Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 413

 

МАГАДЛАЛ

 

2017.02.08                                                  Дугаар 413                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Эко констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01248 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Амно констракшн” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 320 289 494 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр,Н.Буянхишиг,Ж.Базарсад,

Хариуцагчийн төлөөлөгч М.Гантулга,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Ганчимэг, Л.Мөнхсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь хариуцагч “Амно констракшн” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх 01/20120920 тоот гэрээг байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч Амно констракшн ХХК нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн барьсан Маршал хотхоны хаус 1, хаус 3, хаус 4, хаус 6 дээрх 4 хаусны 1, 2, 3 давхар болон гараж, техникийн давхарын дотоод заслын ажлыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр нэг хаусын ажлыг 2 сарын дотор хийж гүйцэтгэн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь тус гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч Амно констракшн ХХК-д нийт 160 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээж хоёр талын эрх бүхий хүмүүс хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасны дагуу нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь гэрээт ажлын төлбөрт нийт 160 000 000 төгрөгийг /20 000 000 төгрөгийг бэлнээр, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий Toyota Lexus LX570 маркийн автомашин/ бүрэн төлсөн. Мөн нэхэмжлэгч Эко констракшн ХХК, Амно констракшн ХХК-ийн эрх бүхий хүмүүс Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т заасны дагуу хаус тус бүр дээр төсөв баталгаажуулж, баталсан төсвийн дагуу нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хаус 1-ийн ажлын нийт 96 916 934 төгрөгийн батлагдсан тасвөөс 26 988 326 төгрөгийн материалыг, хаус-3 барилгын 110 511 346 төгрөгийн батлагдсан төсвөөс 6 072 100 төгрөгийн материалыг, хаус-4 барилгад 130 541 664 төгрөгийн батлагдсан төсвөөс 62 459 268 төгрөгийн материал нийт 95 519 694 төгрөгийн материалыг хариуцагч Амно констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн боловч хариуцагч Амно констракшн ХХК нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-иас хүлээн авсан материалыг үр ашиггүй зарцуулж, барилгын норм дүрмийг зөрчиж, чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүй 2013 оны 6 дугаар сард барилгын ажлыг хаяж явж 01/20120920 тоот гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Амно констракшн ХХК-тай байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1-д заасны дагуу ажлын төлбөрт бэлнээр 20 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хаус 1, 3, 4-р барилгад дотоод засалд зориулж нийт 95 519 694 төгрөгийг нийт 255 519 694 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Амно констракшн ХХК нь хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасан хаус 1, 3, 4 барилгын дотор заслын ажлыг барилгын норм, дүрмийг зөрчиж чанар, стандартын шаардлага хангахгүй ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүйгээр ажлыг хаяж яван Эко констракшн" ХХК-иас хүлээн авсан 95 519 694 төгрөгийн материалыг үр ашиггүй зарцуулж нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийг хохироож байна. Эко констракшн ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч Амно констракшн ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийг хохироож байна. Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээний 1.2-т заасан ажлыг хариуцагч Амно констракшн ХХК нь барилгын норм дүрмийг зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажил хийсэн, нэхэмжлэгч Эко констракшн ХХК-иас хүлээн авсан эхний ээлжийн материалыг үргүй зарцуулсан тул нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн зүгээс биеэр болон албан тоотоор хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 3.4, 3.5, 3.8, 4.2, 4.3, 4.8-д заасны дагуу чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажил болон хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг чанар, стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч Амно констракшн ХХК-ийн зүгээс мэдэгдэл тухай бүрт ажлын чанарыг сайжруулах амлалт өгдөг боловч шаардлагатай арга хэмжээг авалгүй хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, барилгын заслын ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгалгүй барилгын ажлыг 2013 оны 6 дугаар сард хаяж явсан тул арга буюу нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Амно констракшн   ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг Олгонуудын ихэр охид ХХК-иар нураалгаж, барилгын заслын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулсан. Хариуцагч Амно констракшн ХХК-ийн хаус 1 дүгээр барилгын чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажлыг Олгонуудын ихэр охид ХХК-иар нураалгахад 6.000.000 төгрөгийн зардал, хаус 4 дүгээр барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг нураахад 8.000.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд хариуцагч Амно констракшн ХХК барилгын засварын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй улмаас Хаус 1, Хаус 2 дугаар барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг Олгонуудын ихэр охид ХХК- иар нураалгахад нийт 14.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д учирсан. Хариуцагч Амноконстракшн ХХК нь Хаус 1, Хаус 4 дүгээр барилгын заслын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч Эко констракшн    ХХК-д 14.000.000 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Амно констракшн ХХК-д барилгын материал авахад нь зориулж бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, хариуцагч Амно констракшн ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн Хаус 1, Хаус 2 дугаар барилгын заслын ажлыг болгонуудын ихэр охид ХХК-иар нураалгахад 14 000 000 төгрөг нийт 64 769 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Эко констракшн ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч Амно констракшн ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу хоёр талын байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч Эко констракшн ХХК татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг болон барилгын материалын төлбөр    95 519 694 төгрөг, барилгын материал авахад зориулж бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14 000 000 төгрөг нийт 320 289 494 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Амно констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2012 оны 9 дүгээр сард хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагууд "Эко констракшн" ХХК-ийн "Маршал" хотхоны 1,3,4,6 дугаар барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр бартерийн гэрээ байгуулан барилгын заслын ажлыг эхлүүлсэн. \уг гэрээний 1,2-т зааснаар хийх ажлуудыг тодорхой заасан болно./ Эдгээр барилгуудан хагас дутуу чанаргүй хийсэн гүйцэтгэлтэй байсан болно. Тус компани ажил эхэлсэн өдрөөс тус гэрээний 3.1 заалтыг зөрчиж ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөхгүй бас шаврын ажлууд дутуу, тэгш бус мөн сангийн ажлууд дутуу цахилгааны ажлууд огт хийгдээгүй байсан. Засал хийхтэй холбоотой бараа материал бэлэн биш байсан. Мөн ажлын зураг байхгүй.

Бид энэ байдлыг тус компаний Ерөнхий захирал болон талбайн инженер Ганчимэг нарт олон удаа хэлсэний эцэст өөрсдийн машинаар материалыг татахаар болж үндсэн материал болох хаалга, паркет, гипсэн хавтан, гипсэний төмөрүүд плитаг шатны маршны мод хашлаганы төмөрийг тус компанийн агуулахаас манай компани зардал гаргаж тээвэрлэн авсан гэвч эдгээр материалууд нь складанд олон жил болж чанараа алдсан хэмжээнүүд нь зөрөөтэй паркет нь сэнсэрсэн зэрэг шатны марш нь тарахгүй, хаалга хэмжээ зэрэг олон асуудал гарсан. Гэсэн хэдий боловч бид асуудлыг тухай бүрт мэдэгдэж ажлыг хүлээсэн үүргийн дагуу бүх бололцоотой байдлаар хийж байсан. Туслах материалыг өөрийн няравыг гарган зуун айлаас өөрсдийн унаагаар авчирч тооцоог баримтаар хааж байсан болно. Мөн ажил гүйцэтгэл хийж байх явцад удаа дараалан ус алдах сан цахилгааны ажлаа дахин дахин хийсэн ажлуудыг эвдэн хийх зэрэг төвөгтэй байдлаас ажил хийх ямарч нөхцөлгүй болсоныг тус компани ерөнхий захирал С.Нямдаваад мэдэгдэж үлдсэн хөлсөнд гипсэний ажил хийхээр харилцан тохиролцож ажлыг 2013 оны 6 дугаар capд зогсоосон. Ажил зоссоны дараа бид удаа дараа санхүүтэй нь тооцоо нийлэх гэж явсан боловч хариуцах эзэн байхгүй бидний ажлыг сунжруулж байсан. Гэвч бид хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер санхүүгийн ажилтнуудаар акт баримт үйлдүүлж авсан. Холбогдох баримтуудыг хавсаргасан болно. Иймд тус компани нэхэмжилж байгаа эдгээр материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй учир дахин энэ асуудалд нухацтай хандаж харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх байх гэдэгт найдаж байна гэжээ.

Түүнчлэн Амно констракшн ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд барилгын материалыг худалдан авч, Маршал хотхоны Хаус-1, Хаус-4 байрны дотоод засалд хэрэглэж, уг барилгын материалтай холбоотой авлага, өглөгийн тооцоо хаасан нь Эко констракшн ХХК-ийн Санхүүгийн албаны Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, инженер Ж.Ганчимэгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогддог.

Энэхүү гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн тухайн ажлыг хариуцаж байсан талбайн инженер Ж.Ганчимэг хүлээн авч, Заслын ажлын хүлээлцэх хуудас-аар нийт гүйцэтгэлийн чанарын хувь, үнэлгээг + буюу сайн гэж дүгнэж баталгаажуулсан нь нотлогдож байхад нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр Барилгын норм, дүрмийг зөрчиж, чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж, нэхэмжлэлд дурдсан нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үндэслэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ "... чанар стандартын шаардага хангахгүй байгаа заслын ажил болон дутуу орхисон ажлыг чанар стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байсан..., шаардлагатай арга хэмжээг авалгүй, барилгын ажлыг хаяж явсан гэж байгаа боловч ажил гүйцэтгэж байх хугацаанд гүйцэтгэгчийн ажил шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж байгаагүй, харин ч захиалагчийн барилгын ажлын зураг байхгүй, засал хийхэд шаардлагатай шаврын болон сантехник, цахилгааны ажлууд нь дутуу байсан зэргийг тухай бүрт нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажлаа гүйцэтгэж байсан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь гэрээний 3.1-т Захиалагч ажлын талбайд ажил гүйцэтгэхэд шаардагатай бүхий л нөхцөл, материалаар хангах үүрэгтэй, 3.2-т Захиалагч ажил гүйцэтгэх явцад өөрийн зүгээс гарсан санал хүсэлт, зураг төсөлтэй холбоотой өөрчлөлт зэргийг тухай бүрт тавьж шийдвэрлэх ба тухайн ажлын бүрэн гүйцэтгэлээс 24 цагийн дотор энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй гэснийг болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3, 351.1.4-т заасан захиалагчийн үүргийг зөрчиж байсан атлаа Амно констракшн ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч Амно констракшн ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй, Хаус -1, 3 болон Хаус-4 ийн ажлыг харилцан тохиролцож, өмнөх үүргийг солих хүртэл зохих ёсоор чанарын шаардлагад нийцүүлэн барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзэж байна. Ийнхүү талууд тухайн ажлыг зогсоож, гэрээний үнийн дүнгийн үлдэх хэсэгт Амно констракшн ХХК гипсний ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсоноос хойш Эко констракшн ХХК-ийн зүгээс Амно констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй талаар бидэнд огт хандаж байгаагүй бөгөөд харин ч Амно констракшн ХХК-ийн зүгээс дээрх гэрээнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд өөр ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон тул энэ талаар тооцоо нийлэхээр үлдсэн төлбөрт хамаарах гипсний ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан. Мөн түүнчлэн үлдсэн үнийн дүнд нийцэхүйц гүйцэтгэх ажлын тооцоог нийлэхээр Эко констракшн ХХК-д хандаж байсан ч хариу өгөлгүй бидний ажлыг саатуулсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл Эко констракшн ХХК Амно констракшн ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэж шүүхэд хандаж биднээс гэрээний үнийн дүн, барилгын материалын зардлыг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй талаар хуульчилсан. Эко констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай учир ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Харин ажил гүйцэтгэх явцдаа Амно констракшн ХХК нь гэрээгээр үүрэг хүлээгээгүй боловч барилгын материалыг өөрсдөө худалдан авч, тээвэрлэн авчирч байсан шатахууны зардал, Маршал таун Хаус 3-т гэрээнд заагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэсэн зардал зэргийг Эко констракшн ХХК-аас нэхэмжлэхээр байна. Энэ талаар бид тусдаа нэхэмжлэл гаргана. Шинжээчийн дүгнэлтэд Амно констракшн ХХК нь ажлыг гүйцэтгэсэн талаар дурдсан байна. Иймд нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Амно констракшн ХХК-иас 320 289 494 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20542 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 917 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Амно констракшн ХХК-иас 1.917.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хавтаст хэргийн 23-28 дугаар талд авагдсан Эко констракшн ХХК-ийн 2012.12.10-ны өдрийн мэдэгдэл, 2013.01.10-ны өдрийн мэдэгдэл, 2013.01.25-ны өдрийн мэдэгдэл, 2013.02.05-ны өдрийн мэдэгдэл, 2013.03.04-ний өдрийн мэдэгдэл, 2014.01.07-ны өдрийн мэдэгдэлүүд нь маргааны үйл баримтыг нотлох чадваргүй баримтууд бөгөөд тэдгээрийг сүүлд нөхөн гаргасан хуурамч баримт гэж үзэж байна. Учир нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан гэх Б.Эрхэмбаяр нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гаргаж ажлаас халсан байдаг. ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "...хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бухий, хуулъд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ..." гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт "...хэргийн оролцогч хуурамч нотлох баргшт гаргах буюу түүнийг хуулъ бус аргаар цугяуулахыг хориглоно..." гэсэн заалтуудаас харвал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байх, уг баримтыг хуурамчаар гаргахгүй байх зэргийг тусгасан байна. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг хэргийн оролцогч хуульд заасан арга хэрэгслээр олж авсан уу, эдгээр нь үнэн зөв нотлох баримт мөн үү гэдэг талаас нь шалгалгүйгээр шууд хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу ажлын талбайд ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл, материалаар хангах үүрэгтэй байсан. Захиалагч энэ үүргээ биелүүлээгүй. Биднийг ажил гүйцэтгэж байх хугацаанд захилагчийн материал хугацаандаа ирэхгүй цаг хугацаа их алдаж байсан бөгөөд материал ирсэн ч гэсэн чанарын шаардлага хангадаггүй байсан учир бид өөрсдөө материалаа татаж ажлаа явуулдаг байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан өглөг авлагын дэлгэргүй тайлан дотор өр хаасан байдлаар нотлогдоно. Тухайн үеийн бодит нөхцөл байдал ийм байсан байхад биднээс материалын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Амно констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тогтоох зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 32067 дугаартай шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, дутуу, эргэлзээтэй гарсан мөн шүүхээс тавьсан асуултад хариулсангүй. Тиймээс шүүхэд дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх шинжээчийн дүгнэлтэд "...Амно констракшн ХХК гэрээт ажлыг тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн байна..." гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээс Амно констракшн ХХК нь ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь буруу ойлгомжгүй байна. Гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнг захиалагч буюу Эко констракшн ХХК нь одоог хүртэл ашиглаж байгаа. Ажлын үр дүнг ашиглаж байхад гэрээнээс татгалзана гэсэн зүйл байхгүй. Амно констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үндсэн хийц одоог хүртэл газар дээрээ хэвээрээ байгаа, захиалагч тал түүнийг бүрэн буулгаж гуравдагч этгээдээр хийлгэсэн гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг нөхөн бүрдүүлж хуурамч баримт гаргаж өгсөн. Мөн Амно констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Түүний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тогтоосноор нэхэмжлэлийн шаардлагаас тухайн ажлын үр дүн тоо хэмжээ хасагдах учиртай байхад шүүх тухайн ажлыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1 дэх заалтад "...энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг болон гэрээнд заасан ашиг сонирхлоо талууд харилцан зөвшилцөлгүйгээр бусдад шилжүүлэх эрхгүй..." гэж заасны дагуу гэрээнд заагдсан ажлыг гуравдагч этгээдээр хийлгэх болсон бол энэ тухайгаа манай талд заавал мэдэгдэх ёстой байсан. Гэтэл энэ талаар манайд нэг ч удаа мэдэгдээгүй байж худал баримтуудыг нөхөн бүрдүүлж 14.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс Эко констракшн ХХК-иас шүүхэд худал баримт бүрдүүлж өгсөн явдалд нь хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулах өргөдлийг өгсөн байгаа.

Энэ байдлуудаас үзэхэд нэхэмжлэлийн дээрх шаардлагаа нотлож байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй бөгөөд хэргийн үнэн бодит байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01248 дугаартай шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хавтаст хэргийн 23-28 дугаар талд авагдсан "Эко констракшн" ХХК-ийн 2012.12.10-ны өдрийн мэдэгдэл, 2013.01.10-ны өдрийн мэдэгдэл, 2013.01.25-ны өдрийн мэдэгдэлүүд нь манай Компанид ирээгүй, үүнийг Б. Эрхэмбаяр нь тэр үед гүйцэтгэж байсан албан тушаал, мөн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийн хувьд гаднаас ирсэн албан бичгийг хүлээн авах, хариулах эрхгүй этгээд, түүнээс гадна 2013.02.05-ны өдрийн мэдэгдэл, 2013.03.04-ний өдрийн мэдэгдэл, 2014.01.07-ны өдрийн мэдэгдлүүдийг Б. Эрхэмбаяр хүлээн авах боломжгүй, учир нь тэрээр нь маргааны үйл баримтыг нотлох чадваргүй, нөхөн бүрдүүлсэн хуурамч баримт байна. Учир нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан гэх Б.Эрхэмбаяр нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гаргаж ажлаас халагдсан нь Хариуцагч Компанийн захирлын тушаал болон хариуцагч Компанийн ажилтнуудын Нийгмийн даатгалын дэвтэр бөглөлтөөр ч нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 65-74 дүгээр талд авагдсан Амно констракшн ХХК-ийн 1,3,4 барилгуудад авсан бараа материалын нэгдсэн тооцоо болох 95.519.694 төгрөгийн задаргаанд зурагдсан Б.Эрхэмбаярын гарын үсэг бүгд хуурамч, түүнийг дуурайлган зурсан байна. Мөн хавтаст хэргийн 97-110 дугаар тал, 114-152 дугаар талд авагдсан бараа материалын захиалгын баримт болон бэлэн мөнгө авсан баримтууд нь /бараа, материалын худалдан авалт хийсэн баримтууд/ нь "Хариуцагч манай тал өөрийн зардлаар худалдан авсан бараа материалын баримтууд бөгөөд үүний заримыг мөн хуурамчаар бүрдүүлсэн байх бөгөөд заримыг нь нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

Манай компани зөвхөн ажил гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл манайх өөрийн мөнгөөр худалдан авч хүргэлт хийсэн материалын тооцоог нэхэмжлэлийнхээ дүнд оруулж, манайхаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал, Нэхэмжлэгчтэй 2012 оны 09 сард байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" - ний дагуу манай Компани нь ажил гүйцэтгэж эхэлсэн. Гүйцэтгэлийн ажлын хөлсийг бартерын нөхцөлөөр хийхээр тохирсон ба бараа материалаар хангах асуудлыг Нэхэмжлэгч бүрэн хариуцахаар болсон. Бартерийн нөхцлийн тухай Ажил гүйцэтгэх гэрээний 2.1 -р заалтад тусгасан. Бараа материалаар хангах тухай гэрээний 3.1 -р заалтанд тусгасан. Гэрээний дагуу манай Компани ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба чанарын шаардлага хангахгүй материал өгөх, бараа материалыг урт хугацаагаар тасалдуулснаас үүдэн гэрээний хугацаа маш их хойшлогдсон. Жишээ нь: агуулахын үлдэгдэл бараа материал болох хэмжээ нь таарахгүй хаалга нийлүүлсний улмаас ханаа дахин томсгох гэх мэт тооцоолоогүй ажлууд байнга үүсч байсан. Мөн удаа дараа ус алдасны улмаас буюу сантехникийн ажил муу хийгдэсний улмаас манай компани 1 ажлыг олон давтан хийж засварлах тохиолдол гарч байсан. Иймд бид Нямдаваа захиралд санал болгож бараа материалыг өөрсдийн зардлаар худалдан авалт хийж ажлыг гүйцэтгэх болсон. Түүнийг нотлох бараа материал нийлүүлсэн бүх баримтууд байна. Бид худалдан авалт хийсэн бараа материалыг талбайн няравт хүлээлгэн өгч, түүний дагуу санхүүтэй тооцоо нийлж, гүйцэтгэлээ хасуулж байсан,

Бараа материалыг өөрсдийн зардлаар худалдан авч талбайн няравт хүлээлгэн өгсөн, гэтэл Нэхэмжлэгч тал манай худалдан авалтын баримтыг өөрсдийн нотолгоо баримтанд хавсаргасан байгаагаас үзэхэд тэд манай худалдан авалтын дүнг Нэхэмжлэлийнхээ шаардлагад нэмж оруулсан байх магадлалтай байна. Мөн ажил хийж гүйцэтгэх бүртээ гүйцэтгэлийн акт үйлдэн талбайн инженер Ганчимэгээр гарын үсэг зуруулж санхүүгээр тооцоо нийлж хасалт хийлгэж байсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлэх материалын хангамж байнга хоцрох, эсвэл ашиглах боломжгүй материал нийлүүлэх зэрэг байдал гаргаж байснаас ажил тодорхойгүй хугацаагаар зогссон тул "ажлыг зогсоох хүсэлт"-ийг Компанийн захирал Нямдаваад хэлж, энэ талаар харилцан тохиролцсоны дагуу Хариуцагчийн урьдчилан төлсөн төлбөрийн үлдэгдэлд таарссан "гипсний ажил хийх" - ээр болж талуудын хооронд байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" - г 2013 оны 04 сард бүрэн зогсоосон. Энэ тухай Нэхэмжлэгч Компанийн захирал Нямдаваад хэлж мэдэгдсэн, түүнээс ирүүлсэн мессежүүд хэргийн материалд хавсаргасан. Тухайн үед манай компанийн нэмэлтээр хийж байсан тавилганы болон бусад ажлуудыг Нэхэмжлэгчийн талаас актаар хүлээн авч 100% төлбөрийг манайд шилжүүлж байсан нь манайх чанарын шаардлага хангасан ажлууд хийж байсныг баталж байна. Эко констракшн ХХК ~ийн санхүүгээс гүйцэтгэлээр мөнгө шилжүулж байсан баримтууд байгаа.

Гэтэл шүүх тэгэлгүй "Нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримт нь хуурамч" болох нь "Б. Эрхэмбаяр нь үйл явдал болсон гэж Нэхэмжлэгч дурьдаад байгаа 2013 оны 2,3,4, 2014 оны 1 сард үйлшдал болсон гэж байгаа ч энэ цаг хугацаанаас нь өмнө 2013 оны 1 сарын 25 нд ажлаас халагдсан тухай Хариуцагч Компанийн захирлын тушаал болон хариуцагч Компанийн ажилтнуудын Нийгмийн даатгалын дэвтэр бөглөлтөөр нотлогдож байхад шүүх энэ байдлыг сайтар нягтлалгүй, "Нэхэмжлэгчийн зүгээс хуурамчаар үйлдсэн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан буюу үгүйсгэсэн баримт бичиг" буюу "хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болох нотлох баримтын хэмжээнд үнэлсэн" нь хууль зөрчсөн явдал бөгөөд шүүхийн шийдвэр ИХШХШТХ - ийн "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй, улмаар уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.

Иймд бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь хариуцагч “Амно констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгө, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 320 289 494 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх” гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, хаус 1,3,4,6 дугаар барилгад 14 ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон, ажлын нийт төлбөр 160 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг бэлнээр, Toyota Lexus LX570 маркийн суудлын авто машиныг 140 000 000 төгрөгт бодож хариуцагчид шилжүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь хаус 1,3,4 дүгээр барилгын дотор заслын ажлыг чанар стандартын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн, хаус 6 дугаар барилгад ямар ч ажил хийгээгүй...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөөгүй, засал хийхтэй холбоотой бараа материал дутуу байсан, өгсөн бараа материал нь хэмжээ, чанарын шаардлага хангахгүй байсныг захиалагчид мэдэгдэж байсан ч арга хэмжээ аваагүй...” гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул захиалагч нь хуульд заасан үндэслэл журмаар гэрээг цуцлах, гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлснээс гарсан зардал буюу хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Тухайлбал, шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд заасан ямар ажлыг хариуцагч гүйцэтгэж, хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, талуудын хэн аль нь Иргэний хуулийн 350, 351 дүгээр зүйлд заасан үүргээ хэрхэн зөрчсөн байдал тодорхой бус, нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, түүний үр дагаварыг шаардаж байгаа гэж шүүх дүгнэхдээ хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэлээс хамааран, хариуцагчаас гаргуулбал зохих төлбөрийн хэмжээг зөв тооцоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өөрийн гүйцэтгэсэн ажлын болон нэхэмжлэгч бусдаар гүйцэтгүүлсэн гэх ажлын зардлын тооцоог шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлж, зохих ажиллагааг хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд тайлбар гаргаж ирүүлснийг шүүх “шинжээчийн дүгнэлт” гэж үзсэн ба уг тайлбарт “...“Амно констракшн” ХХК нь гэрээт ажлыг тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн байна, “Амно констракшн” ХХК-ийн алдаатай, чанарын шаардлага хангаагүй ажлуудыг буулган өөрчилж, засварласан байна...” гэснийг шүүх “Амно констракшн” ХХК нь ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээрх байдлаас дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх шүүхийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шинжээч нь шүүхийн асуултанд бүрэн хариулаагүй байна.

Хариуцагч нь дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх “талууд дүгнэлт гаргах боломжгүй байсан талаар маргаагүй” гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Шинжээч нь шүүхийн асуултад бүрэн хариулаагүй байгаа тохиолдолд дахин шинжээч томилуулахаар хариуцагчийн гаргасан хүсэлт нь тухайн маргаантай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь агуулахад байгаа материалын үлдэгдлийг хариуцагчид өгөхөд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хэдэн төгрөгийн, ямар материал байгаа, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах боломжтой эсэхийг шүүх тодруулаагүйгээс маргааны үйл баримт тогтоогдоогүй тул эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1 759 397 төгрөг 47 мөнгө төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ