Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.*******,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,, нарын хамт , , тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Нийслэлийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзан,

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ял дээр Нийслэлийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 cap хорих ял оноож, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 171 дугаар шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 0 жил 7 cap 28 хоногийн ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан түүний биечлэн эдлэх ялыг 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 241 дугаар тогтоолоор 5 жил 6 сарын хорих ял болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолд “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2009 оны 05 дугаар сарын 29-ний 241 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан оногдуулсан 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 cap 10 хоногийн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь , гудамжинд өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр хохирогч С. авч явсан эд зүйлийг дээрэмдэж авах үйлдлээ хялбарчлах зорилгоор “Арвай” нэртэй архины шил бүхий зэвсэг хэрэглэн түүний толгойн тус газарт цохин халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн чамархай, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

улмаар хохирогчийг эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсны дараа гартаа үлдсэн “Арвай” нэртэй архины шил бүхий зэвсэг хэрэглэн “мөнгө гаргаж ирэхгүй бол дахиад цохино” гэж айлган, сүрдүүлж түүний 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг илээр, хууль бусаар, зэвсэг хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал),
  2. Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),
  3. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал),
  4. Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),       
  5. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал),
  6. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 08/ШЭ/02 дугаар дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),
  7. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 08/ШЭ/02 дугаар дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),
  8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),
  9. Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 32-33 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал),
  10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд (1 дүгээр хавтас хэргийн 3-5 дахь тал),
  11. Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (1 дүгээр хавтас хэргийн 139 дэх тал), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Арвай” бичигтэй архины шилний хагархай зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол  (1 дүгээр хавтас хэргийн 61 дэх тал),
  2. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын тогтоох хэсэг (2 дугаар хавтас хэргийн 11-12 дахь тал),
  3. Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Танд гомдол санал нэхэмжлэх зүйл байна уу? Гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 17 дахь тал),
  4. Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаартай эрүүл мэндийн “...Онош: Бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоорын архаг эмгэгшил. Гуурсан хоолойн архаг үрэвсэл. Дүгнэлт: Хоригдогч Н.******* нь хариуцсан эмчийн хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа ба цаашид бүсэлхий, нурууны Компьютер томографын шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.

           

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалт бүхий зүйлчлэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.******* нь , гудамжинд өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр хохирогч С. авч явсан эд зүйлийг дээрэмдэж авах үйлдлээ хялбарчлах зорилгоор “Арвай” нэртэй архины шилийг хэрэглэн түүний толгойн тус газарт цохин халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн чамархай, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            улмаар хохирогчийг эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсны дараа гартаа үлдсэн “Арвай” нэртэй архины шилийг хэрэглэн “мөнгө гаргаж ирэхгүй бол дахиад цохино” гэж айлгаж түүний 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг илээр, хууль бусаар, зэвсэг хэрэглэн дээрэмдсэн үйл баримт нь:

 

  • Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажилдаа яваад Налайхад 20 цаг өнгөрч байхад автобусаар ирсэн. Ингээд гудамжинд ганцаараа явж байтал араас нэг хүн гүйж ирээд толгой руу юмаар цохиод газар унагаасан тэгтэл танихгүй залуу намайг дарж байгаад толгой руу архины шилээр 2 удаа цохисон. Миний үүрсэн цүнхийг татаад “мөнгө байна уу, мөнгө байна уу” гээд байхаар нь би бушуухан цүнхээ мултлаад өгөхөд цүнх дотроос гар утас аваад нарийн гудамжаар гүйгээд явсан. Би араас нь гүйгээд 6 дугаар гудамжинд нэг охинтой тааралдаадийг нь хүн дээрэмдэж толгой хагалаад утас аваад явчихлаа гэхэд тэр охин цагдаа дуудаж өгсөн. Тэр охинтой хамт явсан хоёр залуу нөгөө залуугийн араас гүйгээд төдөлгүй намайг дээрэмдсэн залууг бариад ирсэн. Ингээд би эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан. ...би тэр залууг огт танихгүй. Эхлээд миний толгойг архины шилээр цохиж хагалчхаад дахиад өврөөсөө бүтэн архины шил гаргаж ирээд мөнгө гаргаж ирэхгүй бол дахиад цохино гээд байхаар нь надад мөнгө байхгүй гээд цүнхээ өгсөн. Надаас зөвхөн гар утас л авсан ба өөр юм аваагүй. Миний гар утас самсунг А30 загварын Андройд утас байсан ба би 0.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

  • Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “миний бие хохиролтой холбоотой баримтуудаа цуглуулж гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар 621.0 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ болон эм тариа авсан. ...би тухайн үед куртикнийхээ малгайг өмсөөд алхаж явтал миний толгойн зүүн тал руу түг гээд явчихсан. Тэгээд л манартал араас мөрнөөс татаж газар унагахаар нь би дээшээ хартал нэг залуу архины шил над руу далайгаад зогсож байхаар нь би “хүүе ээ чи хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд шууд миний толгойн зүүн тал руу дахиад 2 удаа түг түг гээд цохисон. Энэ үед миний толгойноос цус гараад зүүн шанаа дагаад цус урсаад эхэлсэн ба миний цүнхийг зулгааж аваад шууд ухаж байснаа мөнгө байна уу гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлтэл миний гар утсыг аваад энгэрийнхээ халаасанд хийгээд цаашаа зугтсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Намайг алхаж явахад араас тас гээд юмаар цохиод би манараад явтал мөрнөөс татаад би газар унасан. Би хажуу талаараа унасан болохоороо толгойгоо эргүүлээд хартал саравчтай малгайтай масктай хүн байсныг их сайн харсан тэгтэл тэр залуу намайг зүүн гараараа толгой дээрээс дараад баруун гартаа бол архины шил далайж байгаад дахин цохисон. Тэгээд шууд миний толгойноос цус урсаад ороод ирэхээр нь би босоод хүүшээ чи толгой хагалаад хаячихлаа ш дээ гэхэд тэр залуу мөнгөө өг мөнгөө өг гээд миний цүнхнээс булаацалдаад байхаар нь би цүнхнийхээ оосрыг толгойгоо давуулаад үүрсэн байсан болохоор доош нь тонгойлгоод оосрыг нь хүзүүнээсээ гаргаж өгөөд надаа мөнгө байхгүй гэхэд тэгвэл халаасаа үзүүл гэхээр нь би дахиад цохиж магадгүй гэж бодоод айгаад дээрээс нь миний дух руу толгойноос цус гараад автобусны үнэгүй явдаг карт л байгааг харуулсан. Тэгээд л тэр залуу миний цүнхийг ухаж байгаад гар утсыг маань аваад зугтаасан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ орой 20 цагийн үед , тоот хашаанаас гарч иртэл нэлээд настай эмэгтэй хүн ээжийн хашааны гадна ирээд сая нэг хүн миний толгойг хагалаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэр үед манай цагдаа дуудаж, би гудамжаар хайгаад явж байтал Бадралын 7 дугаар гудамжны үзүүрт нэг хүн гүйж байх шиг болохоор нь би араас нь гүйсээр байгаад засмал зам гараад бариад автал тэр хүн над руу эргэж хараад гартаа байсан утсыг аваад эзэнд нь өгчих цагдаа дуудаж болохгүй шүү гээд гуйгаад байж байтал манай дүү араас гүйж ирээд бид хоёр тэр залууг нэлээн татаж чангааж байгаад ээжийн гэрийн гадаа авчиртал цагдаа ирсэн байсан. ...зодуулсан гэх эмэгтэй тухайн үед намайг нэг хүн архины шилээр цохиж толгой хагалаад гар утсыг минь аваад явсан гэж хэлж байсан. Тэр эмэгтэйгийн толгойн зүүн талаас нэлээд цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... орой нарийн гудамжаар нэг эмэгтэй хүн гарч ирээд сая нэг залууийнх нь толгой руу юмаар цохиж унагаагаад цүнхнээс гар утас дээрэмдээд явчихлаа гэхээр нь хаашаа явсан бэ гэхэд хойшоо гүйгээд явсан гэж хэлтэл манай ах Нямдаваа шууд араас нь гүйхээр нь би бас араас нь дагаад гудамж уруудаад гүйтэл гудамжны үзүүрт нэг залуу хурдан алхаад нэг л сэжигтэй явж байхаар нь араас нь Нямдаваа ах бид хоёр гүйцээд явж очоод шууд “та яаж байгаа юм бэ” гэхэд нэг зугтаах гэж зангахаар нь би Нямдаваа ах бид хоёр гараас нь барьж авахад нөгөө залуу шууд энгэрийнхээ халааснаас гар утас гаргаж ирж өгөөд “май энэ утсаа авчих, би ингээд явчихъя” гэхээр нь дагуулаад чирсээр байгаад гэрийнхээ үүдэнд иртэл нөгөө эмэгтэй болон манай үеэл нар зогсож байсан. ...тэгээд нөгөө залуу халааснаасаа гар утсаа гаргаад өгөхөд толгой нь хагарсан эмэгтэй миний гар утас мөн байна гээд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),       

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээжийн хашааны хажууханд нэг настайвтар эмэгтэй толгойноос нь цус гараад нүүрийг нь дагаад урссан байдалтай зогсож байхаар нь машинаасаа буухад нөгөө эмэгтэй шууд надад хандаж “миний дүү цагдаа дуудаад өгөөч, миний толгой руу архины шилээр цохиод цүнх дотроос гар утас аваад явчихлаа” гэхээр нь би толгойноос нь цус гарсныг хараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байтал миний төрсөн дүү Нямдаваа болон үеэл дүү нар нэг залууг дагуулаад хүрээд ирсэн. Нөгөө залуу нь гартаа нөгөөийн гар утсыг барьсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 08/ШЭ/02 дугаар: “С. биед 2022.01.14-ний шинжилгээний хариунд нэмэлтээр зүүн чамархай, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 08/ШЭ/02 дугаар: “С. биед зүүн чамархай, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, толгойн хуйханд шарх гэмтлүүд нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх 2022.01.13-ны өдөр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А30 маркийн 2021 оны 08 сард авсан гар утсыг нийт 280.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үзүүлэгч С. нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн. Үзлэг хийж, нэмэлтээр толгойн томографын шинжилгээ болон гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулсан. ...тэгтэл 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхээр тогтоол, толгойн томограф шинжилгээний хариуны хамт ирүүлснээр шинжилгээ хийхэд С. биед нэмэлтээр зүүн чамархай, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, их тархины зүүн чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах учир 02 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь толгойн зүүн хажуу талд мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 32-33 дахь тал),

Мөн шинжээчийн “...Архины шил нь хагараагүй, бүтэн байгаа тохиолдолд мохоо гадаргуутай том талбайтай зүйлд хамаарагдана. Тиймээс бүтэн архины шилний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал),

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд (1 дүгээр хавтас хэргийн 3-5 дахь тал),
  • Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (1 дүгээр хавтас хэргийн 139 дэх тал), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Арвай” бичигтэй архины шилний хагархай зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.  

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******т  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн  хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлон тусгасан байна. 

 

Өөрөөр хэлбэл нь шүүгдэгч Н.******* нь хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор хохирогчид халдаж, бүтэн архины шилээр толгойн тус газарт цохисон болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд архины шил нь аливаа шингэн зүйлийг агуулах, хадгалах зориулалттай тул архины шилийг зэвсэг гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн архины шилний хагархай нь хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулж болох эд зүйл боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.******* нь архины шилийг зориуд урьдчилж хагалж, тусгайлан бэлтгээгүй, бүтэн архины шил ашиглан бусдад гэмтэл учруулсан, архины шилээр толгойн тус газарт цохисны улмаас архины шил хагарсан байх боловч архины шилний хагархайг ашиглан хохирогчийг заналхийлсэн, сүрдүүлсэн, биед нь халдсан үйлдэл хохирогчийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.*******ийг дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Н.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх” талаар гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Н.*******ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүх түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч С. эрүүл мэндэд хүнд хохирол, эд хөрөнгөд 280.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 280.000 төгрөгийн үнэлгээний бүхий Самсунг А30 маркийн гар утсыг шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн хохирогч С. нь эмчилгээний төлбөрт 161.0 төгрөг, компьютер томографын шинжилгээ хийлгэсэн 100.000 төгрөгийг тус тус баримтаар, ажилгүй байсан хугацааны цалин 360.000 төгрөг, нийт 621.0 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 621.0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 261.0 төгрөгийг (161.0+100.000) нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч Н.*******аас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин болох 360.000 төгрөгийн холбогдох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогч С. шүүхийн шатанд “...зөвхөн эмчилгээнд шаардагдаж гаргасан мөнгөн зардлыг нөхөн төлүүлж өгнө үү, одоо ч эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэж байгаа ч цаашид нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг дурдах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөөгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд “шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй холбогдсон боловч ар гэрт нь гачигдал гарсан гээд бидэнтэй дахин холбогдсонгүй” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “шүүгдэгч Н.******* нь 2018 онд авто осолд орж нуруу нугасны гэмтэл авч байсан, биеийн эрүүл мэндийн байдал муу, цаашид нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд эмчлүүлэх, оношлуулах шаардлагатай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрд 2 жил хорих ял оногдуулж, эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг  хоёр үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өөрөөсөө сул дорой хүнийг сонгож биед нь халддаг, өөрийн үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор архины шил ашигласан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан, хохирогчийн эрүүл мэнд бүрэн сайжраагүй, хохирол нөхөн төлөөгүй), хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй, өөртөө дүгнэлт хийгээгүй байгаа байдал), эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Арвай” гэсэн бичигтэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жил хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн цагдан хоригдсон 145 (нэг зуун дөчин тав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 261.0 (хоёр зуун жаран нэг мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч С.д олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 (гурван зуун жаран мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Арвай” гэсэн бичигтэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД

 

 

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ