Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Л-д холбогдох 2216000690097 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, И овогтой Д-н Л.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Ч.О-с гаргасан 3-29/54 дугаартай гомдол мэдээллийг шалгахдаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ч.О-н өгсөн мэдүүлгийг хэргийн материалд хавсаргахгүйгээр устгасан, улмаар түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгсөн мэтээр, мөн насанд хүрээгүй М.Э, Б.Ц нараас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан мэтээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн шүүгдэгч Д.Л-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Л нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Ч.О-с гаргасан 3-29/54 дугаартай гомдол мэдээллийг шалгах ажиллагаа явуулахдаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч Ч.О-н өгсөн мэдүүлгийг устгасан, улмаар түүнээс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгсөн мэтээр тэмдэглэл үйлдэн өмнөх мэдүүлгийнх нь агуулгыг өөрчлөн тусгаж, гарын үсгийг нь дуурайлган зурсан, мөн насанд хүрээгүй холбогдогч М.Э, Б.Ц нараас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэл үйлдэн, гарын үсгүүдийг нь дуурайлган зурсан дээрх хуурамч нотлох баримтуудаа үндэслэн зөрчлийг хэргийг хаах шийдвэр гаргасан болох нь:

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Л гэж байцаагч над руу 2022 оны 01 сарын 07-ны өдөр ****-той дугаараас миний ******** дугаарын утас руу залгаад “цагдаа дээр ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж дуудсан. Тэр өдөр ажил ихтэй байсан болохоор яг тэр өдөр бол очиж мэдүүлэг өгч чадахгүй гэдгээ хэлсэн юм. Тэгээд би 01 сарын 10-ний өдөр ажил дээрээ ирээд байж байтал Л байцаагч над руу дахиж утсаар яриад “гомдол, мэдээлэл шалгах хугацаа дуусах гээд байна, та хүрч ирээд мэдүүлгээ өгөөч гэхээр нь би “ хүний ажлыг алдагдуулаад яах вэ? гэж бодоод Цагдаагийн газар очиж Л байцаагчид мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө би түрүүн асуултаар асуусан утгатай зүйлийг хэлж яриагүй ба тухайн мэдүүлэгтээ “...дэлгүүрээс тэд, хэдэн төгрөгийн тийм, тийм зүйлийг 2 охин хулгайлсан байна гээд камерын бичлэг дээр бичигдсэн үйл явдлын талаар л мэдүүлэг өгч байсан. Түүнээс биш би “... би дэлгүүртээ тооллого хийхэд бараа дутаагүй байсан, тиймээс тэр 2 хүүхэд хулгай хийгээгүй, ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, бичлэгт эргүүлж тавьж байгаа нь харагдахгүй, бичлэг нь тасарсан байсан болохоор сайн нягталж шалгаагүй хүүхдийг хэлмэгдүүлэх шахлаа, гомдол байхгүй...” гэсэн зүйлийн талаар мэдүүлээгүй. Тэгээд би Л байцаагчид мэдүүлэг өгч дуусаад өрөөнөөс нь гарах гэж байтал Л байцаагч намайг дэлгүүрийнхээ камерын бичлэгийг CD дээр хуулбарлаад аваад ирээч гэхээр нь өөрөө очих завгүй байсан болохоор би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байрныхаа нэг таньдаг ахаар дэлгүүрийнхээ камерын бичлэгийг CD дээр хуулбарлаад өгөөд явуулж байсан юм. Түрүүн надад үзүүлсэн мэдүүлэг дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Яагаад миний гарын үсэг биш байна вэ? гэхээр би урд өмнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2007-2021 онд сувилагчаар ажилладаг байсан юм. Эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зурахдаа татлахгүй, эрээчихгүй заавал бүтэн нэрээрээ гарын үсгийг зурж байх шаардлагыг тавьдаг байсан болохоор тэрний дагуу би ямар нэгэн бичиг баримт дээр өөрийнхөө гарын үсгийг бүтэн нэрээрээ бичиж хэвшиж зурдаг болсон юм. Түрүүний надад харуулсан О гэж зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш байна...Дэлгүүрээс 2 охин хулгай хийсэн талаар би Л гэдэг байцаагчид 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлэг өгч байсан. Тэгээд дараа нь намайг дэлгүүр дээрээ байж байхад Г гэж байцаагч хүрч ирээд дахин мэдүүлэг авч байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 48-50 дугаар тал/, 

гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би уг зөрчлийн гомдол, мэдээллийг анхнаас нь бол хүлээн авч шалгаагүй ба энэхүү гомдлыг хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Л шалгаад иргэн Ч.О-с гаргасан дээрх гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан. Гэтэл хяналтын прокурор Л.Г-с тухайн гомдлыг шийдвэрлэсэн Д.Л байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр манай Цагдаагийн газарт буцаасан байсан. Ингээд уг зөрчлийн материалыг зөрчил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Л надаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгасан. Ингээд би тухайн зөрчлийн материалыг хүлээн авч нэмэлт ажиллагаа хийхээр болсон юм. Нэмэлт ажиллагаагаар би хохирогч  Ч.О-с дахин мэдүүлэг авсан. О-с авсан мэдүүлгээр би дэлгүүрээс чухам юу юу алдагдсан эсэх, ямар үнэ ханштай болох мөн нэхэмжлэх зүйлийнх нь талаар тодруулж мэдүүлэг авсан. Алдагдсан эд зүйлст Ашид билгүүн ХХК-д шинжээч томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Дараа нь шинжээчийн дүгнэлтийг хохирогч болон бусад оролцогч нарт танилцуулсан. Мөн үүнээс өөр ажиллагаагаар би холбогдогчийг зөв тогтоож насанд хүрээгүй холбогдогч Б-н Х, Ц-н Г нарыг тогтоож эдгээр хүүхдүүдээс тус тус мэдүүлэг авсан. Миний хувьд холбогдогч нарыг ямар учраас зөв тогтоох ажиллагаа хийсэн юм бэ? гэхээр хохирогч Ч.О-с гаргаж өгсөн камерын бичлэгт хийсэн үзлэгээр “ZT” барааны дэлгүүрээс хулгай хийсэн гэх Э, Ц хоёр биш болж таарсан. Харин үзлэгээр уг дэлгүүрээс хулгай хийсэн охид болохоор Х, Г нар болж таарсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар буюу камерын бичлэгээр хулгай хийсэн хоёр охиныг хуульд зааснаар зөв тогтоох шаардлага үүссэний улмаас Х, Г нарын асран хамгаалагч нарын хамтаар дуудан ирүүлж холбогдогчоор тогтоож мэдүүлэг авч дараа нь эдгээр хүүхдүүдийн насыг нь тоолоход Б.Х гэж охин зөрчил үйлдэх үедээ 11 нас 12 сар 16 хоногтой, харин Ц.Г нь зөрчил үйлдэх үедээ 11 нас 12 сар 20 хоногтой байсан нь тогтоогдсон. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.6, Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Зөрчил үйлдсэн этгээд нь 14 насанд хүрээгүй байх тул” зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан... Намайг тухайн зөрчлийн материалыг авахад Д.Л нь хохирогч Ч.О-с 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг авсан, насанд хүрээгүй холбогдогч Б.Ц, М.З нараас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр насанд хүрээгүй холбогдогчоор мэдүүлэг авсан. Мөн тэдгээр хоёр охины насыг тоолсон, насанд хүрээгүй холбогдогч нарын асран хамгаалагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус материалд хавсаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан. Д.Л байцаагч болохоор тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг ЗШШТХ-ийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/,

гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би энэ оны 01 сард найз Э-тэй хамт гудамжинд зөрчил гаргаад тэгээд Э-тэй хамт цагдаа дээр ирж Цагдаагийн газрын нэг давхрын өрөөнд нүдний шилтэй цагдаагийн өрөөнд Э бид хоёр нэг нэгээрээ уулзсан. Эхэлж Э орж уулзаад Э-г гарч ирсний дараа би зөрж ороод тэр цагдаа ахад болсон зүйлийн талаар хэлж ярьсан. Тэр цагдаа ах надаас ямар нэгэн мэдүүлэг аваагүй ямар зөрчил гаргасан юм бэ гээд амаараа асууж байсан. Тэгээд миний овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг энэ тэрийг цаасан дээр тэмдэглэж авч байсан. Тэгээд тэр цагдаа ах Э бид хоёр яв, яв гээд явуулсан. Тэрнээс хойш Э бид хоёр цагдаа дээр очоогүй...Би ийм мэдүүлэг тэр нүдний шилтэй Цагдаа ахад өгөөгүй. Надаар ямар нэгэн цаасан дээр гарын үсэг зуруулж аваагүй... Миний гарын үсэг биш байна, би нэрээ ингэж бичдэггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/,

гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би энэ оны өвөл 01 сарын үед найз Ц-тэй хамт хоорондоо муудалцаад тэгээд Цагдаагийн газар дээр Ц-тэй хамт ирээд нэг давхрын өрөөнд ороход энгийн хувцастай нүдний шилтэй нэг ах сууж байсан. Тэр энгийн хувцастай ах надаас ямар асуудал гаргасан, хоорондоо зодоон цохион хийсэн үү гэх мэт амаараа баахан юм асууж байгаад за за ар гэрээсээ хүн дуудаад яв гэхээр нь аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг аавынхаа авга дүү З-г утсаар дуудаж авахуулж байсан юм. З ах намайг ирж авах үед Ц тэр цагдаа гэх ахын өрөөнд суугаад үлдсэн. Маргааш нь би Ц-с яасан юу болсон гээд асуусан чинь эгчийгээ дуудаад авахуулсан гэж хэлсэн. Надаас тэр өдөр энгийн хувцас өмссөн, нүдний шилтэй тэр цагдаа гэх ах ямар ч мэдүүлэг аваагүй ... Би “ZT” дэлгүүр хаана байдгийг ч мэдэхгүй. Би дэлгүүрээс хулгай хийгээгүй. Намайг яагаад хулгай хийсэн гээд бичсэнийг мэдэхгүй байна. Би цагдаа дээр ямар ч мэдүүлэг, байцаалт өгөөгүй... Би нэрээ ингэж бичдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/,

гэрч Х.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... энэ оны цагаан сарын өмнөхөн байхаа 01 сард байх, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Намайг нэг орой гэртээ байж байсан чинь байсан чинь Ц над руу утсаар яриад “...эгчээ та Цагдаагийн газар хүрээд ирээч, та ирэхдээ иргэний үнэмлэхээ аваад ирээрэй...” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ хүүхэд шуухадтай маргаан хийж зодоон цохион хийсэн юм байхдаа гэж ойлгоод иргэний үнэмлэхээ аваад хуучин цагдаагийн газар луу явж байсан чинь Ц дахиж утсаар яриад “ та хаана явж байгаа юм бэ” гэхээр нь доод цагдаагийн газар дээр ирчихсэн байна гэсэн чинь наад цагдаагийн газар бишээ дээшээ тал руугаа байдаг шинэ цагдаагийн газар гэсэн. Тэгээд би шинэ цагдаагийн газар дээр явж ирсэн чинь манай дүү Ц цагдаагийн газрын үүдэнд сууж байсан. Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь яагаач үгүй ээ, найзтайгаа цуг ирээд манай тэр найз түрүүлээд явчихсан гэсэн. Тэгсэн чинь өндөр туранхай нүдний шилтэй ах нэг давхрын нэг өрөөнөөс гарч ирээд “...Ц-н эгч мөн үү, бичиг баримтаа өгчих...” гэхээр нь тэр цагдаа ахад өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Тэгээд тэр ах цаашаа өрөө лүүгээ ороод удаагүй гарч ирээд надад миний иргэний үнэмлэхийг өгөөд овог, нэр, регистрийн дугаар утасны дугаараа хэл гэхээр нь би өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаар зэргийг тэр цагдаа ахад хэлсэн. Тэгээд тэр цагдаа ах Ц-г яв, яв гээд явуулсан... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн газар ирж ямар ч мэдүүлэг өгөөгүй. Энэ мэдүүлэг дээр зурагдсан Л гэж зурагдсан гарын үсэг минийх биш байна. Би гарын үсгийнхээ “Х” үсгийг ингэж бичдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 193-195 дугаар тал/,

гэрч В.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 01 сарын үед хэдний өдөр байсныг санахгүй байна. 01 сарын эхээр л байсан санагдаж байна. Манай энэ Э дүү маань нэг найзтайгаа хамт архи уусан, хоорондоо маргалдсан гээд цагдаа дээр ирсэн байсан. Э над руу утсаар яриад та намайг хүрч ирээд цагдаа дээрээс аваач, би найзтайгаа жаахан маргалдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар дээр ирэхэд Э, нэг найзтайгаа хамт миний таньдаг Л байцаагчийн өрөөнд хоёулаа сууж байсан. Тэгээд яав, ийв гээд асуухад найзтайгаа маргалдаад тэгээд дуудлагаар ирсэн гэж хэлсэн. Тэгээд би Э-г аваад гэрт нь хүргэж өгсөн. Э бид хоёрыг Л-н өрөөнөөс гарахад Э-н найз нь суугаад үлдсэн. Би ямар ч байсан цагдаагийн газар дээр ирж Л-с Э дүүгээ хүлээн авсан нь үнэн... Энэ дээр бичигдсэн байгаа гарын үсэг минийх биш байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 202-203 дугаар тал/,

гомдол, мэдээллийн бүртгэлийн З-29/54 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг дахин хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 56-57, 210 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назербекийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тухай /-3/ баримтад Ч.О гэж зурагдсан гарын үсгүүд нь Ч.О-н гэх харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирохгүй байна...” гэх  дүгнэлт/1-р хавтаст хэргийн 129-138 дугаар тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/143 дугаартай Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр Д.Л-г томилсон тушаал /2-р хавтаст хэргийн 20 дугаар тал/,

хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 21-27 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн эсхүл хуурамч гэдгийг нь мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөн энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн авч үзэхээр хуульчилжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан байна.

Шүүгдэгчийн цагдаагийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үедээ хохирогчийн өгсөн мэдүүлгийг устган түүнээс дахин мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэл үйлдэн, тэмдэглэлдээ өмнөх мэдүүлгийн агуулгыг өөрчилсөн мэдээллийг оруулсан, мөн түүнчлэн бага насны хүүхдүүд болох М.Э, Б.Ц нараас мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй атлаа авсан мэтээр тэмдэглэл үйлдэн, байцаалтын тэмдэглэлд гарын үсгүүдийг нь дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн, эдгээр хуурамч нотлох баримтууддаа үндэслэн шийдвэр гаргасан үйлдэл нь дээрх гэмт хэргийн “хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан... хуурамчаар үйлдсэн...” гэх шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг устгах, хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 13 дугаар тал/, түүний хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /2-р хавтаст хэргийн 29-47 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Л-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И  овогт Д-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-д мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг шүүгдэгч Д.Л-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА