Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 119 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,

Урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар эдлээгүй үлдсэн 11 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож байсан,

******* овогт *******ийн ******* /РД:******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоот дахь монгол гэрт  өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.*******ыг бусадтай хардан хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэн зодсон ба улмаар хутга барьж өөрийгөө болон бусдыг гэмтээх гэлээ гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт гараараа олон удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  П.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр машины мотор засуулахаар Налайхаас хоёр засварчин дагуулж гэртээ очсон. Баярын өдөр юм чинь гээд гурвуулаа хоёр шил архи хувааж уугаад хоносон. Маргааш нь амралтын газар очиж, нэг шил архи хувааж уусан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн толгойноос цус гарсан байсан. Эхнэр гарч яваад айл руу орсон. Намайг гэр рүүгээ ор гэхэд эхнэр “явлаа” гээд цагдаа дуудсан байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.*******ын мэдүүлэг /хх-10/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-16-17/, шинжээчийн 175 дугаартай дүгнэлт /хх-29-30/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт /хх-44-53/, ял шалгасан хуудас, хохирогч А.*******ын гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр гаргасан хүсэлт, А.*******ын бичгээр гаргасан хүсэлт, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Иймд П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч П.******* нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчтой эвлэрч, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Прокурорын шатанд яллагдагч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 450 нэгжээр торгож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч П.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны өмчлөгч буюу хохирогч А.*******, шүүгдэгч П.******* нарт буцаан олгох саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан зардалгүй болно.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд П.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд тоот дахь монгол гэрт  өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.*******ыг бусадтай хардан хэл амаар доромжилж,  хутга барьж өөрийгөө болон бусдыг гэмтээх гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар П.*******гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр танил залуугаар машинаа янзлуулахаар дуудсан чинь 17 цагийн үед гэрт ирээд бид 3 гараад машинаа янзлангаа 1 шил 0,5 литрийн пеликс нэртэй архи хувааж ууж дуусгаад би дэлгүүр орж 0,75 литрийн пеликс нэртэй архи аваад тэрийгээ хувааж уугаад 22 цагийн үед дуусаад би унтаад машин янзалахаар ирсэн нөгөө залуутайгаа яваад өгсөн. Ингээд маргааш 08 цагийн үед би босоод байж байтал нөгөө залуугийнхаа хамт ирээд шартаад байна гэхээр нь би дэлгүүр орж гоймон аваад тэрийгээ чанаж идээд сууж байтал тай хамт ирсэн залуу нааг танина гэрт нь очино гэхээр нь гурвуулаа хамтдаа наагийн гэрт очоод дахиад 0,75 литрийн хараа нэртэй архи аваад тэрийгээ хувааж ууж дуусгаад 12 цагийн үед болов уу нэг мэдсэн би ганцаараа ирсэн эхнэргэйгээ хоёулхнаа байж байсан ба юунаас болсоноо сайн мэдэхгүй байна эхнэртэйгээ маргалдаад, эхнэр ардаа хутга барьсан өөрийгөө ална гээд орилж хашхираад манай ээж орж ирсэн байхаар нь би нүд рүү нь 2 удаа цохиод сарних хооронд нь хутгыг автал эхнэр гараад гүйсэн. Тэгтэл ээж араас нь яв гэхээр нь би гараад цасан дээр гарсан мөрийг нь дагаад явтал ийн гэр рүү орсон байхаар нь дагаад ортол манай эхнэр сууж байхаар нь гэртээ оръё айлд хэрүүл маргаан хийгээд яахав гэртээ харъя гээд нэлээд аргадхад явахгүй байсан чинь над руу уурлаад бид 2 хоорондоо маргалдахад шууд миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би гараад гэртээ очоод байж байтал манай эхнэр цагдаа дагуулаад ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.*******ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр *******гийн найзууд гээд би танихгүй 2 залуу манай нөхрийн маркийг нь мэдэхгүй байна, суудлын машины мотор солихоор ирээд цэргийн баярын өдөр болохоор тэр 3 нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд машинаа ч янзалсан юм байхгүй 22 цагийн үед манай нөхөр унтаад өгсөн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед сэрээд ундаа уугаад байж байтал урьд өдөр машин янзлахаар ирсэн 2 залуу дахиад ирээд цай унд уугаад байж байтал манай нөхрийн найз жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна аа гэх залуу бас ирээд дахиад архи уухаар болоод аа дэлгүүр явж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчраад тэрийгээ хувааж уусан. Архинаас нь 3 рүнк уусан ба урьд өдөр нь хүүхэд уйлаад нойргүй хоносон болохоор их хурдан согтсон. 11 цагийн үед архиа ууж дуусгаад машин янзлахаар ирсэн 2 залуу болон аа нар дахиад л яваад өгсөн. Ингээд бид 2 хоёулхнаа гэртээ үлдээд байж байтал манай нөхөр намайг ирсэн 3 залуутай хардаад элдэв хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би ширээн дээр байсан архины шилийг аваад нөхрийнхөө толгой руу нь цохиход намайг зөрүүлээд миний нүд рүү 2 удаа шанаадахаар нь би үхээд өгъе гээд хоолны шүүгээнээс хутга аваад өөрийгөө ална гээд чанга чанга хашхираад зогсож байсан чинь манай хадам ээж орж ирзэд намайг хутга барисан байгааг хараад хүүеээ наад хутгыг нь аваач ээ гээд орилсон чинь манай нөхөр хутгатай гарыг барьж аваад миний нүд рүү 2-3 удаа цохиод хутгыг булаагаад авахаар нь би шууд гэрээсээ гараад зам руу алхаж явтал хорооны цагдаатай таараад болсон асуудлыг хэлээд дуудлага өгөөд шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Өөр ямар нэг зүйл учраагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.ийн өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед болов уу цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байтал хажуу гэрт буюу *******гийн гэрт эхнэртэйгээ хоорондоо хэрэлдээд байгаа нь сонсогдоод чанга чанга дуугараад байхаар нь гэр рүү нь яваад ортол гэрийн баруун талын орон дээр ******* суусан байдалтай орилж хашхираад ардаа гараа барьсан байхаар нь лавлаад хартал хутга барьсан байсан. ******* болохоор орны урд өвдөглөөд суусан толгойноос нь цус гарсан байхаар нь бас хартал газар архины шил хагарсан байхаар нь би шилээр цохисон юм байна даа гэж дотроо бодоод бушуухан *******аас хутгыг нь салгаж авъя гэж бодоод явж очоод гараас нь татах гэтэл хойшоо тонгойгоод хутганы үзүүрийг дээш нь харуулсан байсан ба хойшоо хэвтэх гээд айлгаад хэвтвэл хутганы ирэн дээрээ хэвтэх гээд байсан болохоор би айгаад бас сайн хутгыг нь булааж авч чадахгүй миний охин хутгаа өгчих гээд гуйгаад зогсож байтал манай хүү ******* хутгатай гарыг нь татаад нүүр рүү нь нэг удаа цохиход ******* хутгатай гараа урагшаа гаргаад ирэхээр нь би хутгыг нь татаад авсан. Тэгээд би хоёулыг нь тайвшир гээд хоорондоо хэрэлдэж, маргалдаж болохгүй, хутга бүр барьж болохгүй гээд хэлээд нэлээн тайвшруулахад ******* бие засмаар байна гээд гараад явснаа буцаж орж ирэхгүй удаад байхаар нь *******г араас нь гаргаад хайлгаад олоогүй байж байтал гадаа машин ирээд ******* нь цагдаа дагуулж ирээд хоёулаа машинд суугаад явсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/175 дугаар: А.*******ын биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

5. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/174 дугаар: П.*******гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 44 дүгээр тал/

7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 45-53 дугаар тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 79 дүгээр тал/

9. Шүүгдэгч П.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 66-78, 83-102 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч П.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь хохирогч А.*******ын нүүрэн тус газарт нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/175 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч П.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд П.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, иш нь бор өнгийн 5 см урттай 1 ширхэг хутгыг эзэмшигчид нь буцаан олгож, Шүүгдэгч П.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 15 см, иш нь бор өнгийн 5 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

5. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ