Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

 

 

 

   2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/01103

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Б.Б /РД:3/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Б.Г /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, Н.М /РД:/,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод байрлах  С.А ХХК /РД:5449472/ нарт холбогдох,

6,855,572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Т.Одгал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Гнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2017 оны 06 сарын 05-д олон улсын боловсролын сан  С.А ХХК-тай Австрали улсад суралцах, гэр бүлээрээ амьдрах зорилгоор зөвлүүлэн зуучлуулахаар №00095  дугаартай гэрээ байгуулсан. Үйлчилгээний төлбөр урьдчилгаа 300,000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 6 сарын 21-нд Нямдорж овогтой Мөрөн Хаан банк 5006523144 тоот дансанд хагас жилийн сургалтын төлбөр 4000 Австрали долларыг тухайн өдрийн ханш болох 1,826 төгрөгөөр бодож нийт 7,304,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 8 сарын 7-нд Нямдоржийн Мөрөн ХХБанкны 460007455 тоот дансанд хоёр хүний эрүүл мэндийн даатгалын 4,040 Австрали доллар тухайн өдрийн ханш болох 1,993 төгрөгөөр бодож нийт 8,055,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 8 сарын эхээр визний материалыг Австралийн элчин рүү явуулсан хэмээн бидэнд амаар хэлсэн бөгөөд 10 сарын 20-нд виз татгалзсан хариу гарсан. Виз гараагүй нь зуучлагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелээгүй, мэдээллээр бүрэн хангаагүй, нэг хүн хариуцаж ажиллаагүй бөгөөд 3 хүн солигдож, хариуцлагагүй хандсан хэмээн дүгнэж байна. Сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс гадна орчуулгын мөнгө 150,000, Нотариат 15,000, Банкны баталгаа 200,000, Англи хэлний төлбөр 150,000 төгрөг тус тус биднээс гарч хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны хохирол амссан. Тус байгууллагаас гэрээний дагуу 3.5, 11 сарын 24-нд сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын өгсөн мөнгөө буцаан авах өргөдөл гаргасан бөгөөд 12 сарын 8-нд сургалтын төлбөрийн буцаалт 6,264,889 төгрөг, 12 сарын 14-нд ЭМД-ын буцаалт 2,538,539 төгрөг тус тус авсан. Үлдсэн мөнгөө авахаар олон удаа хандсан боловч туслах Номин нь “би мэдэхгүй” гээд Гүйцэтгэх захирал Н.Мнь ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байна. Энэ үйлдлүүд нь бидний хооронд байгуулсан гэрээний 3.3, 3.4, 3.5 заалтуудыг биелүүлэхгүй байна. Австрали руу зуучлана гэсэн нэрээр залилан хийж байна хэмээн бодоход хүргэн шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэлээ. Иймд үлдэгдэл 6,555,572 төгрөг болон үйлчилгээний төлбөр 300,000 төгрөг. Нийт 6,855,572 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Гнар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Б, Б.Гбид тус шүүхэд  С.А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Мөрөнг татуулсан. Бид хамтран хариуцагчаар татуулсан Н.Мөрөнгөөс татгалзаж байх тул хүлээн авна уу.  С.А ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь шаардаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Гшүүх хуралдаанд гаргасан хүсэлдээ: Нэхэмжлэгч Б.Гминий бие тус иргэний хэргэт нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна. нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр "С.А" ХХК-д Австрали улс руу суралцагчаар, манай нөхөр албан виз мэдүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ хугацаанд "Санни-Апрель" ХХК нь гэрээний 1.2-т заасан зөвлөх үйлчилгээг тайлбарлахдаа суралцахаар сонгосон сургуульдаа мөнгөө шилжүүлэхэд санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаална гэсэн байсан. Би анх гэрээ байгуулахдаа зөвлөгчөөс зөвлөгөө авсан бөгөөд гэрээгээ сайн уншиж байгаад виз гарахгүй бол, гарах бол яах талаар тус тус асуусан. Хэрвээ виз гарахгүй бол өгсөн мөнгийг 100 хувь буцаагаад өгчихдөг гэж хэлсэн. Тийм болохоор би зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэрээнд санхүүгийн эрсдэлээс хамгаална гэж заасан. Мөн гэрээний 3.3-т баримтуудыг хүлээж авсан цагаас хойш 3 хоногийн дотор суралцагчид мэдэгдэл ирнэ гэсэн боловч бидэнд ямар мэдээлэл ирээгүй. Шүүхийн шатанд ирж байж бүх баримтуудыг харж байна. Мөн гэрээний 3.4-д зөвлөгч суралцагчаас шаардлагатай зардлуудыг хураан авч, санхүүгийн баримтуудыг өгнө гэсэн байгаа. Мөн 3.5-д зорчих визээ аваагүй тохиолдолд зардлуудыг 100 хувь буцааж өгнө гэсэн байгаа. Гэтэл энэ үүргээ мөн биелүүлээгүй. Баримт, материалыг жагсаалтыг хүлээж өгнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй. Суралцагчийн эрх буюу 4.4.-т заасан заалтыг мөн адил биелүүлээгүй. Виз гараагүй учраас төлбөрөө буцаагаад өгөөч гэхэд 1 сар хүлээ гэсэн. Тэгээд сар хүлээх юм байна гэтэл утсаа авахгүй, ажил дээрээ ирэхгүй байсан. Бид хоёр тэвчээртэй хүлсэн. Визний хураамж өгөхгүй гэсэн бөгөөд тэр баримтыг харж болох уу гэтэл өгөөгүй. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны данснаас 7,304,000 төгрөг шилжүүлсэн. Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулаад 21-ний өдөр сургалтын төлбөрөө шилжүүлсэн байхад өгсөн баримт дээр нь 08 сард тушаасан гэж байгаа юм. 7,304,000 төгрөгийг баримтыг шимтгэлтэй тушаасан гэж байгаа боловч тэр баримт дээр миний овог, нэр байхгүй байсан бөгөөд яг миний төлбөрийг тушаасан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр урилга ирсэн гэсэн боловч би урилгаа хараагүй. Энэ өдөр Худалдаа хөгжлийн банкны дансанд хоёр хүний эрүүл мэнд, хоёр хүний визний хураамж гэж өгсөн. Гэтэл баримтаас харахад ганцхан миний төлбөрийг өгсөн байгаа юм. Тэгэхээр анхнаасаа хоёр хүнийх биш нэг хүний баримт бүрдүүлсэн бөгөөд хоёр хүнийх гэж худлаа хэлсэн байгаа юм. Визний хураамж дээр маргахгүй, аливаа улсад виз мэдүүлэхэд төлбөр төлөх учраас энэ төлбөрийг хасаад үлдсэн төлбөрийг гэрээний дагуу 100 хувь буцааж авна гэдгээрээ авмаар байна. Дээрээс нь санхүүгийн эрсдэлээс хамгаална гэж гэрээ хийсэн бөгөөд яриад байгаа ханшийн зөрүү зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний сургалтын төлбөрийг 6 сард шилжүүлж авсан мөртлөө цаашаа 08 сард шилжүүлсэн нь өөрсдийнх нь үйл ажиллагаанаас болж энэ бүх зүйл үүссэн гэж үзэж байгаа болохоор надтай хийсэн гэрээний дагуу болон хэлсэн үгнийхээ хариуцлагын дагуу энэ эрсдэлээ өөрсдөө үүрэх нь зүйтэй байх. Би ямар ч алданги, хүү тооцоогүй бөгөөд гэрээний дагуу энэ төлбөрийг авмаар байна. Гэрээ байгуулахад зөвлөн зуучлах үйлчилгээний 300,000 төгрөг гэж авсан юм. Надад ямар ч үйлчилгээ үзүүлээгүй учраас би энэ төлбөрийг төлөх ёсгүй. Нийт 6,855,572 төгрөгөөс визний хураамж 1,115,757 төгрөгийг хасаад үлдсэн 5,739,815 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н.Мөрөнгөөс татгалзсан хүсэлтээ бичгээр шүүхэд өгсөн байгаа гэжээ.

 

Хариуцагч  С.А ХХК-ийн төлөөлөгч Н.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б 2017 оны 6 сарын 5 өдөр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрт 300.000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт сургуулиас урилга авч, виз мэдүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны зардал орсон тул буцаан олгогдохгүй болно. 2017 оны 6 сарын 21 өдөр сургалтын төлбөрт 7,304,000 төгрөг,  2017 оны 8 сарын 7 өдөр эрүүл мэндийн даатгал, визний төлбөрт 8,055,000 төгрөг нийт 15.359.000 төгрөг төлсөн болно. Үүнээс 2017 оны 8 сарын 15 өдөр манайхаас сургалтын төлбөрт 7,394,800 төгрөг, банкны шимтгэлд 44,190 төгрөг тус тус төлсөн. 2017 оны 9 сарын 28 өдөр эрүүл мэндийн даатгалд 1,111,167 төгрөг шилжүүлсэн болно. 2017 оны 9 сарын 29 өдөр визний төлбөрт 1,115,757 төгрөг шилжүүлсэн болно. Иргэн Б.Б дээр дурдсанчлан 15,359,000 төгрөг төлснөөс манай байгууллагаас 9,665,914 төгрөгийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн болно. Иргэн Б.Бийн нийт төлсөн төлбөрөөс гарсан зөрүү 5,693,086 төгрөгөөс 2017 оны 12 сарын 14 өдөр 2,538,539 төгрөгийг Б.Бийн эзэмшлийн Хаан банкны 5220040219 тоот данс руу шилжүүлсэн болно. 2017 оны 11 сарын 29 өдөр Нан Тиан Институтээс өөрсдийн журмын дагуу суутгал хийж сургалтын төлбөрийн буцаалт 6,264,880 төгрөг орж ирснийг 2017 оны 12 сарын 8 өдөр Гүйцэтгэх захирал Н.Мөрөнгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 460007455 тоот данснаас Б.Бийн эзэмшлийн Хаан банкны 5007336903 тоот данс руу шилжүүлсэн болно. 2017 оны 11 сарын 10-нд даатгалын компаниас Гүйцэтгэх захирал Н.Мөрөнгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 460007455 тоот дансанд  1,031,254 дөрвөн төгрөг орж ирсэн бөгөөд өмнөх үлдэгдэл 3,154,547 төгрөгийг нэмээд нийт 4,185,801 төгрөгийн үлдэгдэлтэй болно гэжээ.

 

Хариуцагч  С.А ХХК-ийн төлөөлөгч Н.Мшүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Бидний зүгээс үндсэндээ энэ гэрээний заалтыг бүрэн биелүүлсэн гэж бодож байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа манайтай ижил төрлийн 44 байгууллага байдаг. Эдгээр байгууллагад хандаад сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр зэргээ өнөөдрийг хүртэл олж аваагүй иргэд маш олон байгаа бөгөөд манайх гэрээний үүргээ 100 хувь биелүүлж цаад байгууллагаас орж ирж байгаа баримтад байгаа тоон дүнгээр суралцагчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл суралцагч өөрсдийн сургалтын төлбөрөө олж авсан байна. Мөн эрүүл мэндийн даатгал гэж байдаг бөгөөд энэ төлбөрийг ч гэсэн мөн адил суралцагч хүлээж авсан байгаа юм. Бидний маргаж байгаа гол асуудал тоон дүн буюу үнийн дүн дээр маргаж байгаа. Ийм учраас манай байгууллага суралцагчид худлаа хэлж мөнгө авах зорилго байхгүй. Австрали улсад суралцуулах үйлчилгээг 2016 оноос хойш судалгаа хийж байж нэвтрүүлсэн. Австрали улсын элчин сайдын яамнаас магадлан итгэмжлэгдсэн 100 гаран коллежуудад хамтын ажиллагааны санал тавиад мөн сургалтын үнийн төлбөрийн санал нь авсан. Австрали улсад суралцахад дунджаар 350 австрали доллар байдаг. Энэ нь зөвхөн 7 хоногийн төлбөр юм. Гэтэл Б.Бийн суралцах гэж байсан сургуулийн сургалтын төлбөр 7 хоногийн 180 австрали доллар буюу дунджаас 2 дахин хямд үнэтэй сургууль байсан. Австрали улсад суралцахад хэлний бэлтгэлд суралцах урьдчилгаа төлбөрийг таллаж авах битгий хэл бүтэн жилээр нь аваад дээр нь дараагийн шатны мастерын сургалтын төлбөрийн эхний урьдчилгааг төлөх буюу доод тал нь сургалтын төлбөрт хамгийн багадаа 25 сая төгрөг төлж байж Австрали улсад суралцах эрх нээлттэй болдог бол манайх бүтэн жилийн судалгаа явуулсны үндсэн дээр 7 хоногийн 180 австрали долларын төлбөртэй хямд сургуулийг олсон. Мөн урьдчилгаа төлбөрөө хувааж авах нөхцөлөөр авдаг ийм сургууль нээж өгснөөр суралцагч 25 сая төгрөгөөр суралцах байсан бол 7 сая төгрөгийн түвшинд хэлэлцээ хийж ийм боломж олгосон. Бид эрсдэлээс хамгаалсан уу гэвэл хамгаалсан учир нь бид гуравдагч этгээд буюу Австрали улсад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн өмнөөс 100 хувь хариуцлага хүлээгээд бид сургалтын төлбөрийг гаргуулан авч суралцагчийн дансанд хугацаанд нь шилжүүлсэн. Тэгэхээр энэ бол эрсдэлээс хамгаалсан алхам юм. Бид гэрээнд заасан нөхцөлийн дагуу буцаан олгох талаар ярьж байна. Гэтэл бид юуг буцаан олгох вэ гэдгийг гэрээний 2.1 дэх заалтад тус бүрчлэн заасан зүйлийг буцаан олгоно. Энд суралцагчийн сургалтын төлбөр, дотуур байрны зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөр, нэг удаагийн эрүүл мэндийн үзлэгийн төлбөр зэргийг заасан байна. Ийм учраас та бүгдийг гэрээний 4.5-д заасан заалтын харна уу гэж хүсэх байна. Суралцагч өөрөө сургуулийн бүртгэлийн хураамж, бичиг баримт шуудангаар илгээх зардал, визний хураамж, эрүүл мэндийн даатгалын төлбөр, суралцахаар явж байгаа замын зардал, суралцагч байх хугацааны хоол, өдөр тутмын зардал, сургуультай холбоотой бусад зардал зэргийг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан бөгөөд бид сургуульд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа нь бид сургуульд төлсөн учраас суралцагчийн өмнөөс ямар нэгэн үүрэг хүлээх ёсгүй. Суралцагч өөрийнхөө суралцах зардлыг өөрөө санхүүжүүлэх ёстой. Тэгэхээр энэ төлбөр буцаагдахгүй юм. Мөн суралцагч баримт үйлдэж хүлээлгэж өгнө гэсэн гэж 3.4 дэх заалтыг ярьж байна. Суралцагч өөрөө данснаас дансны хооронд шилжүүлж байгаа, манай байгууллага дээр ирж бэлэн мөнгөний баримт бичүүлж авах нь суралцагчийн өөрийнх нь үүрэг. Суралцагч өөрөө ирж бэлэн мөнгөний баримт хүлээн авъя гэсэн хүсэлт тавьж байгаагүй, өөрөө дансаар шилжүүлсэн. Нэгэнт тоо ёсоор хүлээгээд авсан аль ч дансны хуулга дээр гарах учраас энэ дээр маргах шаардлага байхгүй гэж үзэж байна. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сургалтын төлбөрт мөнгө шилжүүлсэн. Хаан банкны шилжүүлгийн баримт дээр Б.Бийн өөрийнх нь суралцагчийн Ай ди дугаар байгаа. Энэ дугаараар сургалтын төлбөр гэж утгаар шилжүүлсэн. Дээрээс нь манай байгууллагыг үйлчилгээ үзүүлээгүй гэж ярьж байна. Тэгэхээр ямар үйлчилгээ үзүүлэх ёстой юм бэ гэдгийг гэрээний 1.2.1-д заасан байгаа. Суралцагчийг сургуульд бүртгүүлсэн үү гэвэл бүртгүүлсэн, урилга хүлээн авсан, сургалтын төлбөрийг шилжүүлсэн, эрүүл мэндийн даатгал төлсөн, виз мэдүүлсэн, зөвлөх үйлчилгээг бүгдийг нь үзүүлсэн. Манайх үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага. Энэ бүх зардлуудыг бид тооцож энэ үйлчилгээнд шингээсэн байдаг. Тэгэхээр энэ мөнгийг авахгүйгээр бизнес яаж оршин тогтнох вэ, байгууллага яаж үйл ажиллагаа явуулж, яаж цалингаа авах вэ гэдгийг хар. Зөвлөх үйлчилгээний төлбөр 1,300,000 төгрөг байдаг бөгөөд манай талаас 300,000 төгрөгийг л энэ үйлчилгээнд авсан. 1,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбарын дагуу манай байгууллагаас олгох боломжтой 4,185,801 төгрөгөөс зөвлөх үйлчилгээний 1,000,000 төгрөгийг хасаад 3,185,801 төгрөг байна. Суралцагч нараас манай байгууллага нэг ч төгрөг илүү аваагүй. Банкны шимтгэл болон ханшийн зөрүү төлбөрийг манай байгууллага хүлээж байгаа. Энэ үнийн дүнд дээр тохирох юм бол манай байгууллагаас татгалзаад өгөхгүй гээд байх зүйл алга байна гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б, Б.Гнар нь хариуцагч  С.А ХХК-д холбогдуулан элсэлтийн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн 300,000 төгрөг, Австрали улсад суралцах виз, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс үлдэх 6,555,572 төгрөг нийт 6,855,572 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хэрэгт хамтран хариуцагчаар Н.Мөрөнг татан оролцуулсан боловч түүнээс татгалзаж, нэхэмжлэгч Б.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Б.Б визний хураамжид төлсөн 1,115,757 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 5,739,815 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 3,185,801 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч  С.А ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ”-ээр хариуцагч нь нэхэмжлэгчийг Австрали улсын сургуульд суралцахад зөвлөх, сонгосон сургуульд түүнийг суралцуулах талаар тухайн сургуультай харилцах, холбоо тогтоох, баримт бичиг бүрдүүлэх, төлбөрийг шилжүүлэх, хүлээн авах, нэхэмжлэгч нь зөвлөгөө, зуучлалын хөлс 1,300,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, тэдний байгуулсан гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Уг гэрээ нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэл зоригийн дагуу байгуулагдсан,  Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв. 

 

Талууд гэрээ байгуулагдсан талаар болон уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасны дагуу үйлчилгээний хөлсний урьдчилгаа 300,000 төгрөг, Австрали улсад сурах сургалттай холбоотой 2017 оны 06 сарын 21-ний өдөр хагас жилийн сургалтын төлбөрт 7,304,000 төгрөг, 2017 оны 08 сарын 07-ны өдөр эрүүл мэндийн даатгалын төлбөрт 8,055,000 төгрөг нийт 15,659,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид  2017 оны 12 сарын 14-ний өдөр 2,538,539 төгрөг, 2017 оны 12 сарын 08-ны өдөр 6,264,889 төгрөг нийт 8,803,428 төгрөгийг буцаан өгсөн талаар маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зуучлуулагч буюу нэхэмжлэгч нь хариуцагч болох зуучлалын компаниар зуучлуулан Австрали улсын сургуульд суралцахаар өргөдөл, хүсэлтээ өгсөн боловч суралцах этгээдийн санхүүгийн баталгаанаас шалтгаалан суралцах зөвшөөрөл олгоогүй тул зуучлалын гэрээ дуусгавар болжээ.

 

            Хуульд ”...зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, гэрээний 2.1-д үйлчилгээний төлбөр 1,300,000 төгрөг гэж тусгасан, нэхэмжлэгч үүнээс 300,000 төгрөг төлсөн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зөвлөх, зуучлах үйлчилгээ үзүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэг, /Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал-бодлого худалдан авах, Төлбөрийн мэдээл/ үүнтэй холбогдуулан төлбөрийг шилжүүлсэн талаар Худалдаа хөгжлийн банкин дахь Н.Мөрөнгийн дансны хуулга, зэрэг баримтаар нотлогдож байх тул үйлчилгээний хөлс 300,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.5-д “...санхүүгийн баримт үйлдэн хурааж авсан бусад шаардлагатай зардлыг 100 хувь буцааж олгох үүрэгтэй”, 2.6-д “Бусад шаардлагатай зардлууд гэж суралцагчийн сонгосон сургуулийн сургалтын төлбөр, ...эрүүл мэндийн даатгалын төлбөр, ... гэх мэт зардлууд” гэж тодорхойлсон бол хуулийн дээрх зохицуулалтад зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх тул зардлыг мөн нэхэмжлэгч хариуцна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчийн сургалтын төлбөрт 2017 оны 08 сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн данснаас 3,800 Австрали доллар, гадаад шилжүүлгийн хураамж 15,000 төгрөг, 29,190 төгрөг нийт 7,438,990 төгрөгийг шилжүүлж, 2017 оны 11 сарын 29-ний өдөр буцаалтаар 2,563.04 ам.доллар буюу 6,264,890 төгрөг /хх-ийн 49, 51, 54 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалд 2017 оны 09 сарын 28-ны өдөр 451.14 ам.доллар буюу 1,111,347 төгрөг шилжүүлснээс 2017 оны 11 сарын 10-ны өдөр буцаалтаар 420.27 ам.доллар буюу 1,031,254 төгрөг /хх-ийн 52, 53 дугаар тал/ ирсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 15,659,000 төгрөг шилжүүлж, хариуцагч үйлчилгээний хөлс 300,000 төгрөг, визний хураамж 1.115.757 төгрөг, нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн 8,803,428 төгрөг, сургалтын болон эрүүл мэндийн төлбөрийн зөрүү 1,254,193 төгрөг нийт 11,473,378 төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн, 4,692,906 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. 

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч  С.А ХХК-иас 4,692,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,046,909 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасны дагуу хариуцагч  С.А ХХК-иас 4,692,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,046,909 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-п заасны дагуу нэхэмжлэгч Б.Б, Б.Гнар нь хариуцагч Н.Мөрөнгөөс, нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч  С.А ХХК-д холбогдох 6,855,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, Б.Гнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  С.А ХХК-иас 90,036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР