| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
2022 07 04 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч З.Алтансолонго, хохирогч М.Балжинням /цахимаар/ шүүгдэгч Б.Буянзаяах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Өндөрүүд овогт Батсүхийн Буянзаяахт холбогдох эрүүгийн 2236000000134 дугаартай, 178/2022/0126/Э/ индекстэй хэргийг 2022 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 2001 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5 дугаар гудамж 10 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, аминдаа гэр-1 хашааны газартай, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ПЮ0240413 дугаарын регистртэй, Өндөрүүд овогт Батсүхийн Буянзаяах
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Батсүх овогтой Буянзаяах нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” бааран дотор хохирогч М.Балжиннямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч М.Балжинямын нүүрэн хэсэгт гараараа цохиж, биед нь дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-рт/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 12-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Балжиннямын өгсөн...Би 2020 оны 05 сарын 23-ны оройн 23 цагийн үед би өөрийн найз болох Пүрэвдорж Анхбат нарын хамт Ховд аймгйин Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” бааранд орж бүжиглэж зогсож байгаад Б.Буянзаяах гэх залуутай муудалцаад түлхэлцсэн. Тэгсэн Б.Буянзаяхын хажууд нь явсан найзууд бас түлхэлцээд тэгж байтал Б.Буянзаяах гэх залуу миний нүүр болон шүд хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж миний дээд талын үүдэн 2 шүдийг хуга цохисны улмаас би дээд талын үүдэн 2 шүдээ авахуулсан юм. Би тухайн үед Ариун шүд нэртэй шүдний эмнэлэг орж үүдэн 2 шүдээ авахуулсан. Бас шүдний рентген зураг авахуулсан. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг жорын дагуу ууж тус эмнэлэгт очиж шүд авахуулсан газраа цэвэрлэгээ хийлгэсэн. Шүд авахуулсан болон эмийн зардалд 135440 төгрөгний зардал гаргасан. Цаашид хоёр шүд имплант байдлаар суулгахад нэг шүдний зардал 2200000 төгрөг нийт 4400000 төгрөг байгаа. Тухайн зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа 136000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Цаашид шүд хийлгэх зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн зардлыг шүүгдэгчээс гаргуулж шүд хийлгэх хэрэгтэй байна. Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 445 дугаартай...М.Балжиннямын биед гэмтэл учирсан байна. М.Балжиннямын биед дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, нэг хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. М.Балжиннямын биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Балжиннямын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. Дээрхи хоёр шүдний булгаралт гэмтэл нь цаашид хэвийн байдалдаа эргэж орох боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 25-27 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буянзаяахын хэргээ хүлээн мэдүүлсэн...Тухайн өдөр 21 цагийн үед Анхаа, Билгээ, бид гурав “X баарны 2 давхарт караокед орж дуу дуулж байгаад 22 цаг 30 минутын үед доошоо нэг давхарт нь бууж бааранд нь орж нэг 0,75 летрийн архи аваад тэрийгээ ууж сууж байгаад бид гурав бүжиглэх гээд бүжгийн талбай руу ороод хүмүүстэй мөргөлдөхгүй гээд зайгаа аваад явж байтал нэг ах шууд миний урдаас намайг мөрлөөд “хөөш бацаан минь замаа хараач” гэхээр нь би “ахаа та өөрөө хэргээр намайг мөргөлөө ш дээ” гэтэл Балжиням дахиад “замаа хараач мангар бацаан минь” гээд надруу дайрахаар нь би “ахаа энд хүмүүс гоё байна шдээ хүмүүсийн уур амьсгал эвдээд яах вэ” гээд маргалдаад зогсож байтал миний араас нэг хүний гар орж ирээд надтай маргаж байсан залууг хойшоо нь түлхсэн. Тэгсэн тэр залуу хойшоогоо тэнцвэр алдангуутаа босож ирээд миний хоолойноос багалзуурдаж аваад “чи намайг таних уу” гэхээр нь би гараараа нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохитол манай найзууд болон тэдний найзууд биднийг салгасан. Тэгээд бид 3 шууд гадагшаа гартал миний араас нөгөө надад цохиулсан ах гарч ирээд сая намайг хэн цохисон бэ гэтэл хажууд нь явсан нэг ах пивоны шил бариад надруу дайрахаар нь дээшээ зугтаад хуучин барилгын хашаан дотор ороод Батбаяр гэх найзаа утсаар дуудаад Батбаярыг ирэхээр нь буцаад Анхаа, Билгээ хоёр Х” баарнаас уруудаж явтал Анхаа, Билгээ хоёрыг хүмүүс хөөж байгаад нэг нь Анхааг барьж аваад цохих гээд дайраад байгаа харагдсан. Тэгээд Батбаяр бид хоёр Дөлгөөн төвийн тэнд очоод Анхаа, Билгээ хоёрыг хүлээж байтал тэр 2 ирээд тэндээсээ бид хэд явах гэтэл нэг ах бидний араас пивоны шил шидээд бараг машин онох шахсан. Батбаяр ажил руугаа явсан. Анхаа гэрлүүгээ яваад Билгээ бид 2 эмнэлэг орж миний гаранд боолт хийлгээд цагдаа дээр ирсэн юм. Тухайн үед М.Балжинням намайг хэл амаар доромжлоод дээрэлхээд боогоод байхаар нь цохисон юм. Би М.Балжиннямыг “Х.баарны дотор цохьсон юм. Тухайн өдөр би М.Балжиннямын нүүр ам хэсэгт 2-3 удаа гараараа цохисон юм . Тухайн гэмтлийг би учруулсан. Торгох ял оногдуулж өгнө үү? Барилгын ажил хийнэ...гэх мэдүүлэг
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Өндөрүүд овогт Батсүхийн Буянзаяах нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт/ хх-ийн 43-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбатын өгсөн...Би тухайн өдөр өөрийн найз болох М.Балжинням, Пүрэвдорж нарын хамт 23 цагийн үед “X” бааранд ороод баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байтал М.Балжинням түүнийг зодсон гэх Б.Буянзаяах нар бүжиглэж байгаад мөрлөлцөсний улмаас маргаан үүсгэж түлхэлцээд Б.Буянзаяах гэх залуу М.Балжиннямын нүүр, шүд, ам хэсэг рүү гараараа цохиод М.Балжинямын дээд талын үүдэн 2 шүдийг хуга цохисон юм. Бид хоорондоо хэрэлдэж маргасан болон Буянзаяахаас өөр хэн нэг хүнтэй хэрэлдэж маргасан асуудал болоогүй. М.Балжинням, Пүрэвдорж болон бид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. М.Балжиннямыг Б.Буянзаяах гэх залуу цохисон юм. Буянзаяах болон түүний найзууд М.Балжиннямаас өөр хэн нэг хүн зодож цохисон асуудал гараагүй. Би тухайн үед тэнд байсан би ямар нэгэн хэлбэрээр зодоонд оролцоогүй юм Б.Буянзаяахаас өөр хүн Балжиннямыг цохисон зүйл байхгүй. Тухайн үед Пүрэвдорж 00 орохоор явсан байсан. Б.Балжиннямыг зодоод салгасаны дараа 00-оос ирсэн юм. Б.Буянзаяах хажуудаа 3 залуутай явсан. Би Б.Буянзаяах болон түүний найзуудыг танихгүй. Б.Буянзаяах М.Балжиннямын нүүр ам хэсэгт гараараа 3-4 удаа цохьсон. гэх мэдүүлэг/хх-ийн 52-53-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анх-Эрдэнийн өгсөн...Би тухайн өдөр Б.Буянзаяах, Билэгсайхан нарын хамт “X” бааранд орж караокейд дуулж байгаад 22 цагөнгөрөөд тус баарны доод давхар луу орж ширээн дээр сууж нэг шил Соёрхол архи захиалаад босож бүжиглэж байгаад Б.Буянзаяах нэг ахтай маргаан үүсгээд түлхэлцээд түүнээс болоод Б.Буянзаяах тухайн ахын нүүр ам хэсэг рүу гараараа 2-3 удаа цохиод бид нар салгасан. Тэгсэн Б.Буянзаяахаар цохиулсэн ахтай хамт явсан гэх нэг хүн пивоны шил бариад бид хэд рүү дайрахаар тэндээс би хэд зугтаад явсан юм. Бид хоорондоо хэрэлдэж маргасан болон М.Балжиннямаас өөр хэн нэг хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 55-56-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батбаярын өгсөн...Би тухайн едөр гэртээ байж байтал 22 цагийн үед Буянзаяах над руу залгаад Б.Анх-Эрдэнэ Билэгсайхан нарын хамт байна “X” бааранд хүрээд ирээч гэхээр нь би “Х”бааранд яваад очтол тэр 2 давхарт нь сууж байсан. Тэгээд би ороод 4-үүлээ хэсэг сууж байгаад 22 цаг өнгөрөөд тус баарны доод давхар луу орж ширээн дээр сууж нэг шил архи захиалаад бссож бүжиглээд дахиад хэсэг сууж байгаад манай гурван найз бүжиглэх гээд буусан. Би яваад бүжгийн талбайд буугаад иртэл Б.Анх- Эрдэнэ Билэгсайхан Б.Буянзаяах гурав бүжиглэж байгаад Б.Буянзаяах нэг ахтай маргаан үүсгээд түлхэлцээд түүнээс болоод зодоон болж Б.Буянзаяах тухайн ахын нүүр ам хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод бид нар салгасан. Тэгсэн Б.Буянзаяахаар цохиулсан ахтай хамт явсан гэх нэг хүн пивоны шил бариад бид хэд рүү дайрахаар би тэр ахыг барьж аваад нөгөө хэдийг гаргачихаад тэр шил барьсан ахыг тавьтал тэр ах гадаа гараад Б.Буяанзаяахыг цохих гээд хөөсөн. Тэгтэл Б.Буянзаяах дээшээ эргээд зугтахаар нь би машинаа асаагаад араас нь очиж Б.Буянзаяахыг машиндаа суулгаад эргээд “Х”баарын доод талаас Б.Анх-Эрдэнэ Билэгсэйхан хоёрын машиндаа суулгасан. Гэтэл пивоны шил барьсан ах миний машины араас барьж явсан шилээ шидсэн. Тэгээд бид хэд тэндээсээ тараад гэр гэрлүүгээ явсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59-рт/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Батсүх овогтой Буянзаяах нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” бааран дотор хохирогч М.Балжиннямтай мөрөллөө гэх шалтгааны улмаас харилцан маргалдаж , улмаар хохирогч М.Балжинямын нүүрэн хэсэгт гараараа цохиж, биед нь дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.Буянзаяах нь хохирогч М.Балжиннямын нүүрэн тус газар цохиход нь гэмтэл учирсан гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий...гэмтлийг хүсч учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Батсүх овогтой Буянзаяахын 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” бааран дотор хохирогч М.Балжиннямтай мөрөллөө гэх шалтгааны улмаас харилцан маргалдах явцдаа хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцэж байна.
Шүүгдэгч Б.Буянзаяахын хохирогч М.Балжиннямын нүүрэнд гараараа цохиж, дээд эгнээний үүдэн хоёр шүдний булгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянзаяахаас 135440 төгрөг гаргуулан хохирогч М.Балжиннямд олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдааны явцад хохирогчид төлсөн тул бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.
Харин хохирогч М.Балжинням нь үүдэн хоёр шүдээ авахуулсан цаашид имплант буюу буйланд суулгаж хийгддэг шүдэлбэр хийлгэх зардалд 4400000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Буянзаяах нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 43 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас“–аар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Буянзаяахын хувийн байдлын талаар гэрч Ц.Жавзанхорлоогийн өгсөн...Манай хүү Б.Буянзаяах нь 2001 онд Ховд аймагт төрсөн. Бид Эрдэнэт хотод амьдарч байгаад Ховд аймагт шилжиж ирээд 6-р сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Манай хүүд муу зуршил гээд байх зүйл байхгүй. Тухайн үед яагаад ийм хэрэгт холбогдох болсон шалтгааныг нь би сайн мэдэхгүй байна. Ерөөсөө тийм зүйлд холбогдож байгаагүй. Тийм зүйл сонсогдож байгаагүй, анх удаа л ийм зүйл болж байна. Хан-Орд зах дээр хүний гар утасны лангуун дээр суудаг юм. Б.Буянзаяахын өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй.
Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт аав, ээж 2 дүүгийн хамт амьдардаг юм. Манай хүү Б.Буянзаяах нь 2001 онд төрсөн Буянзаяахын төрсөн эцэг болох Батсүх нь 2014 онд өвчний улмаас нас барсан. Б.Буянзаяах Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаас ангид хугацаат цэргийн алба хаасан юм. Манай хүү багаасаа жудо бөхөөр хичээллэж байсан тэмцээн уралдаанд сайн оролцдо, улс бүсээс жудо бөхөөр медаль хүртэл авч байсан. Сагс гар бөмбөг сайн тоглодог. Спорт талдаа сайн хүүхэд байгаа юм. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй хааяа толгой өвдлөө гэж хэлээд байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/, гэрч Б.Намууны өгсөн...Манай найз залуу бол даруухан тайван дөлгөөн зантай танихгүй хүний хажууд бол хир барагтай үг дуугарахгүй. Харин ойр дотны найз нөхдийнхөө дэргэд бол чөлөөтэй байдаг. Ер нь даруу төлөв талдаа хүн байгаа юм. Манай найз Б.Буянзаяах 3 хүүхэдтэй айлын том хүүхэд байгаа юм. доороо 1 эрэгтэй 1 эмэгтэй дүүтэй хүн байгаа юм. Б.Буянзаяах гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар би сонсч байгаагүй. Өөрөө ч надад тийм зүйл хэлж байгаагүй. Харин саяхан ийм асуудалд орчихлоо гэж надад хэлж байсан юм. Манай найз залуу архи бараг уудаггүй юм. Манай найз залуу одоохондоо аав,ээж дүү нартайгаа хамт амьдарч байгаа болохоор өөрт ноогдох эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй байх гэж бодож байна. Манай найз залуу цөөхөн хэдхэн найзтай тэд нар дундаа нэр хүндтэй. Би 2011 оноос хойш Б.Буянзаяахтай найзлаж нөхөрлөж үерхэж байх хугацаанд надад болон бусдад ямар нэгэн муухай зан гаргаж байгаагүй юм. Одоохондоо Хан-Орд захын 2 дугаар давхарт байх гар утас зардаг лангуун дээр гар утас зардаг бас засдаг юм .Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийг 2018 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. Урлаг талдаа бүжиглэдэг бас сайн дуулдаг сургуульд байхдаа урлагын үзлэгт байнга ордог байсан юм... гэх мэдүүлэг, иргэний оршин суугаа хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.Буянзаяах нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан бодит хохирол 135440 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Буянзаяахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн нэхэмжилж буй хохирол 135440 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлсөнийг дурдаж, хохирогчийн шүдэлбэр хийлгэх зардал 4400000 төгрөг нь нотлох баримтгүй учир гаргуулах боломжгүй нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Шүүгдэгч Б.Буянзаяахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгээ өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хохирогчид 135440 төгрөг төлсөн. Цаашид шүдэлбэр хийлгэх зардлыг сайн дураар төлнө. Миний хувьд энэ жилээс сургуульд суралцахаар байгаа тул удаан хугацаагаар ажил хийх боломжгүй байна. Шүүхээс хуульд заасан торгох ял шийтгэж өгнө үү. Шүүх хуралдааны дараа барилга дээр ажиллахаар болсон байгаа гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Буянзаяах нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролд 135440 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлсөн, хохирогчийн шүдэлбэр хийлгэх зардлыг сайн дураар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Буянзаяахад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн 2236000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчид 135440 төгрөг төлсөн, хохирогч нь үүдэн дээд хоёр шүдэлбэр хийлгэх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянзаяахт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36 .5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өндөрүүд овогт Батсүхийн Буянзаяахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөрүүд овогт Батсүхийн Буянзаяах таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянзаяахт оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2236000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчид 135440 төгрөг төлсөн, хохирогчийн үүдэн дээд хоёр шүдэлбэр хийлгэх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Буянзаяахт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгмогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянзаяахт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА