Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0022

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “СК” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд ХЦ сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: СК” ХХК

Хариуцагч: НХОГ

Гуравдагч этгээд: ХЦ сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: ““СК” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөрийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөг гаргаж олгуулахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Ч.Г,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/1019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч СК” ХХК-иас хариуцагч НХОГ-т холбогдуулан ““СК” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөрийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөг гаргаж олгуулахыг даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч СК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2 “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасныг зөрчиж нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,998,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барьцаа төлбөрийн 50 хувь буюу 42,988,604 /дөчин хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг “СК” ХХК-д олгохыг хариуцагч НХОГ-т даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд ХЦ сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...НХОГ болон “СК” ХХК нарын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан НХААГ-18/0010 дугаарын “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээ”-гээр Гүйцэтгэгч /СК ХХК/ нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийн үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Нөгөө талаас Захиалагч /НХОГ/ нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг, хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан.

 

3.2. Тус гэрээний Ерөнхий нөхцөлийн Д хэсэгт гэрээг дуусгах талаар тусгасан бөгөөд 54-д “Ажил дуусгах” гээд “Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана. Гүйцэтгэх гадна тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ажлын явцад гудамж, зам, талбай сэтэлж, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулсан бол эдгээрийг бүрэн хэмжээгээр сэргээсэн байна” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй байхгүй бөгөөд гүйцэтгэгч СК ХХК нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргуулах хүсэлтийг төслийн менежерт өнөөдрийг хүртэл тавиагүй эс үйлдэхүй байна.

 

3.3. Иймээс тус маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Өөрөөр хэлбэл, НХОГ нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45 дугаар зүйлийн 45.2-д “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг буюу 42,988,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний Ерөнхий нөхцөлийн 54.1-д зааснаар гүйцэтгэгч байгууллага нь ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргуулах хүсэлтээ төслийн менежерт гаргаж, төслийн менежер тухайн ажлыг бүрэн дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргаж барьцаа төлбөр болох 85 977 208 төгрөгийн 50% болох 42,988,604 төгрөгийг олгох юм.

 

3.4. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн буруутай эс үйлдлээс болж тухайн ажил бүрэн дууссан мэдэгдлийн гаргуулаагүй нь Захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэж байгаа нь гэрээний зүйл заалттай нийцэхгүй байх бөгөөд энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох хариуцагчаас 42,988,600 төгрөгийг гаргуулж “СК" ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биелэгдэх боломжгүй юм. Тухайлбал, нэхэмжлэгч “СК" ХХК нь хариуцагч болох НХОГт ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг гаргуулах хүсэлтээ гаргаж, хариуцагч нь тухайн ажил гэрээнд заасан бүхий л нөхцөл шаардлагыг хангаж, дууссан гэж үзвэл тухайн мэдэгдлийг гаргаснаар 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор байна.

 

3.5. Хэрэв тус маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлүүлэх маргаан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

3.6. Мөн анхан шатны шүүхээс захиргааны байгууллага болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг ямар эс үйлдэхүй гаргасан талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, эс үйлдэхүй гэж юуг тодорхойлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалал зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцож байгаа талаар дүгнэлт хийгээгүй буюу талуудын маргаж байгаа бүхий л үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч СК” ХХК-иас НХОГ-т холбогдуулан ““СК” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөрийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөг гаргаж олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-18/0010 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургууль/ барих ажлын тендерт нэхэмжлэгч СК” ХХК шалгарч, улмаар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар захиалагчаар, “СК” ХХК гүйцэтгэгчээр оролцохоор №-НХААГ-18/0010 тоот ажлын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “Монгол Улсын Иргэний, барилгын болон бусад хууль тогтоомжийн дагуу инженерийн хийцтэй барилга байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах”-аар харилцан тохиролцсон байна.

 

2.3. Дээрх гэрээний ерөнхий нөхцөлийн 45-д “Барьцаа хөрөнгө” гээд 45.2-т “ажил бүрэн дууссан мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заажээ.

 

2.4. Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч нь гэрээнд зааснаар “хугацааны хяналт, чанарын хяналт, зардлын хяналт” зэрэг хяналтуудыг хэрэгжүүлэхээс гадна захиалагчийг төлөөлж холбогдох хяналтын инженерүүд нь ажил гүйцэтгэсэн тухай актуудыг үйлдсэн, гүйцэтгэгч нь барилга угсралтын үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/580 дугаар албан бичгээр ирүүлсэн 107 хуудас нотлох баримтаар болон хариуцагч байгууллагыг буюу захиалагчийг төлөөлж ажилласан хяналтын инженер Б.Туяажаргалын тайлбараар тогтоогдож байна. Тиймээс Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний тусгай нөхцөлийн 45, мөн нөхцөлийн 17, 26-д заасныг хариуцагчаас хэрэгжүүлэхдээ барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д зааснаар ...суутгасан барьцаа төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь тогтоогдсон, үүгээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6, 46.1.7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэнгүй.

 

2.5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг дүгнэх замаар хэргийг шийдвэрлэнэ.

 

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгах шаардлагуудыг тус тус хуульчилсан.

 

2.7. Үүнээс үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч СК” ХХК нь захиргааны байгууллагатай байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх, эсхүл захиргааны байгууллага хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор эс үйлдэхүй гаргасан гэж үзэж маргаж байгаа эсэхийг тодруулаагүй атлаа хэргийг шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасантай нийцэхгүй байна.

 

2.8. Нөгөөтэйгүүр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 553 дугаар тогтоолоор СК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НХОГ-т холбогдох тус захиргааны хэргийг захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой захиргааны маргаан гэж дүгнэсэн байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан аль үндэслэлээр гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

2.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан НХААГ-18/0010 дугаарын “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээ”-г үндэслэн гаргасан “СК” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, И 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөрийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөг гаргаж олгуулахыг даалгах энэхүү шаардлагыг үндэслэлийн хамт тодруулснаар тухайн тохиолдолд хамаарал бүхий холбогдох хуулийг хэрэглэж, улмаар шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

 

2.10. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцүүлэх ёстой.

 

2.11. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж, 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж,

Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно” гэж, 

мөн гэрээний Ерөнхий нөхцөлийн Д хэсэгт гэрээг дуусгах талаар тусгасан бөгөөд 54-д “Ажил дуусгах” гээд “Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана” гэж заасан нь сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн, эсхүл хуульд заасан тохируулгын хугацаанд ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд нийцүүлэн засвар үйлчилгээг хийж дуусгасан аль үйл ажиллагааг ойлгохоор байгаад хууль зүйн дүгнэлт өгч, шийдвэрлэхээр байна.

 

2.12. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхээс захиргааны байгууллага болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг ямар эс үйлдэхүй гаргасан талаар болон эс үйлдэхүй гэж юуг тодорхойлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ...талуудын маргаж байгаа бүхий л үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй” гэх гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохооргүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.5, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА