Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгч: Т.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Мөнхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ************** тоотод оршин суух, ********* шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Таванжингийн Мөнхжаргал /РД: ***********/

                                                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь DOOGEE S96 Pro гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшил гэж мэдсээр байж завшиж хохирогч Г.Цолмонд 1,169,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би ажлын цагаа дуусгаад хүүхдүүдээ авахаар сургууль руу явсан. Тэгээд сургуулийн гадаа очиход газар утас хэвтэж байхаар нь аваад эзэн нь сураглаад ирж авна биз гэж бодоод ажлын өрөөнийхөө шургуулгад хийгээд үлдээсэн. Миний ажлын өрөөний шургуулгад гар утас 1 сар орчим байсан. Манай хүүхэд ширээний шургуулга онгойлгоод энэ утсыг би барьчихъя гээд байхаар нь хүүхдэдээ утсыг асааж өгсөн. Хэд хоногийн дараагаар цагдаагийн хэлтсээс И.Бадрахзул цагдаа яриад та олсон гар утсаа цагдаагийн хэлтэс дээр авчирч өгөөрэй гэсэн. Тэгээд би гар утсыг хүлээлгэн өгч мэдүүлэг өгсөн... гэв.

Хохирогч Г.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ӨХЦ22-15 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

                                                      Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь DOOGEE S96 Pro гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшил гэж мэдсээр байж завшиж хохирогч Г.Цолмонд 1,169,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Г.Цолмонгийн ...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. Тухайн өдөр хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар Хархорин сумын *********** цэцэрлэг дээр 17 цаг өнгөрч байх үед очсон. Тэгээд орж хүүхдээ аваад хувцаслаад байж байсан чинь цэцэрлэгийн захирал намайг дуудаад миний компьютерт нэмэлтээр хэрэгтэй программ суулгаад өг гэхээр нь би зөвшөөрч компьютерыг нь үзээд сууж байтал манай хүүхэд уйлаад байхаар нь гар утсаа өгч хэсэг зуур аргалах санаатай гар утсаа хайхад миний утас байгаагүй. Би хаана хаясан, гээсэн эсэхээ мэдэхгүй байгаа юм. Ямартай ч миний санаж байгаагаар би цэцэрлэг рүү орохын өмнө гар утасныхаа цагийг харчхаад халаасандаа хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1,169,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ22-15 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “...Т.Мөнхжаргалаас **** сургуулийн хашааны гадна талаас олсон гэх хар саарал өнгийн 4 камертай, DOOGEE Mongolia гэсэн бичигтэй гар утсыг хураан авав...” гэх эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “...хохирогч Г.Цолмонд алдсан гэх хар саарал өнгийн зузаан, хүнд жинтэй, ар талын дээд хэсэгт 4 ширхэг камертай, доод хэсэгт DOOGEE IP-68 гэсэн бичиглэл бүхий Doogee S96 pro rap утсыг 2022 оны 05-р сарын 12-ны өдрийн 11 цаг 20 минутад хүлээлгэн өгөв...” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Мөнхжаргалыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал шүүх хуралдаанд ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай... гэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,169,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж байна.

Бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж авч завшсан идэвхитэй үйлдэл хохирогчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн хохирогчийн хайхрамжгүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн.

Иймд шүүгдэгч Т.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Хохирогч Г.Цолмонд гар утсыг нь буцаан олгож, хохирогч шүүх хуралд суухгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                                  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хор уршиг арилсан зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Мөнхжаргалд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж, хувийн байдлыг харгалзан шүүх ялаас чөлөөлж болох тул шүүгдэгчийг дээрх нөхцөлийг хангасан байна гэж үзэж оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв. 

                                                            Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Мөнхжаргалыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА