Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2022/0127/Э |
Дугаар | 2022/ШЦТ/136 |
Огноо | 2022-06-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Ж.Отгонцэцэг,
Шүүгдэгч Т.Баатарсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 125 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багшийнхан овогт Төмөрийн Баатарсүхэд холбогдох эрүүгийн 2207000000120 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 63 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн слессарь мэргэжилтэй, “Бүргэд хамгаалалт” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 4 дүгээр гудамжны 29 тоотод оршин суудаг,
Урьд Ардын армийн тусгай шүүхийн 1978 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д заасан 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур 2 жил хорих ял шийтгэгдсэн,1980 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
- Налайх районы шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46-р дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169-р зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Налайх районы ардын шүүхийн 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн А-д зааснаар Т.Баатарсүхийг 6 сар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн Б ба 33 дугаар зүйлийн Б-д заасныг журамлан Т.Баатарсүхэд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сар дээр нэмж 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ардын их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэнээс 9 сар биеэр эдэлж 2 жил 9 сар үлдэж түүнээс 1 жил 4 сар 15 хоногийг өршөөн хассан, 1986 оны 4 дүгээр сарын 8 өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Налайх хотын ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял шийтгэгдсэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Баатарсүхийг 3 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэгдсэн, Төв аймгийн шүүхийн 1998 оны 1 сар 30-ны өдрийн 23-ны дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,
- Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял , мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сараар хорих ял шийтгэсэн, 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 956 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгэснийг,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 847 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 299 дугаар “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцоход түүний биечлэн эдлэх ял 5 жил болж өөрчлөгдсөн байх тул ялаас түүний биечлэн эдэлсэн 2 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг хасаж үлдэх 2 жил 18 хоног хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоож шийдвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 271 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан.
- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, уг ялыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн биелүүлж дуусгавар болгосон.
Багшийнхан овогт Төмөрийн Баатарсүх /РД:УР58110319/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Баатарсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 03 дугаар хороо Замчны 6 дугаар гудамжны 41 тоотод бусадтай хэрүүл маргаан үүсгэн улмаар хохирогч Ж.Отгонцэцэгийн нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь дээд 1,2 дугаар шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Баатарсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 09 цагийн үед би дэлгүүрээс хүнс авахаар явж байхад Билэгмаагийн хамтран амьдрагч нэрийг нь сайн мэдэхгүй Хар мөөгий гэх залуу Баатраа ахаа нэг шил архи аваад өгчих шартаж үхлээ гээд байхаар нь ах нь дэлгүүр орж хүнсээ аваад мөнгө илүү гарвал аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр орж хүнсээ авчхаад тэднийхээр ороход тэднийд нэг буриад залуу эхнэртэйгээ, Билэгмаа, хамтран амьдрагч залуутайгаа 3, 4 хүн тэднийд байсан. Тэгээд би нэг шил архиа хувааж уусан. Удалгүй халаасандаа түрийвч байна уу гээд үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь би та нарт шарыг чинь тайлах архи хүртэл авч өгсөн. Та нар миний түрийвчийг гаргаад өгчих гэж хэлсэн. Гэтэл нөгөөдүүл чинь урьд нь архи уусан юм шиг байсан. Тэр гэрийн эзэн нь муудчихсан байсан. Гэтэл гаднаас энэ хүн хүүхдээ тэврээд орж ирсэн. Тэгээд та яагаад айлд орж ирээд орилж чарлаад байгаа юм бэ гэхээр нь танайд би ороод орилсон юм уу, түрийвчээ нэхэж байна гэж хэлсэн. Тэгээд маргаан үүсээд би энэ хүнийг гараараа нэг цохиод, хөлөөрөө нэг өшиглөсөн. Ийм хэрэг болсон.” гэв.
Хохирогч Ж.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Билэгмаа гэх айлд хүүтэйгээ цуг сүх авах зорилгоор орсон юм. Тэгтэл энэ ах болон 3, 4 хүн нэлээд согтуу хоорондоо маргалдчихсан байж байсан. Би ороод орон дээр суугаад Баатарсүх ахад “та яагаад айлд орж ирчхээд маргалдаад байгаа юм бэ” гэж хэлтэл миний түрийвч хаана байна гэж надаас асуусан. Тэд нар бүгд уучихсан хажууд нь жоохон хүүхдүүд байсан. Оюука гээд охин энэ хэд маргалдаж, хэрэлдээд байна гэхээр нь та нар яагаад маргалдаж хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд түрийвч асуухад нь мэдэхгүй гэж хэлсэн. Оюукаа гээд охин миний сүхийг хаана тавьснаа мэдэхгүй байна гээд олж өгөх гэж хайж байсан юм. Тэгэх зуур би орон дээр сууж байтал энэ ах гаднаас орж ирээд надаас түрийвч нэхсэн. Баганаас барьж байгаад намайг өшиглөсөн. Би гараад гүйхэд миний нуруу руу өшиглөсөн. Ширээн дээр жижигхэн хайч байсан тэрийг авахад нь манай хүү, Оюун-Эрдэнэ гээд тэр охин хоёр булааж авсан юм. Миний араас хөөхөд нь таныг би цагдаа дуудаад өгчих нь шүү гэж хэлсэн. Би аргаа бараад хүүхдүүдээр гадна талаас нь хаалга хааж зогсооход энэ ах түлхээд гараад ирсэн. Тэгээд цагдаагийн машин дотор хүртэл надтай хэрэлдсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх /, насанд хүрээгүй гэрч О.Билгүүнзаяагийн мэдүүлэг /хх 16/, насанд хүрээгүй гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх 21/, шинжээчийн 211 дугаартай дүгнэлт /хх 29-30/, цагдаагийн албан хаагчийн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байгаа боловч хүндрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байна. Уг нөхцөл байдлуудаас гадна улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Баатарсүхийг хийсэн хэрэгтээ гэмшээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд чиглэдэг гэж үздэг. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн өмнө нь үйлдэж байсан гэмт хэргүүдийн хувьд авч үзвэл энэ хүнийг нийгэмшүүлэх гэж оролдож, өршөөлд хамруулж, тэнсэн харгалзаж, хугацааны өмнө тэнсэн суллаж байсан. Энэ бүхнээс харахад энэ хүнийг нийгэмшээгүй байна гэж харсан. Өнөөдрийн байдлаар энэ холбогдсон хэрэгтэй холбогдуулж шүүгдэгчийг цээрлүүлэх зорилгыг тавьж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Т.Баатарсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.Баатарсүхийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Баатарсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 03 дугаар хороо Замчны 6 дугаар гудамжны 41 тоотод хохирогч Ж.Отгонцэцэгтэй “түрийвч хаана байна” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дээд 1,2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Баатарсүхийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Замчины 6-41 тоотод Сангас гэж хочилдог Билэгмаагийн гэрт архи ууж байхдаа гаднаас орж ирсэн Отгоо гэдэг хүүхэнтэй маргалдаж түүнийг нүүр ам руу нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 41 дүгээр тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.Отгонцэцэгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хүү Ж.Билгүүнзаяагийн хамт өөрийнхөө сүхийг авах зорилгоор гэрээсээ гараад Билэгмаагийн гэрт очсон. Намайг ороод очиход Т.Баатарсүх ах хэнээс ч юм түрийвчээ нэхээд орилоод байхаар нь би “та айлд ингэж болохгүй наад хүмүүс чинь бүгд согтуу тасарчихсан байна” гэхэд Т.Баатарсүх ах “чамд ямар хамаатай юм” гээд над руу дайраад гэрийн зүүн баганаас барьж байгаад гуталтай хөлөөрөө миний нүүр ам руу жийж өшиглөсөн. Би гарч зугтах гэхэд ширээн дээрээс нэг хайч авахаар нь манай хүү булаагаад авсан. Тэгээд би гарч зугтахад Т.Баатарсүх ах араас гарч ирэхээр нь цагдаа дуудлаа гэхэд миний нуруу ууц хавьд нэг удаа өшиглөж, би газар унаад босож гэртээ ирсэн...Нүүр рүүгээ өшиглүүлснээс болж миний үүдэн дээд 2 шүдний зүүн тал нь хугараад баруун тал нь ёзоороороо мултарч унасан. Гадаа нуруу руу өшиглөснөөс болж нуруу өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Ж.Билгүүнзаяагийн өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ээж Ж.Отгонцэцэгийн хамт дэлгүүр явж байгаад замдаа манай ээжийн танил Замчинд байдаг Бэлэгмаа гэх айлд очиж сүх авах гэж орсон чинь манай хойд айлын Баатархүү гэх хүн нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй маргалдаад түрийвчээ асуугаад байх шиг байсан. Тэгсэн чинь манай ээж болиоч гэж хэлээд орон дээр сууж байсан чинь нөгөө Баатарсүх гэдэг хүн манай ээжийн нүүр рүү хөлөөрөө өшиглөж, манай ээжийн амнаас цус гараад эмнэлэгт үзүүлсэн чинь үүдэн 2 шүд нь унаад, толгойдоо гэмтэл авсан байна гэсэн бичиг хийж өгсөн...
...Т.Баатарсүх гэх хүн ширээн дээр байгаа ногоон иштэй хайчийг авахаар нь би гараас нь булаагаад авчихсан. Тэгээд ээж гараад зугтаахад Т.Баатарсүх ах гараад гэрийн гадаа нүруу руу нь нэг удаа өшиглөсөн. ....” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14, 16 дугаар тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “....Отгонцэцэг эгч хүүгээ дагуулаад орж ирээд хойд оронд суусан. Ж.Отгонцэцэг эгч Азаа эгчээс юу болсон гэхэд энэ ах бид нараас түрийвчээ нэхээд байна гэсэн. Тэгтэл Ж.Отгонцэцэг эгч чи битгий айл дээрэлхээд бай гэхэд Т.Баатарсүх ах гэрийн баганаас барьж байгаад Ж.Отгонцэцэг эгчийн нүүрэнд нь нэг удаа хөлөөрөө өшиглөчихсөн чинь амнаас нь цус гараад ирсэн. Тэгээд Ж.Баатарсүх ах ширээн дээр байсан манай ногоон иштэй хайчийг авахаар нь Отгоо эгчийн хүү Ж.Билгүүнзаяа бид 2 хайчаа өг гээд Т.Баатарсүх ахын гараас нь авч би куртикнийхээ халаасанд хийсэн. Түүний дараа Ж.Отгонцэцэг эгч гэрээс зугтаагаад гарахад Ж.Билгүүнзаяа бид хоёр дагаад гарсан. Тэгтэл араас нь Т.Баатарсүх ах гарч ирээд Ж.Отгонцэцэг эгчийн нуруу руу нь өшиглөж газар унагаасан...Отгонцэцэг эгч манай гэрт зодуулж байхад өдөр 12 цаг өнгөрч байсан...Түрийвч нь манайд байгаагүй. Манайд ирэхээс өмнө гэртээ хүнсээ оруулж тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ш.Хандсүрэнгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баатарсүхийг эрүүлжүүлэхээс би ирж авсан юм. Юу болсон гэхэд Билэгмаагийнд архи ууж байгаад Отгоо гэдэг хүнтэй муудаад өшиглөсөн чинь Отгоогийн амнаас нь цус гарсан. Тэгсэн чинь цагдаа дуудаад бариад өглөө гэж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар тал/
6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/211 дугаар: “Ж.Отгонцэцэгийн биед баруун дээд 1,2-р шүдний булгарал, доод урууланд өнгөц шарх, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 30 дугаар тал/
7. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 27-28 дугаар тал/
8. Эрүүгийн хариуцлага хүлээс байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 42-45 дугаар тал/
9. Шүүгдэгч Т.Баатарсүхийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-143 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Баатарсүх нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ж.Отгонцэцэгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Баатарсүх нь хохирогч Ж.Отгонцэцэгийн нүүр, нуруу руу нь өшиглөсөн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид өшиглүүлсний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/211 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Т.Баатарсүхийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Баатарсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Баатарсүхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Отгонцэцэгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...300.000 төгрөг авсан цаашид гомдол саналгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Т.Баатарсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Т.Баатарсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
шүүгдэгч Т.Баатарсүх нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Багшийнхан овогт Төмөрийн Баатарсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баатарсүхийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /сарын/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баатарсүхэд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Баатарсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Баатарсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ