Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

2022          06          27                                   2022/ШЦТ/130

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Боржигон овогт ******* *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг   оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2136000590121 дугаартай, 178/2022/0122/Э/ индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 сарын 27-ны өдөр   хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Дарви сумын Булаг  багт оршин суудаг, хувиараа  мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  аминдаа 500 толгой мал, гэр нэг, мотоцикл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 660000 төгрөг,  ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт ******* *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Банзрагчийн  ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-15- ны өдрийн хооронд Ховд аймгийн Дарви сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах бэлчээрт байсан хохирогч ******* эзэмшлийн халиун зүсмийн зөв гуян дээрээ жижиг саран тамгатай 1 тооны адууг нууцаар, хууль бусаар авсан,  хохирогчид 800000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-15-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн...Би 2020 оны 06 дугаар сард анх хар азаргатай адуунаас хээр зүсмийн унагалах дөхөж байсан, зөв талын хаан дээрээ дормон тамгатай гүү алдсан. 08-09 сарын хооронд халтар зүсмийн зөв хаан дээрээ дормон тамгатай хязаалан насны байдас, халтар зүсмийн им тамгагүй шүдлэн насны үрээ алдсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 10-15-ны хооронд халиун зүсмийн гүү, зөв гуян дээрээ жижиг саран тамгатай хээр зүсмийн гүү нь зөв гуян дээрээ халанхай тамгатай соёолон насны гүүг  алдсан юм. Миний алдсан хээр гүү, халтар байдас нь зөв талын хаан дээрээ дормон тамгатай, Халиун гүү нь зөв гуян дээрээ жижиг саран тамгатай, соёолон насны хээр гүү нь зөв гуян дээрээ халанхай тамгатай, Шүдлэн насны халтар үрээ нь ямар нэгэн им тамга байхгүй юм. Миний алдсан адуунууд өөр өөр азарганд байсан. Хар азаргатай адуунд байсан хээр зүсмийн, халиун зүсмийн, соёолон насны хээр гүү зэрэг адуунуудыг алдсан. Хаан дээрээ дормон тамгатай хээр гүүг 2020 оны 06 дугаар сард алдсан юм.Нөгөө халиун гүү, соёолон насны хээр гүү хоёрыг бол 2020 оны 10 дугаар сарын 15-ны үеэр цуг алдсан юм. Мөн хүрэн халзан азаргатай адуунаас хаан дээрээ дормон тамгатай халтар байдсыг алдсан юм. Манай адуу тухайн үед Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр болох Баян голын өвөр талаар нутаглаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр унага тамгалахад эдгээр адуунууд бүгд ижил сүрэгтээ байж байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 15-ны үед адуугаа харахад 2 гүү нь цуг алга болсон байсан. Хүрэн халзан азаргатай адуунд байсан хаан дээрээ дормон тамгатай халтар зүсмийн байдасыг 2020 оны 08 дугаар сарын дундуур алдсан юм. Алдсан адуунуудаасаа им тамга байхгүй шүдлэн насны халтар зүсмийн үрээгээ олж авсан байгаа. Уг халтар үрээг 2021 оны 1 дүгээр сард Ховд аймгийн Дарви сумын иргэн Балжаа гэдэг залуу надтай утсаар ярихдаа таны им тамгагүй халтар үрээг олсон. Та ирж авна уу гэхээр нь очиж авсан юм. Би Хөхморьт сумын хэсгийн төлөөлөгчид бүртгүүлсэн байсан. Би Ховд аймгийн Дарви сумын иргэн Балжаа гэдэг залууг сэжиглэж байна. Нэг адуугаа 2000000 төгрөгөөр үнэлж байгаа, яагаад гэвэл миний адуунууд бүгд зүүн талын угшилтай адуунууд байсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Харин гомдол саналтай байна, алдсан адуугаа олж л авмаар байна...гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жамцаас дахин өгсөн...Манай адуу 2020 оны 06,08,10 дугаар саруудад Ховд аймгийн Дарив сумын нутаг Баянгол гэх газраар нутаглаж байсан.Хар азаргатай адуу, Хондон азаргатай адуу, Хүрэн халзан азаргатай адуу зэрэг 3 азаргатай нийтдээ 49 тооны адуу байсан юм.Миний алдсан .хээр гүү нь 7 настай, халтар байдас нь 4 настай, Халиун гүү нь 12 настай, хээр гүү нь 5 настай, халтар үрээ нь 2 настай зэрэг адуунууд байсан.Би 2020 оны 06 дугаар сард алдсан хээр зүсмийн гүүгээ 2020 оны 05 дугаар сарын сүүлээр адуугаа Баянголын нутаг дэвсгэрт оруулахад байсан дараа нь удаагүй 2020 оны 06 сарын 10-ны үеэр очиж үзэхэд байхгүй байсан.Халтар зүсмийн байдасаа хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр очиж үзэхэд байхгүй байсан юм. Халтар зүсмийн 2 настай үрээгээ 2020 оны 08-09 сарын хооронд алга болсон байсан. Халиун, хээр зүсмийн 2 гүүгээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр унага тамгалах гээд очиход байж байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 15-ны үед очиж үзэхэд байхгүй байсан юм. Би адуугаа алдсан талаар Ховд аймгийн Дарви сумын нутгийн хүмүүсээс байнга асууж сураглаж байсан. Би адуу алдсан талаараа Ховд аймгийн Дарви сумын иргэн Төгс, Ганбаатар, Баянмөнх, Чимэд зэрэг хүмүүс мөн Хөхморьт сумын иргэн Дамдинбазар, Нанзаа, Бишээ, Г.Сүхбаатар, Т.Сүхбаатар нараас асууж сураглаж байсан Адуугаа хайгаагүй газар гэж байхгүй үхсэн сэг зэм гэх юм олдоогүй болно. Жижиг саран тамгатай халиун зүсмийн гүүг би Говь-Алтай аймгийн харъяат Дандар гэдэг хүнээс худалдан авч байсан Дандарын тамгатай байсан, Бусад 3 тооны адуу нь манай өөрийн дормон тамгатай байсан,Халтар зүсмийн үрээгээ тамгалж чадаагүй байсан юм. Зүүн аймгаас худалдан авч байсан адуу байгаагүй. Халиун зусмийн гүү нь 5-6 удаа унагалсан, хээр гүү нь нэг удаа унагалсан байсан,Хээр байдас нь урд нь нэг унагалаад унага алдсан гүү байсан, Халтар байдас нь нэг ч унагалаагүй байсан юм.Эдгээр гүүнүүдийг унагалж байсаныг манай хүү Ж.Анхбаяр бол сайн мэдэж байгаа. Манай адуу бол ерөөсөө Баянгол гэх газраар л бэлчээрлэдэг байсан.Баянгол гэх газар нь манай Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт сумуудтай хэллэдэг юм. Би халтар зүсмийн үрээгээ дааган настай байхад нь нэг удаа уралдуулж байсан гаргасан амжилт гэх юм байхгүй. Миний зав чөлөө болоогүйгээс тамгалж чадаагүй юм.Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй Халтар зүсмийн л адуу би уг халтар үрээгээ өөрөө өвөл тэжээж байсан болохоор л таньж байна.Би алдсан адуунуудаа радио.телевиз, сонин сэтгүүл. фэйсбүүкээр зарлуулж байгаагүй. Балжаа гэгчээс Халтар зүсмийн үрээгээ авсан байгаа.Балжаа гэгч нь манай сумд аавтайгаа хамт ирэхээр нь би тэр Балжаа гэх залуугаас Халтар зүсмийн үрээгээ асуухад үзээгүй хараагүй гэж хэлж байсан мөртлөө удаа ч 2 хоногийн дараа Балжаа нь утасаар ярихдаа таны халтар үрээг оллоо гэж ярьсан. Тэгэхээр нь би чи яаж мөн бишийг нь мэдэж байгаа юм гэхэд Балжаа мөн байхаа та ирээд үзээтэх гэхээр нь хүүхдээ явуулаад харуулахад мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Ж.Анхбаярын өгсөн...Манай өөрийн болон манай аав ******* адуу нь байнга л Баянголын нутаг дэвсгэрт бэлчээрлэдэг юм.Адуу алдсаныг бол мэднэ.  2020 оны 06 дугаар сард нэг хээр зүсмийн гүү,08 дугаар сард мөн хээр зүсмийн, халтар зүсмийн үрээ 2 адуу, 10 дугаар сард халиун, бор хээр зүсмийн 2 гүү алдсан нийт 5 тооны адуу алдсан юм. 2020 оны 06 дугаар сард алга болсон хээр зүсмийн гүү нь 7-8 настай.Зөв хаан дээрээ дормон тамгатай,08 дугаар сард алдсан хээр зүсмийн 4 настай.Хаан дээрээ дормон тамгатай, 10 дугаар сард алдсан.  Халиун зүсмийн гүү 17 настай, зөв гуян дээрээ жижиг саран тамгатай, бор хээр зүсмийн гүү нь 8 настай зөв гуян дээрээ халанхай тамгатай адуунууд байсан юм. Халиун зүсмийн гүүг нь 10 жилийн өмнө Говь-Алтай аймгийн харъяат Дандар гэдэг хүнээс худалдан авч байсан. Хэдэн төгрөгөөр худалдан авч байсныг бол би мэдэхгүй байна. Бор хээр зүсмийн 8 настай гүүг Хөхморьт сумын иргэн Төрмөнхөд сугалаа өгөөд авч байсан юм. Нөгөө 3 адуу нь бол өөрийн унаган адуунууд байсан. Халиун зүсмийн гүү нь 10 удаа унагалж байсан уг гүүг нь Ховд аймгийн Дарви сумын иргэн ******* нь бусдад худалдсан байсныг Баян-Өлгий аймгийн найз Бахатбекийн дүү нь гээд залуу надад таны алдсан халиун гүү чинь манай аймагт ирээд нядалгаанд орсон гэж хэлсэн. Тэгээд би Ховд аймгийн Дарви сумд адуу авч байсан Эрдэнэбулган гэх залуутай холбогдоод асуухад ******* гэдэг  залуу л надад уг  Халиун зүсмийн гүү өгсөн гээд над руу зургийг нь явуулсан. Явуулсан зургийг нь харахад манай аав Жамцын алдсан халиун зүсмийн гүү мөн байсан юм. Дормон тамгатай хээр зүсмийн гүү нь 2 удаа унагалж байсан, 2 хээр зүсмийн гүүнүүд нь унагалаагүй байсан юм.Халтар зүсмийн үрээг 1 удаа л уяж байсан. Гаргасан амжилт гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 28-30-рт/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн үнэлгээгээр... 7 настай хээр зүсмийн гүү-1900000 төгрөг, 4 настай халтар зүсмийн гүү-1900000 төгрөг, 12 настай халиун зүсмийн гүү-1800000 төгрөг, 5 настай хээр зүсмийн гүү-1900000 төгрөг, 2 настай халтар зүсмийн гүү-1500000 төгрөг нийт 4000000 төгрөг гэх  дүгнэлт/хх-ийн 33-35-рт/

Мал тэжээвэр амьтад,хашаа худгийн 2019, 2020 оны тооллого/39-44-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганболдын өгсөн…Манай  багт Баянгол гэх нэртэй газар байдаг,  намаржаа, хаваржааны бүс нутаг болдог газар байгаа юм. Хөх морьт сумын адуунууд усанд манай багийн нутаг дэвсгэрт орж ирдэг. Б.Жамц нь адуу малаа алдсан талаар тэмдэглүүлсэн зүйл байхгүй ээ. Манай багаас Р.Алтангэрэл П.Балдан О.Эрдэнэбаатар Х.Дамбадаржаа Н.Лхагва нар 2020 оны 8-9 сард байсан.6-7 сард айл байгаагүй 2020 онд Хөх морьт сумаас айл орж ирээгүй зуншлага сайхан байсан болохоор өөр сумаас айл ирээгүй.Эдгээр айлууд одоо хаваржаандаа байгаа. Баянгол гэх нэртэй газарт худаг байхгүй ээ. 2 горхитой адуу мал намар хавартаа ус их уудаг газар юм. Манай багийн иргэд дором тамга, дэгрээ тамга, хуйгтан тамга, чандмань тамгууд ихээхэн дардаг. Б.Жамц нь адуундаа ямар тамга дардаг талаар мэдэхгүй байна. 2020 оны 06,08,09,10 дугаар саруудад манай багийн иргэдээс адуу малаа хаашаа хэнд зарсан талаар сайн мэдэхгүй байна. Мал эмнэлэгийн газар сайн мэдэх байхаа…гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Балдангийн өгсөн....Б.Жамцыг адуу мал алдсан талаар мэдээгүй. Адуу мал алдсан гэх Баянгол гэх газраар орж ирж мэдэгдээгүй. 2020 оны 09, 10 сард өөр сумын айлууд байгаагүй. 2020 оны 09 сард Баянгол гэх газарт Х.Мөнхсайхан, Р.Алтангэрэл, Эрдэнэбаатар гэх айлууд байсан.   ...гэх мэдүүлэг/хх-ийн 54-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Алтангэрэлийн өгсөн...2020 онд Б.Жамц нь манайхаар болон  нутгаар ирж мэдэгдээгүй . Мал туусан хүмүүс их явсан. Отрын айлууд их ирж байсан. Усанд адуунууд их орж ирдэг байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 56-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрдэнэбаатарын өгсөн...Манайх 2020 оны 09 сарын 25-наас 2020 оны 10 сарын 3-ныг хүртэл Баянгол гэх газарт нутаглаж байсан. Манайхыг намаржиж байхад манай багийн Р.Алтангэрэл гэдэг айл намаржиж байсан. Өөр сумаас айл байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 85-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтаншагайгийн өгсөн...2020 оны 6-10-р сарын хооронд манай багийн Р.Алтангэрэл, Т.Балдан, О.Эрдэнэбаатар гэх айлууд Баянгол гэх газарт намаржиж байсан. Хөх морьт сумаас айлууд орж ирээгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 60-рт/

******* *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн64-66-рт/

******* Батчулууны Эрдэнэбулганы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-89-рт/

******* *******ын харилцах дансны  хуулга /хх-ийн 91-92-рт/

******* Батчулууны Эрдэнэбулганы харилцах дансны хуулга /хх-ийн 93-94-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нанжидын өгсөн... Б.******* ах бол миний хүргэн ах болдог. Ээжийн дүүтэй суусан байгаа юмаа. Эрдэнэбулганыг танина, найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. Би тэр 2 хүнд адуу мал зарсан борлуулсан зүйл байхгүй. 2020 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Би хонио хариулж явж байх үед Б.******* ах өөрийнхөө 10 орчим адуу тууж ирээд надтай уулзаад чи ахдаа адуу айлын хашаан руу оруулаад өг гэхээр нь хамт туугаад засмал зам гаргаад зогсож байх үед нутгийн 2 залуу Мөнхбаяр, Бямбка нартай уулзаж байхад Эрдэнэбулган 1 танихгүй хүний хамт ирээд Б.*******ыг зам заагаад өг гээд машиндаа суулгаад явсан. Б.******* ах надыг Амгалан гэдэг айлын хашаанд шахаад үлдээгээрэй гэхээр нь 10 орчим тооны адууг нь хашаанд хийж шахаад, гэрлүүгээ явсан. Б.*******ын адуунд халиун зүсмийн зөв гуяндаа дормон, саран тамгатай гүү болон ямар тамгатай адуунууд хэдэн тоотой байсныг нь анзаараагүй. Б.Эрдэнэбулган, Б.******* нартай адуу мал хашиж ачсан тээвэрлэсэн  асуудал байхгүй. Б.******* ах адуу хашаанд хашаад өг гэхээр нь хашиж өгсөн. Адуу мал авч явна гэж уулзаад явсан. Ямар газар руу явж байгаагаа хэлээгүй. Анх тэр хоёртой уулзахад Дарви сумын Баянбулаг багийн Хөх толгой гэдэг газарт уулзсан. Б.Эрдэнэбулган ямар хүнээс адуу мал авч байгаа талаараа яриагүй. Б.Эрдэнэбулган Маяти машины хэмжээтэй цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан ямар маркын тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэдэхгүй ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбулганы өгсөн...Ховд аймгийн Дарви сумын харъяат Б.*******ыг зүс танина Төрөл найз нөхдийн холбоо байхгүй. 2020 оны 06, 08, 10 дугаар саруудад Баян Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, мал эмнэлгийн газар шимэгч судлалын шинжээч их эмчээр ажилладаг,  зав чөлөөгөөрөө адуу мал Ховд аймгийн Дарви сумаас зөөж зарж борлуулж байсан.

2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна.Барсаа гэдэг хүний адуу малыг хамт зарж өгөхөөр 30 гаруй тооны адуу ачиж Баян Өлгий аймаг оруулж худалдан борлуулж өгсөн. 2020 оны 10 дугаар сарын дундуур Говь Алтай аймгийн Дарви сумаас 10 гаруй тооны адуу Гомбоо, Дашаа гэдэг хүмүүстэй хамт адуу ачиж Баян Өлгий хамт явж зарж борлуулсан.Энэ үед ******* *******аас 1 тооны  халиун зүсмийн гүүг 700000 төгрөгөөр худалдаж аваад Баян Өлгий оруулж зарсан. Б.*******аас худалдаж авсан халиун зүсмийн гүү 9 орчим настай гүү байсан тамгыг нь санахгүй байна. Тэр гүүний даагыг Б.*******аас авах гэсэн боловч 2 удаа уяа нь  мултараад явчихаар аваагүй.Тэр даагыг Б.******* 400000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед авч чадаагүй. Тэр халиун гүүг барьж өгсөн хашаан дээр даага нь ганцаараа үлдсэн. Надыг тэр гүүг авах гээд өглөө нь  очиход даагатай нь чулуун хашаанд шахаад орхисон байсан. Урьд өдөр нь тухайн гүүг авсан хашааны чиглэлд 6 тооны адуу байсан. Содноос хөх бор зүсмийн гүү засмал замаар нэвт гаргаад *******, Нанжид нар туугаад зогсож байсан. Тухайн үед Нанжид, Дэжидпил нар орой буцаж ирэх үү гээд залгаад байсан. Өглөө нь  *******аас халиун гүүг авах үед өгнө гээд байсан адуугаа зараагүй тэр чигтээ алга болсон.

Надад тэр халиун гүү өгөхдөө өөрийнхөө гүү гэж хэлээд өгсөн  Хулгайн мал гэж огт хэлээгүй. Би Б.*******аас тухайн гүүг худалдаж авахдаа 700000 төгрөг бэлэн тоолж өгөөд авсан. Миний хажууд Говь Алтай аймгийн Дарви сумын харъяат Даш гэдэг хүн мөнгө өгч байх үед байсан.Би тэр үед Дарви сумын харъяат Мянганбанзрагч гэдэг хүнээс 2 тооны хул алаг, хээр алаг үрээнүүд авсан. Нийт 3 адуу аваад Гомбоо, Даш нарын авсан адуутай нийлүүлж Баян-Өлгий оруулж зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-104-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2020 оны 10 дугаар сарын дундуур байх он, сар, өдрөө сайн санахгүй байна. Би Баянхонгор аймгаас 2 гүү худалдаж авсан байсан юм. Тухайн үед авч ирсэн 2 гүүгээ адуун дотор байгаа эсэхийг харах гэж адуундаа яваад Баянгол багийн Хүнхэр гэх газарт очиход манай адууны ойролцоо халиун гүү, халиун даагатай хамт байсан. Тэгэхээр нь адуу руугаа нийлүүлж туугаад Дарви сумаас урагш 40 км зайд Улаанбаатар хот явах асфальтан хар замаар адуугаа туугаад  гарч байтал цагаан өнгийн тэвштэй маяти маркийн машин ирээд зогсохоор нь уулзсан чинь манай нутгийн залуу Б.Эрдэнэбулган байсан. Сайн муу болоод ямар  ажлаар яваа талаар асуухад адуу авч явна айл заагаад өгөөч гэхээр нь эхнэрийн дүү Нанжид хонио хариулаад явж байхаар нь дуудаад чи манай адууг Амгалангийн хашаанд шахаад үлдээчих гэж хэлчихээд Б.Эрдэнэбулганд зам зааж өгөхөөр машинд нь суугаад явж байтал Б.Эрдэнэбулган намайг чи адуу зарах юм уу гэхээр нь адуун дотроо тууж ирсэн халиун гүүг зарж мөнгө хийж авъя гэж бодоод зарна гэж хэлсэн. Буцаад ирэхэд манай адууг Нанжид Амгалангийн хашаанд шахчихсан байхаар нь халиун гүүг Б.Эрдэнэбулганд өөрийнхөө гүү байгаа юм гэж хэлээд 800000 төгрөгөөр зарсан.Би өөрийнхөө 14 настай хүрэн мориор адуугаа тууж явсан. Одоо тэр морь байхгүй, 2021 оны өвөл өөрийнхөө идшинд хэрэглэсэн байгаа.Дарви сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах “Их хүнхэр” гэх газраас нийлүүлж туугаад Улаанбаатар хот явах хар замын ойролцоо Амгалан гэх хүний хаваржааны хашаанд шахаж байгаад зарсан.  Би өөрийнхөө хүрэн морьтой явсан. Халиун гүүг Б.Эрдэнэбулганд зарахад халиун даага хашаанаас гараад зугтсан. Халиун даага зараагүй. Бор хээр үрээ байгаагүй. Сүүлд Б.Жамц гэх хүн надтай утсаар яриад бор хээр үрээ, 2-3 гүү бас алга байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй ах гэсэн чинь чи сургийн гаргаж өг гэж хэлсэн.  2021 оны 01 дүгээр сарын дундуур байх он, сар, өдрийн сайн санахгүй байна танихгүй айлын адуун дотор им, тамгагүй, бор хээр үрээ байхаар нь Жамц ах захиж байсан гэж бодоод барьж аваад гэрийн гадна чөдрөлчихөөд Б.Жамц гэх хүнд утсаар ярьж хэлсэн. Тэгтэл намайг хонинд явсны араар ирээд аваад явсан байсан. Сүүлд халиун даагаа Б.Жамц гэх хүн айлын адуунаас олж өөрөө авсан гэж хэлсэн. Халиун гүү, халиун дааганаас өөр морь байгаагүй. Халиун гүү зөв гуядаа жижиг саран тамгатаи, халиун даага зөв хаа дээрээ дормон тамгатай байсан өөр содон шинж тэмдэг байгаагүй. Намайг Б.Эрдэнэбулган  зам заагаад өгчих гэхээр нь зам зааж өгөх хооронд адуу явчхаж магадгүй  гэж хашаанд шахчих гэж хэлсэн юм. Тухайн үед мөнгө хэрэг болоод байхаар нь мөнгө олох гэж зарсан юм. Би хулгайн гүү гэж хэлээгүй өөрийнхөө гүү гэж хэлж өгсөн. ******* хохиролд 3000000 төгрөг барагдуулж өгсөн...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттүвшингийн  өгсөн...Б.******* нь тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүн байгаа юм, Б.******* ах 1978 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн, Банзрагч гэх хүний 2 дахь хүүхэд, 1986 оноос 1990 онд Ховд аймгийн Дарви сумын ерөнхий ерөнхий боловсролын дунд сургуулийг 4 дүгээр анги төгссөн байдаг, Б.******* 1 ах, 4 дүүтэй, төрсөн ах Б.Цэрэндорж Дарви сумын Дэлгэр багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, төрсөн дүү Б.Баасандорж Улаанбаатар хотод хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг, дүү Б.Энхмаа Дарви сумын Булаг багт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, дүү Б.Нарантуяа Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт хувиараа ажил хөдөлмөр хийдэг, Б.Олонбаяр Сэлэнгэ аймагт нөхөр хүүхдийн хамт хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг байгаа, Б.******* 1990 оноос хойш аав, ээж, дүү нарын хамт мал, маллаж амьдарч байгаад 2001 онд эхнэр Заяатай гэр бүл болж тусдаа гарч одоог хүртэл 21 жил хамт Дарви сумын Булаг багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Б.*******ын төрсөн аав Д.Банзрагч Дарви сумын Булган багт өндөр насны тэтгэвэрт байдаг, ээж нь бурхан болсон. Б.******* урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Б.******* Ховд аймгийн Дарви сумын Булаг багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, сарын тогтсон орлого байхгүй улирлын чанартай орлоготой, хавар ноолуур, хүүхдийн мөнгө, мал зарах гэх мэт орлого олдог. Б.******* ах өөрийн гэсэн 500 гаруй богтой, адуу, үхэр нийлсэн 20 гаруй бод малтай, өөрийн гэсэн хашаа, гэр байгаа. Б.******* урд өмнө эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй.Тамхи татдаг, архи хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг/хх-ийн 129-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Янжинхоролын өгсөн...Б.******* нь тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүн байгаа юмаа, Ховд  аймгийн  Дарви сумын Булаг багт эхнэр Заяат,  4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, төрсөн аав Банзрагч мөн Дарви суманд амьдардаг, Б.******* нь доороо 4 дүүтэй, 1 ахтай айлын 2 дахь хүүхэд, Дарви сумын дунд сургууль 4 дүгээр анги төгссөн гэж сонссон . Б.*******ын төрсөн аав Д.Банзрагч Дарви сумын Булаг  багт өндөр насны тэтгэвэрт байдаг, ээж нь бурхан болсон.Б.******* урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй байх сайн мэдэхгүй байна. Б.******* Ховд аймгийн Дарви сумын Булаг багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, сарын тогтсон орлого байхгүй улирлын чанартай орлоготой хавар ноолуур, хүүхдийн мөнгө, мал зарах гэх мэт орлого олдог. Б.******* ах өөрийн гэсэн 500 гаруй богтой. адуу, үхэр нийлсэн 20 гаруй бод малтай, өөрийн хашаа, гэр байгаа. Б.******* урд өмнө эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй.Тамхи татдаг, архи хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг/хх-ийн 131-132-рт/

2022 оны 05 сарын 15-ны өдрийн мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...хүрэн морь 9 настай 800000 төгрөг гэх баримт/хх-ийн 153-154-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Боржигон овогт ******* ******* нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт /хх-ийн134-рт/ зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

 Шүүгдэгч Банзрагчийн  ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-15- ны өдрийн хооронд Ховд аймгийн Дарви сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах бэлчээрт байсан хохирогч ******* эзэмшлийн халиун зүсмийн зөв гуян дээрээ жижиг саран тамгатай 1 тооны адууг нууцаар авч  С.Эрдэнэбулганд 700000 төгрөгөөр зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* *******ын бусдын нэг  тооны адууг бэлчээрт байхад нууцаар авч, бусдад 700000 төгрөгөөр зарсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж , шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт нийцэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ын бусдын бэлчээр байсан нэг тооны адууг хохирогчид мэдэхгүйгээр нууцаар авч, бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... бусдын малыг хулгайлах ... гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.******* нь бэлчээрт байсан нэг тооны адууг  бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж  эзэнд  нь мэдэгдэхгүйгээр бэлчээрээс нь авч, бусдад   зарж, хохирогчид 800000 төгрөгний хохирол у чруулсан нь  бусдын малыг хулгайлах  гэмт хэргийг хүсч үйлдсэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт буруугийн санаатай хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Банзрагч овогтой *******ын  2020 оны 10 дугаар сарын 10-15- ны өдрийн хооронд Ховд аймгийн Дарви сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах бэлчээрт байсан хохирогч ******* эзэмшлийн халиун зүсмийн зөв гуян дээрээ жижиг саран тамгатай 1 тооны адууг нууцаар авч  С.Эрдэнэбулганд 700000 төгрөгөөр зарсан  гэмт хэргийг санаатай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... бусдын мал хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн , бусдын нэг тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан    гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Жамц нь миний хохирол мөнгийг Б.******* барагдуулж өгсөн. Надад гомдол санал байхгүй болохоор шүүх хуралд суух шаардлага байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна, Би халиун гүүнийхээ хохирол мөнгийг барагдуулж авсан байгаа, халиун даагаа олж авсан, бор хээр үрээгээ буцааж авсан байгаа...гэх мэдүүлэгийг  /хх-ийн 125-126-рт/  өгсөн байх тул  шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Хөхийн овогт ******* ******* нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт /хх-ийн134-рт/-аар  тогтоогдож байна.

 Гэм буруугийн болон эрүүгийн  хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Банзрагч овогтой ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-15- ны өдрийн хооронд Ховд аймгийн Дарви сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах бэлчээрт байсан хохирогч ******* эзэмшлийн халиун зүсмийн зөв гуян дээрээ жижиг саран тамгатай 1 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 800000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жилийн 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролгүйг  дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын орлго болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 800000 төгрөгийг хурааж улсын орлого болгох  нь зүйтэй  гэх дүгнэлт гаргав.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Шүүгдэгч Б.*******ын  хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо бүрэн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсүүлэх,  хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг зөвшөөрч байна гэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд  хохирогчид учирсан хохирол 800000 төгрөгийг  төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн  зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэн нөхцөл  байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, гэм буруугийн болон шударга ёсны, хууль ёсны байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон ургийн овогт ******* *******ыг 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... оршин суух, газар, ажил , сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь  хэсэгт заасан... тэнссэн хугацаанл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол   шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700000 төгрөг, гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 800000 төгрөг нийт 1500000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ыг  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Эрүүгийн 2136000590121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж,  шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.5 дугаар зүйлийн 1, 36.2-1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт ******* *******ыг бусдын малыг  хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Боржигон ургийн овогт ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн 2136000590121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад  төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 800000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700000 төгрөг нийт 1500000 / нэг сая таван зуун мянга/   төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Б.*******д  оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан...  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч , иргэний нэхэмжлэгч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА