| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00101/И |
| Дугаар | 153/ШШ2018/00191 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2018/00191
2018 оны 04 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2018/00191 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, ............... тоот регистрийн дугаартай, Хиргис овогт Д.П-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.П, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.П нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал түрээсийн хоньчноор мал маллаж ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мянгад Давшилт компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан 1994 оны материал дутуу байгаа.
Иймд миний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.П нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1991-1993 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Д.П 0701324 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай “Хувьчлах төсөл батлах тухай” тогтоолын хуулбар,
-Гэрч Г.Н “би 1964-1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчин, аж ахуйн нярав, агентаар ажиллаж байсан. Д.П нь 1978 онд анх нэгдэлд илгээлтээр ирж, 1994 оныг дуустал хоньчноор ажилласан. Давшилт нэгдэл 1994 онд хувьчлагдаж, Давшилт компани болсон. Би тус нэгдэлд 1964-1994 он буюу нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Р-ийн “би 1988 оноос 1998 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Д.П нь намайг 1988 онд анх ирэхэд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл 1992 онд тарж, 1996 он хүртэл Давшилт компани байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.П нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин Д.П нь 1994 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Учир нь хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Н, Б.Р нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч нар Д.П-ийг 1994 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсныг гэрчлэх боловч энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.П-ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.П нь 1994 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА