдөө хангалтгүй өгдөг ба энэ нь цаанаа "Б" дулааны контортой хуйвалдаж дулаан хэмнэж мөнгө завшдаг нь тодорхой байгаа юм. Уг СӨХ-ны мэдүүлгээр "Б" дулаан нь 2014 оноос эхлэн хийсвэр мөнгийг миний 102-302 тоот дээр бодож авдаг байсан, үүнд амьтан 20,350 төгрөг, ус халаалт 11,872 төгрөг, дулааны үйлчилгээний хураамж 10,000 төгрөг, эдгээр мөнгөний зарцуулалтын баримт тайланг дулааны газартай хийсэн гэрээг оршин суугчдад үзүүлж тайлагнадаггүй, мөн миний 105-905 тоотын төлбөрийг хийсвэр төлбөр нэмж өс хонзонгийн сэдэлтээр хууль бусаар нэмж авдаг байсан. Иймэрхүү хууль бус үйл ажиллагаа байнга явуулдаг учир ихэнхи оршин суугчид СӨХ-д төлбөр төлөхгүй гэдгээ илэрхийлж маргадаг юм.

Хотхоны оршин суугчид гаражаа борлуулагч компаниас худалдан авсан ба гражийн халаалт хангалтгүй, хүйтэн байдгаас автомашин өглөө асдаггүй тохиолдлууд их гарч автомашины эвдрэл их үүсдэг. СӨХ-оос гражийн төлбөрт айл бүрээс 20,000 төгрөг авдаг боловч гэрэлгүй, бохир, засвар хийгдээгүй өнөөдрийг хүртэл хүнд байдалтай байгаа. Би энэ байдлыг эсэргүйцэж албан тоотоор бичиг хүртэл өгч байсан. Мөн дээврийн ажил 2017 оны зун хэсэгчилсэн байдлаар хийгдсэн учир дээврээс подвалийн хэсэгрүү бороо орсон үед ус их хэмжээгээр орж барилгын суурьт хүртэл муугаар нөлөөлөх байдал үүссээр байхад ямар ч арга хэмжээ авдаггүй.

Миний бие 102 дугаар байрны 00 тоот подвалийн хэсэг болох 185,35 м.кв талбайг өмчилдөг бөгөөд 2014 оноос одоог хүртэл ус алдаж байна, 7, 4 давхарын айлуудаас болон дээврээс удаа дараа ус алдаж миний өөрийн болон бусад 6 айлын надад хадгалуулж байсан эд хөрөнгө, эд хогшил усанд автаж хохирол учирсан ба би эдгээр айлуудын хохирлыг өөрөө төлж барагдуулан хохирол хүлээсэн байгаа. Энэ хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргах болно.

2. Нэхэмжилж байгаа төлбөрийн дүн гэсэн хүснэгтэндээ яг ямар үндэслэлээр юуны төлбөр тооцоо гэж нэхээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна, өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа төлбөрийн талаарх задаргааг дэлгэрэнгүй байдлаар гаргаагүй байна. Хэрэв надаас төлбөр нэхэж байгаа бол ямар учиртай, хэзээний төлбөр тооцоог, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тодорхой болгох ёстой гэж үзэж байна.

Иймд үндэслэлгүй, хийсвэрээр дур мэдэн тооцоо гарган нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б шүүхэд хариу тайлбар гаргаагүй.  

 

ХариуцагчҮ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” СӨХ нь хариуцагч Б, Ү нарт холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 13,694,509  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б-өөс болон нэхэмжлэлийн шаардлагын 4,501,239 төгрөгөөс татгалзаж, 9,193,270 төгрөгийг хариуцагч Ү-аас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 9,193,270 төгрөгийг хариуцагч Ү-аас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Б, Ү нар нь “Г” СӨХ-ны 45 тоот, 5 өрөө, 185,35 м.кв талбайтай орон сууц, 356 тоот, 3 өрөө, 81,85 м.кв талбайтай орон сууц, 23 тоот подвалыг  өмчилж, эзэмшдэг талаар үгүйсгээгүй бөгөөд дээрх орон сууц, подвалын ашиглалт, үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зүриулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.

“Г” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 3 дугаар тогтоолоор, тус СӨХ-ны гишүүдийн төлбөр төлөх хураамжийг орон сууцны 1 м.кв талбай тутамд 200 төгрөгөөр, харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг 16,900 төгрөгөө, орц, талбайн цэвэрлэгээний хураамжийг 10,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн цахилгааны төлбөрийг 5000 төгрөгөөр, подвал ашигласны хураамжийг хэрэглээний цахилгааны төлбөрийг оруулахгүйгээр сар бүр 56,400 төгрөгөөр, “Г” СӨХ-ны Нийт оршин суугчдын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлын 1 дугаартай тогтоолоор 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус СӨХ-ны хураамжийг 1 м.кв тутамд 300 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Хариуцагч Ү, Б нар нь “Г” СӨХ-ны төлбөрийг төлөөгүйгээс 2013 оноос 2017 оны 8 дугаар сар хүртэл буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 45 тоотын 32 сарын төлбөр 6,742,265 төгрөгийн, 356 тоотын 26 сарын төлбөр 1,909,555 төгрөгийн 102 дугаар байрны подвалийн 51 сарын төлбөр 4,362,060 төгрөг, нийт 13,013,879 төгрөгийн төлбөр, 2017 оны 9-12 дугаар сарууд, 2018 оны 01, 02 дугаар саруудад 45 тоотын төлбөр 680,630 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан СӨХ-ны төлбөрийн задаргаа, төлбөрийн мэдээ ба үлдэгдлийн дүн, төлбөрийн нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ү итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Г” СӨХ-нд нийт 1,755,979 төгрөг төлсөн төлбөрийн баримтууд болон Г СӨХ нэртэй бланк дээр хэвлэсэн 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн огноотой “...оршин суугч, уг СӨХ-ны хяналтын албаны дарга Ү манай ажлыг дэмжиж хотхоны гадна хаалганы автомат хаалтын мөнгө 1,475,000 төгрөг, хуг хог бохин сувгуудын муу ус таталтын зардал, үйлчлэгчийн, цахилгаан шугам таталтын урьдчилгаа зардал 467,000 төгрөгийн дэмжлэг гүн туслалцаа үзүүлсэн. Иймд цаашдаа уг мөнгөний эргэн төлөлтийг манай СӨХ 102-302, 105-905 байрнуудын ашиглалтын мөнгөнөөс хасалт хийж тооцохоор тохиролцов. Жич: Ашиглалтын мөнгийг 2013 оны 7 дугаар сарын 12-ноос эхлэн бодож эхний 3 сарын ашиглалтын мөнгөнөөс бүр мөсөн чөлөөлөв” гэсэн бичгийг                       нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан боловч төлбөр төлсөн дүн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэмжээнд хүрээгүй, 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн огноотой бичиг нь эх хувь эсхүл нотариатаар гэрчлэгдсэн хуулбар бус байх тул нотлох баримтаар үнэлэх, хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр шаардсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 13,694,509 төгрөгийн 4,501,239 төгрөгөөс татгалзахдаа хариуцагчийн төлсөн 1,200,000 төгрөгийг 4,501,239 төгрөгт оруулан тооцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжийг зохигч талуудад ногдуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Ү-аас 9,193,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” СӨХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.4, 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид 181,242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” СӨХ-д олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.УНДРАА