Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Э.Ундрал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ж.Нэргүй нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жавын Нэргүйд холбогдох эрүүгийн 201614000321 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Жавын Нэргүй, Монгол Улсын иргэн, 1975 оны 04 сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багт оршин суух, 2001 оны 02 сарын 06-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил  хорих ял шийтгүүлж ялаас өршөөгдсөн, 2002 оны 07 сарын 30-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 3 сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 10 сарын 17-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2015 оны 06 сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:НМ75040730/

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Ж.Нэргүй нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 8 дугаар гудамжны 34 тоот Э.Ундралын байшингийн цонхыг хагалан орж 42 инчийн ТСЛ маркийн зурагт, Делл маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, хагас түрийтэй гутал, арьсан түрийвч, түлээний сүх зэрэг эд зүйл хулгайлж 3 521 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Ундралын “Миний бие 2016 оны 06 сарын 22-ны өдрийн өглөө Хөвсгөл аймаг руу амрахаар авсан. Гарахдаа хаалга, үүд, цонх салхивчаа цоожилж шалгаад гарсан. Хажуу талын айлдаа уг нь захиж үлдээдэг. Тэр өдөр яараад амжаагүй явчихсан. Тэгтэл 2016 оны 06 сарын 23-ны өдрийн орой 22 цагийн орчим хадам ээж бидэнд гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлснээр бид Хөвсгөл аймгаас нааш гарсан. Гэрийн эд зүйлийг бүртгээд үзэхэд ТСЛ маркийн 42 инчийн ЛСД зурагт, удирдлагын хамт, Делл маркийн Нөтбүүк, хар өнгийн арьсан түрийвч, дунд гарын цулгуй мөнгөн аяга, Хермас нэртэй эрэгтэй бугуйн цаг, шинэ цагийн улаан шүрэн толгойтой хар саарал чулуун хөөрөг, хар өнгийн цүнх, миний өөрийн ажлын үнэмлэх, түлээний сүх, унтлагын өрөөний шүүгээн дотор байсан эхнэр бид хоёрын хуримын хос монетон бөгж, мөн миний хагас түрийтэй Израйль гэж нэрлэдэг гутал зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлээс монетон хос бөгж, миний өөрийн израйль гутал зэргийг эргүүлж аваагүй. Цонхын салхивчийг шинээр авч хийхэд 120 000 төгрөг болсон эдгээрийг нэхэмжилж байна. Одоо олдоогүй байгаа хуримын хос монетон бөгж, хагас түрийтэй гутал, зурагт зэргийг нэхэмжилж байна. Зурагтны дэлгэц хагарсан учир гэм буруутай этгээдээс дээрхи гурван эд зүйлээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15-р хуудас/

            2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3-р хуудас/

            4. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “2016.06.22-ны өдөр Ж.Нэргүйгээс дунд гарын цагаан металл аяга 1 ширхэг, делл маркийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, компьютерийн мауз 1 ширхэг, саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, ТСЛ маркийн 42 инчийн ЛСД телевизор-1 ширхэг, зурагтны удирдлага 1 ширхэг, хар өнгийн цүнхтэй борц, ааруул, майонез 1 ширхэг, хар өнгийн түрийвч 1 ширхэг, саарал өнгийн хуванцар сав 1 ширхэг, улбар шар өнгийн цүнхтэй, хар өнгийн куртик 1 ширхэг, цагаан ноосон цамц 1 ширхэг, шаргал өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, цэрэг суран бүс 1 ширхэг, цагаан металл савны суурь 1 ширхэг, хүрэн оосортой Хермас эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, Эрдэнэбаатар овогтой Ундралын ажлын газрын үнэмлэх 1 ширхэг, сүх 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураав” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 6-р хуудас/

            5. Эд зүйлд үзлэг хийсэн “Сэжигтэн Ж.Нэргүйгээс хураан авсан ТСЛ маркийн 42 инчийн ЛСД зурагтыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 9-р хуудас/

            6. Эд зүйлд үзлэг хийсэн “сэжигтэн Ж.Нэргүйгээс хураан авсан ТСЛ маркийн 42 инчийн ЛСД зурагтыг цахилгаан залгуурт залгаж үзэхэд дэлгэц баруун талаараа босоо хэлбэртэй гэмтсэн, мөн дэлгэц гол хэсэгтээ 2 газарт цохигдож тал тал руугаа цууралт өгсөн байдалтай дэлгэц асахгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэрэгт эд мөрийн баримтаар тооцохоор тогтов” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 10-р хуудас/

            7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 14-р хуудас /

            8. Гэрч Ж.Золзаяагийн “Манай гэр бүл 2016 оны 06 сарын 22-ны өглөө Хөвсгөл аймаг руу аялахаар явсан бөгөөд 06 сарын 23-ны өдөр гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан тухай ээж Эрдэнээс мэдэж 06 сарын 24-ний өдөр Эрдэнэтэд ирсэн. Ингээд гэртээ ирээд юмаа бүртгээд үзтэл олон нэр төрлийн эд зүйлүүд алдагдсан байсан. Нөхөртэйгээ би 2016 оны 02 сард гэрлэх ёслолын баяр хийхдээ авсан хуримын монетон эрэгтэй эмэгтэй хос бөгж алга болсон байсан. Хос монетон бөгжөө бид хөдөө явахдаа унтлагын өрөөнд байх хувцасны шүүгээний доод талын шургуулга дотор байх гоёлын хайрцаг дотор хийсэн байсан. Манай нөхрийн хагас түрийтэй гутал мөн алдагдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

            9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “үнэлгээнд хамрагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 3 521 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нэргүй мэдүүлэхдээ “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байгаа. Гутал, хос бөгж зэргийг аваагүй. Учир нь би авсан эд зүйлээ авч яваад цагдаад баригдаж хураалгасан. Тэнд байгагүй болохоор би аваагүй” гэж мэдүүлэв.

Хохирогч Э.Ундралын “эхнэр бид хоёр гэр бүл болоход ээж маань хос монетан бөгж авч өгсөн. Хөдөө явахдаа гэртээ үлдээсэн. Манай гэрт орсон хүн бүх эд зүйлийг ухаж үзсэн байсан. Хулгайд алсан нь үнэн. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Цагдаагийн газраас эд зүйл хүлээн авсан. Хүлээн авсан эд зүйлсийн хохирол төлөгдсөн гэж байгаа боловч бид ихэнхийг нь шатаасан. Хагас түрийтэй гутлын хувьд алдсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэхгүй. Зурагт бөгжний үнээ нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Ж.Нэргүй нь эд зүйл хулгайлаад тэр даруй баригдаж авсан эд зүйлсээ хураалгасан. Гэтэл хурааж авсан эд зүйлс дотор бөгж байхгүй байгаа. Иймд бөгжийг хулгайлаагүй байна. Иймд хос бөгж хулгайлсан гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож хохирлоос хасаж өгнө үү, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Нэргүй нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 8 дугаар гудамжны 34 тоот Э.Ундралын байшингийн цонхыг хагалан орж 42 инчийн ТСЛ маркийн зурагт, Делл маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, хагас түрийтэй гутал, арьсан түрийвч, түлээний сүх зэрэг эд зүйл хулгайлж 3 521 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Ж.Нэргүй нь урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ялтай хугацаа нь хэрэгсэхгүй болсон байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Нэргүй нь урьд хорих ял биечлэн эдэлж байсан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн зэргийг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйгийн цагдан хоригдсон хоногийг 113 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйгээс ЛСД зурагт болон хос монетан бөгжний үнэ болох 1 820 000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Ундралд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТСЛ маркийн 42 инчийн ЛСД зурагт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                            ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Жавын Нэргүйг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ж.Нэргүйг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйгийн цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйгээс 1 820 000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 8-34 тоотод оршин суух Эрдэнэбаатарын Ундрал /РД:ФЖ90050435, Утас: 99354989/-д олгосугай.

 

            6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТСЛ маркийн 42 инчийн ЛСД зурагт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нэргүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС