Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Иргэний нэхэмжлэгч Т.Намхайдэмид

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Батмөнхийн Мөнхзаяад холбогдох эрүүгийн 201614000273 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1. Их монгол овогт Батмөнхийн Мөнхзаяа, Монгол Улсын иргэн, 1978 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж ах дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай Шандын 21-08 тоотод оршин суудаг, 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2-д зааснаар 1 жил 8 сар хорих ял, 1998 онд Эрүүгийн хуулийн 123.2-д зааснаар 2 жил хорих ял, 2001 онд Эрүүгийн хуулийн 123.2-р зүйлд зааснаар 6 сарын баривчлах ял, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 10 хоног хорих ял, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФА78040271/

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. ШүүгдэгчБ.Мөнхзаяа нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 40-09 тоотод оршин суух иргэн О.Хатанбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж мөлхөө тавилга дээр байсан 43 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. О.Хатанбаатарын “2016 оны 04 сарын 29-ний өглөө 09 цагийн үед ажилдаа яваад 16 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой байхаар нь гэртээ ороод үзэхэд хойд талын мөлхөө тавилга дээр байсан Самсунг маркийн 43 инчийн зурагт алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан хар өнгийн 43 инчийн зурагт хэрэглэж байсан хуучин, содон шинж тэмдэг байхгүй, гэхдээ зурагтаа хараад танина” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09-10-р хуудас/

            2. “Найдвар-Од” аудит ХХК-ний 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “хэрэглэж байсан ЛСД 43 инчийн 2014 оны 05 сард худалдаж авсан зурагт 700 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 12-р хуудас/

            3. Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59-60-р хуудас/

            4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 68 дугаартай “Шинжлэгдэж буй 1, 7 гэсэн дугаартай гарын мөрүүд MN 003010003784 дугаараар бүртгэгдсэн Батмөнхийн Мөнхзаяагийн баруун болон зүүн гарын алганы хээний дардастай папиляр шугамны эхлэл, төгсгөл, салаалалт, нийтлэлт зэрэг шинж тэмдгийн цогц байдлаар тохирч байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-18-р хуудас/

            5. Гэрч Т.Намхайдэмидийн “2016 оны 04 сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 17 дугаар сургуулийн ард талын засмал замаар уруудаж явахад хар өнгийн зурагт барьсан хүн гар өргөхөөр нь суулгасан. Тэр хүн авгайгаасаа салчихлаа зурагтаа үйлчилгээний төвийн ломбарданд тавих гээд явж байна гэсэн. Үйлчилгээний төвийн ломбардны гадаа очоод таксины мөнгөө авах гэсэн чинь мөнгө байхгүй зурагтаа тавиад өгье гэсэн. Нөгөө хүн зурагтаа 150 000 төгрөгийн барьцаанд тавиад таксины 10 000 төгрөгийг надад өгсөн. Би тэр хүнээс чи энэ зурагтаа буцааж авах юм уу гэхэд би авбал 14 хоноод авна. Хэрэв авахгүй бол чи аваарай гээд ломбардны бичиг дээр миний нэрийг давхар бичүүлээд энэ хүн ирж авч магадгүй шүү гэж ломбардны хүнд хэлсэн. Тэгээд би 14 хоногийн дараа нөгөө зурагтыг ломбарднаас авсан гэсэн мэдүүлэг хх-ийн 56-р хуудас / болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нэргүй мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Шүүгдэгч Мөнхзаяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч зурагтаа буцааж авсан учир хохирол төлөгдсөн. Шүүгдэгч урьд нь удаа дараа хорих ял шийтгүүлж биечлэн эдэлж байсан. Иймд түүнд баривчлах ял шийтгэж өгнө үү. Тодорхой хугацааг ганцаарчлан ял эдлэх нь шүүгдэгчийн хувьд үр дүнтэй гэж бодож байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Намхайдэмид мэдүүлэхдээ “би зурагтыг худалдаж авсан боловч буцаан хураалгасан. Иймд 150 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 40-09 тоотод оршин суух иргэн О.Хатанбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж мөлхөө тавилга дээр байсан 43 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Мөнхзаяад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нөхөн төлөгдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 294, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Их монгол овгийн Батмөнхийн Мөнхзаяаг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Мөнхзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзаяад оногдуулсан 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзаяагаас 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 44-08 тоотод оршин суух Түмэнжаргалын Намхайдэмид /РД:ИО75031714, Утас: 99364825/-д олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС