| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/00573/И |
| Дугаар | 1229 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 1229
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/01229 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, С.Б-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.З, түүний өмгөөлөгч Б.П /ШТЭД-2318/, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бнь С.Бтай 2016 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл буюу 6 сар 5 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Ж.Б, С.Бнар нь хоёулаа хуульч, өмгөөлөгч хүмүүс, мөн биесээ сайн мэддэг дотно харилцаатай байсан учраас Ж.Бнь С.Бт итгэл хүлээлгэн 6 сарын хугацаанд ямар ч хүүгүй мөнгө зээлсэн. Гэвч С.Бзээлийн үүрэг гүйцэтгэх өдрөөс хойш нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. С.Бтай Ж.Бнь гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш холбогдоход Ж.Б-дзээлсэн мөнгөнийхөө оронд мах, идэш өгнө гэж хэлээд холбоо барилгүй алга болсон. Мөн Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” хэмээн гэрээнд заасны дагуу Ж.Бнь С.Б-сгүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцох эрхтэй байна. Иймээс Ж.Бнь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж С.Б-сзээлийн гэрээний үндсэн төлбөр болох 5,000,000 төгрөг үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй хоног тутмын алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Бшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ж.Б-аасямар нэгэн мөнгө аваагүй. Би өөрөө өмгөөлөгч хүн бөгөөд 2015 оны 03 дугаар сард н.Үнэн гэж хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан юм. Уг гэрээ нь 93 сая төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан бөгөөд гэрээний дагуу хөлс нь 6 сая төгрөг байсан. Манай үйлчлүүлэгч надад 10 хувийг өгнө гэсэн боловч би тийм төлбөр мөнгө авахгүй, надад 6 сая төгрөг өгөхөд болно, эхний ээлжинд өгөх мөнгөө та өөрөө мэд гэсэн. Гэтэл надад эхний ээлжинд 2,500,000 төгрөг өгсөн. Би үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж эхний ээлжинд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаад явж байхад манай үйлчлүүлэгч надад нэхэмжлэлээ татаж аваад эрүүгийн хэрэг үүсгүүл гэж хэлсэн. Учир нь тэр эмэгтэйг төлбөрөө өгдөггүй учраас эрүүгийн хэрэг үүсгэх нь зөв гэж хэлсэн. Би үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан аваад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гомдол гаргасан газар нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар бөгөөд Улсын ерөнхий Прокурорын газар хэргийг татаж хянаад харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн хэрэг байна гээд хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдээд явж байтал манай үйлчлүүлэгч “энэ эмэгтэй уйлаад гуйгаад байна, наад эмэгтэйг чинь шоронд явуулмааргүй байна, чи эвлэрүүлээд шийдүүлчих” гэж хэлсэн. Надад эвлэрэх итгэмжлэл алга байна, та итгэмжлэл солиод өгчих гэж хэлсэн. Ингээд үйлчлүүлэгч бидний дунд маргаан үүссэн бөгөөд итгэмжлэл сольж өг, үгүй бол би эвлэрч чадахгүй гэж маргасан. Би энэ хэрэг дээр нийт 9 сар дагнаж ажилласан бөгөөд ажлаа хийж байхад Прокурор дээр яллах дүгнэлт орж ирсэн байсан. Гэтэл манай үйлчлүүлэгч эмэгтэй шоронд явуулмааргүй байна, хурдхан эвлэрмээр байна гэж хэлсэн. Эвлэрэх итгэмжлэл өгөөгүй байж яаж эвлэрэх юм бэ, хууль бус ажиллагаа болно гэж хэлсэн. Тэгээд байж байтал н.Оргилмаа гэж хүн утсаар яриад Хан-Уул дүүргийн шүүх дээр хүрээд ир гэхээр нь очсон чинь манай үйлчлүүлэгч н.Оргилмаа нар байсан. Тэд эвлэрэх асуудал болчихлоо, та хуралд нь суугаад өг гэсэн бөгөөд хуралд нь би суугаад гарч ирээд үйлчилгээний хөлс үлдэгдэл 3 сая төгрөгөө авъя гэж хэлсэн. Уг нь би үйлчлүүлэгчид 10 сая төгрөг авч өгөх гэж байсан юм. Үлдсэн 5 сая төгрөгийн 3 сая төгрөг нь миний мөнгө, би хурлаа хийлгэж хэргээ шийдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсний үлдэгдэл 3 сая төгрөгөө аваад 2 сая төгрөгийг нь ахад авч очсон чинь ах надад чамайг зөндөө зовоосон учраас энэ 2 сая төгрөгөө чи ав гэж хэлсэн. Би энэ мөнгөө та ав гэсэн чинь хэрэггүй ахын дүү, чи ав, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхээр мөнгө хэрэг болно гэж хэлсэн. Гэтэл Ж.Бөмгөөлөгч гарч ирээд надаас мөнгө авна гэж хэлсэн. Намайг 18 сая төгрөг залилсан гэж гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би 18 сая төгрөг аваагүй, 10 сая төгрөг надад өгнө гэсэн, би 6 сая төгрөгөөр гэрээ байгуулсан бөгөөд хэл амгүй 2 сая төгрөгийг чинь өгчихнө гэсэн чинь заавал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3 сая төгрөгийг чинь авна гэсэн. Бидний дунд маргаан үүссэн бөгөөд тухайн үед би шүүгчийн сонгон шалгаруулалт оролцох гэж байсан учраас хэл амны нэмэр гээд нотариат орж зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгчихсөн юм. Бидний дунд мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй бөгөөд нэг үгээр хэлбэл миний хийсэн ажлыг хөлсийг Ж.Бөмгөөлөгч улаан, цагаан дээрэмдэж авсан юм. Үүнийг би юугаар нотолж байна вэ гэхээр сая шүүхэд өгсөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор батална. Намайг Хуульчдын холбооны ёс зүйн хороонд хүртэл өгсөн байдаг. Намайг дарамталж байгаад нотариатаар гэрээ батлуулсан бөгөөд би энэ хүнээс ямар ч мөнгө, төгрөг аваагүй. Би яагаад энэ төлбөрийг төлөхгүй гээд байна вэ гэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу мөнгө шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасан бөгөөд Ж.Бнадад нэг ч төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. Би Ж.Б-аасямар нэгэн мөнгө төгрөг зээлсэн зүйл байхгүй, намайг сүрдүүлж, дарамталж байгаад нотариатаар батлуулсан. Энэ бол миний хийсэн ажлын хөлс бөгөөд энэ мөнгийг маань авах гээд надад эрүүгийн хэрэг үүсгүүлж, Хуульчдын холбоонд хүртэл өгсөн. Сүүлдээ би аргаа бараад 2 сая төгрөгийг чинь өгье гэтэл чамаас 3 сая төгрөг авна гээд нийт 5 сая төгрөг нэхээд байсан. Намайг сүрдүүлж, дарамталж байгаад гарын үсэг зуруулсан байдаг юм. Зээлийн гэрээгээр надад эд хөрөнгө шилжсэн зүйл байхгүй учраас энэ төлбөрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч С.Б-т холбогдуулан зээл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч С.Бнар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг 6 сар 5 хоногийн хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Зохигч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийсэн тухайд маргаагүй боловч зээлдүүлсэн гэх 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаантай байна.
Хариуцагч хариу тайлбартаа “...Би Ж.Б-аасямар ч мөнгө аваагүй. Би өөрөө өмгөөлөгч бөгөөд 2015 оны 03 дугаар сард н.Үнэн гэж хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу 93,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан бөгөөд гэрээний дагуу хөлс нь 6,000,000 төгрөг байсан. Би хууль зүй туслалцаа үзүүлсэн. ...Гэтэл Ж.Бөмгөөлөгч надаас мөнгө авна, С.Үнэнгээс намайг 18,000,000 төгрөг залилсан гэж гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би 18,000,000 төгрөг аваагүй, бидний дунд маргаан үүссэн. Тухайн үед би шүүгчийн сонгон шалгаруулалт оролцох гэж байсан учраас хэл амны нэмэр гээд нотариат орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ж.Бнь С.Бтай 2016 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл буюу 6 сар 5 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Ж.Б, С.Бнар нь хоёулаа хуульч, өмгөөлөгч хүмүүс, мөн биесээ сайн мэддэг дотно харилцаатай байсан учраас Ж.Бнь С.Бт итгэл хүлээлгэн 6 сарын хугацаанд ямар ч хүүгүй мөнгө зээлсэн. ...нэхэмжлэгч Ж.Бнь зээлийн гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр С.Бт өгсөн гэдэг” гэх өөр өөр үндэслэл, үйл баримтын талаар тайлбар гаргасан болно.
Хариуцагчийн гаргасан тайлбар нь С.Үнэн, С.Бнарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Прокурорын Ерөнхий газрын хариу мэдэгдэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2015/33027 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж /хх-ийн 32-36 дугаар тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4686 дугаар тогтоол, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2/23 дугаар Сахилгын шинжээчийн саналыг хянасан тухай захирамж, Сахилгын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл /хх-ийн 10-12, 42-44 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, эсхүл үүргийг сольсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээнэ. Гэтэл талууд зээлийн гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн хэдий ч зээлдэгч гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч С.Б-с7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Бт холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР