| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00205/И |
| Дугаар | 153/ШШ2018/00192 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2018/00192
2018 оны 04 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2018/00192 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, ............тоот регистрийн дугаартай, Элжигид овогт Ж.О-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.О, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Намарзан багт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал аав, ээжийн хамт хоньчноор, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуустал Социализм нэгдлийн Санхүү тасагт цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн хөлс аав Дамдин овогтой Жандагийн нэр дээр бичигдсэн, Санхүү тасагт цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн тушаал, хөдөлмөрийн дэвтэр тус архивт байхгүй байгаа.
Би 1979 онд 8-р анги төгссөн ба 1980-1981 оны хооронд 9-10 дугаар ангийг ичнээгээр төгссөн. 1985 оны 09 дүгээр сард Санхүү эдийн засгийн техникимд сураад 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төгссөн. Тэгээд нэгдэлдээ ирж ажилласан. Би 1990-1991 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан бөгөөд би 2014 онд миний эрүүл мэнд муудаж, өвдсөн. Тэгээд Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль гарч иргэдийг энэхүү хуульд хамруулж байхад манай хүүхдүүд миний 1990-1991 оныг нөхөн тооцуулсан байсан. Энэ талаар би Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтанд хэлсэн.
Иймд Ж.О намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал хоньчноор, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал хоньчноор, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 671 дугаартай лавлагаа,
-Ж.О-гийн 0505305 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1-р бригадын 1981-1985, 1987-1991 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Гэрч Ж.Д-гийн 1987, 1991 оны 70-р дансны хуулбар,
-Гэрч Б.Э-ны 1981, 1985 оны 70-р дансны хуулбар,
-Гэрч Ж.Д-гийн “би 1987 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд санхүү, цалин хөлсний нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. 1992 онд нэгдэл бага хувьчлал явагдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай нэгдэл 1992 онд хувьчлагдаж, Гэрэл компани болсон. Ингэхэд Ж.О- мөн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Э “би 1980 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад Ж.О-гийн аав Жандаг нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.О нь тус нэгдэлд 1981-1985 онд малчнаар ажиллаж байгаад 1987 оноос тус нэгдэлд нягтлан бодогчоор нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Ж.О-гийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Ж.О нь 1990-1991 онуудад Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан байх боловч тэрээр энэ хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1-р бригадын 1990-1991 онуудын 70-р дансны хуулбаруудаар нотлогдож байна. Иймд Ж.О-гийг 1990-1991 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.О-ийн хүсэлтээр Ж.Д, Б.Э нарыг гэрчээр асуусан бөгөөд эдгээр гэрч нар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан болох нь гэрч Ж.Д-гийн 1987, 1991 оны 70-р дансны хуулбар, гэрч Б.Э-ын 1981, 1985 оны 70-р дансны хуулбараар нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал хоньчноор, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.О-гийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал хоньчноор, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА