Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 120 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны *******-ны өдөр ******* суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, яс үндэс , бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Уг ялыг Эрүүгийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хүнд ялд, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хөнгөн ялыг багтааж бүгд 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

******* овогт *******ын ******* /РД:/            

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь Налайх дүүргийн тоотод “ ХХК-ны өмч болох үржүүлгийн 37 тооны үхрийг хариуцахаар үүрэг хүлээсэн малчнаар ажиллаж байх хугацаандаа улаан зүсмийн /махны үйлдвэрийн/ 1 ширхэг бух, бор гунж 1 ширхэг, хүрэн жижиг сартай гунж 1 ширхэг нийт 3 тооны үхрийг шалтгаангүйгээр буцаан өгөхгүй, үнэ хөлсийг нь төлөлгүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, ” ХХК-д нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн үед мөнгөний хэрэг гараад 3 үхрийг үгүй хийсэн. Би буруугаа хүлээж, гэмээ ухаарч байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч “” компанийн өмгөөлөгч О.гийн мэдүүлэг /хх 14/, хохирогч “” компанийн өмгөөлөгч О.гаас дахин авсан мэдүүлэг /хх 16/, гэрч Х.ийн мэдүүлэг /хх 20/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 22/, “” компанийн мал тооллогын баримт /хх 63-71/, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 36-37/, “” компаниас гаргасан О.*******ын цалингийн тодорхойлолт /хх 72/, гэрчээр өгсөн О.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 33-34/, хохирлын мөнгийг хүлээн авсан тухай баримт /хх 115/, ял шалгах хуудас /хх 53/, яллагдагчаар өгсөн О.*******ын мэдүүлэг /хх 52/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, О.*******ын эхнэр Д.ын эмнэлгийн, амбулаторийн баримт /хх 116-121/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч Д.ын мэдүүлэг /хх 26/, прокурорын 52 дугаартай санал /хх 125-126/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх 115/, гэрч Д.ын амбулаторын карт /хх 116-121/, цалингийн дансны хуулга /хх 106-111/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ. Мөн бор гунж нь нэг хөл нь доголж явж байгаад бэлчээрт үхсэн, хүрэн жижиг сартай гунж идэш тэжээлгүй болоод үхсэн гэх боловч  гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, “” компанийн нярав Х.ийн мэдүүлэг зэргээр дээрх хоёр гунжийг үхсэн гэдэг нь тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас “” компанид 4.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.******* нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн, “” компаниас цаашид дахин нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

...Шүүгдэгч О.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.******* нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа маллаж амьдардаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгын хүрээнд, шүүгдэгчтэй прокурорын хяналтын шатанд тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4.800.000 төгрөгийг нөхөн төлсөн, “” компаниас цаашид нэхэмжлэх төлбөргүй гэсэн тул бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна.

...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчийн өмгөөлөгчтэй уулзаад хохирогчийн данс руу хохирлыг шууд төлсөн байгаа. Төлөхдөө 3 тооны үхрийн үнэлгээгээр гарсан үнийн дүнг нийтэд нь төлж барагдуулсан бөгөөд би энэ гурван үхрийг зараад мөнгийг нь хэрэглэсэн гэж хэлсэн. Мөнгийг нь заавал төлнө гээд төлж барагдуулсан байгаа. Энэ бүх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээд улсын яллагчтай тохиролцсон 280 цагийн нийтэд ажил хийлгэх ялыг О.*******т оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь Налайх дүүргийн тоотод ХХК-ны өмч болох үржүүлгийн 37 тооны үхрийг хариуцахаар үүрэг хүлээсэн малчнаар ажиллаж байх хугацаандаа улаан зүсмийн /махны үйлдвэрийн/ 1 ширхэг бух, бор гунж 1 ширхэг, хүрэн жижиг сартай гунж 1 ширхэг нийт 3 тооны үхрийг шалтгаангүйгээр буцаан өгөхгүй, үнэ хөлсийг нь төлөлгүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, ХХК-д нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.*******ын өгсөн: “...2021 оны хавраас эхэлж нэг том улаан бухыг нь 2021 оны 05 дугаар сарын эхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны малчин гэх залууд бэлэн мөнгөөр зарж байсан. Яг хэдэн төгрөгөөр зарж байснаа нарийн сайн санахгүй байна. Харин бор гунж, хүрэн жижиг сартай гунж хоёрыг нь тухайн үедээ бас мөнгөний хэрэг гараад 2021 оны 05 дугаар сарын дундуур явуулын мал худалдаж авна гэж явж байсан хүмүүст бэлэн мөнгөөр зарж борлуулсан. Тэр үедээ нэгийг нь 500.000 төгрөгөөр зарж байсан. Учир нь бага зэрэг туранхай, идэш тэжээл багатай байна гээд хүмүүс хямдхан худалдаж авсан юм...Тухайн үедээ надад мөнгөний хэрэг гараад л үхэрийг зарж мөнгө олсон юм. Тухайн үед миний авдаг цалин надад ерөөсөө хүрдэггүй байсан тул мөнгөний хэрэгцээ шаардлага гарч ийм зүйл хийх болсон юм. Би компанид учруулсан 4.800.000 төгрөгний хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор О.гийн өгсөн: “...Манай компанийн малчин О.******* нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээс улаан бух, бор гунж, хүрэн жижиг сартай гунж зэрэг 3 тооны үхрийг аваад ор сураггүй алга болсон юм. Манай компаний зүгээс О.*******тай холбоо барихаар түүнд ашиглуулдаг компаний нэр дээрх дугаарын утсаар холбогдоход “би хөдөө явж байна” гэж хэлээд өөр зүйл хэлж ярихгүй утсаа тасалчихдаг. Одоо энэ хүн хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан юм...Эдгээр 3 тооны үхэр нь манай Таванган Трэйд ХХК-ний эзэмшил, өмчлөлд байдаг бүртгэлтэй үхэрнүүд байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ийн өгсөн: “...Сүүлд 2021 оны 04 дүгээр сарын сүүл хавьцаа мал үржүүлгийн газраа ирж малчин О.*******тай уулзаж үхрүүдээ тоолж үзэхэд манай үхрүүдээс дутсан, үрэгдсэн зүйлгүй бүрэн 37 тооны үхэр байсан. Үүний дараа 2021 оны 05 дугаар сарын сүүлээр дахиж мал үржүүлгийн газраа ирж үхрүүдээ тоолоход 37 тооны үхрээс 3 тооны үхэр нь дутсан байсан. Тэр үедээ би О.*******аас ямар учиртай болохыг асуухад надад бэлчээр дээрээ айлын үхрүүдтэй нийлчихсэн байхаа, санаа зоволтгүй гэхээр нь заримдаа хааяа нэг өөр бусад айлын үхрүүдтэй холилдчихдог болохоор итгээд маргааш дахиж ирнэ тэгэхэд бүрэн байх ёстой шүү гэж хэлсэн. Ингээд маргааш нь бас дахиж ирэхэд 3 тооны үхэр дутсан хэвээрээ байсан. Тэгэхээр нь О.*******ыг дагуулаад бэлчээрээр нь болон тэр хавиар зөндөө хайхад олдоогүй. О.******* нь надад янз бүрээр дахин дахин худлаа яриад байсан тул би уг асуудлыг тэр дариудаа компанийн удирдлагад мэдэгдсэн. Тэгсэн О.******* үхрүүдээ хаяад хаашаа нь мэдэгдэхгүй зугтаагаад алга болсон юм...Эхэндээ бол бэлчээр дээрээ өөр айлын үхрүүдтэй холилдчихлоо, салгаж аваад бүрэн болгочихно доо гэдэг байсан. Дараа нь нэг үхэр нь тураа үхчихсэн сэг зэм нь олдохгүй байгаа, нөгөө нэг үхэр нь хөл нь доголж явж байгаад бэлчээр дээрээ үхчихсэн гэсэн шалтгаан хэлдэг байсан. Тэр болгонд нь би О.*******ыг дагуулж үхсэн газрыг нь шалгахад ямар ч малын сэг зэм байдаггүй байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ийн өгсөн: “...О.******* гэх залуутай Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид таарч уулзсан. Тухайн үед О.******* надад хөгшөөн чи бух авахгүй биз гайгүй өгнө. Надад мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж байсан. Ингээд би түүнээс Шилжрээ тоотоос улаан зүсмийн бухыг 2.500.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан юм. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед надад тэр улаан бухыг өөрийнх нь бух гэж байсан. Тэр бухыг би идшиндээ хэрэглэчихсэн. Одоо надад байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

 

5. ХХК-ний НА-21-79 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.800.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,

/хх-ийн 37 дугаар тал/

 

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар тал/

7. шүүгдэгч О.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-111 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О. “...алдагдсан үхрүүдийн төлбөр 4.800.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, эхнэр шулуун гэдэсний хорт хавдартай, хагалгаанд орох гэж байгаа зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд О.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 280 цаг нийтэд тустай ажил хийх ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял  шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл”, 

Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А67 дугаар тушаалаар баталсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан  зааврын 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “яллагдагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл: нас, хүйс, регистрийн дугаар, иргэний харьяалал, эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлсэн ажил, ял шийтгэлийн байдал, оршин суугаа газрын хаяг зэргийг тусгана гэж заасан байтал шүүгдэгчийн ял шийтгэлийн байдлыг дутуу бичиж байгааг,

Мөн “хөнгөн гэмт хэргийг 1 жил шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “ түргэн шуурхай” гэдэгт нийцэхээргүй.

Түүнчлэн улсын яллагчӨөрөө Налайхын цагдаагаас хайж байгааг нь мэдсэн, гэхдээ ирээгүй. Дараа нь мөрдөгч нь ямар ч байсан *******ыг олсон...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгаас 04 сард Сүхбаатар аймаг руу очиж авчирсан. Холбогдоход ямаа самнаж байна гэсэн...” гэх тайлбар гаргаж байгааг дүгнэж үзэхэд хавтаст хэрэгт эрэн сурвалжилсан, мөн          Сүхбаатар аймгаас албадан ирүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй гэх,

ХХК-ны хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр сонгогдсон  О. гэх хүн тус компанийн хуульч болон тус байгууллагад ажилладаг эсэх талаар иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх хуулбар хавтаст хэргийн материалд авагдаагүй,

Шүүгдэгч анх гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  өгсөн мэдүүлэгтээ: “...нэг том улаан бухыг нь 2021 оны 05 дугаар сарын эхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны малчин гэх залууд 800.000 төгрөгөөр /тухайн үедээ мөнгөө бэлнээр авч байсан/ зарчихсан юм. Харин бор гунж нь нэг хөл нь доголж явж байгаад 2021 оны 05 дугаар сарын дундуур байна уу сүүлээр бэлчээртэй /Налайх дүүргийн 6 дугаар хороо хогийн ам гэх газар/ хаа нэгтээ үхчихсэн. Би тухайн үедээ сэг зэмийг нь хайгаад ерөөсөө олоогүй чоно, нохойны хоол л болчихсон байх, гурав дахь малын хувьд бас л 05 дугаар сарын сүүлээр хүрэн жижиг сартай гунж нь идэш тэжээлгүй болоод тураалдаа ороод үхчихээр нь Налайх дүүргийн 6 дугаар хороо хог хаядаг жалганд аваачаад хаячихсан. Сүүлд хаясан жалгаа нэг эргэж үзэхэд сэг зэмээр нохой, шувуу хооллоод дуусчихсан байсан... зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хялбаршуулсан зөрчлүүдийг улсын яллагч цаашид анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч О.******* нь энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ