Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2018/00193

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр             Дугаар 153/ШШ2018/00193             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, ........... тоот регистрийн дугаартай, Таргад овогт Т.Б-гын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Б, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын Багануур дүүргийн нүүрсны уурхайд 1985 оны 09 сарын 23-ны өдөр сантехникийн засварчны курс төгсөж, улмаар тус байгууллагад засварчнаар 1995 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Миний бие 1982 оны 07 сарын 05-ны өдрөөс 1985 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн байгууллагад 1985 оны 09 дүгээр сарын 23-наас 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлын талаар шүүхээр тогтоолго гэсэн.

Иймд миний 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникийн слесериэр  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникийн слесериэр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Т.Б 056383 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Т.Б 052546 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай “Курс нээж хичээлүүлэх тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,

-Багануур ХК-ний ерөнхий захиралын 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 299 дугаартай “Ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 000007259 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Багануур ХК-ний 1990-1995 оны Т.Б-гын цалингийн тодорхойлолт,

-Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн 1611000291 дугаартай “Баталгаажилтын хуудас”,

-Т.Б-ын ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Т.Б-гын сантехникийн слесерийн мэргэжлийн үнэмлэх,

-Т.Б-гын ажиллаж байхдаа шагнагдсан гэх диплом,

-П.Ж-ы 024013 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч П.Ж-ы “миний бие 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс Багануурын уурхайд сантехникийн засварчин, инженер, хэсгийн даргаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тус байгууллагад ажиллаж байна. Намайг Багануур дүүргийн нүүрсний уурхайд 1982 онд ажиллаж байхад Т.Б 1985 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд 9 сард сантехникийн засварчны 3 сарын курс төгсөж ирээд уурхайд сантехникийн засварчнаар 1995 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-И.О-ийн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлэгсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч И.О-ийн “миний бие 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эвлэлийн илгээлтээр Багануурын нүүрсний уурхайд өрлөгчнөөр ажилд орсон. 1982-1983 онд насосчны курс төгсөөд Багануурын нүүрсний уурхайд одоог хүртэл ажиллаж байна. Т.Б 1985 онд цэргээс халагдаж ирээд сантехникийн курс төгсөж, засварчнаар 1995 он хүртэл ажилласан. Тэрээр Багануурын нүүрсний уурхайд тасралтгүй 1995 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.Б нь 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарыг дуустал Багануурын нүүрсний уурхайд сантехникийн слесериэр ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Т.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникийн слесериэр ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь хүсэлт гаргагч Т.Б нь 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сантехникийн слесерийн курст суралцаж, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төгссөн болох нь хэрэгт авагдсан Т.Б-ын 052546 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай “Курс нээж хичээлүүлэх тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 000007259 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Т.Б-ын сантехникийн слесерийн мэргэжлийн үнэмлэх, гэрч П.Ж, И.О нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч Т.Б нь 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн 1611000291 дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар нотлогдож байна.

Иймд сантехникийн слесерийн курст суралцаж байсан хугацаа болон Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан хугацааг давхардуулан тогтоох боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Б-ын 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарыг дуустал Багануурын нүүрсний уурхайд сантехникийн слесериэр  ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагч Т.Б-ын 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Багануурын нүүрсний уурхайд сантехникийн селесериэр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА