Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Н.*******,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 135 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн хороо******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.*******тай хардалтын улмаас маргалдаж хэвлий, зүүн бугуйн үенд хутгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр өдөр архи уучихсан байсан. Нөхөр өөр хүнтэй утсаар удахгүй очно гээд ярьж байсан. Хэн юм бэ гэж асуухад ангийнх нь хүүхэд гэж байсан. Ажилладаг байсан газарт нь ойрхон байсан болохоор нөхрийгөө хардсан. Хардсанаас болсон. Нөхөртэйгөө хэрэлдчихээд бухимдаад уйлсан. Тэгээд хоол хийх гээд махаа гаргачихсан байсан тул хоол хийх гээд хутга автал нөхөр хэвтэж байсан орноосоо босоод гүйж ирээд надтай хутга булаацалдсан. Намайг согтуугаараа хутга авахад нь ямар нэгэн юм болчих вий гэж айгаад хутгыг авах гэж оролдсон. Би булаацалдаж байгаад гар, гэдсийг нь зүссэн.” гэв.

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Манай ангийн охин найз төрсөн гэж байсан. Тэгэхээр нь удахгүй очно гээд нэлээд удаан 30, 40 минут ярьсан. Гэтэл манай хүн уурлаад байхаар нь сүртэй юм бэ, чи юундаа уурладаг юм гэж хэлсэн. Тэгээд тиймэрхүү зүйл болсон. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Н.ын мэдүүлэг /хх 13/, гэрч Ч.ийн мэдүүлэг /хх 15/, насанд хүрээгүй гэрч М.ий мэдүүлэг /хх 18/, яаралтай тусламжийн 3070 дугаартай дүгнэлт /хх 23-24/, шинжээчийн 238 дугаартай дүгнэлт /хх 25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, яллагдагчийн ял шалгах хуудас /хх 49/, яллагдагчийн мэдүүлэг /хх 38/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 58-59/, эд мөрийн баримтаар хураан авсан хутга, шорт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас Н.*******ын биед хөнгөн хохирол учирсан, хохирогчоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд шүүгдэгч Н.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, хохирогчтой учраа олж эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд прокурорын хяналтын шатанд тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт хор уршиг учирсан, нөхөн төлбөртэй холбоотой баримтууд авагдаагүй, шүүгдэгч нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан 15.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см, модон бариултай, цус мэт улаан өнгөтэй зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, эрээн өнгийн шортыг хохирогчид буцаан олгох саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирүүлээгүй, шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэхийг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн хороо******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.*******тай өөр эмэгтэй хүнтэй утсаар ярилаа гэх хардалтын улмаас маргалдаж хутгаар хэвлий хэсэгт нь 3 см орчим хатгаж, зүүн бугуйн үенд 5 см зүсэж эрүүл мэндэд нь хэвлий, зүүн бугуйн үенд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.*******гийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Н.******* бид хоёр гэрийн хүнсээ цуглуулаад явж байх үедээ 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи авсан. Тэгээд хүүхдүүдээ тоглуулах гээд тоглоомын талбай руу явуулсан. Тэгэх үед нөхөр бид хоёр авсан нэг шил архиа гэр болох хороо******* тоотод очоод хувааж уугаад дуусгаад удалгүй дахиж нэг архи аваад дахиад хувааж ууж байсан. Тэгэх үед манай хамтран амьдрагч Н.******* нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад би удахгүй очно гээд байхаар нь би хардаад ямар эмэгтэй юун хүн юм гэж асуухад Багахангайд байдаг манай ангийн эмэгтэй байгаа юм тэр эмэгтэй сая төрчихсөн би иргэж очно гээд хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад хардаад бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгсэн Н.******* чи намайг хамаагүй хүнтэй хардлаа гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад шүүгээнээс хутга авах үед Н.******* хүрч ирээд надтай хутга булаацалдсан. Тэгээд би тухайн үед хардаад уурлачихсан байсан болохоор гарыг нь зүсчихсэн. Харин гэдсийг нь бол би зүссэн үгүйг бол мэдээгүй. Дараа нь цагдаа нар ирэх үед би зүссэн байсныг нь харсан. Ямар ч байсан гарыг нь зүссэний дараа Н.******* хутга аваад шидчихсэн. Тэрнээс хойш би сайн санахгүй байгаа юм...Би Н.*******ыг хардаад биед нь халдах болсон юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Н.*******ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хоёр хүүхэд гадаа тоглоомын талбай дээр тоглох гээд гэрээс 13 цагийн үед гарсан. Тэгээд эхнэр болох Н.******* бид хоёр 14 цаг 30 минутын үед дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи, гэртээ идэх хүнс аваад гэртээ ирээд хүрч ирээд эхнэр бид хоёр хамт авсан 1 шил архиа хувааж авч дуусгаад дэлгүүр орж дахиж 0.75 литрийн Хараа архи аваад дахиад хувааж уусан. Тэгсэн тухайн өдөр архи ууж байх үед манай ангийн хүүхэд болох над руу залгасан. саяхан хүүхэд төрүүлчихсэн болохоор удахгүй очиж эргэх талаар ярьсан. Тэгсэн манай эхнэр над руу уурласан. Тэгэхээр нь би манай ангийн хүүхэд байгаа юм. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй саяхан төрчихсөн. Багахангайд байдаг очиж эргэх талаар ярьсан гэж хэлсэн чинь эхнэр чи өмнө нь уулздаг байсан юм биш үү гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэр *******г хойшоо түлхсэн. Тэгсэн хоол хийх гээд мах гаргаад тавьчихсан байсан хутгыг шүүрээд авчихсан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод хутгыг нь булаацалдсан. Тэгэх үед миний гэдэс хэсэг рүү зүсчихсэн. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад гэрийн үүд хэсэг рүү шидсэн. Тэгсэн Н.******* дахиж очоод хутга бариад авахаар нь би гүйж очоод дахиад булаацалдаж байгаад хутгыг нь дахиад булааж аваад гаргаж шидээд хартал миний гар хэсэг зүсэгдчихсэн байсан...Миний биед гарын алга хэсэг, гэдэс хэсэгт бага зэрэг зүсэгдчихсэн. Миний гэдэсний шархыг бол манай эхнэр учруулсан. Харин гарын алга хэсэгт бол би хутга булаацалдаж байх үедээ учруулсан байх, би бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.ийн өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот явчхаад гэртээ ирэхэд хажуу талын айлд архи ууж байгаа бололтой чимээ гараад байхаар нь сонсоход эхнэр нь чанга орилоод байсан. Тухайн хүмүүс согтуу байгаа бололтой байгаа болохоор нь хоёр хүүхэд нь яаж байгаа бол гэж санаа зовоод хашааных нь үүдэнд очоод харахад эхнэр нь үүднийхээ амбаарт согтуу утсаар яриад сууж байхаар нь дуудсан чинь гэр лүүгээ орчихоор нь цаанаас нөхөр нь гарч ирсэн. Тэгэхээр нь юу болоод байгаа талаар асуугаад хоёр хүүхэд чинь яасан, хаана байгаа юм гэж асуухад хоёр хүүхэд байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи эхнэрээ зодоод байгаа юм уу гэж асуухад нөхөр нь би эхнэртээ гар хүрээгүй харин манай эхнэр намайг хутгалчихлаа гээд шархаа харуулахад гарын шуунаас нь маш их цус гарсан, гэдэс орчмоос нь бага зэрэг цус гарч байхаар нь цагдаа болон түргэн дуудах гэтэл битгий дуудаарай эцсийн эцэст би буруудна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод хаалгаа түгжиж байгаад хувцсаа өмсөөд урд талын гудамжинд байдаг хамаатных нь айлд очоод болсон асуудлын талаар хэлэхэд би нялх хүүхэдтэй болохоор гарч чадахгүй байна нөхрийгөө ирэхээр очъё гээд үлдсэн. Тэгээд би гэртээ буцаж гүйж ирээд гэртээ орох гэтэл манай хашааны хаалганы бариул цус болчихсон байхаар нь хаалгыг нь тогшоод Өлзий гээд нэрээр нь дуудаад яах гэж хашаанд орсон юм гэтэл эхнэр нь ардаас нь гарч ирээд хөгшин зөнөг минь үхэж далд ороорой ална шүү гээд орилж  чарлаад дайраад байсан. Тэгээд удалгүй би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр М.ий өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би дүүтэйгээ хамт гэрээ цэвэрлэж дуусаад 13 цаг өнгөрч байх үед аав, ээж хоёроос гадаа гарч болох уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгэхээр нь бид хоёр Өвөршандын тоглоомын саадан дээр орой хариу бүрий болтол тоглож байгаад гэр лүү хүрээд иртэл гэрт цагдаа нар хүрээд ирсэн байсан. Тэгсэн аавын гараас цус гарчихсан 2 цагдаа аав, ээж хоёрыг аваад яваад өгсөн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

5. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/238 дугаар: Н.*******ын биед хэвлий, зүүн бугуйн үенд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

6. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 49 дүгээр тал/

8. Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-56 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Н.*******ын хэвлий хэсэгт нь хутгаар хатгаж, зүүн бугуйн үенд нь зүссэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгаар хатгуулж, зүсүүлсний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/238 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдан ирсэн 15.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см, модон бариултай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, эрээн өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шорт тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Н.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.*******д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******,******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 15.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см, модон бариултай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, эрээн өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шорт тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 6. Шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

    7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ