| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00168/и |
| Дугаар | 153/ШШ2018/00212 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2018/00212
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2018/00212 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Ш.Д-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 19-ниы өдөр 153/2018/00168/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ш.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие бага наснаасаа эхлэн Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Би сургуульд яваагүй, тус суманд саальчин малчнаар одоог хүртэл ажиллаж байна. Одоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар малчин эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарч болохоор заасан тул миний нас энэ хуульд заасан хугацаанд хүрсэн. Иймд би малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм.
Би Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нбхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан боловч намайг энэ хугацаанд малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.
Манай Дуут сумын архив шатсан тул тус сумын иргэдийн мал тооллогын баримтууд байхгүй байгаа. Малчин бид нарт 1990 онд малчны үнэмлэх өгсөн бөгөөд хэрэгт хавсаргалаа. Намайг насаараа Дуут суманд мал маллаж байсныг, одоо ч хүртэл мал маллаж байгааг манай сумын иргэд бүгд мэднэ....Би нэгдэл тарах хүртэл нэгдлийн саальчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувиараа мал малласан.
Иймд намайг 1980 оны 3 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн нэгдүгээр бригадад саальчнаар, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Д нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ш.Днь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр бригадын 1980-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1990 оны 2 дугаар сарын 15-ны олосон малчны удмын өв залгамжилсан үнэмлэх, Нансал овогтой Төмөрбаатар, Шаралдаа овогтой Дархижав нар нь 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэв гэх бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч М.Бямбажав ....Би 1983-1994 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгч, 1994-1997 Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн засаг даргаар, 1997-2006 Фортуна ХХК-д няраваар тус тус ажиллаж байсан....Ш.Д нь 1980 оноос Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар нэгдэл тартал ажилласан. Ш.Д нь 1990 оноос одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна.... гэх мэдүүлэг, гэрч Х.Бямбажавын ....Би 1977 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу Шивэр багт малчнаар орж 1990 он хүртэл ажилласан....Ш.Д нь Н.Төмөрбаатарын эхнэр байгаа юм. Ш.Д нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг Шаралдаа, эх Ноосон нарын хамт малчнаар ажиллаж байгаад 1982 оны үед Н.Төмөрбаатар гэр бүлж, улмаар тус нэгдэлдээ 1990 он хүртэл малчнаар ажилласан. Ш.Д нь 1990 оноос одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна....Бид нар Д гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 4, 19-31, 36, 45-49 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч М.Бямбажавын 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өддөр Шивэр багийн засаг дарга гэх бичилттэй 297099 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Бямбажавын Сайшаалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 7, 13, 15 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан 1981 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 8-12 дугаар хуудсанд авагдсан Л.Жаргал гэх бичилттэй Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1138 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, иргэн Х.Бямбажав, М.Бямбажав, Л.Жаргал нарын иргэнмй үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 37-38 дугаар хуудсанд авагдсан Н.Төмөрбаатар, ПД62062073 регистрийн дугаартай, 2003-2008 оны Татварын тооцооллын жагсаалт нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Д-ийг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Д-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ