Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

  

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  Х.Бакен,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох 2113001710190 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Өлгий сумын 13 дугаар багт түр оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Эовогт Бийн М, регистрийн дугаар МХ90101216,

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр

Т.Бийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг Рашаант гэх газарт

2021 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын

10-11-нд шилжих шөнө эхнэр Т.Бийг зодож, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.Бийг зодох явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, тайлбар

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Бийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Т.Бийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,

2.Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...М бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том хүү маань 2 дугаар ангид сурдаг, бага хүү маань 2 настай. Би өөрөө цалингийн зээлтэй. Миний нөхөр Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдсанаас хойш нэг ч удаа архи уугаагүй, намайг зодож цохиогүй. Надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн. Одоо хамт амьдарч байна. Миний зүгээс нөхөр Б.Мт ямарч гомдол, санал байхгүй тул түүнд хуулийн хөнгөлөлт үзүүлж, хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна” гэв.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:”...Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудтай танилцсан. Шүүгдэгч Б.М нь яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргахгүй. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зохих хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахиж архи уухгүй, залуу нас, үр хүүхэд, амьдралаа бодож засарна, цаашид архинаас хол амьдарна. Иймд надад хуулийн хөнгөлөлт эдлүүлж, зорчих эрх хязгаарлах ял, эсхүл торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

Б.Шүүх хуралдаанаар эрүүгийн 2113001710190 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хавтаст хэргийн 09-10, 39 дэх тал/,

3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

4. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 46-47, 49, 51-52, 54  дэх тал/

5. Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

6. Гэрч С.Цагаанбамбарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 62-64 дэх тал/

7. Гэрч М.Хандаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

8. Насанд хүрээгүй гэрч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 78- 79  дэх тал/,

9. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 468 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 88  дахь тал/,

10. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 95-97 дахь тал/,

11. Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 134  дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хэргийн үйл баримтын талаар:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

2. Шүүгдэгч Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр, Рашаант гэх газарт байрлах өөрийн ээжийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Бийн нүүр, хөл хэсэгт хэд хэдэн удаа алгадан, өшиглөж зодсон,

-Мөн 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт согтуугаар эхнэр Т.Бийн толгойны ар дагз хэсэгт нь гар утсаар хэд хэдэн удаа цохиж зодсон, 

-Мөн 2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ эхнэр Т.Бийг “Утсаар ярьж, хэн нэгнийг дуудаад зугтах гэж байна” гэх шалтгаанаар гэдэс рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисны дараа хохирогч зугтаан хадам дүү н.Билэгсайханы гэрт ороход  араас нь хөөж, хохирогчийг барьж аван хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөж, зодсон, дараа нь Т.Бийг хүчээр гэртээ авч ороод үсдэж унагаан, толгой руу нь хэд хэдэн удаа цохих үед хохирогч Т.Б дахин зугтааж, дүү Билэгсайханы гэрт ороход Б.М араас нь очиж, хохирогчийн толгой, хэвлий хэсэг, баруун, зүүн талын хавирга, нуруу хэсэгт хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж, гараараа цохих зэргээр түүнийг тасралтгүй зодсоны улмаас хохирогч Т.Б ухаан алдаж унасан, хохирогчийг ухаан ороход шүүгдэгч Б.М “нүүр чинь ажилдаа явахааргүй болсон байна, чамайг нэг мөр дуусгана” гэж хэлэн гэрээс гарч яваад буу авч ирэн айлгаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- 2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө хохирогчийг зодох явцдаа түүний баруун талын 8 дугаар хавирга, зүүн талын 9 дүгээр хавиргыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Дээрх үйл баримт нь 1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

2.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хавтаст хэргийн 09-10, 39 дэх тал/,

3.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

4.Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөхөр бид хоёр 2013 оны 01 дүгээр сараас эхэлж хамтран амьдарч эхэлж, 2014 оны 11 дүгээр сард гэрлэлтээ баталгаажуулж байсан. Нөхөр анх гэр бүл болоход гайгүй байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сараас эхэлж байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг болж, сүүлдээ агсам тавьдаг болж эхэлсэн.  ...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг дөхөж байтал манай эсгий гэр дотор нөхөр М, Бааранхөх хочтой Г ахтай цуг архи уугаад сууж байхад нь би гадагшаа гараад 00 ороод буцаж гэртээ ирж байтал нөхөр урдаас гарч ирээд “чи хэнтэй утсаар яриад, хэн нэгнийг дуудаад зугтаад явах гэж байна уу” гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан. Нэлээн хүчтэй цохисон болохоор би амьсгалж чадахгүй доошоогоо хагас сууж байгаад нөхөртөө зодуулахыг мэдээд шууд хадам дүү Билэгсайханы гэрт яваад очсон.  ...хадам ээжийнхээ орны доогуур сууж байтал М орж ирээд “бос, гэртээ орохгүй эндээ юугаа хийж байгаа юм бэ” гэж хэлхээр нь би “чамаас айгаад байна, явахгүй” гэтэл шууд ирээд намайг гараараа үсдэж аваад эхэлж толгой руу нэг удаа өшиглөж, дараа нь хэд хэдэн удаа толгой руу цохиж аваад намайг тэднийхээс хүчээр аваад явсан. Тэгээд намайг гэр лүүгээ авч очсоны дараа намайг орон дээгүүр гаргаж аваад дахиж үсдэж аваад эхлээд толгой руу 2-3 удаа цохиж авсан. Дараа нь үсдэхээ болиод миний хэвлий болон баруун зүүн талын хавирга, нуруу тус газарт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгж өшиглөж байхад нь би орны цаагуур эсгий гэрийн заагт уначих үед миний үснээс зулгааж аваад татаж гаргаж ирсэн. Хэсэг хугацааны дараа хадам дүүгийн нөхөр Цагаанбамбар орж ирээд манай хүүхдийг авч яваад дахиж орж ирээд манай нөхрөөс айгаад хэсэг зогсож байсан ба энэ хооронд нөхөр миний толгой болон хэвлий, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа хэд хэдэн удаа цохиж авсан бөгөөд би нэг мэдтэл гэрээс зугтаж гарсан байсан. Зугтаж гараад дахиж Б нарын гэрт яваад очсон, нөхөр араас орж ирээд дахиж намайг үсдэж аваад хэсэг тавихгүй байж байсан.  ...намайг түлхэж унагаагаад толгой, нүүр, хэвлий, нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж авахаар нь би хэсэг ухаан балартаад нүдээ нээхэд нөхөр над руу харж зогсож байсан ба надад “нүүр чинь ажилдаа явахааргүй болсон байна, нэг мөр дуусгана гэж хэлээд Билэгсайханы гэрээс гараад явсан.  ...Тэр өдөр нөхөр М миний хэвлий, нуруу хэсгүүд рүү олон удаа өшиглөсөн болохоор миний хавирга хугарсан. ...2021 оны 07 дугаар сард Алтай сумын 2 дугаар баг Улаан хад гэх газарт хадам дүү Мягмарбатын хурим дууссаны дараа шөнө байсан 03 цагийн үед хадам ээжийн гэрийн хаалгыг дотроос нь уяж аваад эхлээд над руу сандал шидэж, дараа нь хутга аваад намайг ална гээд 2 цаг гаруй айлгаж дарамталж байсан.  ...Тэр шөнө над руу сандал шидэхээс өмнө нөхөр намайг хацар хэсэгт хэд хэдэн удаа алгадаж авсан, мөн миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Зодуулсны улмаас миний гуяны гадна тал, гарын бугуйн хэсэг хөхөрчихсөн байсан бөгөөд би энэ талаар тэнд байсан хүмүүст хэлээгүй. ...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхөр хот руу явах болоод тэндээс өмнө гэрт бас согтуу ирээд агсам тавьж, намайг утсаар цохиж байсан.  ...Тухайн үед бас согтуу миний дагзны хэсэгт гар утсаар хэд хэдэн удаа цохисон. ...Утсаар цохиулсны маргааш нь миний толгой өвдөөд байхаар нь би нөхөртөө толгой өвдөөд байна, бариачид хүргээд өгчхөөч гэхэд нөхөр надад “гар утсаар цохиулахад тархи хөдлөөд байхдаа яахав” гээд бариачид хүргэж өгөөгүй, хэд хоногийн дараа толгой гайгүй болчихсон байсан. ...М намайг 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед хадам ээжийн гэрт зодсон.  ...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Цамба орон сууцны хажууд байрлах иргэн Хын барьж ашиглалтанд оруулсан байрны 4 давхрын 16 тоот хаалгатай ээжийн байранд нөхөртөө зодуулсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 46-47, 49, 51-52, 54 дэх тал/,

5.Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад унтахаар болоод ахын том хүүхэд Ухаанзаяа гэртээ очиж унтана гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн, харин бага нь манай ээжтэй цуг унтана гээд үлдсэн. Бид нар унтаж амарсан бөгөөд нэг мэдтэл бэргэн ирээд хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгож өгсөн. Тэр үед бэргэн гадуураа дээл өмссөн байдалтай орж ирсэн бөгөөд тэр хүн надад “Мэндээ агсам тавиад болдоггүй, намайг архиар шахаад уухгүй болохоор зодоод байна, танайд хоноё” гэж хэлээд манай ээжийн хажууд сууж байтал удалгүй гаднаас Мэндээ ах согтуу орж ирээд бэргэнийг юу хийгээд энд явж байгаа гэж хэлээд толгой руу нь 3-4 удаа гараараа цохиж зодоод манай гэрээс бэргэний гутлын өмсүүлэлгүй, нүцгэн хөлтэй дагуулж гараад гэр лүүгээ яваад өгөх шиг болсон. Бэргэнийг хүчээр авч гараад явсны дараа бид хэд унталгүй байж байтал ахын гэрийн зүгээс бэргэний чангаар хашхирсан чимээ гараад байхаар нь би ээждээ очоод ирээч гэсэн чинь ээж айгаад байна гэхээр нь нөхрөө явуулсан. Нөхөр тэднийх рүү явсны дараа удалгүй бэргэн Б дахиад ороод ирсэн бөгөөд тухайн үед хөл нүцгэн, нимгэн цамцтайгаа орж ирсэн үс нь босчихсон, нүүр хэсэг нь хавдсан байдалтай харагдсан.  ...Араас нь удалгүй Мэндээ ах орж ирээд бэргэнийг гэр лүүгээ харь гээд орон дээрээс нь татаж байх үед ахын бага хүүхэд нь уйлаад байхаар нь би түүнийг хөнжилд ороогоод аваад гэрийн гадаа гараад байж байтал гэр дотор бэргэний орилж хашхирсан дуу чимээ гараад байсан. Тухайн үед бэргэн зодуулсан гэж бодсон” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  56-58 дахь тал/,

6. Гэрч С.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...22 цаг өнгөрч байхад унтаж амарсан бөгөөд нэг мэдтэл манайд хадам ах Мэндээ эхнэрээ гэрээс дагуулаад гараад явж байсан. Тэд гараад явсны дараа хадам ахын гэрийн зүгээс чангаар хашхирсан чимээ гараад байхаар нь би тэднийх рүү яваад очиход эсгий гэрийн баруун талын том орон дээгүүр эхнэр нь сууж байсан ба тэр хүнийг хадам ах үснээс зулгаагаад гараараа цохиж зодож байсан. Салгах гэхэд хүч өгөхгүй байсан ба тэр хооронд хадам ахын эхнэр гараад явсан. ...Араас удалгүй хадам ах орж ирээд бэргэнийг гэр лүүгээ харь гээд орон дээгүүр сууж байсан эхнэрээ үснээс зулгаахаар нь би дунд нь орж салгаад гэрээс арай гэж түлхэж гаргасан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

7. Гэрч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мын хувьд гадуур гарлаа л бол архи уугаад ирдэг, тэгээд гэр бүлдээ агсам байнга тавьдаг. ...2021 оны 07 дугаар сард дүү нь Мягмарбатын хуримын ёслолын дараа шөнө дунд ээжийнхээ гэрт оруулж аваад манай охиныг зодож, хутга тулгаж байсан гэж сонссон бөгөөд тэр үед сар гаруй охиныг хөдөө байлгасан байсан.  ...Уг асуудлыг би 2021 оны 09 дүгээр сарын үеэр охиноосоо сонссон. Мөн саяхан 2021 оны 09 дүгээр сарын үед хүргэн хүү М Улаанбаатар хот руу явахаасаа өмнө манай байранд согтуу ирээд охиныг минь зодож байсан. ...охин Бийн хэлснээр гар утсаар толгой руу цохиж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 75-76  дахь тал/,

8. Насанд хүрээгүй гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна М ах найзтайгаа цуг хэдэн шил архи ууж сууж байгаад сүүлдээ учир зүггүй уурлаад эгч Бийг зодож эхлэх үед Билэгсайхан, Цагаанбамбар нар айгаад гэрээс гараад явчихсан. Харин найз гэх нэг эрэгтэй согтуу тасарчихсан байдалтай унтаж байсан. М ах эхнэртээ чи миний дүүг хөөгөөд явуулчихлаа гэж худлаа шалтаг гаргаж Б эгчийн толгой руу зурагтын удирдлага болон эмээгийн хуучин гар утсаар цохиж зодсон. ...2021 оны 07 дугаар сард Мягмарбатын хуримын үеэр М ах Б эгчид хутга авч дайрч байсан гэж Ухаанзаяагаас сонсож байсан. М ах согтуурсан үедээ эхнэрээ зодохгүй өнгөрөх үе гэж бараг байхгүй, дандаа зодно” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 78- 79 дэх тал/,

9. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Т.Бийн биед 2 нүдний дээд. доод зовхи нийлэнхүйдээ хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, зүүн нүдний алим нь цус хурсан, үүдэн дээд баруун 1-р болон зүүн 1-р шүд нь үзүүр хэсгээр хугарч, нөхүүлсэн байдалтай, зүүн бугалганы ар хэсэгт урд хэсэгт, зүүн гарын шууны гадна хэсэгт, хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” гэх 468 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 88 дахь тал/,

10.Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Хохирогч Т.Бийн биед баруун талын 8 дугаар хавирга хугарсан, зүүн талын 9 дүгээр хавирга хугарсан, 2 нүдний дээд, доод зовхи нийлэнхүйдээ хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, зүүн нүдний алим нь цус хурсан, үүдэн дээд баруун 1-р болон зүүн 1-р шүд нь үзүүр хэсгээр хугарч, нөхүүлсэн байдалтай, зүүн бугалганы ар хэсэгт урд хэсэгт, зүүн гарын шууны гадна хэсэгт, хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч Т.Бийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 468 дугаартай дүгнэлтэд нэмэлт шинжилгээгээр гэмтлүүд тогтоогдсоны улмаас гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна” гэх 515 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 95-97 дахь тал/,

11. Шүүгдэгч Б.Мын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ байнга гар хүрсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

12.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь харилцан хамаарал бүхий, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байгаагаас гадна хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримттай шууд хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

 13.Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

14.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Г.Эрх зүйн дүгнэлт:

1.Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаар яллах дүгнэлтээр Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

2.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

3. Шүүгдэгч Б.М, хохирогч Т.Б нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэж, гэрлэсний бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хохирогч Т.Б, шүүгдэгч Б.М нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж, мөн хуулийн 6.2-д ”Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.

5. Шүүгдэгч  Б.М  нь хохирогчийн эсрэг удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүнийг зодсон нь тогтоогдож байх ба  үйлдэл тус бүр нь ижил төстэй, байнга давтагдах шинжтэй байна.

6. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл юм.

7. Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Т.Бийн Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчиж, 2021 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, мөн 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө тус тус зодсон нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга зодох” гэсэн шинжийг агуулж байна.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин гэм буруутай этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу Б.Мын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Т.Бийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

10. Шүүгдэгч Б.Мын үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Б.М нь дээрх үйлдлийнхээ улмаас ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

11.Иймд прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давхар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Б.Мын үйлдлүүд дээрх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Мын ухамсар дорой, хүмүүжил, ёс суртахууны төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.

Д.Гэмт хэргийн хор уршгийн тухай

1.Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийн улмаас бий болсон хор уршиг,  үр дагавар юм.

2.Хохирогч Т.Б нь шүүгдэгч Б.Маас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 54 дэх тал) байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Маас гаргуулж, хохирогч Т.Бт олгох хохирол, төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.Мыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

3.Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

4.Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.Шүүгдэгч Б.М нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор эхнэр Т.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь тогтоогджээ. (хавтаст хэргийн 137,140-146 дахь тал),

6.Тодруулбал: Шүүгдэгч Б.М нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэлтэй байна.

 7. Ийнхүү шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч согтуурсан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр  удаа дараагийн давтамжтай үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Бийг зодсоныг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй, шүүгдэгч Б.М нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүнд эмнэлгийн болон бусад хэлбэрээр туслалцаа үзүүлсэн нь тогтоогдоогүй, хохирогч Т.Б нь шүүгдэгчээс мөнгөн хэлбэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй  гэж үзлээ.

8.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Тус шүүгдэгч Ц.Мт оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан нийтдээ 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мт Ялын хувьд 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийт 1 жил 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

10.Хохирогч Т.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мт хуулийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг,

11.Шүүгдэгч Б.М нь Би дахиж архи уухгүй гэдгээ амласан. Би Ховд руу явж ажил хийе гэхээр боломж болохгүй байсан. Ажил хийхээр явъя гэхээр дуудчих байх гэж бодоод яваагүй. Би дахиж эхнэртэй гар хүрэхгүй, эхнэр хүүхдээ сайн харж хандана гэдгээ амлаж байна. Тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөх хүсэлтийг тус тус гаргажээ.

12. Шүүгдэгч Б.Мын үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж болох гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавартай, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал,  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогч санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь  дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас хорих ялыг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялаас торгох ялыг тус тус сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэм бурууг нь ухамсарлуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

13.Иймд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 (найм) сарын хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 700.000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан ял тус бүрийг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мт оногдуулсан 8 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

15.Шүүгдэгч Б.М нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

16. Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 700.000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

            17.Шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж, энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

18.Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг зэргийг  устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг (СD) хуурцагийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь  зүйтэй.

19.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э овогт Брийн Мыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 700.000 (долоон зуун мянга)-н  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 (найм)-н сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт  оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 700.000 (долоон зуун мянга)-н  төгрөгөөр торгох ял, 8 (найм)-н сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 8 (найм)-н сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 700.000 (долоон зуун мянга)-н  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6/ зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

            7.Шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж, энэ тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            8.Шүүгдэгч нь энэ  хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхгийг тус тус устгахыг  шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СD хуурцаг 1 ширхгийг тухайн хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

            9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг 

тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б