Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Кд холбогдох эрүүгийн 2213000000103 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдаж байсан, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2/19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123' зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, И овгийн А-гийн К, РД:БМ72100412

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.К нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цүнгэх” гэх газарт “...адуу хөөсөн” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Ө.Г руу чулуу шидэж,  толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.К нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд А.Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ”...Шүүгдэгч А.Кгаас эмчилгээтэй холбоотой зардлыг гаргуулж өгнө үү” гэв.

1.3 Шүүгдэгч А.К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр насанд хүрээгүй Ө.Гыг чулуугаар цохиогүй” гэв.

1.4 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А: А.К нь насанд хүрээгүй хохирогчийг чулуугаар цохисон нь нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

2.Шүүгдэгч А.К нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цүнгэх” гэх газарт насанд хүрээгүй хохирогч Ө.Гыг өөрийнх нь адууг туусан гэх шалтгаанаар чулуугаар толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

3.Шүүгдэгч А.Кгийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Гы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь эрх бүхий шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 337 дугаартай“Иргэн А.Кгийн биед толгойн баруун чамархай орчим оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.

Нотлох баримтын үнэлгээ

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өаас 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр миний хүү Ө.Гыг адуу туусан гэх шалтгаанаар А.К морьтой хөөж, чулуу шидэн толгойг нь хагалж, хөнгөн хохирол учруулсан. Хүүгийн эмчилгээний зардал болох эм тариа авсан худалдан авахад зарцуулсан 450,000 төгрөг, хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр хөдөөгөөс аймгийн төвд 2 удаа ирэхдээ өөрийн дүүгийн Ланд-80 маркийн машинд нийт 100,000 төгрөгийн түлш хийж байсан, энэ хохирлоо нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Насанд хүрээгүй хохирогч Ө.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Б Нурдос бид хоёр 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Цүнгэх” гэх газарт бог малаа хариулангаа тоглоод байж байхад Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн Анаг овогтой К гэгч морьтой давхиж ирээд “...манай адууг яагаад хөөж, туугаад байгаа юм бэ...” гэж хэлээд халааснаас чулуу гаргаж ирээд бид нар луу шидсэн. Бид нар морио унаад зугтаж явж байхад, иргэн А.К бид нарыг морьтой хөөгөөд чулуу шидсээр байсан ба шидсэн нэг чулуу нь миний толгойн тус газар оноход нь би зугтсаар байгаад гэртээ ирэхэд миний толгойн баруун талын чамархай хэсэг хагарч цус гарсан байсан. Тэгээд би Ногооннуур сумын 2 дугаар багийн түргэний машинтай аймгийн төвд ирээд нэгдсэн эмнэлэгт үзүүлээд толгойн баруун талын чамархай хэсэгт оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

4. Гэрч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед тус сумын 1 дүгээр багийн иргэн Ө.Гаас ирсэн дуудлагын дагуу тус сумын 1 дүгээр багт байрлах Цүнхэг гэх газарт очиход дуудлага өгсөн Ө.Г нь тухайн газарт морьтой хонь хариулаад явж байгаад толгойдоо чулуугаар цохиулж гэмтсэн байсан. Тэгээд Ө.Гы толгойг үзэхэд толгойн баруун талын чамархай хэсэг хагарч цус гарсан байдалтай байсан ба би боолт хийсэн боловч Ө.Гы толгойн чамархай хэсэгт оёдол тавих боломжгүй болохоор нь түргэний машинтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тухайн үед би Ө.Гд хандаж юунаас болоод гэмтэл авсныг асуухад Ө.Г надад хандаж юм хэлээгүй, харин аав нь болох А.Ө Ө.Гы толгойг А.К чулуугаар цохисон гэж хэлсэн. Би анхны тусламж үзүүлж аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

5. Насанд хүрээгүй гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Цүнгэх” гэх газарт байрлах өвөлжөөний байшингаас бог малаа хариулахаар гарч, морио унаад бог малаа хариулаад явж байхад 12 цагийн үед миний хамаатан ах болох Ө овогтой Г тааралдсан. Бид хоёр бог малаа хариулангаа, тоглоод явж байхад 20-иод тооны адуу бэлчиж байсан ба тус адууны дотор нэг дааганы тамга нь содон өөр тамгатай байсан тул тус адууны тамгыг сонирхож, эргэж, тойрч үзээд яваад өгсөн. Тэгээд Ө.Г бид хоёр өдрийн 15 цагийн үед бог малаа хариулангаа тоглоод явж байхад Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.К гэгч морьтой давхиж ирээд “...манай адууг яагаад хөөж, туугаад байгаа юм бэ? та нарыг ална...” гэж хэлээд халааснаас чулуу гаргаж ирээд бид нар луу шидсэн, бид нар морио унаад зугтаж  байхад, иргэн А.К бид нарыг морьтой хөөгөөд чулуу шидсээр байсан, тухайн үед Ө.Г “...Ёо, ёо толгой...” гэж хэлсэн. Бид нар зугтаагаад хэсэг газар явахад, А.К буцаад яваад өгсөн. Бид нар зогсоод мориноос буухад Ө.Гы толгойн баруун талын хэсэг хагарч, цус гарсан байсан. Тэгээд би бог малаа хариулаад гэр рүү яваад өгсөн. Ө.Г морио унаад гэр рүүгээ явсан юм..., ...А.К надад гар хүрч цохиж, зодсон асуудал байхгүй, надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

6. Гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тус өдөр Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Цүнхэг гэх газрын доод талд хонь хариулж явсан. Тэгэхэд Цүнхэгийн хөтлийн даваанд 2 морьтой хүнийг 1 морьтой хүн хөөж яваа харагдсан. 2 морьтой хүн нь урд нь хамт явж байсан ба араас нь 1 морьтой хүн давхиж яваа харагдсан. Тухайн үед би хонь хариулж явж байгаа хүүхдүүд тоглоод явж байгаа байх гэж бодсон. Тэгтэл А.Би гэдэг хүний хүү болох Б.Нурдос миний хажууд хүрээд ирсэн ба түүнээс юу хийгээд давхиад яваад байгаа талаар асуухад А.К ирээд Ө.Г бид хоёрыг морьтой хөөж, чулуу шидэж Ө.Гы толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио асааж Ө.Гы өөдөөс явж очиход түүний толгойноос цус гоожиж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 337 дугаартай “...Ө.Гы биед толгойн баруун чамархай орчим оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, зэрэг баримтуудаар “Шүүгдэгч А.К нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Цүнгэх” гэх газарт насанд хүрээгүй хохирогч Ө.Гыг  чулуугаар цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

8.Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Кд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1.Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.К нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр тухайн үед үүссэн “хувийн таарамжгүй харьцааны” улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Гы  эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд А.Кн үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

2.Иймд шүүгдэгч А.Кг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч А.Кгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Гы эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

3. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ө.Г, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ө нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохиролд 450.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг нийт 550.000 төгрөг  нэхэмжилсэн ба шүүгдэгч А.К нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байна.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

5.Шүүхээс шүүгдэгч А.Кг насанд хүрээгүй хохирогч Ө.Гы эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай, идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан буюу гэм хор учруулсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, А.Кгаас гэмт хэргийн хор уршигт 550.000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ө.Г, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ө нарт олгож, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1.Шүүгдэгч А.К нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

2.Шүүгдэгч А.К нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь нотлогдож байх боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул А.Кг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3.Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

4.Иймд шүүгдэгч А.Кгийн хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Кд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Кд хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

6. Шүүгдэгч А.К нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  И овогт Аийн Кг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Кд  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Кд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Кгаас гэмт хэргийн хор уршигт 550.000 (таван зуун тавин мянга)-н төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ө.Г, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ө нарт  олгосугай.

7. Шүүгдэгч А.К нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б