| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/0067/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Д.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овогтой Даваасүрэнгийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 2227000000080 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Рамын дэнж 600 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Цэрэн овогтой Даваасүрэнгийн Түвшинжаргал /РД:ЙБ86111113/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Өвтийн хороололд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Даваадагвын толгойн орой хэсэгт модоор цохиж шарх гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай ангийн хүүхэд сумын Засаг даргын орлогч болж байгаа юм байна гэж манай ангийн Очирхүү над руу залгасан. Тэгээд манай ангийн хэдэн хүүхэд нийлээд хүндэтгэл үзүүлэх гэж очсон. Бид нар орлогч даргын өрөөнд нэг шил архи уусан. Бид нар тэндээс гараад Очирхүүгийн гэр лүү явсан. Замаараа би дэлгүүр орж нэг шил архи авсан. Бид нар Очирхүүгийн хашаанд очиж архи ууцгаасан. Бид нарыг архи ууж байхад гаднаас Батсүх, Батдорж хоёр орж ирсэн. Батсүх, Очирхүү хоёр маргалдаад байсан. Би бие засчхаад орж иртэл тэд нар намайг архиа уугаагүй байна одоо уу гээд шахсан. Учир нь би тухайн үед архи аягалж байгаад өөрийнхөө архийг цэвэр усны саванд балгаж хийгээд байсан. Тэрийг тэнд байсан хүмүүс олоод үзчихсэн байсан. Тэгээд би тухайн цэвэр усны савтай архийг уугаад цаашаа юу болсон талаар үйл явдлаа санахгүй байгаа. Тэгээд маргаан, зодоон болсон гэв.
Хохирогч Б.Давадагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бат-Өлзий сумын Өвтийн хороололд байдаг Очирхүү гэдэг найзындаа ганцаараа 10 цагийн үед очсон. Очирхүүгийнд очих үед Түвшинжаргал, Бат-Эрдэнэ, Мягмарсүрэн нар байсан. Тэгээд бид нар 2 шил архи ууцгаасан. Сүүлийнхээ архийг уугаад сууж байсан чинь Батсүх гэдэг залуу Очирхүүгийн утас руу залгаад та нар хаана байна гэсэн. Тэгээд Батсүх, Батаа нар ирсэн. Тэгээд би Түвшинжаргал, Бат-Эрдэнэ, Анхбаяр нар хамт Түвшинжаргалын дэлгүүрээс очиж нэг шил архи авч ирсэн. Тэр үед Очирхүү, Батсүх хоёр маргалдаад сууж байсан. Тэд нар хэрэлдээд байж байх үед гаднаас нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуу орж ирсэн. Тэгээд сууж байсан чинь Очирхүү, Батсүх нар маргалдаад гражийн хажуу тал руу явахаар нь очоод салгасан чинь Батсүх над руу дайраад байхаар нь би Батсүхийг түлхчихсэн. Тэгсэн чинь Түвшинжаргал Очирхүүгийн граж дотроос унины мод аваад миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад сууж байсан чинь Түвшинжаргал ахиад сүлбээд алаад хаячихна гээд мод бариад дайраад байсан. Тэгээд эмнэлэг рүү утсаар яриад Баасандагва эмч ирсэн. Баасандагва эмч ирсэн чинь Баасандагва эмч рүү Түвшинжаргал ах дүүгээ дуудлаа гээд дайраад байхаар нь би хашааны хаалга руу явж байсан чинь араас чинь гэхээр нь эргээд харсан чинь Түвшинжаргал ахиад модоор цохих гэж байна гэж бодоод цохихоор нь гараараа хаасан чинь зүүн гарын тохой руу төмрөөр цохисон. Тэгээд Баасандагва эмчтэй эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед Түвшинжаргал согтуу байсан. Би Түвшинжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07дугаар хуудас/,
Гэрч Д.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай ангийн Орхонтуул засаг даргын орлогч болсон гээд манай ангийнхан цуглараад хүндэтгэл үзүүлсэн. Тэгээд Орхонтуул багийн хуралтай гээд яваад өгсөн. Манай ангийнхан болох Д.Түвшинжаргал, Даваадагва, Анхбаяр, Бат-Эрдэнэ, Мягмарсүрэн нарын хамт манай хашаанд очсон юм. Тэгээд манай хашаанд бид нар 3 шил архи уугаад байж байсан чинь Батсүх, Батгэрэл нар орж ирсэн. Архи уугаад сууж байсан чинь Даваадагва, Д.Түвшинжаргал нар маргалдаад байсан. Бид нар очиж салгаад байж байсан чинь манай гражаас Д.Түвшинжаргал унины мод аваад Даваадагвын толгой руу цохисон. Даваадагвын толгойноос цус гараад эмнэлэг дуудсан чинь эмнэлгээс Даваадагвын төрсөн дүү нь болох эмч Баасандагва ирсэн. Баасандагва нь Даваадагвыг аваад явсан. Би тэр хоёр юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Аль аль нь согтуу байсан. Д.Түвшинжаргал нь Даваадагвыг цохих үед Батсүх, Бат-Эрдэнэ нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Гэрч Д.Баасандагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллаж байсан чинь манай төрсөн ах Даваадагва нь над руу утсаар залгаад Очирхүүгийн хашаанд толгойгоо хагалуулчхаад цус гараад байна хүрээд ир гэхээр нь очсон чинь Д.Түвшинжаргал намайг ахтайгаа нийлж нүдэх нь үү гээд хэл амаар доромжлоод байсан. Би цагдаа Загарзүсэм рүү залгасан чинь утас нь болохгүй байхаар нь ээж Дуламсүрэнг цагдаа дуудчих гэсэн. Тэгээд Д.Түвшинжаргал цагдаа дуудчихлаа гээд Даваадагвын тохой руу төмөр аваад ахиад цохисон. Би Д.Түвшинжаргал төмөр барьсан байхаар нь барьж аваад түлхчихсэн. Тэгээд Даваадагвыг аваад эмнэлэг орсон. Д.Түвшинжаргал нь Батсүхийг аваад машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед Д.Түвшинжаргал, Даваадагва, Очирхүү, Батсүх, Батгэрэл нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №300 тоот:
“...1. Үзүүлэгч Б.Даваадагвын биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4.5 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Д.Түвшинжаргалын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар, хохирол төлсөн баримт, хохирогч Б.Даваадагвын гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн утсаар ярьсан тэмдэглэл, Д.Түвшинжаргалын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт /хх-ийн 53-56, 76-77, 78 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Өвтийн хороололд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Даваадагвын толгойн орой хэсэгт модоор цохиж шарх гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Д.Түвшинжаргал үйлдсэн болох нь
хохирогч Б.Давадагвын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Д.Очирхүү, Д.Баасандагва, Б.Мягмарсүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-10, 14, 45 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №300 тоот: “...1. Үзүүлэгч Б.Даваадагвын биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.5 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч Б.Даваадагва нь шүүгдэгчээс 7 000 000 / долоон сая/ төгрөгийг авсан, одоо хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Д.Түвшинжаргалын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Түвшинжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр урттай дөрвөлжин брус мод 1 ширхэг, 2 метр 5 см урттай улбар шар өнгийн хагас дугуй хэлбэртэй хуванцар зүйл 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэрэн овогтой Даваасүрэнгийн Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Түвшинжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр урттай дөрвөлжин брүс мод 1 ширхэг, 2 метр 5 см урттай улбар шар өнгийн хагас дугуй хэлбэртэй хуванцар зүйл 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
4. Д.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Түвшинжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА