| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00109/И |
| Дугаар | 153/ШШ2018/00174 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2018/00174
2018 оны 04 сарын 05 өдөр Дугаар 153/ШШ2018/00174 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Д.Д-д холбогдох 1,720,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд таван хайрхан ХХК-ийг төлөөлөн Ховд захирал ажилтай Д.Д 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Гоо марал төвийг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, түүнд хүлээлгэн өгсөн. Тус гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөрт 650,000 төгрөг төлөх ба түрээслэгч нь дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, хогны төлбөрийг өөрөө хариуцахаар тохирсон.
Гэтэл Д.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө барагдуулахгүй байх тул 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус Гоо марал төвийг ажиллуулаад 2,735,360 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлөхөөр болж гэрээг цуцалсан. Улмаар удаа дараа нэхэж байж 1,000,000 төгрөгийг авсан бөгөөд одоо дулааны төлбөр болох 1,720,600 төгрөгийг төлөхгүй байснаас тус байрны дулааныг тасалсан. Иймд би тус дулааны мөнгийг өөрөө төлсөн.
Иймд Д.Д 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 1,720,600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах Гоо марал төвийг 3 жилийн хугацаагаар цайны газар ажиллуулах зориулалтаар ажиллуулахаар түрээсийн гэрээ хийсэн. Дулаан, цахилгааны төлбөр, хогны төлбөрийг түрээсийн төлбөрөөс тусдаа өгөхөөр тохирсон. Гэвч уг Гоо марал төв нь өмнө баар байсан тул орлого муутай, ихэвчлэн согтуу хүмүүс орж ирдэг байсан мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон. Ингээд тус түрээсийн гэрээг цуцлах болсон. Би тус төвд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 2 сарын түрээсийг бэлнээр 1,300,000 төгрөг өгсөн. Мөн манай эгчээс *******0,000 төгрөг, эхнэрээс 300,000 төгрөг, Хаан банкны АТМ-ээс шилжүүлж 960,000 төгрөгийг Д.С авсан. Би түрээсэлсэн байрны түлхүүрийг 2016 оны 03 дугаар сард хүлээлгэн өгсөн. Нийт 4 сар 9 хоногийн хугацаанд тус байрыг түрээсэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би түрээсэлсэн хугацааны дулааны төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үйлчилгээний зориулалттай байр түрээсэлсэн байрны дулааны төлбөр 1,720,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “...би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд түрээсэлсэн байрндаа үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг хугацааны дулааны төлбөрийг төлсөн” гэж мэтгэлцэх боловч нэхэмжлэгчийн түрээсийн байрыг нийт 4 сар 9 хоног түрээсэлсэн гэдгийг үгүйсгээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Талууд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, түрээслүүлэгч ...... ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тамгын газрын байрны зүүн хойд талд байршилтай үйлчилгээний зориулалттай Гоо марал төвийг нэг сарын 650,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч Ховд ...... ХХК нь сар бүр түрээсийн төлбөр, дулааны төлбөр, цэвэр бохир усны төлбөр, цахилгааны төлбөр, хогны төлбөр зэргийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад Гоо марал төвийг хүлээлгэн өгөх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Тус гэрээг талууд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд талууд хоорондоо ярилцан гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байна.
Ү-1617000952 дугаарт бүртгэлтэй, 000027293 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тамгын газрын байрны зүүн хойд талд байршилтай үйлчилгээний зориулалттай, 80 м.кв талбай бүхий 10 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь П.Х. байх бөгөөд П.Х. нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.С. тус үл хөдлөх хөрөнгийг түрээслэх итгэмжлэл олгосон байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх... үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ч талууд уг хэлцэлээр шилжүүлсэн эд хөрөнгөө харилцан буцаан авах үүрэгтэй байна.
Түрээслэгч нь түрээсийн гэрээний дагуу дулааны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй хэмээн нэхэмжлэгч Д.С. тайлбарлах бөгөөд хариуцагч Д.Д. зүгээс дулаан төлбөрийг төлсөн талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Гоо марал төвийн 2015 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар сарын дулааны төлбөр нийт 1,720,000 төгрөг гарсан болох нь Бадамлах дөл ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэх болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Д.Д. нь түрээсэлсэн байрны төлбөрийг төлөхгүй гэх шалтгаанаа “2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд түрээсэлсэн байрндаа үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг хугацааны дулааны төлбөрийг төлсөн” гэж тайлбарлаж байх боловч тус байрыг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд түрээсэлсэн талаар, мөн түрээсийн гэрээний бусад заалтад авагдсан “...дулааны төлбөр 400,000 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 52,100 төгрөг, цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар, хогны төлбөрийг төлнө” гэж тохиролцсоны дагуу дулааны төлбөрийг төлсөн талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд түрээслэгч Д.Д. нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу түрээсэлсэн байраа ашигласан хугацаанаас эхлэн түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны дулааны төлбөрийг төлөх үүргийг хүлээх бөгөөд түрээсийн зүйл буюу байрыг биеийн эрүүл мэндийн улмаас ашиглаагүй, түлхүүрийг нь хүлээлгэн өгч амжаагүй нь түрээсийн байрны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Д.Д. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тамгын газрын байрны зүүн хойд талд байршилтай үйлчилгээний зориулалттай, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байрны дулааны төлбөр 1,720,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 42,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3-д зааснаар хариуцагч Д.Д-с үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байрны дулааны төлбөр 1,720,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сонины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашнямаас 42,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сонинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА